Эх дэлхий Хаанаа угт
Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн 2022 оны онцгой цугларалт
2022 оны 12-р сарын 4-ний ням гараг
Хүлээн авахын тулд зүрх сэтгэлээ нээх нь
Сүнслэг дуу хөгжмөөс ирэх амар тайван, халуун дулаан мэдрэмж бидний бодгалийг дүүргэдэг.
Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе!
1943 оны арван хоёрдугаар сард Дэлхийн II-р дайн дэгдээд байв. Бүгд алс холын эрэг дээрх хайртай хүмүүсийнхээ төлөө санаа зовж, гэр оронд нь мөнгө, хоол хүнсний хомсдол үүссэнд сэтгэл нь түгшиж байв. Гэр бүлийн нөөц бололцоог арви гамтай хэрэглэж байсан тэр үед есөн настай байсан Харолд Хиллам аав маань Христийн мэндэлсний баяраар гайхамшигт бэлэг болох галт тэрэгний багцыг хүлээн авсан нь түүний гайхширлыг төрүүлсэн юм. Энэ галт тэрэг хуучныхтай адилгүй; хэн нэгэн түлхэхгүйгээр зам дагуу өөрөө явдаг байлаа. Ийм бэлэг хүлээн авсан нь бодит бус боломжгүй мэт санагдаж байлаа. Харолд галт тэргээ ямар их хайрладаг байсан гээч.
Хэдэн жилийн дараа, Христийн мэндэлсний баярын үеэр дэлхий дахин дайнаас чөлөөлөгдсөн юм. Гэвч Айдахогийн Сэйнт Антони хотын эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүйн зэрэгцээ аавын минь гэр бүлийн хувьд байдал улам дордов. Харолдын аав амь насанд халтай хүнд өвчнөөр өвдсөн юм. Тэр жилийн Христийн мэндэлсний баяраар хэнд ч, тэр бүү хэл Харолд болон түүний дүү Арнолдод ч өгөх бэлэг байгаагүй юм.
Христийн мэндэлсний баяраас хэдхэн хоногийн өмнө өвөө маань аавын дэргэд ирээд аяархнаар “Харолд, чи галт тэргээ Арнолдод энэ жилийн Христийн мэндэлсний баярын бэлэг болгон өгч болох уу?” гэж асуужээ.
Тэр зөв сонссон уу? Хайртай галт тэргээ өгнө гэж үү? Энэ бол аавынх нь хүссэн хамгийн хүнд гуйлт байлаа.
Христийн мэндэлсний баярын өглөө болоход, Арнолд Харолдынхтай яг адилхан галт тэрэг бэлгэнд аваад баярлан хашхирав.
Арнолд удалгүй Харолдыг галт тэргээрээ тоглохоо больсныг анзаарчээ. Яваандаа Арнолд өөрийнх нь нандин бэлэг Харолдын галт тэрэгтэй адилхан бус, харин Харолдын галт тэрэг байсныг ойлгов! Арнолдыг уг бэлгийн цаадах ач холбогдлыг ойлгож мэдэх үед галт тэрэгний үнэ цэн үнэлж баршгүй санагджээ.
Миний хувьд энэ түүх зөвхөн хайртай аавыг минь болон түүний хайрт дүүг сануулаад зогсохгүй энэ түүх өөрөө гайхамшигт бэлэг юм. Үүнээс чухал нь, энэ түүх нь надад бидний баярлан тэмдэглэдэг Бурханы Хайрт Хүүгийн золиос, хайрыг сануулдаг.
Есүс Христ Христийн мэндэлсний баярын анхны бөгөөд мөнхийн бэлэг юм. Би энэ үнэний тухай гэрчилж байна, Тэр бидний төлөө амьдарч мөн нас барсан. Тэр амьд.
Бид энэхүү баяр хөөрт бэлгийг хүртэгчид байгаа нь ямар гайхалтай адислал вэ. Миний дуртай Христийн мэндэлсний баярын дуунд “Эзэн ирж байна, хүн зон баярла! Эх дэлхий Хаанаа угт!1 хэмээн дуулдаг.
Ахлагч Нийл А.Максвэлл “бид Бурханы бидэнд өгсөн бүхнийг хүлээн авахдаа маш сайн байх ёстой хэдий ч бид тийм биш байна. Өөрсдийгөө бие даасан, тусгаар тогтносон гэж боддог бидэнд үүнийг хүлээж авах нь ихэвчлэн эвгүй, заримдаа бүр хэцүү байдаг. …
[Гэсэн хэдий ч] Бурханы бэлгүүд нь түр зуурын бэлгүүдээс ялгаатай ба мөнхийн, мөхөшгүй бөгөөд хэзээ ч дуусашгүй үргэлжлэх Христийн мэндэлсний баярыг авчирдаг!”2 гэж заасан юм.
Тэгвэл бид ийм төгс бэлгийг хэрхэн хангалттай хүлээн авах вэ? Бид Аврагчийнхаа бэлэг, Түүний хайр, хязгааргүй Цагаатгалыг нь өдөр бүр хэрхэн сонгох вэ?
Цантсан цонхны шил, өнгө өнгийн таяган чихэр дээр төвлөрөхөө азнан, бяцхан Аврагчийг анх хүлээн авсан тэдний даруухан дүр төрхөөс суралцацгаая.
Түүний ариун байдлыг хүлээн авах нь
Аврагчийн төрөлт ойртох үед Мариа, Иосеф хоёр Бетлехемийн хөл хөдөлгөөн дунд, өрөө хайсан ч дэн буудлууд дүүрсэн байв. Тэднийг оруулах өрөө хэнд ч байгаагүй гэж үү? Тэднийг амраах хүн байгаагүй гэж үү? Мариа тээж яваа бэлгээ мэдэж байсан боловч хэнд ч үүнийг хүлээн авах, Түүнийг хүлээн авах зай байсангүй.
Тэр үед Мариа, Иосеф хоёрын юу мэдэрснийг бид бодитоор мэдэж чадахгүй ч би тэднийг итгэл найдвар, тэсвэр тэвчээртэйгээр урагшилж байгаагаар үргэлж төсөөлдөг. “Бүү айгтун”3 гэсэн тэнгэр элчийн урилгыг хүлээн авч, Есүсийг төрүүлэхэд бэлдэж байсан тэд тав тухтай буудаллах хүлээлтээ орхиж, оронд нь нам гүм, даруухан малын хашаанд байрласан. Эл хуль санагдсан орчин тийм хэвээр үлдээгүй. Удалгүй Их Эзэн тэр хөндийг ариун байдлаар дүүргэх байв.
Лук 2:7-д бичсэнчлэн, “тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.”
Амь, найдвар, амлалтын алдар суут бэлэг Аврагч маань дэлхийд ирсэн юм.
Бид бүгдээрээ зүрх сэтгэлдээ Түүнийг хүлээн авах орон зайг бэлдэж, өөрсдийн хөндийг Түүний ариун байдлаар дүүргэхийг зөвшөөрч чадах уу? Мариа, Иосеф хоёрын нэгэн адил бид заримдаа хүнд хэцүү нөхцөл байдал дунд ч Түүнд итгэх зоригтой байх уу? Бидний амьдралд орж ирдэг удирдамж, тэр ч байтугай гайхамшгууд нь үймээн самуун, тайз, цэнгэлдэх хүрээлэнд ч биш, харин бидний ажиллаж, амьдардаг чимээгүй орчинд, тусламж гуйн очдог газарт байх болно. Бидний даруухан хэрэгцээ хаана ч үүссэн, бид шивнэн хэлэх залбирлынхаа хариуг авах боломжтой бөгөөд авах ч болно.
Түүний үйлдэх урилгыг хүлээн авах нь
Хургыг хамгийн анх хүлээн авсан хүмүүсийн зарим нь хоньчид байсан нь гайхалтай биш гэж үү?
Аврагчийн төрөлтийн гайхамшигт үйл явдлын үеэр газар, дэлхий огтлолцоход цочирдсон хоньчид гэрлийн гайхалтай призм дор цугларсан ба тэнгэр харанхуйлав.
Тэнгэр элч тэдэнд “Би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. …
Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ”4 хэмээн хэлсэн.
Би энэ итгэлтэй хоньчдын Хаанаа хүлээн авахаа хойшлуулалгүй, харин ч Хаантайгаа уулзахаар яарсан явдалд дуртай. Тэднээс бид хүлээн авах гэдэг нь үйлдэл заасан үг гэдгийг мэдэж авдаг. Лук хоньчдыг “яаран явж … тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очсон”5 талаар бидэнд өгүүлсэн.
Их Эзэнээс хүлээн авах намуун, зөөлөн зааварчилгаа нь бидний хуанли, төлөвлөгөө, цаг хугацаатай таарахгүй байгаа учраас бид тэдгээрийг хүлээн авахгүй байх тохиолдол олонтоо. Энэ Христийн мэндэлсний баярын түүх Хаанаа хүлээн авахын тулд хийх ёстой зүйлээ хойшлуулалгүй хийсэн эдгээр хоньчинтой адил байхыг сануулдаг.
Лук Христийн мэндэлсний баярын түүхэд Түүнийг хүлээн авах гэдэг нь Түүний талаар хуваалцах явдал гэсэн баяр хөөртэй агуулгыг шигтгэсэн ба үүнийгээ “Тэд [Есүсийг] хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ”6 гэсэн хэсгээр илэрхийлснийг та нар одоо анзаарч байна уу? Эдгээр хоньчин тэнгэрээс захиас хүлээн авч, яаран очиж, дараа нь уг баярт мэдээг түгээх элч нар болж, “Эзэн ирж байна, хүн зон баярла! Эх дэлхий Хаанаа угт!7 хэмээн тунхагласан билээ.
Тууштай итгэлээр хүлээн авах нь
Одоо анхаарлаа мэргэн хүмүүст хандуулцгаая. Мэргэд бол бүх түүхэн дэх Есүс Христийн хамгийн агуу эрэл хайгуулчдын нэг юм. Тэд насан туршдаа тэнгэрлэг илэрхийлэлтүүдийг ажиглан хүлээсэн бөгөөд ирэх үед нь гэр орон, ажил, гэр бүл, найз нөхөд, хувийн ая тухаа ардаа орхиж, оддыг даган, Хаанаа олохоор явсан юм.
Хоньчдоос ялгаатай нь тэд урт удаан хугацаанд аялсан. Тэд бяцхан хүүг, эх Мариагийнхаа хамт байхыг харах хүртлээ хайж, асууж, хүлээж, аялсан ба эдгээрийг ахин дахин давтах хэрэгтэй болсон. Тэд Түүний өмнө сөгдөж мөргөөд хамгийн нандин бэлгийг Түүнд өргөсөн.8
Бид Христийг хүлээн авахдаа Түүнийг хичээнгүйлэн эрэлхийлж, үл мэдэгдэх газар мөн хүмүүс рүү биднийг удирдахыг Түүнд зөвшөөрдөг үү? Бид Түүнд өргөх бэлэг, шүтлэг бишрэлээрээ талархлаа илэрхийлдэг үү? гэх асуултуудыг би ойр ойрхон тунгаан боддог.
Хүлээн авагчид ерөөлтэй еэ!
Тиймээс, энэ бол Христийн мэндэлсний баярын агуу түүх юм.
Хайрт найзууд минь, хүлээн авагчид ерөөлтэй еэ! Аавын минь бэлэг болгон авсан галт тэрэг, хаа сайгүй гэр бүлүүдийн өргөн барьж буй цаг хугацаа, үнэ цэн бүхий бэлгүүд нь Христийн мэндэлсний баярын жинхэнэ бэлэг болох Есүс Христийн бэлэгтэй харьцуулахад өчүүхэн юм.
“Учир нь хэрэв түүнд бэлэг хүртээгдсэн байхад мөн тэрээр уг бэлгийг хүлээн аваагүй бол энэ нь хүмүүнд ямар ашиг тус авчрах билээ?”9
Энэ судрыг уг мөнхийн үнэний гэрэлд авч үзэцгээе. Бидний дуртай сударт “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” 10 хэмээн заадаг.
Тэрхүү ариун шөнө өгөгдсөн Христийн бэлгийг үнэхээр хүлээн авах хүн бүр мөнх амьтай болно гэсэн амлалтад би хайртай!
Христийг илүү бүрэн дүүрэн хүлээн авах өдөр тутмын хичээл зүтгэлээрээ дамжуулан бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны бидэнд өгсөн урилгын дагуу бид “Их Эзэнийг дахин ирэхэд хүлээн авах чадвартай, бэлэн, зохистой хүмүүс буюу … Есүс Христийг аль хэдийн сонгосон … хүмүүс”11 болох болно.
Бид хамтдаа “Эзэн ирж байна, хүн зон баярла! Эх дэлхий [мөн бидний хүн нэг бүр] Хаанаа угт!12 хэмээн дахин тунхаглах тэр өдрийг төсөөлөх нь ямар гайхамшигтай хэрэг вэ. Есүс Христийн нэрээр, амен.