Бүлэг 27
Ажил ба хувийн үүрэг хариуцлага
Ажил бол мөнхийн зарчим
-
Та нарт ажил хөдөлмөрийн ач холбогдлын чухлыг харуулах ямар туршлага байдаг вэ?
Бидний Тэнгэрлэг Эцэг Есүс Христ нар Өөрсдийн үлгэр жишээ ба сургаалуудаар ажил нь тэнгэрт болон газарт чухал ач холбогдолтой гэдгийг харуулсан. Бурхан тэнгэр ба газрыг бүтээхээр ажилласан. Тэр далай тэнгисийг нэг дор цуглуулж, хуурай газрыг харагдуулахуйц ил болгосон. Тэр газар дээр өвс ургамал, модод ургахаар болгосон. Тэр нар, сар, оддыг бүтээсэн. Тэр далай тэнгис эсвэл хуурай газар дээр амьдрах амьтай бүхнийг бүтээсэн. Дараа нь Тэр Адам ба Ева хоёрыг дэлхий дээрх бүхнийг харж хандаж, амьд бүхний дээр ноёрхлыг ав хэмээн байрлуулсан (Эхлэл 1:1–28).
Есүс “Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна” гэж хэлсэн (Иохан 5:17). Тэр мөн “Намайг Илгээгчийн ажлыг Би хийх ёстой” гэж хэлсэн (Иохан 9:4).
Бидэнд ажиллахыг тушаасан
Адам Ева нар Едены цэцэрлэгийг орхисон үеэс эхлэн ажил нь дэлхий дээрх амьдрах арга зам болсон. Их Эзэн Адамд “Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ” гэж хэлсэн (Эхлэл 3:19). Адам Ева нар өөрсдийн болон хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангахын тулд газар боловсруулж эхлэв (Moсe 5:1).
Их Эзэн Израилын хүмүүст хандан “Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий” гэсэн (Египетээс гарсан нь 20:9).
Сэргээгдсэн сүмийн эхэн үед Их Эзэн Хожмын үеийн Гэгээнтнүүдэд “Эдүгээ Сионы оршин суугчид Их Эзэн миний таалалд үл нийцнэ, учир нь тэдний дунд залхуурагчид буй” гэж хэлсэн (С ба Г 68:31).
Их Эзэний нэгэн бошиглогч “Ажил нь манай Сүмийн гишүүдийн амьдралыг жолоодох гол зарчим байснаар дахин өргөмжлөгдөх болно (Хебер Ж. Грант, Teachings of Presidents of the Church: Хебер Ж.Грант [2002], 115) хэмээн хэлсэн.
Гэр бүлийн үүрэг хариуцлага
-
Аав, ээж, хүүхдүүдэд гэр орноо авч явах ямар үүрэг хариуцлагууд байдаг вэ? Гэр бүлийн гишүүд хэрхэн хамтран ажиллаж чадах вэ?
Гэр бүлийнхээ эрүүл мэнд, сүнслэг байдал, сэтгэл санааны сайн сайхан байдлыг хангахын тул эцэг эх нь хамтдаа ажилладаг. Энэ үүрэг хариуцлагыг гүйцэлдүүлэх нэгнийг хэзээ ч хүлээх ёсгүй. Төлөөлөгч Паул “Харин хэрэв хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг” хэмээн бичсэн байдаг (1 Tимот 5:8).
Эхнэр нөхөр хоёр үүрэг хариуцлагаа хуваарилахдаа бошиглогчдын зөвлөгөөг дагаж, Их Эзэнээс сүнслэг өдөөлтийг эрэлхийлэх ёстой. Өдөр бүр сайн мэдээний зарчмуудыг заадаг хайр ба дэг журмаар элбэг дүүрэн орон гэрийг байгуулах нь үндсэн хоол хүнс, хувцас хунарын хэрэгцээгээр хангагдахтай адил чухал ач холбогдолтой.
Хүүхдүүд гэр бүлийн ажил дахь өөрсдийн хэсгийг хийх ёстой. Хүүхдүүд өөрсдийн чадварт тохирсон ажил хийх шаардлагатай. Тэдний амжилтыг бахдан сайшаах хэрэгтэй. Гэр орондоо сурсан амжилттай туршлагуудаар дамжуулан сайн ажиллах ухамсар, зуршил, чадварт суралцдаг.
Заримдаа хүмүүс гэр бүлээ хэрэгцээтэй бүхнээр хангахын тулд нэлээд бэрхшээл зовлонтой тулгардаг. Архаг өвчин, хань ижлээ алдах эсвэл өндөр настай эцэг эхээ асрах зэрэг нь гэрт нэмэлт үүрэг хариуцлагыг авчирдаг. Бидний Тэнгэрлэг Эцэг эдгээр нөхцөл байдалд байгаа гэр бүлүүдийг мартдаггүй бөгөөд тэдэнд үүрэг хариуцлагаа биелүүлэх хүч тэнхээг өгдөг. Хэрэв тэд итгэлтэйгээр Түүнээс гуйх аваас Тэр үргэлж тэднийг адисална.
Бид ажилдаа сэтгэл хангалуун тааламжтай байж чадна
-
Бидний хандлага ажилд маань хэрхэн нөлөөлдөг вэ?
Зарим хүмүүсийн хувьд ажил нь хүнд уйтгартай зүйл байдаг. Бусад хүмүүст ажил нь амьдралынх нь сэтгэл сэргээх нэгэн хэсэг байдаг. Амьдралын бүрэн ач тусыг мэдэн баяр баясалтай байх нэгэн арга зам бол ажлыг хайрлаж сурах явдал юм.
Бидний ихэнх нь ямар ажил хийхээ сонгож чаддаггүй. Бидний зарим нь энгийн хэрэгцээний төлөө олон цагаар ажилладаг. Ийм ажлаас баяр баяслыг авахад хэцүү. Ямар ч ажлыг баяр баясал болгон хүлээн авч сурсан хүмүүс л хамгийн аз жаргалтай байдаг.
Бид бие биеийнхээ ажилд тусалж чадна. Хэн нэгэн туслахад хүнд ачаа ч хөнгөрдөг.
Бидний ажилд хандах хандлага маш чухал. Дараах түүхэнд нэгэн эр өөрийн өдөр тутмын хөдөлмөрийн чухлыг хэрхэн харсан тухай өгүүлдэг. Нэгэн жуулчин чулуу олборлох газрын хажуугаар өнгөрч явахдаа гурван эр ажиллаж байхыг харжээ. Тэднээс тэр юу хийж байгааг нь асуув. Адилхан ажил хийж байгаа хүн бүрийн хариулт өөр өөр байлаа. “Би чулуу зүсэж байна” гэж нэг дэх хүн хариулав. Хоёр дахь нь “Би өдөр бүр гурван алтан зоосны ажил хийдэг” гэж хариулав. Гурав дахь эр инээмсэглээд “Би Бурханы өргөөг барихад тусалж байна” гэж хариулжээ.
Аливаа шударга хөдөлмөрөөр бид Бурханд үйлчилж чадна. Нифай үндэстэн бошиглогч, Бенжамин хаан “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” гэж хэлсэн (Moзая 2:17). Бидний ажил зөвхөн өөрсдийгөө болон гэр бүлийнхээ энгийн хэрэгцээг хангахад зориулагдсан байсан ч бид Бурханы хүүхдүүдэд тусалж байна гэсэн үг.
-
Бид ажилд хандах хандлагаа хэрхэн хөгжүүлж чадах вэ?
Бурхан ажилгүй зүгээр суухыг зөвшөөрдөггүй
Их Эзэн залхуу, ажилгүй нэгнийг таалдаггүй. Тэр “Мөн тэрээр наманчилж мөн өөрийн замуудыг өөрчлөхгүй бол залхуурагч сүмд байргүй болно” гэж хэлсэн (С ба Г 75:29). Тэр мөн “Чи залхуу байх ёсгүй; учир нь залхуу тэрээр хөдөлмөрлөгчийн талхыг ч идэх, мөн өмсгөлүүдийг ч өмсөх ёсгүй бөлгөө” хэмээн зарлигласан (С ба Г 42:42).
Сүмийн эхэн үеэс эхлэн бошиглогчид Хожмын үеийн Гэгээнтнүүд залхуурлаас зайлсхийж биеэ даасан, амьдралаа тэтгэх чадвартай байхыг заасан. Шударга Хожмын үеийн Гэгээнтнүүд өөрсдийн амьдралыг тэтгэх ачааг бусдад хэзээ ч шилжүүлдэггүй. Тиймээс тэд амьдралын энгийн хэрэгцээт бүхнээр өөрсдийгөө болон гэр бүлээ болохоос нь болохгүйг хүртэл зүтгэн хангах болно.
Сүмийн бүх гишүүд өөрсдийгөө тэтгээд зогсохгүй мөн боломжоороо өөрсдийгөө тэтгэх чадваргүй тэдгээр ахан дүүсээ тэтгэн дэмжих үүрэг хариуцлагыг хүлээн авах хэрэгтэй.
-
Залхууран ажилгүй суух нь хувь хүнд хэрхэн нөлөөлдөг вэ? гэр бүлд? нийгэмд?
Ажил, амралт ба чөлөөт цаг
-
Амьдралд ажил, амралт ба чөлөөт цагийг тэнцвэртэй байлгах нь яагаад чухал вэ?
Хүн бүр ажил, амралт ба чөлөөт цагийг зохих ёсны тэнцвэртэй байдалд байлгах хэрэгтэй. Эртний нэгэн үгэнд “Юу ч хийхгүй байх нь хамгийн хэцүү ажил. Учир нь хүн амрахаа хэзээ ч зогсоож чадахгүй” гэсэн байдаг. Ажилгүйгээр амралт ба зугаа ямар ч утгагүй юм.
Амрах нь зөвхөн ганц тааламжтай бөгөөд шаардлагатай зүйл ч бус, биднийг Хүндэтгэлийн өдөр амрахыг зарлигласан (Eгипетээс гарсан нь 20:10; С ба Г 59:9–12). Зургаан өдөр хөдөлмөрлөсний эцэст энэ өдөр амрах нь ирэх өдрүүдэд ажиллах хүч тэнхээг сэлбэдэг. Хүндэтгэлийн өдрийг сахих тэдэнд Их Эзэн мөн “дэлхийн бүрэн байдлыг” амалсан (С ба Г 59:16–20; мөн энэ номны 24-р бүлгийг үз).
Долоо хоногийн бусад өдрүүдэд ажиллахаас гадна чөлөөт цагаараа авьяас чадвараа хөгжүүлэх, сонирхолтой зүйлсээ хийж баясах зэрэг бусад үйл ажиллагаануудаар хүч тэнхээгээ сэлбэж болно.
-
Ажил, амралт ба чөлөөт цагаа зөв тэнцвэртэй сахихын тул бид юу хийж чадах вэ? Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ энэ тэнцвэрийг барихад хэрхэн тусалж чадах вэ?
Ажил хөдөлмөрөөс ирэх адислалууд
-
Шударга ажил хөдөлмөрөөс ямар адислалууд ирж болох вэ?
Бурхан Адамд “Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ” хэмээн илчилсэн (Эхлэл 3:19). Энэ нь дэлхийн амьдралд шаардлагатай байхаас гадна Адамын бодгалийн авралын төлөөх хууль юм. Сүнслэг, оюуны болон биеийн ажлын хооронд жинхэнэ бодит зааг ялгаа гэж үгүй. Ажил нь бидний хүн нэг бүр өсөн хөгжих, зан төлөвийн төлөвшилт болон залхуурагчид хэзээ ч амт шимийг нь мэдэхгүй олон сэтгэл ханамжуудыг эдлэхэд зайлшгүй хэрэгтэй.
Ерөнхийлөгч Дэвид О. МкКей “Ажил хийх боломж нь бэлэг, ажил хийх чадвар нь адислал, ажилд дурлах нь амжилт гэдгийг бид ойлгох хэрэгтэй” (Pathways to Happiness [1957], 381).
“Мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25). Ажил нь Бурханы төлөвлөгөөний бүрэн баяр баяслын түлхүүр юм. Хэрэв бид зөв шударга байх аваас Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар буцаж очих болно. Бид мөн хийх ажилтай байх болно. Бид Түүнтэй адил болсноор бидний ажил Түүний ажил болох болно. “Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь” Түүний ажил билээ (Moсe 1:39).
Нэмэлт судрууд
-
Moсe 4:23–25 (Адам амьдралынхаа турш өөрийн хоол хүнсний төлөө ажиллах болно гэдгийг хэлсэн)
-
С ба Г 56:16–17 (Бурхан баян болон ядууст ховдог шунахай, атаа жөтөө, залхуурлын эсрэг байхыг анхааруулсан)
-
С ба Г 58:26–29 (хүмүүс сайн зүйлийн төлөө сэтгэлээ бүрэн зориулах ёстой)
-
Maтай 25:14–30 (талантынтухай сургаалт үлгэр)
-
Ефес 4:28 (хулгайлахын оронд хөдөлмөрлө)
-
1 Tесалоник 4:11–12 (өөрийн гараар ажилла)
-
2 Нифай 5:17 (Нифай өөрийн хүмүүст ажил хийж, хөдөлмөрмөрч байхыг заасан)