Бүлэг 22
Сүнсний бэлгүүд
Сүнсний бэлгүүд
-
Их Эзэн бидэнд ямар сүнслэг бэлгүүд өгсөн бэ?
Баптисм хүртсэний дараа Ариун Сүнсний бэлэг хүлээн авахаар бидний толгой дээр гар тавилтаар адислал өгдөг. Хэрэв бид итгэлтэй байх юм бол Түүний нөлөөллийг үргэлжлүүлэн авсаар байх болно. Түүгээр дамжуулан хүн нэг бүр Сүнсний бэлгүүд хэмээн нэрлэгдэх тодорхой сүнслэг хүчнүүдээр адислагдаж чадна. Тэдгээр бэлгүүд нь Христэд итгэлтэй нэгэнд өгөгддөг. “Мөн эдгээр бүх бэлгүүд Бурханы хүүхдүүдийн ашиг тусын тулд, Бурханаас ирдэг болой” (С ба Г 46:26). Тэдгээр нь сайн мэдээний үнэнүүдийг мэдэж, заахад тусалдаг. Тэдгээр бэлгүүд нь бусдыг адислахад бидэнд тусалдаг. Тэдгээр бэлгүүд Тэнгэрлэг Эцэг уруугаа буцахад маань хөтөлдөг. Өөрсдийн бэлгүүдийг ухаалгаар ашиглахын тулд тэд юу болохыг, тэднийг бид хэрхэн хөгжүүлж болох, тэднийг Сатаны дууриамал зүйлээс хэрхэн ялган танихыг бид мэдэх шаардлагатай.
Судруудад олон Сүнсний бэлгүүдийн тухай дурьдсан байдаг. Үнэн Сүм дэлхий дээр байсан тэр цаг үе бүрт гишүүдэд нь эдгээр бэлгүүд өгөгддөг байсан (Maрк 16:16–18). Сүнсний бэлгүүд:
Хэлний бэлэг (С ба Г 46:24)
Заримдаа бидэнд мэдэхгүй хэлээрээ сайн мэдээг хуваалцах шаардлага гардаг. Ийм тохиолдолд Их Эзэн бидэнд энэ хэлээр ярих чадвараар адислаж чадна. Олон бүрэн цагийн номлогч хэлнүүдээр ярих бэлгийг хүлээн авсан байдаг (бүлгийн зургийг үз). Жишээ нь: Голландад бүрэн цагийн номлогч байсан Ахлагч Алонзо А.Хинклей хэдийгээр маш их залбирч, суралцаж байсан ч нидерланд хэлээр муухан ярьж ойлгодог байв. Урьд нь зочилж байсан нэгэн байшинд эргэн ирэхэд нэг эмэгтэй хаалгыг онгойлгон маш ууртайгаар нидерланд хэл дээр ярьж эхлэв. Гайхалтай нь тэр үг бүрийг ойлгож байв. Тэр эмэгтэйтэй гэрчлэлээ нидерланд хэл дээр хуваалцахыг маш ихээр хүсч байгаагаа мэдрэв. Түүнийг ярьж эхлэхэд үгс нидерландаар маш цэвэрхэн урсан гарч байлаа. Харин тэр буцаж ирээд номлолын ерөнхийлөгчдөө нидерландаар ярьж чаддагаа харуулахыг хүссэн боловч ярьж чадахгүй байв. Олон итгэлтэй гишүүд хэлний бэлгээр адислагдсан байдаг (Жозеф Филдинг Смит Answers to Gospel Questions, comp. Бага Жозеф Филдинг Смит, 5 боть. [1957–66], 2:32–33).
Хэлнүүдийн хөрвүүлэг хийх бэлэг (С ба Г 46:25)
Энэ бэлэг нь бид ямар нэгэн хэлийг ойлгохгүй, Бурханаас чухал ач холбогдолтой захиасыг хүлээн авах хэрэгтэй үеүдэд бидэнд өгөгддөг. Жишээ нь: Ерөнхийлөгч Дэвид О.МкКей Шинэ Зеланд дахь гэгээнтнүүдэд орчуулагчгүйгээр ярихыг маш их хүсчээ. Их Эзэн тэдэнд түүний ярьж байгааг ойлгохоор адислах болно гэдэгт найдаж байгаагаа тэр хэлжээ. Тэр англи хэл дээр ярив. Түүний захиас 40 минут орчим үргэлжлэв. Тэр ярьж байхдаа тэдний нүүрний хувирал,нүдэнд дэх нулимсаар нь түүний захиасыг хүлээн авч байгааг хэлж чадахаар байв (Answers to Gospel Questions, 2:30–31).
Орчуулгын бэлэг (С ба Г 5:4)
Хэрэв бид Сүмийн удирдагчдаар Их Эзэний үгийг орчуулах дуудлагад дуудагдсан бол бид өөрсдийн чадвараас дээгүүр бэлгийг хүлээн авна. Бүх бэлгүүдийн адил, бид зөв шударга амьдарч, хичээнгүйгээр судалж, бэлгийг хүлээн авахын төлөө залбирах ёстой. Бид эдгээр зүйлсийг хийхэд орчуулга зөв аваас Их Эзэн биднийг цээжин дотор маань шатах мэт мэдрэмжтэй болгодог (С ба Г 9:8–9). Иосеф Смит Мормоны Номыг орчуулах үедээ орчуулгын бэлэгтэй байсан. Энэ бэлэг түүнийг зөвхөн Сүнстэй байхад л түүнд ирдэг байв.
Мэргэн ухааны бэлэг (С ба Г 46:17)
Бидний зарим нь хүмүүсийг болоод бидний амьдралд хэрэгжих сайн мэдээний зарчмуудыг ойлгох чадвараар адислагдсан байдаг. Бидэнд хэлэхдээ:
“Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.
“Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ.
“Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү найдаг” (Иаков 1:5–7).
Их Эзэн “Баялгуудыг бус мэргэн ухааныг эрэлхийлэгтүн, мөн болгоогтун, Бурханы нууцууд чамд нээгдэх болно” (С ба Г 6:7).
Мэдлэгийн бэлэг (С ба Г 46:18)
Тэнгэрлэг Эцэгтэй адил болох хүн бүхэн яваандаа бүх зүйлийг мэддэг болно. Бурханы мэдлэг ба Түүний хууль нь Ариун Сүнсээр илчлэгдсэн (С ба Г 121:26). Хэрэв бид эдгээр хуулиудыг ор тас мэдэхгүй байсан бол бид аврагдаж чадахгүй (C ба Г 131:6).
Их Эзэн “Хэрэв хүн өөрийн хичээл зүтгэл мөн дуулгавартай байдлаар дамжуулан бусдаас илүү мэдлэг мөн оюун билгийг энэ амьдралд хуримтлуулах аваас тэрээр ирэх дэлхийд маш их давуу талтай байх болно” хэмээн илчилсэн (С ба Г 130:19). Их Эзэн Түүний ажлын талаар аль болох их мэдлэгийг суралцахыг бидэнд тушаасан. Тэнгэрүүд, дэлхий, болсон болон болох зүйлс, гэрт болон гадаад орнуудад болж байгаа зүйлсийн талаар суралцахыг Тэр биднээс хүсдэг (С ба Г 88:78–79). Гэсэн ч зарим нь өөрсдөө бие даан суралцсанаар мэдлэгийг олж авахыг хичээдэг. Тэд Ариун Сүнсний тусламжийг хүсдэггүй. Тэд үргэлж суралцавч үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй (2 Tимот 3:7). Бид Ариун Сүнсний илчлэлтээр мэдлэгийг хүлээн авахад Түүний Ариун Сүнс бидний оюун бодолд мөн бидний зүрх сэтгэлд ярьдаг (С ба Г 6:15, 22–24; 8:2; 9:7–9).
Мэргэн ухаан болон Мэдлэгийг заах бэлэг (Moронай 10:9–10)
Зарим хүмүүст сайн мэдээний үнэнүүдийг тайлбарлаж, гэрчлэх онцгой чадвар өгөгдсөн байдаг. Энэ бэлгийг ангид хичээл заахад ашиглаж болно. Энэ бэлгийг эцэг эхчүүд хүүхдүүддээ заахад хэрэглэж болно. Энэ бэлэг мөн хүмүүс сайн мэдээг ойлгож болохын тул бид бусдад зааварчлахад бидэнд тусалдаг.
Есүс Христ Бурханы Хүү гэдгийг мэдэх бэлэг (С ба Г 46:13)
Энэ нь Есүс Христийн онцгой гэрчлэгч байхаар дуудагдсан бошиглогчид болон төлөөлөгчдийн бэлэг юм. Гэхдээ бусдад энэ бэлэг мөн өгөгдсөн. Хүн бүр Ариун Сүнсний шивнээгээр дамжуулан гэрчлэлтэй болж чадна. Ерөнхийлөгч Дэвид О.МкКей заахдаа: “Энэ нь заримд нь Есүс бол Бурханы Хүү, Тэр дэлхийн нүглүүдийн учир загалмай дээр цовдлогдсон гэдгийг Ариун Сүнсээр мэдэх нь өгөгдсөн хэмээн Их Эзэн Сургаал ба Гэрээнд хэлсэн [С ба Г 46:13]. Үүнийг би гэрчлэл дэх илчлэлтийн бат бөх хадан дээр зогсож, дэлхийд үнэн гэрчлэлийг гэрчлэх хүмүүст хамааруулж байна (Teachings of Presidents of the Church: Дэвид O. МкКей [2003], 166).
Бусдын гэрчлэлд итгэх бэлэг (С ба Г 46:14)
Ариун Сүнсний хүчээр бид бүх зүйлийн үнэнийг мэдэж болно. Бид хэн нэгэн үнэнийг ярьж байна уу гэдгийг мэдэхийн тулд итгэлтэйгээр Бурханаас асуух хэрэгтэй. Хэрэв бидний залбиран асууж байгаа зүйл үнэн бол Их Эзэн бидний оюун санаанд амар амгаланг ярих болно (С ба Г 6:22–23). Энэ замаар хэн нэгэн, бүр бошиглогчийг ч, илчлэлт хүлээн авсныг нь бид мэдэх болно. Нифай Их Эзэнээс түүний эцэгийн зүүд үнэн гэдгийг мэдэж, зүүдийг харж, мэдрэхийг тэр хүссэн (1 Нифай 10:17–19).
Бошиглолын бэлэг (С ба Г 46:22)
Өнгөрсөн, одоо эсвэл ирээдүйн талаар үнэн гэрчлэлт хүлээн авдаг тэднийг бошиглолын бэлэгтэй гэдэг. Бошиглогчид ийм бэлэгтэй. Бид ч бас өөрсдийн амьдралыг захиран удирдахын тулд үүнийг байлгаж чадна (1 Коринт 14:39). Бид өөрсдийнхөө болон дуудлагууддаа Бурханаас илчлэлтийг хүлээн авч болно. Харин Сүм эсвэл Сүмийн удирдагчдын төлөө хэзээ ч авч чадахгүй. Хэн нэгэн хүн тэргүүлэх эрхийг аваагүй мөртлөө аль нэг хүний төлөө илчлэлт хүлээн авах нь тэнгэрийн дэг журамд нийцэхгүй. Хэрэв бидэнд бошиглолын бэлэг гарцаагүй байгаа бол бид суудрууд дээр хэлсэнчлэн Их Эзэнтэй үл зөвшилцөх аливаа нэгэн илчлэлтийг хүлээн авахгүй болно.
Эдгээх бэлэг (С ба Г 46:19–20)
Зарим нь эдгээх итгэлтэй, бусад нь эдгэрэх итгэлтэй байдаг. Бид бүгд өвчтэй байхдаа эдгэрэх итгэлтэй байж чадна (С ба Г 42:48). Санваарыг атгагчдын олонх нь өвчнийг эдгээх бэлэгтэй байдаг. Бусдад нь өвчин эмгэгийг хэрхэн эмчлэх мэдлэг өгөгдсөн байж болно.
Гайхамшгуудыг үйлдэх бэлэг (С ба Г 46:21)
Их Эзэн Өөрийн хүмүүсийг олон удаа гайхамшигт арга замуудаар адисалсан. Ютагийн анхдагч нар анхны тариалангаа тариалах үед царцааны нүүдэл болж бараг бүх ургацыг сүйтгэв. Анхдагчид Их Эзэнд хандан тэдний ургацыг хамгаалахыг гуйн залбирав. Тэр царцаануудыг залгих цахлайнуудыг илгээв. Бид тусламж хэрэгтэй үедээ итгэлтэйгээр гуйх аваас хэрэв энэ нь бидний тусын тулд Их Эзэн бидэнд гайхамшгийг өгөх болно (Maтай 17:20; С ба Г 24:13–14).
Итгэлийн бэлэг (Moронай 10:11)
Жаредын ах агуу итгэлтэй хүн байсан. Түүний итгэлийн учир тэр бусад бэлгүүдийг хүлээн авсан. Түүний итгэл үнэхээр агуу байсан тул түүнд Аврагч үзэгдсэн (Eфер 3:9–15). Итгэлгүйгээр ямар ч бэлгүүд өгөгдөж чадахгүй. Моронай амлахдаа “Христэд эргэлзээгүйгээр итгэх хэн боловч, тэрбээр Эцэгээс Христийн нэрээр юуг ч гуйсан тэр нь түүнд өгөгдөх болно” (Moрмон 9:21). Бид өөрсдийн итгэлийг хөгжүүлэх, өөрсдийн бэлгүүдийг олох, тэднийг ашиглахыг эрэлхийлэх ёстой.
Зарим хүмүүс итгэлээр дутагдаж, тэдгээр бэлгүүдийг Сүнснээс ирдэг гэдгийг үгүйсгэдэг. Тэдэнд хандан Моронай хэлэхдээ:
“Мөн түүнчлэн Бурханы илчлэлтүүдийг үгүйсгэж, мөн тэдгээр нь зогссон, илчлэлтүүд мөн бошиглолууд, мөн бэлгүүд, мөн эдгээх хүч, мөн хэлээр ярих, мөн хэлийг хөрвүүлэх нь үгүй болсон хэмээн хэлэх та нарт би ярина;
“Болгоогтун би та нарт хэлнэ, эдгээр зүйлсийг үгүйсгэдэг тэр нь Христийн сайн мэдээг мэддэггүй, тийм ээ, тэрээр судруудыг уншсан нь үгүй, хэрэв уншсан аваас, тэрээр тэдгээрийг ойлгосон нь үгүй” (Moрмон 9:7–8).
-
Яагаад Их Эзэн бидэнд сүнслэг бэлгүүдийг өгдөг вэ?
Бид өөрсдийн бэлгүүдийг хөгжүүлж чадна
-
Бид хэрхэн “шилдэг бэлгүүдийг хичээнгүйгээр эрэлхийлж” чадах вэ? ( С ба Г 46:8).
Их Эзэн хэлэхдээ: “Учир нь бүгдэд бэлэг бүхэн өгөгддөггүй, учир нь олон бэлэг байдаг, мөн хүн болгонд Бурханы Сүнсээр бэлэг өгөгддөг болой. Үүгээр бүгд ашиг тусыг олж болохын тулд заримд нь нэг бэлэг өгөгдсөн байдаг, мөн заримд нь өөр бэлэг өгөгддөг болой” (С ба Г 46:11–12).
Өөрсдийн бэлгүүдийг хөгжүүлэхийн тулд бидэнд ямар бэлэг байгааг олж мэдэх хэрэгтэй. Бид үүнийг залбирлаар мөн мацаг барилтаар хийж чадна. Бид хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийлэх ёстой (С ба Г 46:8). Заримдаа патриархын адислалууд бидэнд ямар бэлгүүд өгөгдсөн болохыг олж мэдэхэд тусалдаг.
Бидэнд бэлгүүд өгөгдсөн байхын тулд бид дуулгавартай, итгэлтэй байх ёстой. Дараа нь бид бэлгүүдээ ашиглан Их Эзэний ажлыг хийх ёстой. Тэдгээр нь бидний сонирхолд нийцүүлэхийн тулд эсвэл бидний итгэл бага учир ямар нэгэн зүйлийг нотлохын тулд өгөгддөггүй. Сүнслэг бэлгүүдийн талаар Их Эзэн хэлэхдээ “Тэдгээр нь намайг хайрладаг хийгээд миний бүх зарлигуудыг сахьдаг мөн үйлдэхийг эрэлхийлдэг тэдний ашиг тусын төлөө өгөгддөг болой” гэжээ (С ба Г 46:9).
-
Хүвь хүний хувьд та нарыг хүчирхэгжүүлж болох эсвэл Их Эзэн болон бусдад үйлчлэхэд тусалж болох сүнслэг бэлгүүдийн талаар бод. Эдгээр бэлгүүдийг эрэлхийлэхийн тулд та нар юу хийж чадах вэ?
Сатан Сүнсний Бэлгүүдийг хуурамчаар дууриадаг
-
Бид Сүнсний үнэн бэлэг ба Сатаны хуулбар хоёрын ялгааг хэрхэн таньж чадах вэ?
Сатан хэлнүүдээр ярих, бошиглох, үзэгдэл үзэх, эдгээх болон бусад гайхамшгуудыг дуурайж чадна. Moсе Фараоны талбай дээр Сатаны дууриамал зүйлстэй тэмцэлддэг (Eгипетээс гарсан нь 7:8–22). Сатан биднийг түүний хуурмаг бошиглогч, хуурамч эдгээгчид, хуурамч гайхамшгийг үйлдэгчдэд итгүүлэхийг хүсдэг. Тэд үнэхээр жинхэнэ мэт харагдахаар байдаг. Түүнийг ялган таних ганц зам бол Бурханаас ялган таних бэлэг хүсэн асуух явдал юм. Хилэнцэт өөрөө гэрлийн элч мэт харагдаж болно (2 Нифай 9:9).
Сатан биднийг Сүнсний үнэн бэлгүүдийг эрэлхийлэхээс мөн үнэнээс сохолж харалган болгохыг хүсдэг. Бурханыг дагадаг хэмээн тэд хэлж байгаа ч тэдгээр үзмэрчид, зурхайчид, мэргэ төлөгчид болон шидтэнгүүд Сатанаар өдөөгдсөн байдаг. Тэдний ажлууд Их Эзэнд жигшүүртэй юм (Исаиа 47:12–14; Дэд хууль 18:9–10). Бид Сатаны хүчтэй холбоотой бүхнээс зайлхийх ёстой.
Бид өөрсдийн Сүнсний бэлгүүдтэй болгоомжтой байх ёстой
-
Бид хэрхэн сүнслэг бэлгүүдийн нандин байдалд хүндэтгэлтэй хандаж чадах вэ?
Их Эзэн хэлэхдээ “Эдгээр зүйлүүдээр тэд өөрсдөө сагсуурах ч, мөн дэлхийн өмнө тэдгээрийг ярих ч ёсгүй хэмээх зарлигийг би тэдэнд өгч байна, учир нь эдгээр зүйлүүд та нарын ашиг тус хийгээд авралын төлөө та нарт өгөгдсөн бөлгөө” (С ба Г 84:73). Бид сүнслэг бэлгүүд нь ариун нандин гэдгийг санах ёстой (С ба Г 6:10).
Эдгээр бэлгүүдийг өгсний хариуд бид “Бурханд талархлаа Сүнсээр илэрхийлэх ёстой” гэдгийг Их Эзэн хэлсэн (С ба Г 46:32).
Нэмэлт судрууд
-
3 Нифай 29:6–7 (бэлгүүдийг үгүйсгэх тэдний хувь тавилан)
-
Moронай 10:7–19 (бэлгүүд итгэлээс хамаардаг)
-
3 Нифай 26:17; 27:20; С ба Г 84:64 (баптисмаар дамжин бэлэг өгөгддөг)
-
1 Коринт 12 (эртний Есүс Христийн Сүм дэх Сүнсний бэлгүүд)
-
С ба Г 46:9–26 (өнөөгийн Сүм дэх Сүнсний бэлгүүд)