Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Санагтун, санагтун


9:41

Санагтун, санагтун

2023 оны Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн онцгой цугларалт

2023 оны 12-р сарын 3-ны ням гараг

11-р сар гарахтай зэрэгцэн миний амьдардаг газрын байгалийн өнгө төрх гүн нойронд автсан мэт бүүдийдэг. Хавар, зуны саруудад салхинд зөөлөн сэрчигнэн эгшиглэж байсан ногоон навчис моддоо нүцгэлэн хатаж унаад хөл доор шаржигнан үлдэнэ. Хөгжилдөн жиргэх шувуудын дуу татарч, анхилам цэцэгсийн үнэр агаараас замхран одох шиг болно. Амьдралын эрч хүчтэй миний зүйрлэн хардаг байгалийн юмс үзэгдэл хэсэг хугацаанд зогсож, гагцхүү анир чимээгүй хоосон орон зай үлдэж тухайн жил шувтрахуй дор баяр хөөртэй байдлаа мартахын өмнөхөн би Христийн мэндэлсний баярын бэлэгтэй учран золгодог.

Бурханы гайхамшигт дэлхийд амьдран суугаа газартаа би үүнийг санадаг. Мөнх ногоон ойн модлог, хурц, газар шорооны үнэрийг анхааран ажихаа би санадаг. “Хурмаст тэнгэр ба хүй ертөнц” надтай хамт дуулж, надад сануулдаг Христийн мэндэлсний баярын бэлгэ тэмдгүүдийг анзааран явах үедээ би час улаан эсвэл цасан цагаан цэцэг жимсийг харж явахаа, мөн хүмүүсийн зүрх сэтгэл болон шүтэн бишрэх гэр оронд “Хүн зон баярла” хэмээн эгшиглэх танил болсон дууллуудыг сонсохоо би санадаг.

Энэ баярын гайхамшгуудын нэг нь Христийн шашинтнууд тэр чигээрээ, өөр шашны олон хүн Христийн мэндэлсний баярын энэ үеэр дурсан санах бэлгэ тэмдгүүдийг зорин хайж, тэдгээрээр амьдралаа дүүргэдэг.

Христийн мэндэлсний баяр бол биднийг шинэ онтой золгуулдаг гүүр билээ. Тэрхүү гүүрээр дамжин явах үедээ бид “Мөнхийн Бурхан, ЭЗЭН, Дэлхийн хязгаарыг Бүтээгч[ийн]”1 гайхамшгийг бодож үзэх урилгыг авдаг. Тэрээр Давидын хотод “даавуунд ороож тэжээлийн онгоц дотор”2 даруу нөхцөлд мэндэлсэн юм. Бид Христийн мэндэлсний баярын үеэр даяанчлахдаа өөрсдийгөө орчин цагийн мэргэд гэж төсөөлөн, мөнх ногоон моддын дээрх оддыг болон эргэн тойрондоо гялтганах гэрлүүдийг, мөн “дэлхийн гэрэл”4 болох Есүс Христ рүү бидний аяллыг чиглүүлэх өмнөө байх тэмдгүүдийг харж “үлэмж баяр хөөрөөр бялхаж”3 болно. Энэ баярын үеэр агаарт ямар нэг анхилам үнэр үнэртэх нь “Амьд Бурханы Хүүд”5 бэлэг авчрахыг бидэнд сануулж байж болох ба энэ нь “алт, гүгэл, мирр” 6 биш, харин “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг”7 бишрэлтэйгээр өргөл болгон өгөх тухай байх юм. Хүүхдүүдийг хайрлаж халамжилдаг бидний дундах хүмүүст хандан хэлэхэд, та нар “сүрг[ээ] манадаг”8 орчин цагийн хоньчидтой адил бөгөөд “бүү айгтун” хэмээн Их Эзэнээс илгээсэн дэлхийн тэнгэр элч нарыг сонсоцгоодог. Учир нь тэнгэр элч нар Аврагчийг олж болох газар луу биднийг чиглүүлэхээр ирдэг билээ.9 Бид “үлэмж баярын сайхан мэдээг” үр хүүхдийнхээ чихэнд гэрчлэл болгон шивнэхээ санадаггүй гэж үү? Тэгснээр тэд маань хүүхдийн сониучхан зангаар Христийн мэндэлсний баярын улаан ба ногоон, алтан шар ба цагаан өнгөнүүдийг хараад, тэдэнд аврал ба шинэ бөгөөд мөнх амьдралыг бэлэглэдэг, өөрсдийн Гэтэлгэгч Есүс Христийн төгс төгөлдөр, цэвэр ариун цагаатгагч золиослолыг санах болно.

Христийн мэндэлсний баяр бидэнд Бетлехем рүү сүнслэг аян хийж, өөрсдийн Аврагч, Есүс Христийн тухай гэрчлэлийг олж аван, энэ гэрчлэлээ дараа нь түмэнд ам хуурайгүй, хөл цуцалгүй мэдүүлж,10 Түүний талаар мэддэг бүхнээ гэрчлэх боломжийг олгодог. Бид Аврагч руу даяанчлах энэхүү аянаа санан дурсахаар дамжуулан хийж болно.

Бид Өгөгчийг мартахгүйн тулд, мөн Түүний биднийг гэх хэмжээлшгүй хайрыг мэдэрч, хариуд нь Түүнийг хайрлаж сурахын тулд Бурхан бидэнд санах бэлгийг өгсөн. Эртний бошиглогч Моронай биднийг “Сайн бэлэг болгон Христээс ирдгийг” санахыг ятгасан.11 Аврагчийн маань бэлэг дэлхийн өгдөг шиг цаг зуурын, дутуу дулимаг биш бас цаг хугацааны эрхээр элэгдэж мууддаггүй. Есүс Христ бидэнд өнө удаан хэрэглэгдэх хамгийн хэрэгцээт бэлгүүдийг өгдөг. Энэ нь:

  • Мэдлэг, мэргэн ухаан, гэрчлэл, мөн итгэл зэрэг Сүнслэг бэлгүүд12,

  • Ариун Сүнсний бэлэг,

  • Мөнх амьдралын бэлэг юм.

Бид амьдралын уртад ирсэн том, жижиг “сайн бэлгүүдийн” талаар тунгаан бодож үзэхдээ Их Эзэний мутар биднийг аварч, хүчирхэгжүүлж, тайтгаруулж байсныг харж чаддаг бил үү?

Зарим үед бидний оюун бодол, зүрх сэтгэл Түүнээс эргэн холдож болох ч, Их Эзэний хувиршгүй байдал бидэнд Христийн мэндэлсний баяраар болон бусад ямар ч үед Тэр биднийг мартахгүй гэдэг баталгааг өгдөг. Их Эзэн биднийг гарынхаа алган дээр сийлсэн хэмээн тунхагласан.13 Тэр амлалтуудаа үргэлж биелүүлдэг. Тэр бидэнтэй болон бидний эцгүүдтэй хийсэн гэрээнүүдээ санадаг. Бид өвдөг сөгдөн, гонхноосоо, эсвэл зүрх сэтгэл дотроо Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан бүхий л залбирлыг Тэрээр сонсдог бас санадаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасанчлан Тэрээр “Өөрт нь итгэдэг хүмүүсийн амьдралд хөндлөнгөөс оролцох[оо]”14 санадаг. Тэр биднийг наманчлах бүрд маань уучлахаа санадаг. Бид гэрээсээ хэр хол, хэчнээн удаан явснаас үл хамааран бидэнд буцаж ирэх замаа олоход минь туслахын тулд Тэр бидэнтэй судраар болон бошиглогчдоор дамжуулан ярихаа санадаг. Бид “үргэлж түүнийг санах”15 ариун амлалтаа сахихыг хичээхийн хэрээр Тэр мөн бидэн рүү Өөрийн Сүнсийг илгээхээ санадаг.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ийн заасан: “Та толь бичгээс хамгийн чухал үгийг хайвал, … энэ нь санагтун гэсэн үг байж болох юм. Яагаад гэвэл та нар бүгд гэрээ байгуулсан учраас … хамгийн хэрэгтэй зүйл нь үүнийгээ санах явдал юм. Тийм ч учраас хүн бүр Хүндэтгэлийн өдөр болгон ‘үргэлж түүнийг санаж, мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн’ … хэмээн пристүүдийн залбирахыг сонсож, талх уснаас хүртэхийн тулд ариун ёслолын цуглаанд очдог. Санагтун гэдэг нь чухал үг юм. Санах нь зорилгодоо хүрэх алхам билээ.”16

Бурханыг санах нь сүнслэг инерцийн хүч чадлыг бадраах урам дэмийг өгч, бурханлаг арга замаар үйлдэхэд урьдаг. Биднийг санахад урьсан ерөнхийлөгч Нэлсоны дараах сургаалыг тунгаан бод. Тэрээр ийн сургасан:

  • “Амьдралдаа Бурханыг ялуулж” мөн “Их Эзэнд цаг заваа шударгаар зарцуул.

  • Гайхамшгийг эрэлхийл мөн хүлээ.

  • Өөрийн амьдрал дахь зөрчилдөөнийг эцэслэ”17 мөн амар тайвныг тогтоогч бай.18.

Христийн мэндэлсний баяр нь эдгээр урилгын дагуу үйлдэх мөн цагийн аясаар Есүс Христийн талаар илүү их бодох өгөөмөр хандлагыг бий болгож, Түүний төрөлтийн гайхамшгийг тунгаан, Бурханы хүүхдүүдтэй илүү нөхөрсөг, хамтач байх мэдрэмжийн дагуу үйлдэхэд нээлттэй байх боломж байж болно. Христийн мэндэлсний баярын онцлог болсон сануулах бэлгэ тэмдэг бүхий дараах зүйлсийг бид хийдэг. Үүнд:

  • Найз нөхөд, гэр бүл, танихгүй хүмүүст хүртэл Христийн мэндэлсний баярын мэнд хүргэхээ санадаг.

  • Хайраа илэрхийлж бэлэг өгөхөө санадаг.

  • Тусламж хэрэгтэй хүмүүст өгөөмрөөр хандаж, гэр орондоо ирсэн хүмүүсийг найрсгаар угтан аваахаа санадаг.

  • Христийн мэндэлсний баярыг өөр бөгөөд онцгой болгодог гэр бүлийн цугларалт болон уламжлалын чухлыг онцлохыг санадаг.

Олон хүний хувьд жилийн энэ үе нь нэг төрлийн хоолыг бэлдэх гүн гүнзгий хүсэл, давтан ярьдаг гэр бүлийн түүхүүд, жил бүр чимэглэн засдаг гацуур мод зэрэг нь бидний хувьд чухалд тооцогддог үйл явдлуудыг санах гэсэн төрөлхийн хүслийг маань хадгалдаг ач холбогдолтой зүйлс юм. Тусгайлан бэлдсэн зоог, давтан ярих түүх, баярын чимэглэлүүд нь бид бүгдийн дурсамжийг сэргээх зүйлс болдог. Энэ баяраар илүү өгөөмөр байх гэсэн бидний гүн хүсэл хүртэл талархалтай байхыг санах эрмэлзлийг төрүүлдэг. Христийн мэндэлсний баяр болоход бидэнд түүнчлэн төрдөг онцгой нэгэн хайрын мэдрэмж нь бидэнд хүсэл зорилго болон үйлс үйлдлээ Есүс Христ дээр дараах байдлаар төвлөрүүлэх боломжийг олгодог. “Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун.”19 Мэргэн эрчүүд, эмэгтэйчүүд, мөн сайн хоньчдын хувьд тухайн оноо үдэж, шинэ онд хүргэх гүүрээр гарах аялал маань Их Эзэний мутрын хүчээр хийгддэг20 гэдгийг санаарай.

Тиймээс та нар дэлхийн хаана ч амьдардаг байсан гэсэн Христийг эрэлхийлэхийг урьдаг бэлгэдэл бүрд анхаарал хандуулахаа санаарай. Биднээс онцгой анхаарал шаарддаг жилийн энэхүү цаг үед бүгдээрээ баярын мэндчилгээ дэвшүүлэх, бодол санаанд орж ирэх хүмүүс гээд чухалчилдаг зүйлсийнхээ хажуугаар биднийг хэзээ ч мартдаггүй, Сүнсээрээ дамжуулан Христийн мэндэлсний баяраар болон бүх цагт Өөрийг нь санах хүч чадлыг бидэнд өгдөг Жинхэнэ Өгөгчийг мартахгүй санацгаая. Тэрээр “хүн зоныг баярлуулж”, биднийг зүрх сэтгэлээ “Түүн рүү хандуулж”21, Хаанаа хүлээн авахад урьдаг. Тэр бидний аялан явдаг замын суурь билээ. Тэр бол дэлхийн гэрэл, амьд Бурханы Хүү мөн. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.