Ном, хичээлүүд
Бүлэг 25: Мацаг барилт


Бүлэг 25

Мацаг барилт

A Fijian man in an outdoor setting.  He is holding a copy of the scriptures and has his eyes closed in prayer.

Хэрхэн зөв мацаг барих вэ?

  • Бид мацаг барилтыг баяр баясгалантай байлгахын тулд юу хийж чадах вэ?

Адамын үеэс эхлэн Бурханы хүмүүс Түүнд ойр байх, Түүнийг бишрэн шүтэхэд нь тусладаг тул мацаг барьдаг байв. Есүс Өөрийн үлгэр жишээгээр мацаг барилтын чухал ач холбогдлыг үзүүлсэн (Лук 4:1–4). Хожмын үеийн илчлэлтээр дамжуулан бид Их Эзэн Өөрийн хүмүүсийг ойр ойрхон мацаг барьж, залбирахыг хүлээсээр буйг суралцдаг (С ба Г 88:76).

Мацаг барилт гэдэг хоол хүнс, уух зүйлгүйгээр байхыг хэлдэг. Хааяа нэг мацаг барих нь бидний бие махбодид сайн бөгөөд бидний оюун санааг илүү идэвхтэй болгодог.

Аврагч бидэнд зорилготой мацаг барилт нь зүгээр нэг хоол хүнс, уух зүйлгүй байхаас илүү хэмээн заасан. Бид мөн сүнслэг зүйлс дээр төвлөрөх хэрэгтэй.

Бид мацаг барихдаа залбирах ёстой

Залбирал нь мацаг барилтын зайлшгүй нэг хэсэг мөн. Судруудад залбирал ба мацаг барилтын талаар хамтад нь дурьдсан байдаг. Бидний мацаг барилт чин сэтгэлийн залбиралтай хамт хийгдэх ёстой бөгөөд бид мацаг барилтыг залбирлаар эхлүүлж, залбирлаар дуусгадаг.

Бид зорилготойгоор мацаг барих ёстой

Мацаг барилтыг олон зорилго шалтгаанаар барьж болно. Бид мацаг барьж залбирснаар сул дорой байдлууд эсвэл асуудлуудаа даван ялж чадна. Заримдаа бид гэр бүлийнхээ өвчтэй болон ямар нэгэн хэрэгцээ шаардлагатай хэн нэгний төлөө тусламж эсвэл бусдын төлөө заавар зөвлөмжийг хүсч мацаг барьж, залбирч болно (Moзая 27:22–23). Мацаг барилтаар дамжуулан бид Мормоны Номны бошиглогч Алмагийн адил аливаа зүйлсийн үнэнийг мэдэж чадна. Тэр хэлэхдээ: “Би өөрөө эдгээр зүйлийг мэдэж болохын тулд олон хоног мацаг барьж бас залбирсан. Мөн эдүгээ би өөрөө тэдгээр нь үнэнийг би мэднэ; учир нь Их Эзэн Бурхан өөрийн Ариун Сүнсээр надад тэдгээрийг үзүүлсэн юм” (Aлмa 5:46).

Бид бусад хүмүүс үнэнийг хүлээн авахад нь туслахын тулд мацаг барьж болно. Мацаг барилт уй гашуу, харууслын цагт биднийг амар амгалан болгож, тайтгарахад тусалж чадна (Aлмa 28:4–6). Мацаг барилт биднийг Тэнгэрлэг Эцэгтэй ойр байж, даруу номхон болоход тусалж чадна (Хиламан 3:35).

Мацаг барилтын зорилго нь бусдад сэтгэгдэл төрүүлэхийн төлөө байх ёсгүй. Их Эзэн зөвлөхдөө:

“Чи мацаг барихдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахын тулд нүүр царайгаа барайлгадаг юм.

“Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.

“Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа. Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй” (Maтай 6:16–18).

Бид мацаг барихдаа баяртай байж бусдад өөрсдийн мацаг барьж байгаагаа зарлах ёсгүй.

  • Бид мацаг барихад бидний хандлага туршлагад маань хэрхэн нөлөөлдөг вэ?

Мацгийн өдөр

Сар бүрийн нэг Ням гарагийг Хожмын үеийн Гэгээнтнүүд мацгийн өдөр болгон мөрддөг. Энэ өдөр бид дараалсан хоёр хоолыг идэхгүй мөн уухгүй байж өнгөрөөдөг. Хэрэв бид Бямба гарагийн оройн хоолоо идвэл Ням гарагийн оройн хоолыг хүртэл ууж идэхгүй.

Бие эрүүл мацаг барих боломжтой бүх гишүүд мацаг барьдаг. Бид хүүхдүүдээ баптисм хүртсэнийх нь дараа мацаг барихыг урамшуулан дэмждэг. Харин бид тэднийг хэзээ ч хүчилж болохгүй. Мацгийн өдөр нь бидний хувьд мацаг барилт ба залбирлаар Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусгах онцгой өдөр мөн. Энэ өдөр нүглүүдийнхээ уучлаын төлөө мөн өөрсдийн бурууг даван туулах хүч болон бусдыг уучлахын төлөө залбирах өдөр.

Мацгийн ням гарагт Сүмийн гишүүд хамтдаа цугларч, ариун ёслолоос хүртдэг. Тэд мацаг барилтын уулзалтанд гэрчлэлээ хуваалцан өөрсдийгөө болон бие биеэ хүчирхэгжүүлдэг.

  • Мацгийн цуглаанд гэрчлэлээ хуваалцах нь танд хэрхэн ашиг тусыг өгдөг вэ? Бусад хүмүүсийн гэрчлэлийг сонссоноор энэ нь та нарт хэрхэн тус болдог вэ?

Мацгийн өргөл

  • Яагаад бид мацгийн өргөлийг өгдөг вэ?

Бид сар бүр мацаг барихдаа гачигдалтай нэгэнд туслахыг Их Эзэн биднээс хүссэн. Бид мацгийн өргөлийг хийх нэг зам бол зохих санваарын эрх мэдлээр дамжуулан хоёр хоолонд зарлагадах мөнгийг өгөх юм. Бид аль болох өгөөмрөөр өгөх ёстой. Мацгийн өргөлөөрөө дамжуулан бид өөрсдийн ах эгч нартаа туслах үйлсэд Их Эзэнтэй хамтрагч болдог.

Бид мацаг барьснаар адислагддаг

  • Бид зохистой мацаг барьснаар хэрхэн адислагддаг вэ?

Хуучин Гэрээнд бошиглогч Исаиа мацаг барьж гачигдагсдад тусалдаг хүмүүст Их Эзэний амласан баялаг амлалтуудыг бичсэн. Бидэнд амар амгалан, эрүүл мэнд, сүнслэг удирдамжийг амласан. Мацаг барьснаар ирдэг адислалуудыг Исаиа бидэнд хэлсэн. “Тэгвэл чиний гэрэл үүрийн гэгээ шиг цацарч, чиний эдгэрэлт үтэр түргэн болж, чиний үнэн зөв өмнө чинь явж, Эзэний цог жавхлан чиний арын хамгаалалт болно. Тэгэхэд чамайг дуудахад Эзэн хариулж, чамайг хашхирахад Тэр “Би энд байна” гэж айлдана (Исаиа 58:8–9).

Мацаг барилт бидний амьдралыг сайжруулж, бидэнд хүч тэнхээг өгдөг. Энэ бидэнд сайн мэдээний бусад зарчмуудаар амьдрахад тусалдаг. Учир нь энэ биднийг Их Эзэнтэй ойр байлгадаг.

Мацаг барилт биеэ барих чадварыг заадаг

Мацаг барилт зан төлөвөө бэхжүүлэхэд бидэнд тусалдаг. Мацаг зөв барихад бид өөрсдийн шохоорхол болон дур сонирхлыг хянаж сурдаг. Бид өөрсдийгөө хянах чадвартай хэмээн батлах нь бага зэрэг хатуу юм шиг байж болох юм. Хэрэв бид хүүхдүүддээ мацаг барихыг заах аваас дараа нь тэдний амьдралд тулгарах томоохон уруу таталтуудыг даван туулах сүнслэг хүчийг хөгжүүлэх болно.

Мацаг барилт нь бидэнд сүнслэг хүчийг өгдөг

Бид мэргэн ухаантайгаар мөн залбиралтайгаар мацаг барьснаар итгэлээ хөгжүүлдэг. Энэ итгэлээр бид агуу сүнслэг хүчийг авч болно. Жишээлбэл: Алма (Мормоны Номын бошиглогч) Мозаягийн хөвгүүдтэй тэдний гайхамшигт хөрвүүлэлтээс олон жилийн дараа дахин уулзсан тухай түүхээ ярьдаг. Тэдний итгэл хүчирхэгжиж, агуу сүнслэг хүчийг хөгжүүлснийг тэр хараад агуу баяр баяслыг мэдэрдэг. Тэд энэ хүчийг олж авсан учир нь “тэд өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтанд зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаа” (Aлмa 17:3).

Мозаягийн хөвгүүд лэмэнчүүдэд 14 жилийн турш Бурханы үгийг заан, номлосон байв. Мозаягийн хөвгүүд залбирч, мацаг барьсан тул Их Эзэний Ариун Сүнс тэдний үгсийн хүчийг улам нэмэгдүүлсэн ажээ. Энэ нь тэдний номлолын ажилд агуу амжилтыг өгсөн (Aлмa 17:4).

Аврагч зохистойгоор мацаг барьдаг тэдэнд хандан “Тэгээд нууцаар хардаг Эцэг тань та нарт буцааж төлнө” хэмээн хэлсэн (Maтай 6:18).

  • Мацаг барилт уруу таталтыг эсэргүүцэх бидний сүнслэг хүчийг хэрхэн өсгөдөг вэ? илчлэлтийг хүлээн авахыг? зөв үйлдлийг хийхийг?

Нэмэлт судрууд