Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Зөв шударга хүмүүсийн хувьд Христийн мэндэлсний баяр бол бүх зүйл сайхан болно гэсэн утгатай


12:3

Зөв шударга хүмүүсийн хувьд Христийн мэндэлсний баяр бол бүх зүйл сайхан болно гэсэн утгатай

Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн 2022 оны онцгой цугларалт

2022 оны 12-р сарын 4-ний ням гараг

Энэ үдэш надад үг хэлэх боломж олгосон ерөнхийлөгч Нэлсонд болон Тэргүүн зөвлөлд баярлалаа. Манай гэр бүл эх орондоо болон Франц, Герман, Бразилд Христийн мэндэлсний баярын уламжлалыг тэмдэглэсээр ирсэн. Хаана ч амьдарч байсан Есүс Христэд итгэж, Түүнийг дагадаг бид бүхний хувьд нэгэн сайхан үнэн огт өөрчлөгддөггүй. Эхлэлээс дуудагдсан, олон зууны турш хүлээсэн, Эцэгийн Төрсөн Ганц байсан Түүнийг ирсэнд—цагийн голчид, хамгийн даруу байдлаар ирсэнд бид баясдаг. Тэр ирсэн болохоор л энэ дэлхийд амьдарч байсан олон тэрбум хүн дахин амьдрах ба хүсвэл Бурханы бүх бэлгээс хамгийн агуу нь болох мөнх амьдралыг өвлөн авах боломжтой.

Христийн мэндэлсний баяраар бид Түүний мэндэлсэн талаар

Өнөөдөр би энэхүү мөнх бус амьдралд янз бүрийн зовнил, эргэлзээ, бэрхшээл, зовлон зүдгүүр биднийг дагах ч Их Эзэнд итгэж, найддаг зөв шударга хүмүүсийн хувьд бүх зүйл эцэст нь сайхан болно гэсэн нэгэн сургамжийг та нартай хуваалцах гэсэн юм.

Дараах сайхан жишээнүүдийн талаар бод.

Елизабет гэх өндөр настай нэгэн зөв шударга эмэгтэй өөрийн нөхөр Захариагийн хамт хүүхэдтэй болж чадаагүйдээ сэтгэл нь эмзэглэдэг байв. Тэд итгэлтэй, Их Эзэнд итгэж найддаг хүмүүс байлаа.

Хэдийгээр сударт Захариа, Елизабет хоёр юу мэдэрч байсан, нэг нэгэндээ юу гэж хэлсэн талаар цэдэглээгүй ч Дэлхийн Аврагч гэдэг дуулалт жүжиг тэдний зүрх сэтгэлд юу бодогдож байсныг эргэцүүлэн бодоход бидэнд тусалдаг. Захариа Елизабетад: “Бид хүүхэдтэй байхаар сонгогдсонгүй. Гэсэн ч бид Их Эзэнд итгэж найдсан хэвээр” гэж хэлдэг. Дараа нь тэд “Би Бурханд мөнхөд өгнө. Гэхдээ өөрийн хүслийн төлөө үүнийг хийхгүй. … Болж бүтэхгүй юм бол Түүнд мөнхөд өгнө гэдэг нь би хүлээж, үзэж, харна гэсэн үг юм. … Би … Түүнд … эцсийн он жил, өдөр хоног, цаг мөчөө дуустал намайг хөтлөн залах боломжийг олгоно”1 гэж дуулдаг.

Дараа нь нэгэн гайхамшиг тохиодог. Сударт ариун сүмд тэнгэр элч Габриел Захариад үзэгддэг тухай ийн цэдэглэсэн. Тэнгэр элчийг “Чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно. … Бас тэрээр … Эзэний төлөө бэлтгэгдсэн ард олныг бэлэн болгох юм”2 гэж тунхаглахад,

Захариа “Би хөгшин хүн, эхнэр маань ч өтөлсөн”3 гэж хариулав.

Габриел хариуд нь “Харагтун, цагтаа биелэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээрийг тохиолдох өдрийг хүртэл чи хэлгүй болоод, ярьж чадахгүй гэлээ.”4

Елизабет, Захариа хоёрт ямар мэдрэмж төрсөн байж болох тухай бодоорой. Олон жилийн турш тэд хүүхэдтэй болохын төлөө залбирч байсан ч үрийн зулай үнэрлэсэнгүй. Тэд зарлигуудыг үргэлжлүүлэн дагаж, Их Эзэнд итгэж найдсаар байв. Тэнгэр элч Захариа дээр ирж, дараа нь тэр ярьж чадахаа больжээ. Тэр Их Эзэний өмнө эзлэх өөрийн байр суурийн талаар бодож байсан байж ч магадгүй. Харин цаг нь болж, хүүхэд нь төрөхөд Захариа дахин ярьж чадах болжээ. Хүүхэд нь Аврагчийн замыг бэлдэж өгөх бошиглогч болсон юм. Янз бүрийн тодорхой бус, хүнд хэцүү байдалтай тулгарсан ч зөв шударга хүмүүсийн хувьд эцэст нь бүх зүйл сайхан байна.

Христийн мэндэлсний баярын дараагийн түүхэд бид Бурханы Хүүгийн эх байхаар сонгогдсон хайрт Мариатай уулзана. Түүний амьдралд сэтгэлийн зовлон шаналал, тодорхой бус зүйлс байсан. Габриел Мариа дээр ирж, эрхэм дээд дуудлагынх нь талаар хэлжээ. Мариаг “Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ?” гэж асуухад,5 Габриел Ариун Сүнсний хүч түүн дээр ирж, Хамгийн Дээдийн хүч түүнийг бүрхэж, Бурханы Хүүг тэрээр тээх бөгөөд Түүний нэрийг Есүс гэх болно гэдгийг тайлбарлав.

Бурханы тэнгэр элчийг айлчлан ирсэнд тэр ямар их баярлан, хэчнээн аз жаргалтай байсныг бод. Удаан хүлээсэн Мессиагийн эх байна гэж бодох нь түүнийг хэрхэн даруусгасан бол? Хэдий тийм ч энэ талаар Иосефт хэлмэгц асуудал нь шууд шийдвэрлэгдчихээгүй юм. Иосеф зөв шударга эр байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг хүсээгүй ч аль нь зөв зам болохыг баттай мэдэхгүй байв. Хэрхэхээ үл мэдэн гайхширч байхад нь тэнгэр элч зүүдэнд нь ирж, “… Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв.”6

Мэдээж, бид Мариагийн сэтгэл тавгүйтэж, эргэлзэж, энэхүү хамгийн гайхалтай адислал хэрхэн тохиох бол хэмээн гайхаж байсныг ойлгож чадна. Иосеф ч бас санаа зовж, түгшиж байсан. Гэсэн ч тэд хамтдаа энэ замыг туулах нь одоо тодорхой болсон байлаа. Тэнгэр элч Иосефт үзэгдсэнийг Мариа мэдээд ихэд баярласан байж таарна. Энэ нь Бурханы таалал байсныг мэдээд Иосеф ч бас ихэд баярласан болов уу. Тодорхой бус байдал, зовлон бэрхшээлтэй тулгарсан ч зөв шударга хүмүүсийн хувьд эцэст нь бүх зүйл сайхан байна.

Бидний мэдэхээр, тэднийг зовлон бэрхшээл хүлээж байв. Бэрхшээлгүй зүйл гэж юу байх вэ дээ. Мариаг төрөх дөхөхөд ромчууд Иосефыг Бетлехем хот руу эргэж ирэхийг шаарджээ. Мариа, Иосеф хоёр хамтдаа явахаар шийдэв. Бид Христийн мэндэлсний баярын гайхалтай түүхэд бүгд дуртай. Бетлехемд ирэхэд буудалд өрөө байсангүй. Иосеф санаа ихэд зовсон нь мэдээж. Ийм зүйл байж болно гэж үү? Бүх эмэгтэйгээс дээгүүр сонгогдсон Мариа яагаад Хамгийн Дээдийн Хүүг ердийн нэгэн жүчээнд төрүүлэх ёстой гэж? Асуудал, хүндрэлгүй төрж чадах болов уу?

Гайхмаар, бүр шударга бус санагдсан биз. Гэсэн ч хүүхэд нь эрүүл саруул төржээ. Христийн мэндэлсний баярын магтуу дуунд гардагчлан, “Тэжээлийн тэвшнээс өөр унтах газаргүй, бяцхан Эзэн Есүс нүдээ аньж хэвтэнэ.”7

Үүр цайхаас өмнө тэнгэр элч тэр газарт байсан хоньчдод үзэгдэж, үлэмж баярлуулах сайн мэдээг авчирлаа. Тэнгэр элч нар “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.”8

Хоньчид бяцхан Есүсийг олохоор Бетлехем рүү явжээ. Тэднийг бяцхан Христийг олоход, тохиолдсон бэрхшээлүүд нь зорилготой байж гэдгийг ухаарсан Иосеф, Мариа хоёрт энэ нь их тайтгарал, итгэл найдварыг өгсөн нь мэдээж. Тэнгэр элч нар Түүний ирэхийг төдийгүй эрхэм дээд үйл хэргийг нь тунхагласан юм. Зовлон бэрхшээл, тодорхой бус байдлын дараа зөв шударга хүмүүсийн хувьд эцэст нь бүх зүйл сайхан байна.

Шинэ ертөнцөд ч зовлон бэрхшээл, тодорхой бус байдал, асуудал зөв шударга хүмүүст тулгарна. Бошиглогч Самуел Аврагч таван жилийн дараа мэндлэх бөгөөд үүний тэмдэг болж бүтэн шөнө харанхуй болохгүй гэдгийг бошиглосон. Уг өдөр ойртон ирэхэд санаанд багтамгүй зүйл төлөвлөгдсөн байв. “Өгөгдсөн тэмдэг улиран тохиохгүй бол [Аврагчийг дэлхийд ирнэ гэдэгт] итгэсэн тэд бүгд үхэлд хүргэгдэх өдөр үл итгэгчдээр товлогдов.”9 Үл итгэгчид итгэгчдийг “энэ зүйлийн талаарх та нарын баясал болоод та нарын итгэл хоосон байжээ”10 хэмээн дооглон тохуурхжээ. Зөв шударга хүмүүст ямархуу хүнд хэцүү, таагүй санагдаж байсныг төсөөл дөө. Сударт бичигдсэнээр, Нифай “газарт бөхийн, мөн өөрийн хүмүүсийн тусын тулд Бурхандаа хүчтэйгээр залбиран гуйв.”11 Нифайг залбирч байхад, “Их Эзэний дуу хоолой түүнд ирж, хэлсэн нь: Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун; учрыг болгоогтун, цаг нь ойртлоо, мөн энэ шөнө тэмдэг өгөгдөх болно, мөн ариун бошиглогчдынхоо амаар өөрийн яриулсан бүгдийг би гүйцэлдүүлэх болно гэдгийг дэлхийд үзүүлэхээр маргааш бибээр дэлхийд ирэх болно”12 хэмээжээ.

Сударт “Нифайд ирсэн тэр үгс нь, яригдсаныхаа дагуу гүйцэлдэв, … учрыг болгоогтун, нар шингэхэд харанхуй болсонгүй. … Мөн … бүх хүмүүс үлэмж их цочирдон гайхсанаас тэд газарт унав. … [Мөнхүү] тэр шөнийн турш харанхуй байсангүй, харин энэ нь үд дунд лугаа адил гэрэлтэй байв. … Мөн энэ нь Их Эзэний төрөх өдөр байсныг тэд мэдсэн ажгуу”13 хэмээн тунхагладаг.

Янз бүрийн зовлон бэрхшээл, тодорхой бус байдалтай тулгарсан ч энэ амьдралд уу, аль эсвэл Түүний хөлд сөхрөн суух үед үү гэдгээс үл хамааран зөв шударга буюу Бурханд итгэж найддаг хүмүүсийн хувьд эцэст нь бүх зүйл сайхан байна.14

Аврагчийн төрсөн ариун нандин цаг мөчийн талаар бодоход, яагаад Их Эзэн маргааш нь төрөхөө Нифайд хэлэхийн тулд хамгийн сүүлчийн шөнө болохыг хүлээсэн юм бол? Тэр хэдэн долоо хоног, хэдэн сарын өмнө хэлж болох л байсан. Тэр яагаад бошиглогч Иоханыг төрнө гэдгийг батлан хэлэхээсээ өмнө Елизабет, Захариа хоёрыг үр хүүхэдгүйгээр өндөр наслуулсан юм бол? Мөн яагаад Мариа өмнө нь зурайх замынхаа талаар бодож, мөн яагаад Иосеф түүхүүдийн түүхэн дэх өөрийн байр суурьт эргэлзэх хэрэгтэй байсан юм бол? Яагаад малын жүчээ, хоньчид, тэнгэр элч нарын гүйцэтгэх үүргийг үйл явдал өрнөх яг тэр мөчийг хүртэл хэнд ч мэдэгдээгүй юм бол?

Өмнөх дэлхийд Их Эзэн, “Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно”15 хэмээн тунхагласан байдаг. Сургаалт үгсэд “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэрээр зам харгуйг чинь шулуутгана”16 гэсэн байдаг.

Бүгдээрээ тодорхой бус байдалд орох үедээ, бэрхшээл, хүндрэлтэй тулгарах өдрүүддээ, зовлон зүдгүүртэй учрахдаа итгэлтэй байцгаая. Есүс тэр ариун шөнө ирсэн. Тэр бол дэлхийн Аврагч, Амар Амгалангийн Ханхүү, хаадын Хаан билээ. Тэр амьд бөгөөд “Хамаг жилийн айдас, найдвар үдшээр ийн [Түүн дотор] эвлэрлээ.”17 Бид зөв шударга байснаар бидний уй гашуу, зовлон бэрхшээл, тодорхой бус байдлын нулимс Түүнд, Бурханы Хайрт Хүү дотор эвлэрүүлэгдэж, зөвтгөгдөнө гэдгийг би гэрчилж байна. “Эзэн ирж байна, хүн зон баярла.”18 Есүс Христийн нэрээр, амен.