Ном, хичээлүүд
Бүлэг 18: Есүс Христэд итгэх итгэл


Бүлэг 18

Есүс Христэд итгэх итгэл

Full length profile portrait of Jesus Christ. He is depicted wearing a white robe with a blue belt. He has one hand extended. His other hand is touching His chest.

Итгэл гэж юу вэ?

Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл нь сайн мэдээний анхны зарчим юм. Энэ нь сүнслэг бэлэг бөгөөд бидний авралд шаардлагатай билээ. Хаан Бенжамин “Наманчлал мөн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дамжихаас бусдаар бол … аврал ирэхгүй” хэмээн тунхагласан байдаг (Moзая 3:12).

Итгэл бол “үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах” (Aлмa 32:21; мөн Еврей 11:1) гэсэн үг. Итгэл бол бидний өдөр бүрийн үйл ажиллагааг хөдөлгөгч хүч бөгөөд үйлдлийн зарчим.

Хэрэв бид мэргэн ухаан ба мэдлэгийг олж авна гэдэгт итгэхгүй байсан бол судалж мөн суралцах байсан болов уу? Хэрэв бид хийж, ажилласнаар ямар нэгэн зүйлийг амжилттай хийж дуусгана гэсэн найдлага байхгүй байсан бол өдөр бүр ажиллах байсан уу? Тариачин ургац авах найдлагагүйгээр тариалан тарих байсан уу? Бид өдөр бүр үр дүнг нь харж чадахгүй боловч найддаг ямар нэгэн зүйлийг үйлддэг. Энэ бол итгэл (Еврей 11:3).

Судруудын түүхүүд итгэлээр дамжин хэрхэн агуу зүйлс гүйцэлдэж байсныг хэлдэг.

Итгэлээр Ноа хөвөгч авдрыг барьж, гэр бүлээ үерээс аварсан (Еврей 11:7). Мосе Улаан тэнгисийн усыг хуваасан (Еврей 11:29). Елиа тэнгэрээс галыг доош дуудсан (Хаадын дээд 18:17–40). Нифай өлсгөлөнг дуудсан (Хиламан 11:3–5). Тэр мөн Их Эзэнээс өлсгөлөнг дуусгахыг хүссэн (Хиламан 11:9–17). Итгэлийн хүчээр дамжуулан далайг номхотгож, үзэгдлүүдийг нээж, залбирлууд хариулагдаж байсан.

Бид судруудыг хичээнгүй судалснаар итгэл нь биднийг сайн зүйлс хийхэд хөтлөх сүнс дотор маань орших үнэний хүчтэй итгэл юм гэдгийг суралцах болно. Энэ нь дараах асуултыг асуух шалтгаан болж байна: Бид хэнд итгэх ёстой вэ?

  • Өдөр бүр хийдэг зүйлсийнхээ талаар бод. Та нар үр дүнг нь харж чадахгүй ямар зүйлсийг өдөр бүр хийдэг вэ? Итгэл та нарыг хэрхэн үйлдэл хийхэд хөтөлдөг вэ?

Яагаад бид Есүс Христэд итгэх итгэлтэй байх ёстой вэ?

Бид Их Эзэн Есүс Христийг итгэлийнхээ төв болгох ёстой.

Есүс Христэд итгэх итгэлтэй байна гэдэг Түүний тушаасан бүх зүйлд дуулгавартай байхуйц итгэл найдвартай байна гэсэн үг. Бид Есүс Христэд итгэснээр Түүний дуулгавартай шавь нар болж, Тэнгэрлэг Эцэг бидний нүглийг уучилж, Түүн уруу буцан очиход бэлтгэдэг.

Төлөөлөгч Петр “бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй” хэмээн номлосон (Үйлс 4:12; мөн Moзая 3:17). Иаков хүмүүс “тэд Израилын Ариун Нэгэнд [Есүс Христ] төгс итгэлтэй … бус аваас аврагдаж чадахгүй” хэмээн заасан (2 Нифай 9:23). Бид Аврагчид итгэх итгэл ба наманчлалаар дамжуулан Түүний Цагаатгалыг амьдралдаа үр дүнтэй болгодог. Итгэлээр дамжуулан бид мөн уруу таталтыг даван ялах хүчийг хүлээн авч чадна (Aлмa 37:33).

Мөн бид Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлгүйгээр Есүс Христэд итгэх итгэлийг олж чадахгүй. Хэрэв бид Тэдэнд итгэх итгэлтэй байвал Тэдний илгээсэн Ариун Сүнсэнд мөн итгэлтэй байж, Тэр бидэнд үнэнийг зааж, амар амгаланг өгөх болно.

  • Есүс Христэд итгэх итгэл хэрхэн бидний Сүмийн дуудлагуудад? гэр бүлийн харилцаанд? бидний ажилд нөлөөлж чадах вэ? Есүс Христэд итгэх итгэл бидний мөнхийн амьдралын найдварт хэрхэн нөлөөлөх вэ?

Бид хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээ өсгөж чадах вэ?

Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан ирэх олон адислалуудыг мэдсэнээр бид Түүнд итгэх итгэлээ өсгөхийг эрэлхийлэх болно. Аврагч “Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал … та нарт боломжгүй юм гэж байхгүй болно” хэмээн хэлсэн (Maтай 17:20). Гичийн үр маш жижиг боловч том мод болон ургадаг.

Бид хэрхэн өөрсдийн итгэлийг өсгөж чадах вэ? Хэн нэгэн авьяас чадвараа хөгжүүлэхтэй адил замаар бид итгэлээ өсгөн, хөгжүүлдэг. Хэрхэн бид модоор урлах, нэхэх, зурах, хоол хийх, ваар сав урлах эсвэл хөгжим тоглох авьяасаа хөгжүүлдэг вэ? Бид үүн дээр ажиллаж, суралцаж, дасгал хийдэг. Ингэснээр бид сайжирдаг. Итгэлээ мөн үүнтэй ижил замаар хөгжүүлдэг. Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийг хүсч байвал үүн дээрээ бид ажиллах ёстой. Бошиглогч Алма Бурханы үгийг тэжээн тэтгэх ёстойг үртэй зүйрлэсэн:

“Гэвч болгоогтун, хэрэв та нар бүр миний үгсийг туршин, сэрж мөн чадвараа сэргээх аваас, мөн итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол, тийм ээ, бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсөддөө хөгжихийг, бүр та нар миний үгсийн нэгэн хэсгийг өөртөө байрлуулж чадахаар ингэтлээ зөвшөөр.

“Эдүгээ, бид үгийг үртэй зүйрлэх болно. Эдүгээ, хэрэв та нар зүрх сэтгэлд тань үр суулгагдаж болохын тулд зай тавьж өгвөөс, болгоогтун, хэрэв энэ нь үнэн үр, эсвээс энэ нь сайн үр аваас, хэрэв та нар Их Эзэний Сүнсийг эсэргүүцэхээр итгэлгүй байдлаараа үүнийг та нар зайлуулахгүй аваас, болгоогтун, энэ нь та нарын цээжинд өсөж эхлэх болно; мөн та нар эдгээр өсөлтийг мэдрээд, та нар өөрсөддөө – Энэ нь сайн үр, өөрөөр хэлбэл үг нь сайн байх ёстой, учир нь энэ нь бодгалийг минь тэлж эхлэв; тийм ээ, энэ нь ойлголтыг минь гэгээрүүлж эхлэв, тийм ээ, энэ нь надад амтат байх болж эхлэв хэмээн хэлж эхлэх болно. …

“Эдүгээ болгоогтун, энэ нь та нарын итгэлийг өсгөх бус уу?” (Aлмa 32:27–29).

Иймийн тул бид Түүнд итгэх итгэлтэй байх өөрсдийн хүсэл дээр үйлдсэнээр Бурханд итгэх итгэлээ хөгжүүлж чадна.

Бид мөн Тэнгэрлэг Эцэгт хандан өөрсдийн найдвар, хүсэл, хэрэгцээний төлөө залбирснаар итгэлээ өсгөж чадна (Aлмa 34:17–26). Харин бидний хийх бүх зүйл асуун залбирах гэж бодох ёсгүй. Бидэнд судрууд “итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм” хэмээн хэлдэг (Иаков 2:17). Дараах түүх нь нэгэн эр өөрийн ажил үйлдлээр итгэлээ харуулсан тухай түүх юм.

Энэ эр судруудыг судлахыг хүссэн ч уншиж чаддаггүй байв. Тэр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч түүнд уншиж сурахад туслахыг хүсчээ. Тэр үед түүний тосгонд нэгэн багш иржээ. Тэр түүнээс туслахыг хүсэв. Тэр цагаан толгойг сурав. Тэр үсэгнүүдийг нүдэлж, холбож үгс бүтээж сурав. Удалгүй тэр энгийн үгсийг уншиж сурсан байв. Тэр их давтан хичээллэх тусам улам ихийг суралцаж байв. Тэр Их Эзэнд багш илгээж, уншиж сурахад тусалсанд талархлаа илэрхийлэв. Тэр Сүм дэх салбарын ерөнхийлөгчөөр үйлчлэх хүртлээ өөрийн итгэл, төлөв даруу зан, мэдлэгийг хөгжүүлсэн байлаа.

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбал тайлбарлахдаа, “Итгэлийн зэрэгцээ үйлдэл байх ёстой. Их Эзэнээс бидэнд мэдлэг өгөхийг гуйхын оронд харин мэдлэгийг олж авахын төлөө бүтээлч үр дүнтэй суралцах, саруул ухаантай байх, сурсан зүйлээ тогтоож үлдэхээр Их Эзэний тусламжийг гуйх нь мэргэн ухаан болно” (Faith Precedes the Miracle [1972], 205; налуу бичилт эх хувь).

Итгэл бидэнд бүхнийг хийх мөн найдаж, залбирдаг зүйлсийг гүйцэлдүүлэх боломжийг олгодог. Ерөнхийлөгч Кимбал: “Бид итгэлийн үрийг тарьж удалгүй үр цэцэглэн дэлбээлэхийн гайхамшгийг хардаг. Хүмүүс ихэвчлэн буруугаар ойлгож, үйл явцыг урвуугаар нь хийдэг.” Тэр үргэлжлүүлэн бидний олонх нь эрүүл мэндийн хуулийг сахихгүйгээр эрүүл чийрэг байхыг хүсдэг талаар тайлбарлажээ. Бид аравны нэгээ төлөхгүйгээр эд хөрөнгөтэй болохыг хүсдэг. Бид мацаг барьж, залбирлаа хийдэггүй мөртлөө Их Эзэнтэй ойр байхыг хүсдэг. Бид Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь хадгалж, Их Эзэний бусад зарлигуудыг сахихгүйгээр тодорхой улиралд бороо ороосой, орон нутагт минь амар амгалан байгаасай хэмээн хүсдэг (Teachings of Presidents of the Church: Спенсер В.Кимбал [2006], 142).

Өөрсдийн итгэлийг өсгөх чухал ач холбогдолтой аргуудын нэг бол Их Эзэний үгсийг сонсож, судлах явдал юм. Бид Сүмийн цуглаанууд дээр Их Эзэний үгсийг сонсдог. Бид Түүний үгсийг судруудаас судалж чадна. “Мөн бүгдээр итгэлгүй байгаа учраас, та нар хичээнгүйлэн эрэлхийлж мөн мэргэн ухааны үгсийг бие биендээ заагтун; тийм ээ мэргэн ухааны үгсийг шилдэг номнуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн” (С ба Г 88:118).

  • Өөрсдийн итгэл, үйлдэл хоёрын хооронд ямар холбоо байгааг та нар харж байна вэ?

Итгэлийг дагаж ирдэг ямар адислалууд байдаг вэ?

Итгэлийн бэлгээр дамжуулан гайхамшгууд үйлдэгдэж, тэнгэрийн элчүүд үзэгдэж, Сүнсний бусад бэлгүүд өгөгдөж, залбирлууд хариулагдаж, хүмүүн Бурханы хөвгүүд болно (Moронай 7:25–26, 36–37).

“Итгэлээр төлөөлөгч, бошиглогч, евангилист, пастор, багш нар болон бэлгүүд, мэргэн ухаан, мэдлэг, ид шид, эдгээлт, хэл, хэлмэрч зэрэг нь ирдэг. Дэлхий дээр итгэл байхад энэ бүхэн бий болдог. Харин итгэл дэлхийгээс алга болоход энэ бүхэн үзэгдэхээ болино. Тэгэхээр энэ бүхэн хүмүүний итгэлийн үр нөлөө мөн. Итгэлийг өөртөө байлгах тэр нь түүгээрээ дамжуулан Бурханыг, мөн мөнхийн амьдрал болох Түүний илгээсэн Их Эзэн Есүс Христийг мэдэх хүртлээ бүх шаардлагатай мэдлэг, мэргэн ухааныг олж авдаг (Lectures on Faith [1985], 83).

  • Есүс Христэд итгэх итгэлтэй байсан учир хүмүүс илүү чадалтай хүчирхэг болдог ямар түүхүүд судруудад байдаг вэ? Ийм зүйл таны амьдралд хэрхэн тохиолдож байсан бэ?

Нэмэлт судрууд