Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Христ аврахаар мэндэлсэн


9:37

Христ аврахаар мэндэлсэн

2023 оны Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн онцгой цугларалт

2023 оны 12-р сарын 3-ны ням гараг

Би Христийн мэндэлсний баярт дуртай! Энэ ариун нандин цаг үеэр дэлхий ертөнц судрын түүх, дуу хөгжим, сайн сайхан үйл, өгөөмөр сэтгэлээр бялхдаг юм шиг санагддаг.

Эхнэр бид хоёр олон жилийн турш Христийн мэндэлсний баяраар өөр өөр оронд байж үзсэн. Бидэнд Христийн мэндэлсний баярыг янз бүрийн ёс заншил, арга замуудаар тэмдэглэн өнгөрүүлж буйг харах сайхан байдаг байв. Эдгээр үйл явдлын талаар бодох нь Христийн мэндэлсний баяр нь хүн бүрд зориулсан баяр юм гэдгийг ойлгоход надад тусалсан. Энэ бол үр хүүхэд, эцэг эх, өвөө эмээ, авга, нагац, үеэлүүдэд зориулсан баяр. Энэ бол амьдрал нь сайн сайхан байгаа төдийгүй өвдсөн, ядуу зүдүү, зовлон зүдгүүртэй амьдарч буй хүмүүсийн баяр. Энэ нь дайны гамшигт нэрвэгдсэн болон амар тайван, цэцэглэн хөгжиж буй орчинд амьдарч буй хүмүүст бас зориулсан баяр. Энэ бол Аврагчийг дагахыг хичээж байгаа мөн Түүний нэрийг огт сонсож байгаагүй, тэр ч байтугай Түүнийг эсэргүүцдэг хүмүүст хүртэл зориулсан баяр. Түүнчлэн энэ нь Түүнийг мэндлэхээс өмнө амьдарч байсан хүмүүст зориулсан баяр юм. Христийн мэндэлсний баяр хүн бүрийн баяр билээ.

Бурхан Өөрийн Хүүг бидний хүн нэг бүрийн төлөө илгээсэн учир Христийн мэндэлсний баяр хүн бүрийн баяр юм.1 “Учир нь бидний төлөө хүүхэд төрсөн.”2

Аврагч мэндэлж, гэм зэмгүй амьдралаар амьдарч, бидний төлөө Цагаатгал үйлдэж, амилсан учраас бидний хүн нэг бүр үхлээс амилуулагдах гайхалтай бэлгийг хүлээн авдаг. Дэлхий дээр амьдарч байсан хэнээс ч энэ гайхамшигт бэлгийг булаан авахгүй. Энэ бэлгээс гадна “нүд үзээгүй, чих сонсоогүй … юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлд[жээ].”3

Цаг үе, нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Аврагчийн төрөлт үргэлж баярлан баясах учир шалтгаан болсоор ирсэн. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрд “энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг”4 өгөхөөр ирсэн.

Адам, Ева хоёрын үеэс зөв шударга хүмүүс Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг гүйцэлдүүлэх боломжийг олгох Аврагчийн төрөлтийг тэсэн ядан хүлээж байв.5 Исаиа, Нифай хоёр Түүний номлолын хүрээнд төрөлтийнх нь тухай бошиглодог байсан.6 Түүний төрөлтийг дэлхийд ирсэн учир шалтгаанаас нь ялгаж салгах боломжгүй.

Бяцхан Есүсийг хараад, энэ хүү бол бүх дэлхийг “гэрэлтүүлэх гэрэл”7 бөгөөд гэтэлгэлийн итгэл найдвар8 юм гэдгийг ухаарсан Анна, Симеон хоёрын талаар бодно уу. Тэнгэр элч “бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээ”9 гэж хэлсэнд гайхах зүйл үгүй билээ. Бид хүүхэд мэндлэхэд баярлаж бахаддаг боловч энэ төрөлт, энэ бяцхан хүүхэд өөр байсан юм.

Дэлхийн гэрэл, амь болсон Есүс Христ эгэл жирийн малын хашаанд бяцхан хүү болж мэндэлсэн ч шинэ од түүний төрсөн тухай дохиог өгсөн юм. Мормоны Номд Түүний ирж буйн дохио болсон гайхамшигт үйл явдлын талаар буюу нэг өдөр, нэг шөнийн тухай, харанхуй болохгүй өнгөрсөн тэр нэгэн өдрийн тухай өгүүлдэг. Эдгээр гайхамшигт дохио нь биднийг нүгэл, үхлийн харанхуйгаас чөлөөлөх Дэлхийн Гэрлийн ирэлтийг тунхаглахын тулд өгөгдсөн юм.10 Бид Түүний гэрлийг дэлхийтэй хуваалцахад тусалж чадна.

Христийн мэндэлсний баяраар жаахан хүүхдүүд ч Аврагчийн хайрын нөлөө, үр дагаврыг мэдэрч чадна. Хэдэн жилийн өмнө манай нэг охин Сонжа таван настай хүүтэйгээ өрнүүлсэн нэгэн ярианыхаа талаар бичиж билээ.

“Өнөөдөр Андрьюг оронд нь оруулах гэж байтал тэр ‘Би дараа жил бэлгүүддээ хэт их анхааралгүй, харин Есүст юу өгч байгаа вэ гэдэг дээрээ анхаарна’ гэв. Чамд хаанаас ийм санаа төрөв гэж намайг асуухад тэр Хүүхдийн хэсгийн багшаасаа гэсэн юм. Хүүхдийн хэсэг мандтугай!”11 гэж тэр бичсэн байв.

Тийм ээ. Хүүхдийн хэсэг мандтугай. Одоо 14 жилийн дараа Андрью номлолд үйлчилж байгаа бөгөөд Христийн мэндэлсний баяраар Есүс Христийн захиасыг бусдад түгээж байгаа. Тэр саяхан “Есүс бидэнд бүх зүйлийг өгсөн … мөн бидний бүх нүглийг үүрэх болно. Тийм ч учраас би номлолд гарсан”12 гэж бичсэн.

Христийн мэндэлсний баяр бол юуг өгвөл хамгийн чухал вэ гэдгээ бодох хамгийн онцгой цаг үе юм. Бид Аврагчийг таньж мэдэн, зүрх сэтгэлээ Түүнд зориулснаар “найдварын догдлолыг”13 мэдрэхэд нь бусдад тусалж болох юм.

Манай охин Алиса хэдэн жилийн өмнө хорт хавдраар нас барсан бөгөөд эрүүл мэндийн хувьд тийм ч сайнгүй байх төлөвтэй байсан ч Христийн мэндэлсний баярыг юу гэж харж байсан нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Нэг жил тэр ингэж бичсэн байв.

“Би Христийн мэндэлсний баяраар гэнэтийн бэлэг хүлээн авлаа. Маш том бэлэг. … Христийн мэндэлсний баярын өмнөхөн хорт хавдар судлалын тасгийн сувилагчаас надад нэг э-мэйл ирэв. Тэр э-мэйлдээ “Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе! Таны хавдар [онцгой генетик] мутацитай болох нь оношлогдлоо” … гэсэн байв. Энэ нь миний хувьд ямар утгатай вэ? Тэд [ийм мутацитай зарим хүнд зориулсан,] хорт хавдрын эсийн дохионы замыг хаадаг … эмийг зөвшөөрч баталсан байлаа. Энэ нь эдгээхгүй ч хавдрыг хурдан багасгадаг гайхамшигт эм юм. Харамсалтай нь, хүний бие яваандаа дасан зохицож, хавдар дахин сэдэрдэг. … Гэхдээ л хэн нэгэн надад хэдэн сарын амьдрал бэлэглэсэн мэт санагдаж байв. Хэр байх бол? … Дахиад нэг зун юм болов уу? Хүүхдүүдтэйгээ хамт дахин баярын өдрүүдийг өнгөрүүлж чадах юм болов уу? Би э-мэйлээ уншаад уйлж, амьдралдаа авч байсан хамгийн том гэнэтийн бэлгийнхээ төлөө Бурхандаа талархсан.”14

Алиса гэрийнхэнтэйгээ нэн үнэ цэнтэй цаг хугацааг өнгөрүүлж чадсан юм. Тэр гэрийнхэнтэйгээ хөршдөө Христийн мэндэлсний баярын нэргүй бэлэг өгч байхад тохиолдсон нэгэн үйл явдлаа хуваалцсан. Энэ нь бидний өгч буй бэлэг үргэлж төгс байдаггүйг харуулдаг. Тэр ийн бичсэн юм.

“Бид нэгэн орой нууц бэлэг аваачиж тавив. Хөвгүүд мэдэгдэлгүй зугтан, нуугдах газруудаа сайтар төлөвлөсөн байлаа.

‘Харин тэд биднийг харчихвал …’ гэж Сэмийг нухацтай хэлээд, нөгөө хоёрыгоо сандарсан байдалтай ойртон сонсоход тэр: ‘Бид цасан бөмбөг бэлдсэн байвал зүгээр юм байна’ гэлээ.

Жэймс ойлгосон бололтой, ‘Яг зөв. Цас шидэн хаалгыг нь хаах юм байна, тийм үү?’ гэхэд

‘Үгүй дээ, нүүр лүү нь шиднэ’ гэж [Сэм] хариулж билээ.”15

Алиса тэр үед зургаатай байсан отгон хүү Луктэйгээ сайхан яриа өрнүүлжээ. Тэр ингэж бичсэн юм.

“Өнөө орой түүнийг орон дээр хэвтэж байхад цонхон дээрх олон өнгийн гэрлүүд бидний дээр тусаж байлаа. Би түүнээс Христийн мэндэлсний баяраар юу авмаар байгааг асуув.

‘За, би бодоодохъё.’

‘За.’

‘Үүнийг бүх улиралд ашиглаж болох юм байна.’

‘Өө, за.’

Тэр нэлээн бодлогоширсноо, ‘Ээжийнхээ тэврэлт, үнсэлтийг хүсэж байна’ гэв.

Тэрхүү үгс 100 үнсэлт, чангаас чанга тэврэлтийн үнэтэй байв. ‘Тэнэгхэн Лук минь, чи өмнөх шигээ хэзээ ч үнсүүлж болно шүү дээ!’ гэж би хэллээ.

Гэхдээ өрөөнөөс нь гарахад сэтгэл минь эмтэрч, ийн үнсүүлэх боломжгүй шүү дээ гэж бодов. Хүүгээ энэ жил үнсүүлж бас бэлэг авах боломжтой байгаад нь би маш их баяртай байна.”16

Христийн мэндэлсний баярын найдварын талаарх Алисагийн бодол намайг нэн гайхшируулсан. Тэр:

“Энэ цаг үед найдвар миний анхаарлыг татсаар ирсэн. Христийн гайхамшиг болон Бурханы олон бэлгийн талаар бодох үед би бүх зүйлд мөн хүн бүрд итгэх итгэл найдвараар дүүрдэг. Энэ нь яг ч бүх зүйл төгс болно гэсэн найдвар биш, харин бид бүгдийн амьдралд бүх зүйл сайн сайхан болж, эцэст нь ялан дийлнэ гэсэн итгэл найдвар юм. Гайхамшиг, өөрчлөлт, амар амгалан хэзээ ч оройтохгүй гэж би боддог. Би үүнд сэтгэлийнхээ угаас, эргэлзэхгүйгээр итгэдэг. Бусдын төлөө ийм итгэл найдварыг мэдрэх нь хялбар ч өөртөө хэрэгжүүлэхэд хэцүү гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Гэвч би суралцаж байна. Бид энгийн, сайн сайхан бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг мөн бид олон зүйлийг хүлцэн тэвчдэг.”

Тэр хүүгийнхээ тухай цааш нь “Жэймс Христийн мэндэлсний баярын өмнөх орой надад Христийн мэндэлсний баярын дууг тоглож өгсөн ба энэ дууны үгэнд би дуртай.

Христэд итгэгч хөвгүүд минь

Зүрх сэтгэл, бодгаль, дуу хоолойгоороо баясагтун.

Та нар одоо булшнаас айх хэрэггүй:

Амар тайван бай! Амар тайван бай!

Есүс Христ аврахаар мэндэлсэн.

Тэр үүрдийн авралыг ав хэмээн

Таныг, намайг дуудаж байна:

Христ аврахаар мэндэлсэн!

Христ аврахаар мэндэлсэн!”17

Тэр аврахаар мэндэлсэн. Тэр та биднийг аврахаар мэндэлсэн. Зөвхөн Түүний өгч чадах энэ бэлгийг юутай ч харьцуулшгүй. Бидний одоогийн нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн энэ Христийн мэндэлсний баяраар бид Түүний бэлгүүдийг амьдралдаа илүү бүрэн мэдрэх болтугай.

Есүс Христийн нэрээр, амен.

Тайлбар

  1. Иохан 3:16–17-г үзнэ үү.

  2. Исаиа 9:6

  3. 1 Коринт 2:9.

  4. Сургаал ба Гэрээ 59:23.

  5. Мосе 5:6–8; 6:52, 59–62-ыг үзнэ үү.

  6. Исаиа 7:14; 9:6; 1 Нифай 11:14–21-ийг үзнэ үү.

  7. Лук 2:32

  8. Лук 2:38-ыг үзнэ үү.

  9. Лук 2:10

  10. Иохан 8:12-ыг үзнэ үү.

  11. Сонжа Бложэттын илгээсэн хувийн захидал, 2009 оны 12-р сарын 27.

  12. Сонжа Бложэттын илгээсэн хувийн захидал, 2023 оны 10-р сарын 16.

  13. John Sullivan Dwight, “O Holy Night,” composed by Adolphe Adam.

  14. Сонжа Бложэттын илгээсэн хувийн захидал, 2011 оны 12-р сарын 27.

  15. Алиса Линтоны илгээсэн хувийн захидал, 2011 оны 12-р сарын 16.

  16. Алиса Линтоны илгээсэн хувийн захидал, 2011 оны 12-р сарын 16.

  17. Алиса Линтоны илгээсэн хувийн захидал, 2012 оны 12-р сарын 27.