Бүлэг 17
Есүс Христийн өнөөгийн сүм
Дэлхийгээс Есүс Христийн Сүм авагдсан байсан
-
Яагаад Аврагчийн үхэл ба Амилалтын дараа удалгүй Есүс Христийн Сүм дэлхийгээс авагдсан бэ?
Дэлхий дээр Есүс амьдарч байхдаа Өөрийн цорын ганцхан үнэний Сүмийг үндэслэн байгуулсан. Сайн мэдээний үнэн бүх хүнд заагдаж, мөн сайн мэдээний ёслолууд эрх мэдэлтэйгээр зөв гүйцэтгэгдэж болохын тулд Тэр Өөрийн Сүмийг зохион байгуулсан. Энэ зохион байгуулалтаар дамжуулан Христ бүх хүмүүний авралын адислалуудыг авчирч чадна.
Аврагч тэнгэр өөд өргөгдсөний дараа ёслолууд мөн Есүс ба Түүний Төлөөлөгчдийн үндэслэн тавьсан ёслолууд болон сургаалуудыг хүмүүс өөрчилсөн. Урвалтын учир Бурханаас ирэх шууд илчлэлт байгаагүй. Үнэн Сүм дэлхий дээр байхаа больсон. Үнэн мэт харагдахыг хичээгч маргаантай сургаалыг заадаг өөр сүмүүдийг хүмүүс бий болгосон. Шашны талаар маш их төөрөгдөл гуйвуулга, өрсөлдөөн маргаан гардаг байв. Их Эзэн урвалтын эдгээр нөхцөл байдлуудыг урьдаас харж “талхаар өлсөх, усаар цангах бус, харин Эзэний үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм. Тэд Эзэний үгийг эрэн явах боловч түүнийг олохгүй” (Aмoс 8:11–12).
-
Aмос 8:11–12 дээр хэлэгдсэн өлсгөлөн хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?
Их Эзэн Өөрийн үнэн сүмийг сэргээхээ амласан
-
Дэлхийд сайн мэдээг сэргээх замыг бэлтгэсэн ямар нөхцөл байдлууд байсан бэ?
Аврагч Өөрийн Сүмийг хожмын өдрүүдэд сэргээхээ амласан. Тэр “Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг дахин бүтээнэ” хэмээн хэлсэн (Исаиа 29:14).
Олон жилийн туршид хүмүүс сүнслэг байдлын харанхуйд амьдарсан. Христээс хойш ойролцоогоор 1700 жилийн дараа хүмүүс Бурхан ба шашны талаар үнэнийг мэдэхийг илүү ихээр хүсэх болсон. Тэдний зарим нь Есүсийн заасан сайн мэдээ дэлхий дээр байхгүй байна гэдгийг харж чаддаг болсон. Зарим нь Христийн байгуулсан Сүмийн илчлэлт ба жинхэнэ эрх мэдэл дэлхий дээр байхгүйг мэдэрсэн. Дэлхийд Есүс Христийн Сүмийг сэргээх цаг үе нь ирлээ.
-
Сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт нь ямар замаар “гайхамшигт ажил” болдог вэ?
Бурханы шинэ илчлэлт
-
Иосеф Смит Анхны үзэгдлийг хүлээн авахдаа Бурханы тухай юуг суралцсан бэ?
1820 оны хавар дэлхийн түүхэнд хамгийн чухал үйл явдлуудын нэг тохиосон. Их Эзэний ярьсан гайхамшигт бөгөөд ер бусын ажил гүйцэтгэгдэх цаг үе ирсэн байлаа. Залуу хөвгүүн Иосеф Смит эдгээр олон сүмүүдийн аль нь үнэн Есүс Христийн Сүм болохыг мэдэхийг хүсэв. Тэр гэрийнхээ ойролцоох ойд очиж, Тэнгэрлэг Эцэгт хандан аль сүмд нэгдэх ёстойгоо асуун, чин сэтгэлээсээ, даруухнаар залбирсан. Тэр өглөө гайхамшигт зүйл тохиов. Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ Иосеф Смитэд үзэгджээ. Үнэн Сүм дэлхий дээр байхгүй учраас аль ч сүмд нэгдэх ёсгүй гэдгийг Аврагч түүнд хэлсэн. Тэр мөн одоо байгаа сүмүүдийн итгэл бишрэл нь “түүний мэлмийд жигшүүрт явдал” гэдгийг хэлсэн (Иосеф Смит—Түүх 1:19; мөн шүлэг 7–18, 20). Энэ үйл явдлаас хойш тэнгэрээс шууд илчлэлт дахин илчлэгдэж эхэлсэн. Их Эзэн шинэ бошиглогчийг сонгосон байв. Тэр цаг мөчөөс тэнгэр хаалттай байхаа больсон. Илчлэлт Түүний сонгосон бошиглогчдоор дамжуулан өнөөдрийг хүртэл илчлэгдсээр байна. Иосеф Есүс Христийн үнэн сайн мэдээг сэргээхэд туслах хүн нь байлаа.
-
Яагаад дэлхийн түүхэнд Анхны үзэгдэл хамгийн чухал үйл явдлуудын нэг байсан бэ?
Бурханаас өгөгддөг эрх мэдэл сэргээгдсэн
-
Яагаад Аарон ба Мелкизедекийн санвааруудын сэргээлт шаардлагатай байсан бэ?
Сайн мэдээний сэргээлтээр Бурхан хүмүүст санваарыг дахин өгсөн. Иохан Баптист 1829 онд Иосеф Смит ба Оливер Каудери нарт Аароны санваар олгохоор ирсэн (С ба Г 13; 27:8). Дараа нь Петр, Иаков, Иохан нар буюу эртний Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл Иосеф ба Оливер нарт Мелкизедек санваар болон Бурханы хаант улсын түлхүүрүүдийг өгөхөөр ирсэн (С ба Г 27:12–13). Дараахан нь санваарын нэмэлт түлхүүрүүд тэнгэрлэг элчүүд болох Мосе, Елиас, Елиа нараар дахин сэргээгдсэн (С ба Г 110:11–16). Сэргээлтээр дамжуулан дэлхийд санваар буцаан өгөгдсөн. Өнөөдөр энэ санваарыг атгагч хүмүүс нь баптисм зэрэг ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэлтэй байдаг. Тэд мөн Их Эзэний хаант улсыг дэлхий дээр удирдан залах эрх мэдэлтэй байдаг.
Христийн Сүм дахин зохион байгуулагдсан
-
Ямар үйл явдлууд дэлхий дээр дахин Сүмийг зохион байгуулахад хөтөлсөн бэ?
1830 оны 4-р сарын 6-нд Аврагч дэлхий дээр Өөрийн Сүмийг дахин зохион байгуулах ажлыг удирдсан (С ба Г 20:1). Түүний Сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэдэг (С ба Г 115:4). Эрт үеийн адил Христ мөн өнөөдөр Өөрийн Сүмийнхээ тэргүүн нь. Их Эзэн хэлэхдээ энэ бол “Их Эзэн миний таалалд нийцдэг, бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” хэмээсэн (С ба Г 1:30).
Иосеф Смит Сүмийн бошиглогч бөгөөд “анхны ахлагч” байхаар томилогдсон (С ба Г 20:2–4). Удалгүй Тэргүүн Зөвлөл зохион байгуулагдаж, түүнийг Сүмийн Ерөнхийлөгчөөр дэмжин батлав. Анх Сүм зохион байгуулагдахад зөвхөн суурь зохион байгуулалт хийгдсэн. Сүм хөгжин дэвжих тусам зохион байгуулалт нь мөн хөгжих болно.
Сүм эртний Сүмийн адил албан тушаалуудтайгаар зохион байгуулагдав. Энэ зохион байгуулалтад төлөөлөгч, бошиглогч, дал, евангилист (патриарх), пастор (тэргүүлэх албан тушаалтан), дээд прист, ахлагч, прист, багш ба дикон багтдаг байв. Өнөөдөр Түүний Сүмд мөн эртний үетэй адил эдгээр албан тушаалууд байна (Итгэлийн тунхаг 1:6).
Бошиглогч нь Их Эзэний удирдлага дор Сүмийг удирддаг. Энэ бошиглогч нь мөн Сүмийн Ерөнхийлөгч юм. Тэр Их Эзэний ажлыг дэлхий дээр удирдахад шаардлагатай бүх эрх мэдлийг эзэмшдэг (С ба Г 107:65, 91). Ерөнхийлөгчид туслах хоёр зөвлөх байдаг. Есүс Христийн онцгой гэрчлэгчид болох Арванхоёр Төлөөлөгчид дэлхий дахины өнцөг булан бүрт сайн мэдээг зааж, Сүмийн ажил хэргийг зохицуулдаг. Онцгой үүрэг даалгавартай Сүмийн бусад ерөнхий албан тушаалтнууд болох Тэргүүлэх Бишопын зөвлөл, Далын Чуулгууд нь Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын Чуулгын удирдлага дор үйлчилдэг.
Санваарын албан тушаалуудад төлөөлөгч, дал, патриарх, дээд прист, бишоп, ахлагч, прист, багш, дикон багтдаг. Жинхэнэ анхны Сүмд байсан тэдгээр албан тушаалууд өнөөдрийн сүмд байдаг.
Сүм Есүсийн өдрүүдэд байснаас илүү их өсч өргөжсөн. Сүм өссөн учраас Их Эзэн Сүмийн дотор нэмэлт зохион байгуулалтын нэгжүүдийг илчилсэн. Сүм тухайн газар оронд бүрэн байдлаар зохион байгуулагдсан үед тухайн орон нутагт нь гадасуудыг байгуулдаг. Гадасны ерөнхийлөгч ба түүний зөвлөхүүд тухайн гадасыг тэргүүлдэг. Гадаст Их Эзэний ажлыг явуулахад туслах 12 дээд зөвлөх байдаг. Гадасны ерөнхийлөгчийн удирдлага дор гадасны Мелкизедек санваарын чуулгуудыг зохион байгуулдаг (энэ номны 14-р бүлгийг үз) Гадас бүр тойрогт хуваагддаг. Бишоп ба түүний хоёр зөвлөх тойргийг тэргүүлдэг.
Сүм эхлэн хөгжиж буй дэлхийн аль нэг хэсэгт гадасны адил дүүргүүдийг байгуулдаг. Дүүргүүд нь тойрогтой адил салбар хэмээх жижиг нэгжүүдэд хуваагддаг.
Чухал үнэнүүд дахин сэргээгдсэн
-
Сүмийн сэргээлтээр ямар үнэнүүд буцаан авчрагдсан бэ?
Өнөөдөр Сүм Есүсийн өдрүүдэд гүйцэтгэгдэж байсан ёслолууд хийгээд ижил зарчмуудыг зааж байна. Сайн мэдээний анхны зарчмууд ба ёслолууд нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, усанд дүрэлтээр баптисм хийх, гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг хүртэх (Итгэлийн тунхаг 1:4). Сүм сэргээгдэх үед эдгээр эрхэм нандин үнэнүүд өөрсдийн бүрэн байдалд буцаан сэргээгдсэн.
Бурханы бэлэг ба хүчээр дамжуулан Иосеф Смит сайн мэдээний энгийн бөгөөд эрхэм үнэнүүдийг агуулсан Мормоны Номыг орчуулсан. Цаашид бусад олон илчлэлтээр судар болох Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд бичигдсэн.
Их Эзэний сэргээсэн бусад чухал үнэнүүд нь:
-
Бидний Тэнгэрлэг Эцэг бол мэдрэгдэх яс, махнаас бүрдсэн төгс бие махбодьтой бөгөөд Есүс Христ ч мөн адил. Ариун Сүнс бол сүнсэн хүн.
-
Бид дэлхийн өмнөх амьдралд Бурханы сүнсэн хүүхдүүд байсан.
-
Санваар нь сайн мэдээний ёслолуудыг удирдан явуулахад шаардлагатай.
-
Бид Адамын зөрчлийн улмаас бус харин өөрсдийн нүглүүдийн улмаас шийтгэгдэх болно.
-
Хүүхдүүд хариуцлага хүлээх насанд хүртлээ баптисм хийлгэх шаардлагагүй (найман нас).
-
Тэнгэрт алдар суугийн гурван хаант улс байдаг. Их Эзэн Есүс Христийн нигүүлслээр хүмүүс дэлхий дээр хийсэн өөрсдийн үйлдэл, тэдний зүрх сэтгэлийн хүслийн дагуу шагналыг авах болно.
-
Гэр бүл санваарын хүчийн лацдалтаар мөнхөд хамтдаа байж чадна.
-
Авралд шаардлагатай ёслолууд болон гэрээнүүд нь амьд бөгөөд нас барагсдын аль алинд нь боломжтой.
-
Эдгээр үнэн та нарт болон бусдад хэрхэн нөлөөлсөн бэ?
Есүс Христийн Сүм хэзээ ч устгагдахгүй
-
Сүмийн үүрэг юу вэ?
1830 онд Сүм сэргээгдсэнээс хойш Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнчлэл асар хурдан өссөн. Дэлхийн бараг бүх улс оронд сүмийн гишүүд байна. Сүм цаашид өргөжсөөр байх болно. Христийн хэлсэнчлэн “Мөн дахин бүх үндэстэнд гэрч байхын тулд Хаант улсын сайн мэдээ бүх дэлхийд номлогдох болно” (Иосеф Смит—Maтай 1:31). Сүм дэлхийгээс хэзээ ч дахин авагдахгүй. Сүмийн үүрэг нь хүн бүрт үнэнийг мэдрүүлэх явдал. Мянга мянган жилийн өмнө Их Эзэн хэлэхдээ Тэр “хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй” болно гэсэн (Даниел 2:44).
-
Бурханы хаант улсын ажилд та нар хэрхэн тусалсан бэ? Энэ ажлыг үргэлжлүүлэхэд та нар юу хийж чадах вэ?
Нэмэлт судрууд
-
Үйлс 3:19–21; Илчлэлт 14:6; Даниел 2:44–45; Исаиа 2:2–4; 2 Нифай 3:6–15 (Сэргээлт урьдаас хэлэгдсэн)
-
С ба Г 110; 128:19–21; 133:36–39, 57–58 (сайн мэдээний сэргээлт)
-
Eфес 2:20 (Есүс Христ Сүмийн булангийн чулуу)
-
С ба Г 20:38–67 (Сүмийн албан тушаалтнуудын үүрэг)
-
Maтай 24:14 (сайн мэдээ үндэстэн бүрт номлогдох болно)