Ном, хичээлүүд
Бүлэг 4: Сонгох эрх чөлөө


Бүлэг 4

Сонгох эрх чөлөө

Man standing at crossroads

Сонгох эрх нь мөнхийн зарчим юм

  • Хэрэв хэн нэгэн танаас яагаад сонгох эрх чухал вэ гэж асуувал та юу гэж хариулах вэ?

“Өөрийнхөө төлөө сонгож болно, учир нь энэ нь чамд өгөгдсөн билээ” (Moсe 3:17).

Бурхан, бошиглогчдоороо дамжуулан сайн муугийн аль алиныг нь сонгох эрхийг бидэнд өгсөн гэдгээ хэлсэн. Есүс Христийг дагаснаар бид мөнхийн амьдрал болон эрх чөлөөг сонгож чадна. Мөн Сатаныг дагаж үхэл ба боолчлолыг сонгох эрхтэй (2 Нифай 2:27). Сайн ба муугийн аль нэгнийг сонгох ба өөрсдийн төлөө хийх үйлдлийг сонгох эрх гэдэг.

Дэлхийн өмнөх амьдралд бидэнд ёс суртахууны сонгох эрх байсан. Дэлхийн амьдралын нэг зорилго бол бид ямар сонголт хийхээ харуулах явдал (2 Нифай 2:27). Хэрэв бид сонгох эрхгүй байсан бол өөрсдийн төлөө ямар сонголт хийснээ харуулж чадахгүй байсан. Мөн бид өөрсдийн хүслээр сонголт хийснээр аз жаргалтай байдаг.

Дэлхийн өмнөх амьдрал дахь Тэнгэрийн зөвлөгөөнд хэлэлцсэн гол зарчмуудын нэг нь сонгох эрх байв. Энэ нь Христийг болон Сатаныг дагагчдын хооронд болсон маргааны гол шалтгаан нь байв. Сатан “Болгоогтун, би энд байна, намайг илгээгтүн, би таны хүү байх болно, мөн нэг ч бодгаль хаягдахгүйгээр бибээр хүн төрөлхтөнийг гэтэлгэх болно, мөн би үүнийг гарцаагүй хийх болно, иймийн тулд өөрийн алдар хүндэтгэлийг надад өгөгтүн” гэж хэлсэн (Moсe 4:1). Үүнийг хэлснээр тэр “[Бурханы] эсрэг бослого гаргасан хийгээд хүмүүний сонгох эрхийг устгахыг эрэлхийлсэн” (Moсe 4:3). Түүний саналыг татгалзаж, тэр дагалдагчдынхаа хамтаар тэнгэрээс хөөгдсөн (С ба Г 29:36–37).

Сонгох эрх нь Авралын төлөвлөгөөний чухал хэсэг

Сонгох эрх нь бидний дэлхий дээрх амьдралыг сорилтын үе болгодог. Өөрийн хүүхдүүдийн мөнх бус бүтээлтийг төлөвлөж байхдаа Бурхан: “Бид Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно” хэмээн хэлсэн (Aбрахам 3:25). Сонгох эрх байхгүй бол бид Түүний зарлигласан бүгдийг хийж байна уу үгүй юу гэдгээ Тэнгэрлэг Эцэгтээ харуулж чадахгүй байлаа. Бидэнд сонгох эрх байгаа учраас бид өөрсдийн үйлдэлдээ хариуцлагыг хүлээдэг (Хиламан 14:30–31).

Бид Бурханы төлөвлөгөөний дагуу амьдрахад бидний сонгох эрх улам хүчирхэг болдог. Зөв сонголтууд нь илүү их зөв зүйл хийх хүчийг нэмэгдүүлдэг.

Эцэгийн зарлиг бүрт дуулгавартай байснаар зан төлөв минь хүчирхэгжиж, мэргэн ухаан минь тэлдэг. Бидний итгэл өсдөг. Бид зөв сонголтууд хийх нь амархан гэдгийг сурна.

Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд сүнсэн хүүхдүүд байхаас эхлэн бид сонголт хийсэн. Тэдгээр сонголтууд нь биднийг дэлхийд ирэхүйц зохистой болгосон. Тэнгэрлэг Эцэг маань бидний итгэл, хүч чадал, мэдлэг, мэргэн ухаан болон бусад сайн сайхан зүйлсийг өсч хөгжихийг хүсдэг. Хэрэв бид Түүний зарлигуудыг сахиж, зөв сонголтуудыг хийх аваас бид ихийг суралцаж ойлгох болно. Бид Түүнтэй адил болох болно (С ба Г 93:28).

  • Зөв сонголтууд хийх нь цаашдаа зөв сонголт хийхэд хэрхэн тусалдаг вэ?

Сонгох эрх нь сонголттой байхыг шаарддаг

  • Яагаад сөрөг зүйл байх шаардлагатай вэ?

Хэрэв бидний өмнө сайн муу зүйлс байгаагүй бол бид зөв сонголт хийж чадахгүй байсан. Мормоны Номын агуу бошиглогч Лихай хүү Иаковт Бурханы мөнхийн зорилгуудыг авчрахын тулд “бүх зүйлд сөрөг тал байдаг. Хэрэв тийм бус аваас, аглаг буйдад төрсөн ууган хүү минь, зөв шударга нь бас ёсон бус ч, ариун нандин хийгээд зовлон шаналал ч, сайн муу ч тохиохгүй болой” гэж хэлсэн (2 Нифай 2:11).

Бурхан Сатанд сайныг сөрөхийг зөвшөөрсөн. Бурхан Сатаны талаар хэлэхдээ:

“Түүнийг Би доош хаягдахаар болгосон;

Мөн тэрээр Сатан, тийм ээ, бүр чөтгөр, хүмүүнийг мэхлэн мөн харалган болгох, мөн тэднийг, бүр миний дуу хоолойг үл сонсох болгоныг таалалдаа боолчлон хөтлөх бүх худал хуурмагийн эцэг болсон билээ” (Moсe 4:3–4) гэжээ.

Сатан Бурханы ажлын эсрэг чадах бүхнээ хийдэг. Тэр “бүх хүн төрөлхтний зовлонг эрэлхийлсэн. … Учир нь тэрээр бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг бөлгөө” (2 Нифай 2:18, 27). Тэр бидэнд хайргүй. Тэр бидэнд ямар ч сайн сайхан зүйлсийг хүсдэггүй (Moронай 7:17). Тэр биднийг аз жаргалтай байлгахыг хүсдэггүй. Тэр биднийг өөрийнхөө боол байлгахыг хүсдэг. Тэр биднийг боолчлох олон янзын башир аргыг хэрэглэдэг.

Бид Сатаны уруу таталтанд автагдсанаар сонголтоо хязгаарладаг. Тэр хэрхэн энэ бүгдийг хийдэг талаар доорх жишээнээс харж болно. Далайн эрэг дээр “Аюултай усны эргүүлэг. Энд сэлэхийг хориглоно” гэсэн тэмдэг байна гэж төсөөл. Энэ зүгээр л хориглох гэсэн хэрэг гэж бид бодож магад. Гэвч энэ тийм үү? Бидэнд олон сонголт бий. Бид өөр газар сэлж болно. Далайн эргээр алхаж, дунгийн хясаа цуглуулж болно. Бид нар жаргахыг харж болно. Бид гэртээ харьж болно. Мөн бид анхааруулгыг тоомсорлохгүйгээр аюултай газарт сэлж болно. Усны эргүүлэгт орж аюул тулгарах үед л бид сонголт бага үлдсэнийг ойлгох болно. Бид аюулаас зугтахыг хичээх юм уу эсвэл тусламж эрж ориловч, живж болзошгүй байдалд орсон байна.

Өөрсдийн хийх үйлдэлдээ бид сонгох чөлөөт эрхтэй байдаг ч үйлдлийнхээ үр дагаварыг сонгож чадахгүй. Үр дагавар нь сайн муу аль нь ч байсан бидний хийсэн сонголтын үр дүн болж дагадаг юм (Галат 6:7; Илчлэлт 22:12).

Тэнгэрлэг Эцэг бидэнд Сатаны боолчлолоос хэрхэн зугтахыг хэлж өгсөн. Бид үргэлж Бурханаас сатаны уруу таталтыг даван тэсвэрлэх тусламжийг гуйн залбирч, сэрэмжлэх хэрэгтэй (3 Нифай 18:15). Тэнгэрлэг Эцэг маань биднийг хэрээс минь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй (1 Коринт 10:13; Алма 13:28).

Бурханы зарлигууд биднийг аюулаас холдуулж, мөнхийн амьдрал уруу чиглүүлдэг. Мэргэн ухаанаар сонголт хийснээр бид мөнхийн дэвшил хөгжлийг олж, төгс аз жаргалд баясан, өргөмжлөлийг авах болно (2 Нифай 2:27–28).

  • Бидний сонголтыг хязгаарлах ямар үйлдлүүд байдаг вэ? Бидэнд эрх чөлөөг олгох ямар үйлдлүүд байдаг вэ?

Нэмэлт судрууд