Ном, хичээлүүд
Бүлэг 35: Дуулгавартай байдал


Бүлэг 35

Дуулгавартай байдал

An angel appearing to Adam and Eve as they prepare to offer a lamb as a burnt offering.  The illustration depicts the angel explaining to Adam and Eve that the animal sacrifice was symbolic of the sacrifice to be made by Jesus Christ.

Бид хүслээрээ Бурханд дуулгавартай байх ёстой

  • Хүсэлгүйгээр дуулгавартай байснаас хүсэлтэйгээр дуулгавартай байх нь юмсыг хэрхэн өөрчилдөг вэ?

Есүс дэлхий дээр байхад нэгэн хуульч Түүнээс:

“Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ? хэмээн асуудаг.

“Есүс түүнд, Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла.

“Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.

“Удаах нь, Чи хөршөө өөрийн адил хайрла.

“Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм” гэлээ (Maтай 22:36–40).

Эдгээр судраас бид Их Эзэн болон хөршүүдээ хайрлах нь ямар чухал болохыг суралцдаг. Гэхдээ бид Их Эзэнд хайраа хэрхэн үзүүлэх вэ?

Есүс энэ асуултанд дараах үгсээр хариулсан, “Миний тушаалуудыг сахьдаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ” (Иохан 14:21).

Хүн бүр өөрөөсөө яагаад бид Бурханы тушаалуудад дуулгавартай байдаг вэ гэж асуух ёстой. Бид шийтгэлээс айдаг болохоор уу? Бид сайн сайхан амьдарсаныхаа төлөөх шагналыг хүссэн учраас уу? Бид Бурхан Есүс Христэд хайртай бөгөөд Тэдэнд үйлчлэхийг хүссэн учраас уу?

Тушаалуудад огт дуулгаваргүй байснаас шийтгэлээс айн дуулгавартай сахих нь нь хавьгүй дээр. Хэрэв бид Бурхандаа хайртай, дуулгавартай байхыг хүссэн учраас, Түүнд дуулгавартай байх юм бол бид илүү аз жаргалтай байх болно. Бид Түүнд чөлөөт хүсэл зоригоор дуулгавартай байх аваас Тэр биднийг мөн чөлөөт хүсэл зоригоороо адислах болно. Тэр хэлэхдээ, “Их Эзэн бибээр зөв шударга ёсонд хийгээд үнэнд эцсээ хүртэл надад үйлчилдэг тэднийг хүндэтгэхдээ баяртай байдаг билээ” (С ба Г 76:5). Дуулгавартай байдал биднийг Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болоход мөн өсөн хөгжихөд тусалдаг. Гэхдээ тушаахаас нааш юу ч хийдэггүй, дараа нь тушаалуудыг хүсэлгүйгээр сахьдаг тэдгээр нь өөрсдийн шагналыг алддаг (С ба Г 58:26–29).

  • Бид дуулгавартай байх хүслээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Яагаад гэдгийг нь ойлгоогүй ч бид дуулгавартай байж болно

  • Яагаад бид үргэлж Их Эзэний зорилгыг ойлгох шаардлагагүйгээр дуулгавартай байх ёстой вэ?

Бурханы зарлиг, тушаалуудыг сахиснаар бид мөнхийн амьдрал болон өргөмжлөлд бэлтгэдэг. Заримдаа бид ямар нэгэн чухал зарлигийн шалтгааныг мэддэггүй. Гэсэн хэдий ч бид яагаад гэдгийг мэдэхгүйгээр Түүнд дуулгавартай байж итгэл болон найдвараа Бурханд харуулдаг.

Адам Ева хоёрыг Бурханд золиослол хийж байхыг зарлигласан. Нэгэн өдөр тэнгэрийн элч Адамд үзэгдэн, түүнээс яагаад золиослол хийж буйг асуусан. Адам хариуд нь үүний шалтгааныг мэдэхгүй гэдгээ хэлэв. Тэр Их Эзэн түүнд зарлигласан учир хийсэн байв (Moсе 5:5–6 мөн энэ бүлгийн зургуудыг үз).

Дараа нь тэнгэр элч Адамд сайн мэдээ зааж, ирэх Аврагчийн талаар хэлсэн. Ариун Сүнс Адамын дээр бууж, Адам дэлхийн хожмын үеийнхний талаар бошиглов (Moсe 5:7–10; С ба Г 107:56). Адам дуулгавартай байсан учир мэдлэг болон агуу адислалууд ирсэн.

Бурхан замыг бэлтгэдэг

Мормоны Ном бидэнд Нифай ба түүний ах нар Их Эзэнээс маш хэцүү даалгавар хүлээн авсан тухай хэлдэг (1 Нифай 3:1–6). Нифайн ах нар гомдоллож, Их Эзэн тэднээс хэцүү зүйл хийхийг шаардаж байна гэж хэлж байв. Гэсэн ч Нифай “Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” гэж хэлдэг (1 Нифай 3:7). Бид Их Эзэний зарлигийг биелүүлэхэд хэцүү гэж үзэх үедээ Нифайн үгсийг санах ёстой.

  • Түүнд дуулгавартай байх замыг Их Эзэн та нарт хэзээ бэлтгэсэн бэ?

Дуулгавартай байхад хэтэрхий жижиг, хэтэрхий агуу зарлиг гэж үгүй

Заримдаа бид энэ зарлиг тийм ч чухал биш гэж бодож магадгүй. Яг ингэж бодож байсан Нааман хэмээх хүний тухай сударт өгүүлдэг. Нааман уяман өвчтэй байсан ба бошиглогч Елишагаар эмчлүүлэхээр Сири улсаас Израил уруу аялав. Нааман өөрийн улсдаа их нэр хүндтэй хүн байлаа. Тиймээс тэр Елиша түүн дээр биечлэн ирж мэндлэлгүй зарцаа илгээсэнд нь гомдов. Нааман түүний Иордан голд долоон удаа орж угаа гэж хэлүүлснийг сонсоод бүр уурлав. “Дамаскийн голууд нь Израилийн бүх л уснаас илүү дээр биш гэж үү? би тэнд угаагаад, цэвэр болж болохгүй байсан гэж үү?” гэж тэр уцаарлав. Тэр эргэж, уурласаар буцав. Тэгтэл түүний зарц нар нь түүнд: “тэр эш үзүүлэгч танд агуу зүйлсийг хэлсэн бол та хийхгүй байх байсан уу? гэтэл тэр танд “Угааж, цэвэр бол” гэж байхад та хийхгүй гэж үү?” Хэдий энэ нь өчүүхэн зүйл ч гэсэн Бурханы бошиглогчид дуулгавартай байх нь чухал гэдгийг Нааман ойлгохоор ухаалаг хүн байсан. Тиймээс тэр Иордан голд угаалга хийж, эдгэрсэн (Хаадын дэд 5:1–14).

Заримдаа бид энэ зарлигийг дуулгавартай дагахад их хэцүү гэж боддог. Нифайн ах нарын адил бид “Бурхан биднээс хэцүү зүйлийг шаардаж байна” гэдэг. Гэсэн ч Нифайн адил Түүнд дуулгавартай байх замыг нь зэхэлгүйгээр Бурхан бидэнд зарлигийг өгдөггүй гэдэгт бид итгэлтэй байж болно.

Их Эзэн Абрахамд өөрийн цорын ганц хайртай хүү Исаакаа тахил болгон өргөхийг зарлигласан нь “хэцүү зүйл” байсан (Эхлэл 22:1–13; мөн энэ номны 26-р бүлгийг үз). Абрахам Бурханы амласан Исаак хүүг төрөхийг хүлээж олон жил болсон байсан. Тэр хүүгээ хэрхэн алдах байсан бэ? Энэ зарлиг Абрахамын хувьд хэтэрхий хүнд байсан байх. Гэсэн ч тэр Бурханд дуулгавартай байхыг сонгосон.

Бид бас Бурханы биднээс хүссэн бүгдийг дуртайгаар хийх хүсэлтэй байх хэрэгтэй. Бошиглогч Иосеф Смит “Би Их Эзэн үүнийг хий хэмээн зарлиглавал, түүнчлэн хий хэмээх үгсийг өөртөө дүрэм болгосон” хэмээн хэлсэн (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 160). Энэ мөн бидний баримтлах дүрэм байж болно.

  • Танд жижиг зүйл мэт санагдсан зарлигт дуулгавартай байснаар хүлээн авсан ямар адислалууд байдаг вэ?

Есүс Христ Эцэгтээ дуулгавартай байсан

  • Есүс Христ Эцэгтээ дуулгавартай байсан ямар жишээ таны санаанд орж ирж байна вэ?

Есүс Христ Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байхын гайхамшигтай жишээ байсан. Тэр хэлэхдээ, “Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм” гэсэн (Иохан 6:38). Түүний бүх амьдрал Эцэгтээ дуулгавартай байхын төлөө зориулагдсан. Энэ нь Түүнд үргэлж хялбар байгаагүй. Тэр бусад мөнх бусчуудын адил бүхий л замаар соригдсон (Еврей 4:15). Гетменийн цэцэрлэгт Тэр “Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” гэж залбирсан (Maтай 26:39).

Есүс бүх зүйлд Эцэгийн хүсэлд дуулгавартай байсан учраас Тэр бид бүгдийн төлөө авралыг боломжтой болгосон юм.

  • Авралын жишээг санах нь бидэнд дуулгавартай байхад хэрхэн тусалдаг вэ?

Дуулгавартай ба дуулгаваргүй байхын үр дүн

  • Их Эзэний зарлигт дуулгавартай ба дуулгаваргүй байх нь ямар үр дагавруудыг авчирдаг вэ?

Тэнгэрийн хаант улс нь хуулиар зохицуулагддаг. Тиймээс бид ямар нэгэн адислалыг хүлээн авах үед энэ нь тухайн адислал тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байсны учир болой (С ба Г 130:20–21; 132:5). Бид хичээл зүтгэл, дуулгавартай байдлаараа дамжуулан мэдлэг ба ухааныг олж авах болно гэдгийг Их Эзэн бидэнд заасан (С ба Г 130:18–19). Бид мөн сүнслэгээр өсдөг (Иеремиа 7:23–24). Өөрөөр хэлбэл дуулгаваргүй байдал гунихралыг авчирч, адислалыг алдах шалтгаан болдог. “Амлаад мөн биелүүлээгүй бибээр хэн бэ? хэмээн Их Эзэн хэлдэг. Бибээр зарлигладаг мөн хүмүүн дуулгавартай дагадаггүй билээ, бибээр цуцалдаг мөн тэд адислал хүлээн авдаггүй. Тэгээд тэд зүрх сэтгэлдээ өгүүлдэг: Энэ бол Их Эзэний ажил биш, учир нь түүний амлалтууд биелэгдсэнгүй (С ба Г 58:31–33).

Бид Бурханы зарлигуудыг сахих үед Тэр Өөрийн амлалтыг биелүүлдэг. Хаан Бенжамин өөрийн хүмүүст “Тэр та нарт өөрийнхөө зарлигласныг хийхийг та нараас шаарддаг, хэрэв та нар үүнийг хийвэл оронд нь, тэрээр та нарыг тэр даруй адисалдаг” гэдгийг хэлсэн (Moзая 2:24).

Дуулгавартай байгчид мөнхийн амьдралыг олж авдаг

Их Эзэн бидэнд, “Хэрэв чи миний зарлигуудыг сахиж мөн эцсээ хүртэл тэвчих аваас, чи Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралтай байх болно” гэсэн (С ба Г 14:7).

Их Эзэнд, зөв шударга, үнэнд эцсээ хүртэл дуулгавартай байх нэгэнд бусад адислалууд ирэх болно гэдгийг Тэрээр тайлбарласан байдаг.

“Учир нь Их Эзэн ийн хэлдэг, Их Эзэн бибээр надаас эмээдэг тэдэнд нигүүлсэнгүй хийгээд ач ивээлтэй бөлгөө, мөн зөв шударга ёсонд хийгээд үнэнд эцсээ хүртэл надад үйлчилдэг тэднийг хүндэтгэхдээ баяртай байдаг билээ.

“Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно.

“Мөн бибээр тэдэнд бүх нууцыг тийм ээ, эрт дээр үеэс нууцлаг байсан хаант улсынхаа бүх нууцыг илчлэх болно, мөн ирэх үеүдэд, хаант улсдаа хамаарах бүх зүйлийн талаарх өөрийн тааллыг сайн таашаалыг би тэдэнд мэдүүлэх болно.

“Тийм ээ, бүр үүрд мөнхийн гайхамшгуудыг тэд мэдэх болно, мөн ирэх тэр зүйлүүдийг, бүр олон үеийн зүйлүүдийг би тэдэнд үзүүлэх болно.

“Мөн тэдний мэргэн ухаан агуу байх болно, мөн тэдний ойлголт тэнгэрт тулах бөлгөө. …

“Учир нь бибээр Сүнсээр тэднийг гэгээрүүлэх болно, мөн бибээр өөрийн сүр хүчээр тааллынхаа нууцуудыг тэдэнд мэдүүлэх болно, тийм ээ, бүр нүд хараагүй, чих сонсоогүй, хүмүүний зүрх сэтгэлд ороогүй тэдгээр зүйлүүдийг буюу” (С ба Г 76:5–10).

  • “Эцсээ хүртэл тэвчих” гэдэг үг танд ямар утгатай вэ?

  • Хэдийгээр энэ нь хийхэд түгээмэл биш боловч сайн мэдээний зарчмуудад итгэлтэй үлдэхийн тулд бид юу хийж чадах вэ? Сайн мэдээний зарчмуудад хүүхэд залуучуудыг үнэнч итгэлтэй байхад нь бид хэрхэн тусалж чадах вэ?

Нэмэлт судрууд