Ном болон хичээлүүд
Бүлэг 39: Ариун явдлын хууль


Бүлэг 39

Ариун явдлын хууль

Зураг
Holding hands of a newly married couple.

Эцэг эхчүүдэд зориулсан тайлбар

Энэ бүлэг насанд хүрээгүй хүүхдүүдийн бус зүйлүүдийг хамруулсан. Энэ бүлгийн хэсгүүдийг хүүхдүүдэд заахын өмнө эр эмийн харьцаа болон өсөн үржих талаар ойлгох хангалттай насанд хүртэл хүлээх нь зүйтэй. Сүмийн удирдагчид өөрсдийн хүүхдүүддээ нөхөн үржихүйн (жирэмслэх болон хүүхэд төрүүлэх үйл явц) талаар заах нь эцэг эхчүүдийн үүрэг гэж бидэнд хэлсэн байдаг. Эцэг эхчүүд мөн тэдэнд энэ бүлэгт тайлбарласан ариун явдлын хуулийг заах ёстой.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ бага наснаас нь биеэ зохистой байлгахыг зааж эхэлж болно. Хүүхдүүдтэйгээ шууд илэн далангүй боловч хүндэтгэлтэйгээр, биеийн хэсгүүдийн нэр ба үүргийнх нь нэрийг зөв хэрэглэж ярих нь тэднийг өөрсдийн биеийн талаар ичингүйрэлгүйгээр өсч бойжиход нь туслах болно.

Хүүхдүүд төрөлхийн их сониуч. Тэд биеийнхээ бүтцийн талаар мэдэхийг хүсдэг. Тэд хүүхэд хаанаас ирдгийг мэдэхийг хүсдэг. Хэрэв эцэг эхчүүд эдгээр асуултуудад нь хүүхэд ойлгохоор тодорхой ойлгомжтой хариулах аваас, тэд эцэг эхчүүдээсээ асуулт асууж эргэн хандах болно. Харин эцэг эхчүүд асуултуудад нь хариулахдаа ичээх, татгалзах эсвэл хангалтай мэдрэмжийг өгөх аваас тэд өөр хэн нэгэнд хандан магадгүй буруу, зохисгүй хандлага олж авч мэдэх юм.

Гэвч хүүхдүүдэд бүгдийг нэг дор хэлж өгөх нь ухаалаг эсвэл тийм шаардлагатай алхам биш. Эцэг эхчүүд зөвхөн тэдний асуусан зүйлд нь таарсан мэдээллийг ойлгогдохоор өгөх хэрэгтэй. Эдгээр асуултуудад хариулахдаа өөрсдийн болон бусдын биеийг хүндэтгэхийн ач холбогдлын чухлыг зааж чадна. Эцэг эхчүүд хүүхдүүддээ даруухан зохистой хувцаслахыг заах ёстой. Тэд бусдаас сурсан бүдүүлэг үг хэллэг, хуурамч үзлийг засч, залруулах хэрэгтэй.

Хүүхдүүд өсч, нас бие гүйцэхдээ эцэг эхчүүд тэдэнтэй өсөн үржихүйн талаар илэн далангүй ярилцах хэрэгтэй. Эдгээр хүч нь сайн зүйл бөгөөд Их Эзэн бидэнд өгсөн гэдгийг хүүхдүүд ойлгох ёстой. Өөрсдийн биеийг Өөрийнхөө өгсөн хязгаарын хүрээнд ашиглаасай хэмээн Бурханы найдан хүлээдэг.

Дэлхийд цэвэр ариун, гэм буруугүй бяцхан хүүхдүүд Тэнгэрлэг Эцэгээс ирдэг. Эцэг эхчүүдийн хувьд удирдамжийг хүсэн залбирахад Их Эзэн тэднийг хүүхдүүдээ зөв цагт, зөв замаар заахад нь удирдан чиглүүлэх болно.

Өсөн үржихүйн хүч

  • Яагаад эцэг эхчүүд хүүхдүүддээ өсөн үржих болон ариун явдлын хуулийн талаар заах ёстой вэ? Тэд үүнийг хэрхэн зөв нийцтэйгээр хийж чадах вэ?

Бурхан амьд бүхнийг өөрсдийн төрлөөр өсөн үржихийг зарлигласан (Эхлэл 1:22). Өсөн үржих нь Түүний төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд амьд бүхэн дэлхий дээр оршин тогтнохын тулд юм.

Дараа нь Тэр дэлхий дээр Адам Ева нарыг бүтээсэн. Тэд Түүний бусад бүтээлүүдээс ялгаатай байлаа. Учир нь тэд Түүний сүнсэн хүүхдүүд байв. Едены цэцэрлэгт Тэр Адам Ева хоёрыг авчиран гэрлүүлж, тэдэнд өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээн зарлиглав (Эхлэл 1:28). Тэдний амьдрал зөнгөөр бус сургаалын хуулиар зохицуулагдах ёстой байв.

Бурхан сүнсэн хүүхдүүдээ зохих ёсоор хүмүүжих, суралцаж болохын тул гэр бүлүүдэд төрөхийг хүссэн. Бид Адам Евагийн адил сүнсэн хүүхдүүдийг махан биебодтой болгодог. Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга “Бид амьдралыг бий болгох замыг Бурхан бүтээсэн болохыг тунхагладаг” хэмээн тунхагласан (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, Nov. 1995, 102). Бурхан зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд гэрлэлт, бэлгийн харьцаа байхыг бидэнд зарлигласан. Энэ зарлигийг ариун явдлын хууль гэдэг.

Ариун явдлын хууль

  • Ариун явдлын хууль гэж юу вэ?

Бид зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр буюу нөхөртэйгээ бэлгийн харьцаатай байх ёстой. Эрэгтэй, эмэгтэй аль нь ч гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй. Гэрлэсний дараа зөвхөн хосуудын хоорондох бэлгийн харьцааг зөвшөөрнө.

Израилчуудад Их Эзэн, “Чи бүү завхайр” хэмээн хэлсэн (Eгипетээс гарсан нь 20:14). Энэ зарлигийг зөрчсөн тэдгээр Израилчуудад хатуу шийтгэл ирдэг байв. Их Эзэн энэ зарлигийг хожмын өдрүүдэд давтан хэлсэн (С ба Г 42:24).

Ариун явдлын хууль бэлгийн харьцаанаас илүү зүйлсийг багтаадаг гэдгийг бид мэднэ. Залуучуудыг бусад эр эмийн харьцааны нүглүүдээс хол байхыг Тэргүүн Зөвлөл анхааруулсан.

“Зөвхөн гэрлэлтийн дараа илэрхийлэгдэх ёстой энэ хүчирхэг сэтгэлийн хөөрлийг өдөөх ямар нэгэн зүйлийг гэрлэлтээс өмнө бүү хий. Тачаангуй үнсэлцэх, өөр хүний дээр гарч хэвтэх эсвэл өөр хүний нууцлаг, нандин газруудад хувцастай болон хувцасгүйгээр хүрэх зэрэг зүйлсийг хийж болохгүй. Мөн эдгээр зүйлсийг та нартай хийхийг хэн нэгэнд зөвшөөрч болохгүй (Залуучуудын бат бөх байдлын төлөө [pamphlet, 2001], 27).

Ижил хүйстнээ сонирхох нь ариун явдлын хуулийг зөрчих бусад зөрчлүүдтэй адил ноцтой нүгэл юм. Хожмын үеийн бошиглогчид ижил хүйстнээ сонирхох аюулын болон ийм хандлагатай хүмүүсийн төлөөх Сүмийн зовнилын тухай ярьсан. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли хэлэхдээ:

Юуны түрүүнд бид Бурханы томилсон эрэгтэй эмэгтэй хоёрын хоорондох гэрлэлтэд итгэдэг. Бид Их Эзэний өргөөнд мөнхийн санваарын хүчээр дамжуулан хийгдсэн мөнхийн гэрлэлтэд итгэдэг.

“Хүмүүс ижил хүйстэнтэйгээ явалддаг “гомо” ба “лесби” гэж нэрлэдэг хүмүүсийн талаарх бидний байр суурийг их асуудаг. Миний хариулт бол бид тэдэнд Бурханы охид хөвгүүдийнх нь хувьд хайртай. Тэд өөр хүсэл сонирхолтой түүнийгээ хянахад хүндрэлтэй байж магадгүй. Ихэнх хүмүүс өөр өөр үед өөр өөр хүсэл сонирхолтой байдаг. Хэрэв тэд тэдгээр зохисгүй сонирхолоо үйлдэл болгохгүй аваас сүмийн бусад гишүүдийн адил тэд урагш алхаж чадна. Хэрэв тэд сүмийн ариун явдлын хууль болон ёс зүйн хэм хэмжүүрийг зөрчих аваас сүмийн сахилга батыг зөрчигч болох болно.

“Бид тэднийг хүчирхэгжүүлж, тэдний хүндрэлтэй асуудлаа шийдэхэд нь дэмжин, туслахыг хүсдэг. Хэрэв тэд садар самуун ёс суртахуунгүй үйл ажиллагааг хөөцөлдөж, ижил хүйстэнтэйгээ гэрлэх, хамгаалах тохиолдолд бид зүгээр хараад зогсох ёсгүй. Ийм дур зуршилд автах нь маш ноцтой зүйл бөгөөд Бурханы дэмждэг гэрлэлтийн ариун нандин үндэс болсон гэр бүлүүдийг төвхнүүлэх туйлын үнэн зорилгод харшлах болно (1998 оны 10-р сар, Ерөнхий Чуулган, 91; эсвэл Ensign, 1998 оны 11-р сар, 71).

Сатан биднийг ариун явдлын хууль зөрчихийг хүсдэг

  • Сатан ямар арга замуудаар хүмүүсийг ариун явдлын хууль зөрчихийг дэмждэг вэ?

Сатаны төлөвлөгөө бол аль болох олон хүнийг Тэнгэрлэг Эцэгтээ буцан очиж, Түүнтэй хамт амьдрахад саад болох юм. Түүний хийж чадах хамгийн аюултай зүйлсийн нэг бол ариун явдлын хуулийг зөрчихөд биднийг хөтлөх явдал. Тэр маш овжин бөгөөд хүчтэй. Энэ хуулийг зөрчих нь нүгэл биш гэж бидэнд тэр итгүүлэхийг хүсдэг. Олон хүмүүс түүнд мэхлэгдсэн. Бид хилэнцтийн нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй.

Сатан даруу зохистой байдлын жишгүүд уруу дайралт хийдэг. Тэр хүмүүний бие гоо үзэсгэлэнтэй, гайхуулан, ил гаргах зүйл гэж бидэнд итгүүлэхийг хүсдэг. Тэнгэрлэг Эцэг маань бусдын хүсэл бодолд буруу сэтгэгдлийг төрүүлэн өөгшүүлэхгүйн тулд бид биеэ хаахыг хүсдэг.

Сатан биднийг зөвхөн зохисгүй хувцаслахыг дэмжээд зогсохгүй тэр мөн ёс суртахуунгүй бодол эсвэл буруу зохисгүй бодлыг дэмжин урамшуулдаг. Тэр зураг, кино, хошин шог, хөгжим болон бүжгээр дамжуулан ийм ёс суртахуунгүй үйлдлүүдийг санал болгодог. Ариун явдлын хууль нь бидний бодол санаа болоод үйлдлийг цэвэр ариун байхыг шаарддаг. Бошиглогч Алма Бурханаар шүүгдэх үед “мөн түүнчлэн бодлууд маань ч биднийг буруутгах болно; мөн энэ аймшигт нөхцөлд бид өөрсдийн Бурхан өөд маань харж үл зүрхлэх болно” гэж заасан (Aлмa 12:14).

Есүс заахдаа, “Завхайрч болохгүй гэснийг та нар дуулсан:

“Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм” гэсэн (Maтай 5:27–28).

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Та нар аймшигтай уруу таталтаар дүүрэн дэлхийд амьдарч байна. Порнограф нь аймшигт усны эргүүлэг мэт дэлхийг устгаж байна. Энэ бол хор. Түүнийг бүү үз эсвэл бүү унш. Хэрэв та нар үүнийг хийх аваас энэ та нарыг устгах болно. Та нарыг өөрийгөө хүндэтгэх ёсноос холдуулах болно. Та нарын амьдралын гоо сайхныг мэдрэх мэдрэмжийг тань хулгайлах болно. Та нарыг хилэнцэт бодол магадгүй бүр хилэнцэт үйлдлийн намагт живүүлэх болно. Үүнээс хол бай. Та нар энэ бохир, үхэлд авчрах өвчинөөс зугатах мэт сэргийлэн зугт. Бодол болоод үйлстээ ариун журамтай бай. Бурхан тусгай зорилгын учир сүйтгэлд хүргэх хилэнцэт зүйлст амархан түлхэгдэн унах тэнгэрлэг хүслийг та нарт суулгасан. Та нар бага залуу насандаа гүнзгий хийсвэр харьцаанд бүү ор. Харин гэрлэх насанд хүрээд иймэрхүү харьцаанд орж болно. Харин ахлах ангийн охид, хөвгүүд минь та нарт энэ хэрэггүй (Conference Report,1997 оны 10-р сар, 71–72; эсвэл Ensign, 1997 оны 11-р сар, 51).

Заримдаа сатан сэтгэлийн хөдлөлөөр дамжуулан биднийг уруу татдаг. Биднийг ганцаардмал, эргэлзсэн эсвэл сэтгэлийн хямралтай байхыг тэр мэддэг. Тэр энэ хүнд цаг мөчийг ашиглан ариун явдлын хууль зөрчихөд биднийг уруу татдаг. Тэнгэрлэг Эцэг энэ саад тотгорыг бие болон сүнслэг байдлаар өртөж гэмтэлгүйгээр даван туулах хүчийг бидэнд өгч чадна.

Судруудад өөрийн эзэн Потиферт агуу итгэлтэй байсан Иосеф хэмээх зөв шударга залуу хөвгүүний талаар өгүүлдэг. Потифер өөрт байсан бүхний дээр захирах эрхийг Иосефт өгсөн. Потиферын эхнэр Иосефын араас тачаадан зуурч, түүнийг завхайрах үйлдэлд уруу татсан. Гэвч Иосеф түүнийг эсэргүүцэн, зугтсан (Эхлэл 39:1–18).

Паул “Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм” гэж заасан (1 Коринт 10:13). Бид “Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусган, түүний ариун нэрийг дуудаж, мөн та нар өөрсдийн үүрч чадахаас илүүгээр уруу таталтанд автагдахгүйн тулд үргэлж сэрэмжилж мөн залбираасай” гэдгийг Алма тодотгосон (Aлмa 13:28).

  • Даруу байдал ариун явдал хоёр ямар холбоотой вэ? Эцэг эхчүүд хүүхдүүддээ хувцаслалт, хэл яриа болон зан төлөвөөрөө даруу байхыг хэрхэн зааж чадах вэ?

  • Порнографын тархалт болон нөлөөтэй бид хэрхэн тэмцэлдэж чадах вэ?

  • Сатаны уруу таталтыг даван ялахад туслах ямар амлалтуудыг Их Эзэн бидэнд өгсөн бэ?

Ариун явдлын хуулийг зөрчих нь тун ноцтой нүгэл

Түүний хөвгүүдийн нэг нь ариун явдлын хуулийг зөрчсөнд бошиглогч Алма гүнээ харууссан. Алма өөрийн хүү Кориантонд “Хүү минь, Их Эзэний мэлмийд эдгээр зүйл жигшүүрт хэрэг гэдгийг; тийм ээ, гэмгүй цусыг урсгах эсвээс Ариун Сүнсийг үгүйсгэхээс бусад бүх нүглүүдээс хамгийн жигшүүрт зүйл болохыг чи мэдэхгүй гэж үү?” гэж хэлсэн (Aлмa 39:5). Ариун явдалгүй байх нь аллага үйлдсэнтэй зэрэгцэх ноцтой үйлдэл.

Хэрэв эрэгтэй эмэгтэй хоёр хүн ариун явдлын хуулийг зөрчин хүүхэдтэй болсон аваас тэд бас нэгэн нүгэл болох үр хөндүүлэх үйлдэлд уруу татагддаг. Үр хөндүүлэх маш цөөхөн шалтгаан байдаг. Сүмийн удирдагчид жирэмслэлт нь цус холилдох эсвэл хүчиндүүлсэн, эхийн амь нас эсвэл эрүүл мэндэд онцгой аюул учруулах эсвэл ноцтой гаж согогтойн учир үр хөрвөл нь төрсний дараа амьдрах боломжгүй гэдгийг чадварлаг эмч нар тогтоосон зэрэг тохиолдолд үр хөндөлтийг зөвтгөх боломжтой гэж хэлсэн. Гэхдээ эдгээр шалтгаанууд ч үр хөндөлтийг шууд зөвтгөх боломжгүй. Эдгээр нөхцөлүүд тулгарсан хүмүүс үр хөндөлтийг зөвхөн орон нутгийнхаа сүмийн удирдагч нартай зөвлөлдөж, чин сэтгэлийн залбирлаар дамжуулан баталгааг хүлээн авах ёстой.

“Гэрлэлтээс гадуур хүүхэдтэй болсон эрэгтэй юм уу эмэгтэйг бүх талаар нь гэрлэхийг дэмжин урамшуулах ёстой. Насны болон бусад шалтгааны улмаас гэрлэлтээс гадуур эцэг эх болсон хүмүүс хүүхдээ ариун сүмд орох зөв зохистой эцэг эхтэй лацлагдагдаж болохын тул Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Гэр бүлийн Үйлчлэлээр дамжуулан хүүхдээ өргүүлэх ажлыг зохион байгуулах талаар зөвлөлдөх ёстой (2002 оны 6-р сарын 26 ба 2002 оны 7-р сарын 19-ны Тэргүүн Зөвлөлийн захидал).

Түүний хүүхэд ариун явдлын хуулинд дуулгавартай байх нь Тэнгэрлэг Эцэгт маш чухал. Хуулийг зөрчсөн буюу үүнийг хийлгэхээр бусдад нөлөөлсөн сүмийн гишүүд сүмийн сахилга батыг зөрчигч болно.

Ариун явдлын хуулийг зөрчсөн ч уучлагдаж чадна

Ариун явдлын хуулийг зөрчсөн тэдгээрт амар амгалан ирж болно. Их Эзэн бидэнд “Гэвч хэрэв хорон муу хүн өөрийн үйлдсэн хамаг нүглээс эргэж, Миний бүх тогтоолыг сахин, шударга, үнэн зөвийг үйлдэх аваас тэр нь заавал амьдарна. Тэр үхэхгүй” гэж заасан (Езекиел 18:21–22). Амар амгалан зөвхөн уучлалтаар ирдэг.

Ерөнхийлөгч Кимбал “Бүх уучлалт өөрийн нөхцөлтэй байдаг. Мацаг барилт, залбирал, даруу төлөв зан нь нүгэлтэй адил эсвэл илүү агуу байх ёстой. Гэмшсэн сэтгэл, харууссан зүрхтэй байх ёстой. Зүрх сэтгэлийн жинхэнэ өөрчлөлт, харууслын нулимс байх ёстой. Нүглээ хүлээн зөвшөөрч, хилэнцийг бүрэн орхиж, Их Эзэнээс зохистой эрх мэдлийг олгогдсон сүмийн удирдагчдын өмнө буруугаа хүлээх ёстой” (The Miracle of Forgiveness [1969], 353).

Олон хүний хувьд буруугаа хүлээх нь наманчлалын хамгийн хүнд хэсэг байдаг. Бид зөвхөн Их Эзэнд буруугаа хүлээх бус нөхөр юм уу эхнэр, зохистой санваарын эрх мэдэлтэн болон гомдоосон хүндээ буруугаа хүлээх ёстой. Санваарын удирдагч (бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч) нар сүм дэх байр суурийг маань шийдэх болно. Их Эзэн Алмад: “Миний эсрэг зөрчил үйлдэх хэнийг боловч, мөн хэрэв тэр чиний өмнө мөн миний өмнө нүглүүдээ тоочиж, мөн чин зүрхний угаас наманчлах аваас, түүнийг та нар уучлах болно; мөн түүнчлэн би түүнийг өршөөх болно” гэж хэлсэн (Moзая 26:29).

Харин Ерөнхийлөгч Кимбал: “Хэдийгээр уучлалт нь элбэгээр амлагдсан ч бүрэн наманчлаагүй бодгальд уучлалын амлалт, шинж тэмдэг гэж үгүй. Бид хүмүүсийг нүглээ олон дахин давтан хийж, давтагдсан уучлалд найдах бүрт нүгэл бүү үйлд, уучлагдсан бай хэмээн тэднийг хүчээр сануулж чадахгүй (The Miracle of Forgiveness 353, 360). Уучлалыг хүлээн авагч тэдгээр нь нүглээ давтан хийх аваас урьдын нүглүүд нь эргэж ирэх болно (С ба Г 82:7; Eфер 2:15).

Ариун явдлын хуулийг сахигч нь агуу ихээр адислагдана

  • Ариун явдлын хуулийг сахиснаар ямар адислалуудыг бид хүлээн авдаг вэ?

Бид ариун явдлын хуульд дуулгавартай байх аваас гэмшил харуусал эсвэл ичих зүйлгүй амьдрах болно. Бид Их Эзэний өмнө толбогүй цэвэр байх аваас бидний болон хүүхдүүдийн минь амьдрал адислагдах болно. Хүүхдүүд маань бидний үлгэр жишээг харж, бидний мөрийг дагах болно.

Нэмэлт судрууд

Хэвлэх