Ном, хичээлүүд
Бүлэг 32: Аравны нэг ба өргөлүүд


Бүлэг 32

Аравны нэг ба өргөлүүд

Nine coins in a stack with the tenth coin lying next to them. Illustrates the principle of tithing.

Аравны нэг ба өргөлүүдээ төлөх нь

  • Бидний чин хүсэлтэйгээр төлөх аравны нэг ба мацгийн өргөл нь Түүний бидэнд өгсөн адислалуудынх нь төлөөх бидний талархлыг Тэнгэрлэг Эцэгт хэрхэн харуулдаг вэ?

Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд амьдрахад бэлтгэхэд маань туслах бүхий л арга замуудыг зарлигуудаар бидэнд өгсөн. Тэр бидэнд адислалуудынхаа төлөө Түүнд талархах арга замыг өгсөн. Чин хүсэлтэйгээр аравны нэг ба мацгийн өргөлөө төлөх нь Түүнд талархах нэг арга зам юм. Эдгээр өргөлүүдийг төлснөөр бид Түүнд хайртай бөгөөд Түүний зөвлөгөөнд дуулгавартай гэдгээ харуулж байгаа хэрэг юм.

  • Аравны нэг ба мацгийн өргөлөө төлөх нь Тэнгэрлэг Эцэгтээ талархлаа илэрхийлэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Аравны нэгийн хуулинд дуулгавартай байх нь

  • Шударгаар аравны нэг төлөх гэдэг юу гэсэн үг вэ?

Эрт үеэс Абрахам Иакоб нар орлогынхоо аравны нэгийг төлөх зарлигт дуулгавартай байсан (Еврей 7:1–10; Эхлэл 14:19–20; 28:20–22).

Орчин үед Бошиглогч Иосеф Смит “Ай Их Эзэн минь, Аравны нэгийн тул та өөрийн хүмүүсийн өмч хөрөнгөнөөс хичнээнийг шаардахыг өөрийн үйлчлэгчид үзүүлнэ үү” хэмээн залбирсан (С ба Г 119, хэсгийн тайлбар). Их Эзэн хариулахдаа: “Мөн энэ нь миний хүмүүсийн аравны нэгийн эхлэл болой. Мөн үүний дараа, ийнхүү аравны нэгийг төлөх тэд жил тутмын ашгийнхаа аравны нэг хэсгийг төлөх ёстой; мөн энэ нь миний ариун санваарын тулд тэдэнд үүрд үйлчлэх хууль байх ёстой” хэмээдэг (C ба Г 119:3–4). Тэргүүн Зөвлөл үүнийг “жил тутмын бүх орлогын аравны нэг” буюу бидний орлоготой хамаатай хэмээн тайлбарласан (Тэргүүн Зөвлөлийн захидал, 1970 оны 3-р сарын 19).

Бид аравны нэгээ төлснөөр Их Эзэндээ итгэлээ харуулдаг. Мөн хүүхдүүддээ энэ хуулийн үнэ цэнийг заадаг. Тэд бидний үлгэр жишээг дагаж, орлогынхоо аравны нэгийг төлөхийг хүсэх болно.

  • Аравны нэг нь санхүүгийн зарчим байхаасаа илүүтэйгээр ямар талаараа итгэлийн зарчим болдог вэ?

  • Эцэг эхчүүд хүүхдүүддээ аравны нэг төлөх ба түүний чухал ач холбогдлын талаар заахын тулд юу хийж чадах вэ?

Бид үргэлж чин хүсэлтэйгээр өгөх ёстой

  • Аравны нэгийг төлөхөд яагаад бидний зан төлөвийн хандлага чухал вэ?

Чин хүсэлтэйгээр төлөх нь маш чухал. “Дурамжхан аравны нэгээ төлөх тэр нь адислалаасаа хулгайлж байгаатай адил юм. Тэр урамтай, бэлэн байдалтай, баяр баясалтай өгөхийг суралцах хэрэгтэй. Тэгсэн үед түүний бэлэг нь адислал болох болно (Stephen L Richards, The Law of Tithing [эмхэтгэл, 1983], 8).

Бид хэрхэн өгөх нь юу өгч байгаатай адил чухал хэмээн Төлөөлөгч Паул заасан. Тэр хэлэхдээ, “Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн дурамжхан бус, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан урамтайгаар өгөгчийг хайрладаг” гэсэн (2 Коринт 9:7).

  • “Урамтайгаар өгөгч” гэдэг нь та нарын хувьд юу гэсэн үг вэ?

Аравны нэг ба бусад өргөлүүд

  • Аравны нэгийн ба бусад өргөлүүдийг Сүм юунд ашигладаг вэ?

Сүмийн гишүүдийн хувьд бид аравны нэг ба бусад өргөлөө Их Эзэнд өгдөг.

Аравны нэг

Аравны нэгийг Сүм олон зүйлд ашигладаг. Үүнд:

  1. Ариун сүмүүд, цуглааны байрууд ба бусад байшин барилгыг барих, засварлаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хангах.

  2. Сүмийн гадас, тойрог ба бусад нэгжүүдийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах санг бүрдүүлэн хангах (Эдгээр нэгжүүд сайн мэдээ заах, олон нийтийн үйл ажиллагаануудыг явуулах зэрэг Сүмийн санваартны үйл ажиллагаануудыг зохион явуулахад ашигладаг).

  3. Бүрэн цагийн номлогчийн хөтөлбөрт туслах.

  4. Сүмийн сургууль, семинар ба институтэд залуучуудыг хамруулан боловсрол олгоход.

  5. Хичээлийн материалуудыг хэвлэх, түгээх.

  6. Гэр бүлийн түүх ба ариун сүмийн ажилд туслах.

Бусад өргөлүүд

Мацгийн Өргөл. Сүмийн гишүүд дараалсан хоёр хоол идэхгүй, юм уухгүй байж, сар бүр мацаг барьдаг. Тэд дор хаяж энэ хоёр хоолонд зарцуулах хэмжээний мөнгийг хандивладаг. Тэд боломжоороо өгөөмрөөр өгдөг. Энэ өргөлийг мацгийн өргөл гэж нэрлэдэг. Бишопууд эдгээр өргөлийг гачигдагсдын хоол хүнс, орон гэр, хувцас хунар ба эмчилгээний зардалд зориулан зарцуулдаг (Энэ номны 25-р бүлгийг үз).

Мацгийн өдөр гишүүд мацаг ба гэрчлэлийн цуглаанд оролцож, Христ ба Түүний сайн мэдээний тухай гэрчлэлээ хуваалцдаг.

Бусад хандивууд. Номлогчийн ажил, Тасралтгүй Үргэлжлэх Боловсролын сан, ариун сүм барих ба хүмүүнлэгийн тусламж зэрэг сүмийн бусад үйл ажиллагаануудад гишүүд хандив өргөж болно.

Үйлчлэл. Мөн гишүүд цаг зав, авьяас чадвар болон эд бараагаар бусдад тусалдаг. Энэ үйлчлэл нь дэлхий даяарх нийгэмлэг, үндэстэн, ялангуяа олон улсын хэмжээнд байгалийн гамшиг болох үед гачигдалтай сүмийн гишүүд болон гишүүн бус хүмүүст сүмээс туслах боломжийг олгодог.

Бид аравны нэг ба бусад өргөлүүдийг өгснөөр адислагддаг

Их Эзэн биднийг итгэлтэйгээр аравны нэг ба мацгийн өргөлөө өгвөл адисална хэмээн амласан. Тэр хэлэхдээ, “Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэсэн (Maлахи 3:10).

Хожмын үеийн илчлэлтэд аравны нэгийг төлөгч тэдгээрт ирэх өөр адислалын талаар хэлсэн байдаг. “Мөн үнэнээр энэ нь золиослолын өдөр, мөн миний хүмүүсийн аравны нэгийг төлүүлэх өдөр бөлгөө, учир нь аравны нэгээ төлдөг тэрээр миний ирэлтээр шатаагдах нь үгүй” (С ба Г 64:23).

Бидэнд амласан адислалууд нь материаллаг болон сүнслэг байдлаар ирдэг. Хэрэв бид өгөөмрөөр өгөх аваас Тэнгэрлэг Эцэг биднийг өдөр тутмын хоол хүнс, хувцас хунар, орон байраар хангаж туслах болно. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Филлиппиний хожмын үеийн гэгээнтнүүдэд хандан ярихдаа хэрэв хүмүүс “сайн мэдээг хүлээн авч, бүр хомс тачирхан байсан ч аравны нэг ба мацгийн өргөлөө төлж сайн мэдээний дагуу амьдрах аваас Их Эзэн тэдний тусын тулд Өөрийн эртний амлалтаа биелүүлэх болно. Мөн тэд аягандаа будаатай, мөрөндөө хувцастай толгой хоргодох байртай байх болно. Би үүнээс өөр шийдлийг харахгүй байна. Тэднийг дэлхийн ямар ч хүчнээс илүүтэйгээр урамшуулан, туслах өөр нэгэн агуу хүч тэдэнд хэрэгтэй” хэмээсэн (“Inspirational Thoughts,” Ensign, 1997 оны 8-р сар, 7). Их Эзэн мөн биднийг “Бурханы мэдлэг, гэрчлэл, сайн мэдээгээр амьдрах ба гэр бүлийнхнийгээ яг ижил зүйлийг хийхээр урамшуулан өдөөхөд” мөн өсөн хөгжихөд минь тусалдаг (Teachings of Presidents of the Church: Heber J. Grant [2002], 124).

Аравны нэг ба өргөлүүдээ төлдөг хүн агуу ихээр адислагддаг. Дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахад тусалж байна гэдэг сайхан мэдрэмж тэдэнд төрнө.

  • Та болон таны гэр бүлийн гишүүд эсвэл та нарын найз нөхөд аравны нэг ба бусад өргөлүүдээ төлснөөр дамжуулан ирсэн ямар адислалууд байдаг вэ?

Нэмэлт судрууд