Ном, хичээлүүд
Бүлэг 8: Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирах нь


Бүлэг 8

Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирах нь

A woman sitting at a desk with the scriptures open in front of her.  She has her hands clasped and eyes closed in prayer.

Залбирал гэж юу вэ?

Есүс “Тиймийн тул та нар миний нэрээр Эцэгт үргэлж залбирах ёстой” хэмээн заасан (3 Нифай 18:19).

Залбирал нь дэлхий дээрх хамгийн агуу адислалуудын нэг юм. Бид залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй хамт байж, өдөр бүр Түүний удирдамжийг эрэлхийлж чадна.

Залбирал нь зүрхний гүнээс Тэнгэрлэг Эцэгтэй ярих чин сэтгэлийн зүйл юм. Бид өөр хэнд ч бус зөвхөн Бурхандаа залбирах ёстой. Өөр ямар ч зүйлд бүү залбир эсвэл хүний хийсэн ямар ч зүйлд бүү залбир (Eгипетээс гарсан нь 20:3–5).

Бид яагаад залбирдаг вэ?

Дэлхийн эхлэлээс залбирал сайн мэдээний чухал хэсэг байсан. Их Эзэний тэнгэр элч Адам ба Евад наманчлалыг хийж, Хүүгийн нэрээр Бурханд хандан залбир хэмээн тушаасан (Moсe 5:8). Энэ зарлигийг хэзээ ч буцааж аваагүй. Залбирал биднийг Бурхантай ойр болгодог. Бидний бүх бодол санаа, үг, үйлдэл бидний залбирлаар нөлөөлөгддөг.

Сатан болон түүний дагалдагчдын уруу таталтыг сөрөн зогсох хүчийг гуйн залбирах ёстой (3 Нифай 18:15; С ба Г 10:5). Бурханд нүглээ наманчлан, биднийг уучлахыг хүсэн залбирах ёстой (Aлмa 38:14).

Өдөр тутмын амьдралд туслах Их Эзэний удирдамж хүсэн залбирах ёстой. Бид өөрсдийн гэр бүл, найз нөхөд, хөрш болон ургац, амьтад, өдөр тутмын ажил ба бусад үйл ажиллагаануудын төлөө залбирах ёстой. Биднийг дайснуудаас минь хамгаалахыг хүсэн залбирах ёстой (Aлмa 34:17–27).

Тэнгэрлэг Эцэгтээ өөрсдийн хайраа илэрхийлэн, Түүнд ойр байж илүүтэйгээр Түүнийг мэдрэхийн төлөө залбирах ёстой. Бидэнд өгдөг халамж, амар амгалан болон өдөр бүр өгдөг олон зүйлийнх нь төлөө Түүнд талархлаа илэрхийлэн залбирах ёстой (1 Тесалоник 5:18). Сайн мэдээний дагуу амьдрах хүчийг хүсэн Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирах ёстой.

Мөнхийн амьдрал уруу хөтлөх нарийн бөгөөд шулуун зам дээр байлгахын төлөө бид залбирах ёстой. Өөрсдийн бодол санаа, үг, үйлдэлдээ зөв шударга байхын төлөө зөв шударгыг зохиогч Бурхандаа хандан бид залбирах ёстой.

  • Залбирал хэрхэн та нарыг Их Эзэнд ойр байлгадаг вэ?

Хэзээ бид залбирах ёстой вэ?

Тэнгэрлэг Эцэгтэй харьцах хэрэгтэй гэж үзсэн үедээ хэзээ ч хамаагүй чимээгүй эсвэл чангаар залбирч болно. Заримдаа бид цор ганцаар байж, өөрсдийн бодгалийг Түүнд хандан юүлэх хэрэгтэй байдаг (Maтай 6:6). Мөн бид өдөр тутмын үйл ажиллагаанууддаа залбирч чадна. Бид Сүмийн цуглаан дээр, гэртээ, гудамжаар алхаж явахдаа, ажиллаж байхдаа, хоол хийж байхдаа, эсвэл байж болох газар бүртээ, хийж байгаа зүйлдээ залбирч чадна. Бид өдөр шөнийн алинд нь ч залбирч чадна. Ганцаар байхдаа эсвэл бусад хүмүүстэй байхдаа ч бид залбирч чадна. Тэнгэрлэг Эцэгийг бид дандаа өөрсдийн бодол санаандаа байлгаж чадна (Aлмa 34:27). Бид “ямагт залбирч” чадна (С ба Г 10:5).

Зарим үед бид залбирах хүсэлгүй байж магадгүй. Бид ууртай эсвэл зориг мохсон эсвэл сэтгэлээр унасан байж магадгүй. Ийм үед бид залбирах онцгой хичээл зүтгэл гаргах хэрэгтэй (2 Нифай 32:8–9).

Хүн бүхэн өглөө бүр, орой бүр хувийн залбирлыг хийх хэрэгтэй. Судрууд өглөө, өдөр, оройд залбирах талаар хэлдэг (Aлмa 34:21).

Бидний гэр бүл адислагдаж болохын тул гэр бүлийн залбирлыг хий хэмээн тушаасан (3 Нифай 18:21). Манай Сүмийн удирдагчид гэр бүлээрээ өглөө, оройн залбирлыг хийж байхыг бидэнд зөвлөсөн.

Бид мөн хоолоо идэхийн өмнө идэх хоол хүнс өгсөнд талархан залбирах боломжтой.

Бид Сүмийн цуглаануудыг залбирлаар эхэлж, залбирлаар дуусгадаг. Түүний тааллыг авч, бишрэн шүтэх арга барилд, Түүний тусламжийг хүсч Түүний адислалуудынх нь төлөө Их Эзэнд талархаж болно.

Бид яаж залбирах ёстой вэ?

Бид сууж эсвэл өвдөглөсөн байна уу, чангаар эсвэл чимээгүй залбирч байна уу, хувийн эсвэл бүлгээрээ залбирч байна уу, хаана байгаа нь хамаагүй бид үргэлж итгэлтэй байж “чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр” залбирах ёстой (Moронай 10:4).

Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирахдаа бид зүрх сэтгэлд байгаа бүхнээ Түүнд даатган, Түүнээс уучлалтыг хүсч, Түүнтэй хамт залбиралд умбаж, Түүнд талархаж өөрсдийн хайрыг Түүнд үзүүлэх хэрэгтэй. Бид ач холбогдол багатай үг, хэллэгийг давтах ёсгүй (Maтай 6:7–8). Бидний хувьд өөрсдийн минь хүсэл тийм ч сайн зүйл биш байж магадгүй тул бид үргэлж Таны хүсэл биелэх болтугай хэмээн залбирах ёстой (3 Нифай 18:20). Залбирлынхаа төгсгөлд бид Есүсийн Христийн нэрээр гэж дуусгах ёстой (3 Нифай 18:19).

Хэрхэн залбирлууд маань хариулагддаг вэ?

  • Залбирлын хариу яагаад тэр дороо тодорхойгоор хариулагддагүй гэж бодож байна? Яагаад залбирлын хариу бидний хүссэн үед эсвэл бидний хүссэнээр хариулагддаггүй вэ?

Бидний чин сэтгэлийн залбирал үргэлж хариулагддаг. Учир нь бидний асуусан зүйл бидэнд сайн зүйл биш байсан тул заримдаа хариулт үгүй гэж болно. Заримдаа хариулт нь тийм гэж ирэх бөгөөд бид хийх ёстой зүйлийн талаар дулаан, амар амгалан мэдрэмжийг авдаг (С ба Г 9:8–9). Заримдаа хариу нь “бага зэрэг хүлээ” гэж болно. Бидний залбирал бидэнд илүүтэйгээр тусалж болох Их Эзэний мэддэг тэр замаар Түүний цагт үргэлж хариулагддаг.

Заримдаа Их Эзэн бидний залбирлыг бусад хүмүүсээр дамжуулан хариулдаг. Дотнын найз, нөхөр юм уу эхнэр, эцэг эх эсвэл гэр бүлийн бусад гишүүд, Сүмийн удирдагч, бүрэн цагийн номлогч—эдгээр хүмүүсийн хэн нь ч гэсэн бидний залбиралд хариулах үйлдлийг үзүүлэхээр өдөөгдөж болно. Үүний нэг жишээ бол гэртээ осолд орсон бяцхан хүүхдийн залуу эхийн туршлага байна. Залуу эх хүүхдээ эмч уруу авч явах ямар ч аргагүй болсон байв. Тэр хөршүүдээ танихгүй шинэхэн ирсэн байв. Залуу эх тусламж хүсэн залбирчээ. хэсэг хугацааны дараа хөрш нь ирж хаалга тогшин, “Танд ямар нэгэн тусламж хэрэгтэй юм шиг санагдаад асуухаар ирлээ” гэв. Хөрш залуу эхэд хүүхдээ эмч уруу аваачин үзүүлэхэд нь туслав.

Ихэвчлэн Бурхан бидний хувийн залбирлуудын хариулалтанд туслах хүчийг өгдөг. Бид тусламж хүсэн залбирахдаа өөрсдийн гүйцэтгэхийг хүсч байгаа зүйлийнхээ төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийх ёстой.

Бид тогтмол залбиралтайгаар Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах аваас бид аз жаргал, баяр баясгалантай байх болно. “Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно” (С ба Г 112:10).

  • Ямар замаар Их Эзэн залбиралд чинь хариулдаг вэ?

Нэмэлт судрууд ба бусад нөөцүүд