Бидний Аврагч Христ мэндэллээ
2023 оны Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн онцгой цугларалт
2023 оны 12-р сарын 3-ны ням гараг
Хүндэт ах, эгч нар аа, Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе!
Бид энэхүү Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтад Тэргүүн Зөвлөлтэй баяртайгаар нэгдэн цуглараад байна. Та бүхэн энэхүү баярын үеэр хаана ч байсан Христийн мэндэлсний баярын гол утга учир болох Есүс Христийг санан дурсахдаа Бурханы хайрыг мэдрэх болтугай.
Христийн мэндэлсний баяр бол дуу хөгжим, үнэр, амт, хүлээлт догдлол, өгөөмөр байдлын цаг мөч ба бидний амьдарч буй газрын хол ойроос үл хамааран хамтдаа цугларах цаг үе байдаг.
Бид Христийн мэндэлсний баяр баяслыг ихэнхдээ үл анзаарагдам байдлаар бусдад авчрах үед энэ нь жинхэнэ утгаараа Христийн мэндэлсний баяр болдог. Олон гэр бүл Сантатай адил үйлддэг. Олон хүн Есүс Христийн гэрлээр дэлхийг гэрэлтүүлдэг.
Христийн мэндэлсний баярын тухай өмнөх дурсамжуудаа санах нь шинэ дурсамж бүтээдэг билээ. Он жилүүд өнгөрөх тусам Христийн мэндэлсний баярын дурсамжууд уламжлал болон хувирч, улмаар Бурханы Хурга, Мөнхийн Эцэгийн Хүү, дэлхийн Аврагч Есүс Христийг гэх бидний хайрыг улам гүнзгийрүүлдэг.1
Хэрэв та бүхэнд Христийн мэндэлсний баярын сайхан дурсамжууд байдаг бол энэ жил та бүхэн тэдгээр зүйлээ баяр хөөртэйгөөр эргэн санаж, сэргээн хэрэгжүүлэх болтугай. Хэрэв одоо та нар өөрсдийн гэсэн баярын уламжлалаа бий болгож байгаа бол тэдгээр нь жил бүр Есүс Христийг гэх хайрыг тань улам гүнзгийрүүлж, та бүхнийг адислах болтугай.
Би Гонгийн гэр бүлийн Христийн мэндэлсний баярын хамгийн дуртай гурван уламжлалын талаар хуваалцмаар байна.
Нэгдүгээрт, жил бүр Гонг эгч бид хоёр гэр бүлийн маань түүхүүдийг харуулсан гацуурын чимэглэлүүдээ дахин харах дуртай.
Гэрлээд удаагүй залуу хос байхдаа Гонг эгч бид хоёр Англид магистраар сурч байв. Бид оюутны багахан төсөвтөө тааруулан жижигхэн байранд амьдардаг байлаа. Бидний зоосоо тоолон байж авсан гацуур маань Чарли Браун хүртэл өрөвдөж харахаар жижигхэн байлаа.
Гонг эгч угийн бүтээлч зангаараа, авсан гацуур модондоо зориулан хувцасны хавчаараар британи цэргүүдийн дүрс бүхий чимэглэл хийв. Тэр чимэглэлүүддээ хар ноосон малгай өмсгөж, инээмсэглэж буйгаар зурав.
Эдгээр хавчааран британи цэрэг 43 жилийн турш манай баярын гацуур модыг манан зогсож байна. Тэд бидний шинэхэн гэр бүл болоод анхны гэрээсээ хол баяр мөн түүнээс хойших Христийн мэндэлсний баяр бүрийг сануулдаг.
Хүүгийн маань гэр бүл хавчааран “хүмүүс” хийсэн. Тэд дэлхий даяарх номлогчдыг дүрсэлдэг. Та бүхэн тэдний инээмсэглэл? Олон үндэсний хувцас? Нэрийн тэмдгийг харж байна уу? Нэг нь бүр надтай адилхан гэж би сонссон шүү.
Манай Христийн мэндэлсний баярын чимэглэлүүд найз нөхөд болон очсон газруудын маань талаарх дотно дурсамжуудыг сэргээдэг. Жаргалтай, олон төрлийн эдгээр дурсамж нь жил бүр бидэнд инээмсэглэл бэлэглэдэг.
Дэлхий тогтмол байдлаар байнга хөдөлж байдаг нь Бурхан байдгийг баталж буй хэрэг гэдгийг бошиглогч Алма гэрчилсэн. Христийн мэндэлсний баяр нь жил бүр дэлхий нарыг 365.25 өдөр тойрон эргэх үед тохиох үеийг онцолдог. Жилийн турш тойрон эргэсээр бидэнд Христийн мэндэлсний нандин баярыг авчрах үед би зохиолч Э.Б.Вайтын туурвисан “Цаг хугацааны тойрог”2 хэмээх бичвэрийн талаар боддог.
Тэрээр хүн бүр “цаг хугацаа үнэндээ тойрог хэлбэрээр огтхон ч хөдөлдөггүй” гэдгийг зөвхөн туршлагаараа ойлгодог гэсэн санааг дэвшүүлсэн. Цаг хугацааны тойрог нь “төгс бүрэлдсэн, өөрчлөгдөшгүй, таамаглаж болохуйц, эхлэл болон төгсгөлгүй” мэт санагдаж болно. Бид залуу байхдаа аль нэг үйл явдлын ард гарч, удалгүй үр дүнг нь харна гэж төсөөлдөг.
Би Христийн мэндэлсний баяр бүрээр цаг хугацааны (орон зайн) шулуун шугамд эсвэл тойрог хөдөлгөөний аль алинд нь ямар нэгэн талаараа өмнөх шигээ байгаа мэт эсвэл өмнөхөөсөө өөр болсон мэт байдаг. “Давчуу бөгөөд нарийн зам,”3 “нэгэн мөнхийн эргэлт”4 хоёр нь Бетлехемд мэндэлсэн бяцхан Христэд төвлөрсөн гэрээний бодит байдлын талаар хэрхэн нэг ижил тайлбарыг өгч болох вэ.
Энэ ч утгаараа миний хувьд Христийн мэндэлсний баярын ид шидийн нэгээхэн хэсэг нь хүүхэд, том хүн хоёр нэг цаг хугацаанд зэрэг байх явдал байдаг. Биднийг хүүхэд ахуйд маань баяр хөөртэй болгодог байсан зүйлсийг одоо хийх нь насанд хүрсэн үед ч бидэнд баяр хөөрийг авчирдаг. Мөн бид хүүхдүүдтэй дурсамж, уламжлалуудыг бүтээж байх үедээ тэдэнтэй хамт баясдаг.
Гонгийн гэр бүлийн дуртай, Христийн мэндэлсний баярын дараагийн уламжлал бол Бяцхан Христийн мэндэлснийг дүрсэлсэн гэр бүлийнхээ хүүхэлдэйн цуглуулгыг тавих байдаг.
Та бүхэн Есүс Христэд төрөлтийн дүрслэл нь Түүнд төвлөрч, биднийг үүнтэй адил үйлдэхэд урьдагт дургүй гэж үү? Саяхан буцаж ирсэн нэгэн номлогч: “Намайг номлолд гарахаас өмнө Есүс Христ миний амьдралын нэг хэсэг байсан. Харин одоо Тэр миний амьдрал болсон” гэж хэлж билээ.
Хүүхэлдэйнүүдийг өөр өөр хэмжээтэйгээр өөр өөрөөр дүрсэлж, ямар ч материалаар хаана ч хийдэг. Хүүхэлдэй бүр Есүс Христийн гэрч мөн бүх үндэстэн, ястан, хэлтэн, хүнд зориулсан Түүний адислалын гэрч болдог.
Хаа сайгүй Бурханы хүүхдүүд танил, уялдаа холбоотой орчин, онцлог зүйл, нарийн хэсгүүдээр бяцхан Есүс, Мариа, Иосеф, Мэргэд, хоньчид болон амьтдыг дүрсэлдэгт бид дуртай. Хүүхэлдэйнүүд бидэнд Бурхан хүүхдүүдээ хайрладаг гэдгийг сануулахын зэрэгцээ Христийн төрөлтийг илтгэх хүүхэлдэйнүүдийн өвөрмөц байдал, хаана хийгдсэнээс нь үл хамааран бид Түүний хайрыг мэдэрдэг.
Бидний дуртай гурав дахь уламжлал бол Аврагчийн төрөлтийн талаарх судрын цэдгээс хамтдаа унших мөн Чарльз Диккэнсийн Христийн мэндэлсний баярын дууг гэр бүлээрээ чангаар унших байдаг.
Хэрэв би ороолт ороож, бүрх малгай өмсвөл та нар намайг Христийн мэндэлсний баярын дууны Эбинэзэр Скрүүжтэй багахан ч болов төстэй харагдана гэж бодож байна уу?
Зарим жил манай гэр бүл Христийн мэндэлсний баярын дууг эхнээс нь дуустал нь уншдаг. Бид халуун шоколадаа таяган чихрээр хутгаж, “Норфолк биффинс”, “Смөүкин Бишоп” зэргийн эшлэлд инээлдэцгээдэг. Жэкоб Марлигийн сүнс гинжээ чанга цохиход бидний дотор арзас хийдэг. Өнгөрсөн, одоо, ирээдүйн Христийн мэндэлсний баярын сүнснүүд Эбинэзэр Скрүүжийг шинэ хүн болоход тусалж байгаа нь бидний сэтгэлийг хөдөлгөдөг.
Зарим жил манай гэр бүл анхаарал богинохон залуу үеийнхэндээ зориулж, Христийн мэндэлсний баярын дууг хүү, бэр хоёрынхоо хураангуйлж бичсэн хувилбараар уншдаг.
Зарим жил баярын зоогоо хурдан идэхийн тулд уг зохиолын байж болох хамгийн богино хувилбарыг гялс уншчихдаг. Энэ богиносгосон хувилбарт “Утгагүй зүйлд цагаа үрэх юм”, “Бурхан хүн бүрийг адисалдаг” гэсэн хоёр мөр л байдаг.
Чарльз Диккэнс уг зохиолоо 1843 оны 10-р сард бичиж эхлэн, 12-р сарын эхээр дуусгасан буюу ердөө зургаан долоо хоногийн хугацаанд туурвисан байдаг. 1843 оны 12-р сарын 19-нд Лондон хотод хамгийн анхны хэвлэл нь 6000 хувь хэвлэгдсэн ба Христийн мэндэлсний баярын өмнөх орой гэхэд зарагдаж дууссан байдаг.
Христийн мэндэлсний баярын дууны түүхийг авч үзэхэд, Викториа хатныг засаглаж байх үеийн Английн ард иргэд Христийн мэндэлсний баярын утга учрыг эргэн харж байх үед Чарльз Диккэнс энэхүү зохиолоо бичиж байсан аж. Христийн мэндэлсний баяр, гацуур мод, мэндчилгээ, гэр бүлийн цугларалт, баярын захидал, дуу зэрэг нь нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх боломжтой эсвэл гүйцэтгэвэл зохих вэ?
Тав тухгүй, тусгаарлагдсан, ганцаардсан үед, Диккэнсийн Христийн мэндэлсний баярын дуу нь Эбинэзэр Скрүүжийн өнгөрсөн, одоо, ирээдүйгээ залруулж, амар амгаланг олж авсантай адил нөхөрлөл, хайр болон Христийн шашинтны ариун журмуудыг тусгадаг.
Одоо ч гэсэн Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учир биднийг тэвшин доторх нялх Есүс Христ рүү ойртуулдаг. Есүс Христ махан бодын дагуу нигүүлслээр дүүргэгдэн, хэрхэн биднийг халамжлахаа мэддэг. Одоо ч гэсэн Христийн мэндэлсний баяр нь гэрээгээр дамжин ирэх Есүс Христ хийгээд өөрсдийн дотор байх нэгэн хэсэг гэсэн мэдрэмж, харилцаа холбоо, нэгдмэл байдлыг онцолдог.
Харин одоо би та бүхнээс арай өөр Христийн мэндэлсний дууны асуулт тавья. Яагаад бид Скрүүжийн тухай ярихдаа Христийн мэндэлсний баярыг утгагүй зүйл гэж тохуурхан ярьдаг, ууртай харамч хөгшин хүнийг шууд боддог вэ?
Яагаад бид шинэ хүн болж өөрчлөгдсөн Скрүүжийг хүлээн зөвшөөрдөггүй вэ? Өөрчлөгдсөн Скрүүж бол шагналынхаа цацагт хяруулыг Христийн мэндэлсний баярын гэнэтийн бэлэг болгож өгөөмрөөр илгээдэг нэгэн биш гэж үү? Өөрчлөгдсөн Скрүүж өөрийн баяр хөөртэй үеэл дүү Фрэддитэй эвтэй байдаггүй бил үү? Өөрчлөгдсөн Скрүүж Боб Кратчитын цалинг өсгөж, Тини Тимд санаа тавьдаггүй бил үү?
Эргэлзэгчид шоолж л байдаг. Өөрчлөгдсөн Скрүүж “бүгдийг хийсэн төдийгүй түүний хийсэн зүйлд хязгаар байгаагүй юм.” Тэрээр сайн хүн, сайн найз болсныг эргэн тойрныхон нь мэдэж байсан.
Тэгвэл бид яагаад өөрчлөгдсөн тэрхүү ноён Скрүүжийг санаж болохгүй гэж? Бид хүмүүсийг хуучнаар нь харж, тодорхойлохоо боливол өөрчлөгдсөн болохыг нь ухаарах хэн нэгэн бидний эргэн тойронд байгаа юм биш биз? Бид ч өөрсдөө тэдний нэг байж болно.
Ямар ч төгс хүн, төгс гэр бүл гэж үгүй. Бидний хүн нэг бүрд илүү сайжруулахыг хүсдэг сул тал, алдаа дутагдал байдаг. Энэхүү Христийн мэндэлсний баяраар бид Есүс Христийн өөрчлөлтийн үнэт бэлэг, наманчлал, өршөөлийг болон мартахын бэлгийг өөрсдөдөө хүлээн авч мөн бусдад өгөх боломжтой.
Өнгөрсөн жилээ хамтдаа амар тайван үдэцгээе. Бидний амьдралыг эмх замбараагүй болгодог сэтгэлийн түгшүүр, чимээ шуугиан, зөрчилдөөн, бухимдлыг орхицгооё. Бид өөрсдийг маань өмнө нь хязгаарлаж байсан зүйлсийг хэвээр үлдээхийн оронд нэг нэгэндээ шинэ боломж олгох болтугай. Бидний хүн нэг бүрийн дотор байдаг Скрүүжид өөрчлөгдөх боломжийг олгоё.
Христийн мэндэлсний баяраар бидний Аврагч зөвхөн шоронд хоригдож буй хүмүүсийг ч бус олзлогдогсдыг мөн чөлөөлөхөөр ирсэн. Тэр биднийг өнгөрсөн үеийн маань сүнснүүдээс чөлөөлж, өөрсдийн маань болон бусдын гэм нүглийн харамслаас салгаж чадна. Тэр Өөрийнхөө дотор орших дахин төрөлтөөр дамжуулан биднийг аминч үзлээс маань гэтэлгэж чадна.
“Өнөөдөр … Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”5
Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе!
Христийн мэндэлсний баярын уламжлал, дурсамж тань хөгжилтэй, гэгээлэг байх болтугай.
Энэ баярын сарын өдөр бүр бид Есүс Христэд баясах болтугай.
Би Есүс Христийг баяртайгаар Түүний ариун нандин нэрээр гэрчилж байна, амен.