Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
“Ирцгээ, Түүнийг хүндлэн биширье”


11:38

“Ирцгээ, Түүнийг хүндлэн биширье”

2023 оны Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн онцгой цугларалт

2023 оны 12-р сарын 3-ны ням гараг

Хайрт ах, эгч нар аа, бидний Аврагч, Гэтэлгэгч, Их Эзэн Есүс Христийн мэндэлснийг тэмдэглэх Христийн мэндэлсний баярын бас нэгэн улирал эхэлж байгаа нь юутай баяр хөөр вэ.

Хүүхэд мэндлэх цаг мөч бүр ариун нандин үйл явдал байдаг. Миний зээнцэр хүүгийн анх удаа дүүгээ тэврэх үеийн царайг хар даа.

[видео]

2000 гаруй жилийн тэртээ, хамгийн ариун шөнө Бетлехемийн бяцхан хотод үй олон тэнгэрлэг дайчид хөөрч баярлалдан дуулсанд гайхах зүйл үгүй. Тэнгэр элч хоньчдод энэхүү агуу үнэнийг заахдаа:

“Харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа.

Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ”1 хэмээжээ.

Ах, эгч нар аа, одоо бүгдээрээ “Ирээд, Түүнийг хүндлэн биширье.”2

Он жилүүд өнгөрөн одох тусам Христийн мэндэлсний баяр миний хувьд өөрчлөгдсөөр ирсэн, та нарт ч бас адил байх. Хүүхэд насны минь дурсамжууд 1930-аад онд тохиосон Эдийн засгийн их хямралын сүүдэрт зурайдаг. Мөнгө ховор байлаа. Бэлэг авна гэдэг нэн үнэ цэнтэй зүйл байв.

Эцэг эх минь Христийн мэндэлсний баярыг надад болон ах дүү нарт минь гайхамшигтай болгож өгдөг сөн. Жил бүр бид “Өвлийн өвгөний орлогч” болж өөр нэгэн гэр бүлд очдог байлаа. Бид тохирох бэлгүүдийг бэлдээд, Христийн мэндэлсний баярын өмнөх үдэш аваачиж өгдөг байв. Гэрийнх нь гаднаас хөдлөхөд даллах тэдний гар, нулимс цийлгэнэсэн нүд бидэнд бусдад өгөхийн баяр баясгаланг мэдрүүлдэг байсан.

Тэр үед би Христийн мэндэлсний баярын дуу хөгжимд дуртай байсан, одоо ч дуртай хэвээрээ. Жил бүр Нэлсон эгч бид хоёр Хандэлын Мессиаг сонсож бас дагаж дуулах дуртай. Надад халлэлүяа хэмээх үгийн еврей хэлний утга их таалагддаг. Энэ нь шууд утгаараа “Их Эзэн Бурхан Иеховаг магтан дуулъя” гэсэн үг.3 Энэхүү магтуу дуунд гардаг үгс Их Эзэний төрөлтийг төдийгүй Түүний мянган жилийн хаанчлалыг өгүүлдэг.

Учир нь бидний төлөө хүүхэд төрж,

Бидэнд хүү өгөгдсөн аж:

Мөн засаг захиргаа нь түүний мөрөн дээр байх болно;

Түүний нэрийг Гайхамшигт, Зөвлөгч,

Хүчит Бурхан,

Мөнхийн Эцэг

Энхийн Жонон гэж дуудна.4

Би насанд хүрээд, Бурхан Эцэг, Түүний Хайрт Хүү Есүс Христ хоёрын талаар гүнзгий гэрчлэлтэй болж эхэлсэн. Есүс Христ “сонгогдсон мөн хонгорхон нэгэн” болох онгон бүсгүй Мариагаас төрсөн гэдгийг би хувьдаа мэдэж авсан.5 Тэр бол үнэхээр Бурханы Хүү мөн6 төдийгүй бүх хүн төрөлхтний түүхэнд голлох үүрэг бүхий нэгэн гэдгийг би мэдсэн.

Есүс Христ Эцэгийнхээ тааллын дагуу, хүний санаанд ч багтамгүй ямар агуу зүйлс гүйцэтгэснийг бодоод үз дээ! Бидний хувьд хамгийн чухал гавьяаг байгуулахаар дэлхий рүү доош бууж ирэхдээ л Тэрээр хэдийнээ Бурхан байсан. Тэрхүү гавьяа нь шуудхан хэлэхэд амьдралыг аврах, өөрчлөх хүчтэй байсан. Үүнийг бидний хэн нь ч өөрсдийнхөө төлөө хийж чадахааргүй байсан.

Аврагч “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвч[сэн]”7 … тэрээр бие махбодын дагуу [биднийг] сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд буюу.”8

Өнгөрсөн хэдэн сарын турш би өвдөлт, үүний цэвэршүүлэх нөлөөний талаар улам ихийг сурч авлаа. Аврагчийн зовлон шаналлын цар хүрээг төсөөлөн бодох гэж оролдсоноор би зүрх сэтгэлээрээ Түүн рүү ихэд дөхөж очсон. Тэрээр дэлхийд амьдарч байсан хүн бүрийн бүх өвдөлт, бүх нүгэл, бүх шаналал, бүх зовлон зүдүүрийг Өөр дээрээ авсан гэдгийг миний мөнх бус оюун яахин бүрэн ойлгож чадах билээ.

Мөнх бус хүний ойлгож, тайлбарлаж чадахааргүй хамгийн дээд энэрэнгүй үйлсийг бүтээхээр Аврагч Өөрийгөө зүйрлэхийн аргагүй сүнслэг болон бие махбодын шаналалд өргөсөн юм.

Бетлехемийн Бяцхан Хүү хожим хойно ч төсөөлөхийн аргагүй, хязгааргүй золиослолыг Гетсеманийн цэцэрлэгт, Калварийн загалмай дээр өргөсөн учраас бид Түүнийг бишрэн хүндэтгэдэг. Биднийг наманчилж, Түүнийг дагахыг сонгох үед энэхүү өргөл биднийг гэтэлгэдэг. Тэгээд Тэрээр гурав дахь өдөр нь булшнаас өндийсөн ба бидний хүн нэг бүрд өөр хэн ч өгч үл чадах үхлийн дараах амьдрал буюу амилалтыг өгөн адисалсан нь Түүний дэлхий дээр гүйцэтгэсэн тэргүүн чухал ажил байв.

Энэ баярын үеэр бид баяр хөөртэйгөөр “Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе” гэж дуулж бас хэлцгээдэг. Хайрт ах, эгч нар минь ээ, өнөө орой би зүрх сэтгэлээсээ хүн нэг бүрд хэдэн зүйлийг хүсэж байна. Гэхдээ хүсэл гэхээсээ илүүтэй, энэхүү Христийн мэндэлсний баярын ариун цаг үед би та бүгдийн төлөө ийн залбирч байна.

Нэгдүгээрт, та нарын хүн нэг бүрийг хайрлах Аврагчийн гүн гүнзгий, мөнхийн хайрыг та нарыг мэдрээсэй хэмээн би залбирч байна. Есүс Христ та нарыг мөнх бус амьдралын өмнөх оршихуйгаас эхлэн мэддэг байсан. Тэр та нарыг одоо ч мэддэг бөгөөд харсаар байгаа. Тэр та нарын баяр баясал, уйтгар гунигийг хардаг. Тэрээр энэ бүгдийг мэдэрч туулсан.

Тэрээр та нарын туулж байгаа асуудлуудыг төгс ойлгон энэрдэг бөгөөд сайн муу аль ч цаг үед зөв шударгаар урагшлан зүтгэх бүрд тань баясдаг.

Есүс Христ бол Бурханы Хүү; Тэрээр бурханлаг хүчээр дүүрэн бөгөөд агуу цагаатгагч золиослолыг гүйцэтгэсэн учраас та нар амьдралын хүнд сорилт бэрхшээлүүдтэй ганцаараа нүүр тулах шаардлагагүй гэсэн хувийн гэрчлэлийг олж аваасай гэж би залбирч байна. Чин сэтгэлээсээ асууж, хайж, тогшвол9 танд туслах, таныг хүчирхэгжүүлэх, эдгээх Түүний хүч танд үргэлж нээлттэй байдаг.10

Та өдөр бүр нүглээ наманчилж, амьдралаа улам бүр цэвэр болгож, хийж буй бүх зүйлдээ тэнгэрлэг удирдамжийг эрэлхийлснээр Аврагчийн Цагаатгалын адислалуудыг бүрэн дүүрэн хүртэж болохын төлөө би залбирч байна. Өөрөөр хэлбэл, би та нарыг селестиел ухаанаар үргэлж бодсоноор ирэх баяр баяслыг мэдрээсэй хэмээн залбирч байна.

Түүнчлэн би та нарыг энэхүү баярын үеэр хувьдаа илүү их шүтэн бишрэх цаг хугацааг гаргаж эхлээсэй хэмээн залбирч байна. Есүс Христийн сургаал болон Цагаатгалыг дахин судалж эхэл. Энэ дэлхий дээр таныг Түүн шиг хайрладаг хүн нэг ч байхгүй. Таныг илүү сайн ойлгох, таны шаналал, сул талыг бүрэн гүйцэд мэдэх өөр хэн ч байхгүй. Энэ дэлхий дээрх хэн ч Есүс Христэд байдаг шиг хүч чадалтай биш. Таныг болж чадах түвшиндээ хүрэхийг Түүнээс илүү хүсэж буй хүн нэг ч байхгүй. Биднийг Эцэгийн өмнө Түүн шиг өмгөөлөх хэн ч байхгүй.

Их Эзэн Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч мөн. Тэр бол Бурханы Хүү, Израилын Ариун Нэгэн. Тэр бол Тослогдсон Нэгэн.11 Эцэгийн удирдлаган доор Тэрээр бүтээгдсэн бүх зүйлийн Бүтээгч билээ.12 Есүс Христ бол Хуучин Гэрээний Бурхан, Агуу Иехова юм.13 Тэр бол амлагдсан Иммануел.14 Тэр бол бидний агуу Үлгэр Дуурайл;15 Эцэгийн өмнө өмгөөлөх Өмгөөлөгч маань билээ.16 Түүний сэргээгдсэн сайн мэдээний ачаар Түүний санваарын бүх адислалыг бүх хүн төрөлхтөн Түүнд ирж, Түүгээр төгс болгогдсоноор хүртэх боломжтой болсон.

Ах, эгч нар аа, бүгдээрээ Их Эзэн Бурхан Иеховаг үргэлж алдаршуулан магтах “халлэлүяа” бишрэлтэй амьдарцгаая. Энэхүү сүр жавхлант Христийн мэндэлсний баярын үеэр Их Эзэн Христ дээр ирж, Түүнийг хүндлэн биширье.

Бурхан амьдыг би мэднэ. Есүс бол Христ. Энэ бол Түүний Сүм. Тэрээр Өөрийн сайн мэдээний Сэргээлтийг удирдсаар байгаа. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.