Бүлэг 16
Эртний үеийн Есүс Христийн Сүм
Есүс Христийн Сүмийг тодорхойлох зарим онцлогууд
“Анхны Сүмд байсан тэрхүү зохион байгуулалтад, тухайлбал төлөөлөгчид, бошиглогчид, пасторууд, багш нар, евангелистууд болон бусдад бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:6).
Есүс дэлхий дээр байхдаа Өөрийн Сүмийг байгуулсан. Үүнийг Есүс Христийн Сүм хэмээн нэрлэдэг байсан (3 Нифай 27:8) ба гишүүдийг Гэгээнтнүүд хэмээн нэрлэдэг байв (Ефес 2:19–20).
Илчлэлт
Есүс Өөрийн Сүмийг байгуулсны дараа Тэр сүмийн удирдагч нарыг биечлэн зөвлөж, удирдсан. Тэр мөн Тэнгэр дэх Өөрийн Эцэгээс удирдамжийг хүлээн авдаг байсан (Еврей 1:1–2). Иймд Есүс Христийн Сүм хүнээр бус Бурханаар шууд удирдагддаг байсан. Илчлэлт нь Өөрийн Сүмийг дээр нь барих Түүний “хад” байсан гэдгийг Есүс Өөрийн дагалдагчдад заасан (Maтай 16:16–18).
Өөрийн Амилалтын дараа Есүс тэнгэрт одохоос өмнө Өөрийнхөө дагалдагчдад “үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж байх болно” хэмээн хэлсэн (Maтай 28:20). Түүний үгний үнэнийг баталж, Тэр тэнгэрээс тэднийг удирдан залсаар байна. Тэр тэдэнд тайвшруулагч нь, илчлэгч нь байх Ариун Сүнсийг илгээсэн (Лук 12:12; Иохан 14:26). Тэр үзэгдлээр Саултай ярьсан (Үйлс 9:3–6). Тэр сайн мэдээ зөвхөн Иудей нарт бус харин бүх дэлхий даяар заагдах ёстой гэдгийг Петрт илчилсэн (Үйлс 10). Тэр Иоханд Илчлэлт номонд бичигдсэн олон гайхамшигт үнэнийг илчилсэн. Өөрийн Сүмийг удирдах ба шавь нараа гэгээрүүлэх Өөрийн тааллыг бусад олон замаар илчилж байсныг Шинэ Гэрээнд бичсэн байдаг.
Бурханаас ирэх эрх мэдэл
Сайн мэдээний ёслол ба зарчмууд санваарын хүчгүйгээр удирдагдан заагдах боломжгүй. Эцэг энэ эрх мэдлийг Есүс Христэд өгсөн (Еврей 5:4–6) ба Тэр Түүний Төлөөлөгчдийг томилж, тэдэнд санваарын хүч, эрх мэдлийг өгсөн (Лук 9:1–2; Maрк 3:14). Тэр “Та нар намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон, мөн томилсон” гэдгийг тэдэнд сануулсан (Иохан 15:16).
Түүний Сүмд дэг журам байж болохын тулд Есүс Арванхоёр Төлөөлөгчдөд агуу үүрэг хариуцлага ба эрх мэдлийг өгсөн. Тэр ерөнхий Төлөөлөгч байхаар Петрийг томилж, түүнд тэнгэрт болон газарт адислалуудыг лацдах түлхүүрүүдийг өгсөн (Maтай 16:19). Есүс мөн онцгой үүргийг гүйцэтгэх бусад албан тушаалтнуудыг томилсон. Түүнийг тэнгэр өөд өргөгдсөний дараа томилох ба сахил хүртээх арга замууд хэвээр үргэлжилсээр байна. Эрх мэдлийг хүлээн авсан тэдгээрээр дамжуулан бусад нь санваарт томилогддог. Есүс үүнийг Ариун Сүнсээр дамжуулан Тэр тэдгээрийн томилолтыг баталдагаа мэдүүлдэг (Үйлс 1:24).
Сүмийн зохион байгуулалт
Есүс Христийн Сүм нь нарийн зохион байгуулагдсан нэгж юм. Үүнийг “та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ дотор Бурханы орших газар болох” байгууламжтай зүйрлэсэн (Eфес 2:20).
Тохинуулах ажилд нь Төлөөлөгчдөд туслах бусад санваарын удирдагчдыг Есүс томилсон. Тэр сайн мэдээг номлох Далыг томилж, хоёр хоёроор нь илгээв (Лук 10:1). Сүмд евангилист (патриарх), пастор (тэргүүлэх удирдагч), дээд прист, ахлагч, бишоп, прист, багш, дикон гэсэн бусад албан тушаалтнууд байв (энэ номны 14-р бүлгийг үз). Эдгээр албан тушаалтнууд бүгд номлолын ажил, ёслолуудыг гүйцэтгэх, Сүмийн гишүүдийг зааж сурган, дэмжин урамшуулах ажлыг хийх шаардлагатай байдаг. Эдгээр албан тушаалтнууд нь гишүүдийг “бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл” болтол нь тусалдаг (Eфес 4:13).
Библи бидэнд санваар эсвэл Сүмийн зохион байгуулалт, засаглалын талаар бүгдийг хэлдэггүй. Тэгсэн хэдий ч, Сүмийн зохион байгуулалтын сайн сайхан ба төгс төгөлдөр байдлыг Библид хангалттай үзүүлсэн байдаг. Төлөөлөгч нарт бүх дэлхий даяар явж, номлохоор тушаасан байв (Maтай 28:19–20). Тэд аль нэг хотод үлдэж, шинэ хөрвөгсдийг удирдан зохион байгуулж чаддаггүй байв. Тийм учир орон нутгийн санваарын удирдагчдыг томилж, тэднийг Төлөөлөгчид тэргүүлдэг. Төлөөлөгчид ба Сүмийн удирдагчид олон салбаруудад захидал бичиж, зочилдог байв. Энэ мэтээр Паул, Петр, Иаков, Иохан ба Иуда нар орон нутгийн санваарын удирдагч нарт зөвлөмж, удирдамжийг өгч бичсэн захидлуудыг Шинэ Гэрээ агуулж байдаг.
Энэ Сүмийн зохион байгуулалт үргэлжлэх болно гэдгийг Шинэ Гэрээ харуулдаг. Жишээ нь: Иудас үхсэн учир арваннэгэн Төлөөлөгч үлдсэн. Есүс тэнгэр өөд өргөгдсөний дараа удалгүй Иудасын оронд хэн нэгнийг сонгохоор арваннэгэн Төлөөлөгч бүгд цугларсан. Ариун Сүнсний илчлэлтээр дамжуулан тэд Маттиасыг сонгов (Үйлс 1:23–26). Арванхоёр Төлөөлөгчид Сүмийг захиран удирдаж болохын тул Есүс загварыг бий болгосон. Тэр сүмийг байгуулсаны дагуу зохион байгуулалт нь үргэлжлэх ёстой байсан гэдэг нь тодорхой.
Анхны зарчмууд ба ёслолууд
Төлөөлөгчид үндсэн хоёр зарчмыг заасан: Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл ба наманчлал. Шинээр хөрвөгсөд Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд тэдний Гэтэлгэгч гэдэгт итгэх итгэлийг олж, өөрсдийн нүглийг наманчилсны дараа тэд хоёр үндсэн ёслол болох усанд булхуулан баптисм хүртэх, гар тавилтаар Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг (Үйлс 19:1–6). Эдгээр нь сайн мэдээний анхны зарчмууд ба ёслолууд юм. Есүс “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй” хэмээн заасан (Иохан 3:5).
Нас барагсдын төлөөх ёслолууд
Есүс хүн бүр тэд дэлхий дээр байна уу эсвэл нас барсан байна уу хамаагүй сайн мэдээг сонсох боломжтой байхаар хангасан. Есүс үхэл ба Амилалтын хооронд нас барсан сүнснүүдийн дунд очсон. Тэр нас барагсдын дунд номлолын ажлыг зохион байгуулсан. Тэр зөв шударга элч нарыг томилж, тэдэнд нас барсан сүнснүүдэд сайн мэдээг номлох хүчийг өгсөн. Энэ нь тэдэнд сайн мэдээг хүлээн авах боломжийг олгосон (1 Петр 3:18–20; 4:6; С ба Г 138). Дэлхий дээрх Сүмийн гишүүд нас барагсдын өмнөөс ёслолуудыг гүйцэтгэдэг (1 Коринт 15:29). Баптисм ба гишүүнээр батлах ёслолууд нь дэлхий дээр хийгдэх ёстой.
Сүнслэг бэлгүүд
Сүмийн итгэлтэй гишүүд Сүнсний бэлгийг хүлээн авах эрхтэй. Эдгээр нь хувийн хэрэгцээ, авьяас чадвар, хүлээсэн үүрэг зорилгынх нь дагуу тэдэнд өгөгддөг. Итгэл, анагаах болон анагаагдах хүч, бошиглол ба үзэгдэл харах зэрэг нь бэлэг юм (Сүнсний бэлгүүдийн талаар 22-р бүлэгт илүү тодорхой байгаа). Сүнслэг бэлгүүд нь Есүс Христийн үнэн Сүмд үргэлж байдаг (1 Коринт 12:4–11; Moронай 10:8–18; С ба Г 46:8–29). Эдгээр тэмдэг эсвэл сүнслэг бэлгүүд итгэгч тэдэнд үргэлж хамт байх болно гэдгийг Есүс Өөрийн шавь нартаа хэлсэн (Maрк 16:17–18). Түүний шавь нар гайхамшгийг үйлдэж, бошиглож эсвэл Ариун Сүнсний хүчээр үзэгдлийг харж байв.
-
Есүс Христийн Сүмд эдгээр зургаан онцлог яагаад хэрэгтэй вэ?
Америк тив дэх Есүс Христийн Сүм
Есүс амилсаныхаа дараа Тэр Америк тивд байсан хүмүүс дээр зочилсон. Тэгээд Өөрийн Сүмийг тэдний дунд зохион байгуулж, гурван өдөр тэдэнд зааж, дараа нь түүний дараа зарим цаг мөчүүдэд эргэн ирж байсан (3 Нифай 11–28). Дараа нь Тэр тэднийг орхиж, тэнгэр өөд өргөгдсөн. Түүний дараа 200 гаруй жил тэд зөв шударга амьдарч, Бурханы бүтээсэн хүмүүсийн дунд хамгийн аз жаргалтай нь байлаа (4 Нифай 1:16).
Үнэн Сүмээс урвасан урвалт
-
Урвалт гэдэг нь ямар утгатай үг вэ?
Түүхийн туршид хилэнцэт хүмүүс Бурханы ажлыг устгахыг хичээсээр ирсэн. Энэ нь Төлөөлөгчид амьд, Сүм өсөн хөгжиж, шинэ хөрвөгсдийг хянан удирдаж байхад тохиолдсон. Зарим гишүүд хуучин цагийн худал шашны эсвэл Есүсийн заасан энгийн үнэний оронд Иудейчүүдийнхээ итгэл үнэмшлийг зааж байсан. Зарим нь ил тодоор эсэргүүцсэн. Дээр нь Сүмийн бус хүмүүсийн мөрдлөг хавчлага байсан. Сүмийн гишүүд итгэл үнэмшлийнхээ төлөө доромжлогдон тамлуулж, амиа алдаж байв. Нэг нэгээрээ Төлөөлөгчид алагдсан буюу дэлхийгээс авагдсан байлаа. Ёс суртахуунгүй, хар санасан их урвалтын учир дэлхийгээс төлөөлөгчийн эрх мэдэл ба санваарын түлхүүрүүд эргүүлэн авагдсан. Есүс Христийн үндэслэн байгуулсан зохион байгуулалт байхгүй болж, эмх замбараагүй байдал бий болсон байв. Сүмийн сургаалд маш олон алдаа төөрөгдөл шургалан орж, удалгүй Сүм бүрэн бутран задарсан. Үнэн Сүм дэлхий дээр хэсэг хугацаанд бүрмөсөн алга болсон үеийг Агуу Урвалт гэдэг.
Удалгүй өөрсдийгөө Христчүүд хэмээн нэрлэсэн худал шашинд итгэгчид олширсон. Ромын эзэнт улсын хаан энэ худал Христэд итгэгчдийн итгэлийг хүлээн зөвшөөрч, албан ёсны шашнаа болгов. Энэ сүм Есүсийн зохион байгуулсан сүмээс тэс өөр байлаа. Тэд Бурхан хэлбэр дүрс, биет юмгүй бодь хэмээн заадаг байв.
Тэдгээр хүмүүс биднийг гэсэн Бурханы хайрын ойлголтыг алдагдуулсан. Бид Түүний хүүхдүүд гэдгээ мэддэггүй байв. Тэд амьдралын зорилгыг ойлгодоггүй байв. Дэлхий дээр санваар ба илчлэлт байхгүй байсан учраас олон ёслолууд өөрчлөгдсөн.
Эзэн хаан тэднийг Христийн үнэн Сүм дэх санваарын удирдагчдын адил нэрээр нэрлэн өөрийн удирдагчдыг өөрөө сонгодог байв. Бурханы хүчийг атгасан Төлөөлөгчид эсвэл бусад санваарын удирдагчид байхгүй байлаа. Мөн сүнслэг бэлгүүд байхгүй байв. Бошиглогч Исаиа энэ нөхцөл байдлыг урьдчилан харсан байсан: “Дэлхий өөрийн оршин суугчдын доор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв” (Исаиа 24:5). Энэ нь Есүс Христийн Сүм байхаа больж, хүмүүний сүм болсон байв. Бүр нэр нь хүртэл солигдов. Америк тивд мөн урвалт болсон (4 Нифай).
Сэргээлт урьдчилан хэлэгдэв
-
Хуучин ба Шинэ Гэрээнүүдэд Сэргээлтийн талаар хэрхэн бошиглосон байдаг вэ?
Бурхан Урвалтыг урьдчилан харсан ба сайн мэдээг дахин сэргээхэд бэлтгэсэн байв. Төлөөлөгч Петр Иудейчүүдэд хандан эдгээрийг хэлсэн: “Та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно. Бурхан Өөрийнхөө ариун эш үзүүлэгчдийн амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Түүнийг тэнгэр хүлээн авах ёстой юм” (Үйлс 3:20–21).
Илчлэгч хэмээх Иохан мөн сайн мэдээ сэргэх тэр цагийг урьдчилан харсан. Тэр хэлэхдээ “Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна” (Илчлэлт 14:6) гэжээ.
-
Яагаад Сэргээлт шаардлагатай байсан бэ?
-
Дэлхийд Есүс Христийн Сүм дахин сэргээгдсний ачаар та нарт ирсэн адислалуудын талаар эргэцүүлэн бод.
Нэмэлт судрууд
-
Eфес 2:19 (гишүүдийг Гэгээнтнүүд хэмээдэг)
-
1 Коринт 12:12–31 (Сүм нэг бие адил)
-
Лук 10:1; Үйлс 14:23; Тит 1:7; 1 Tимот 2:7 (Сүмийн албан тушаалуудыг тодорхойлов)
-
Иохан 8:26–29 (Эцэг Есүсийг удирддаг)
-
Лук 9:1; Иаков 1:17; 5:14–15 (сүнслэг бэлгүүд)
-
Moзая 27:13 (гэм нүгэл алдаа зөрчлийн үр нөлөөгөөр урвалт ирдэг)
-
2 Петр 2:1; Maтай 24:9–12; Иохан 16:1–3; Aмос 8:11; 2 Tесалоник 2:3–4 (Урвалт урьдаас хэлэгдсэн)
-
Даниел 2:44–45; Maтай 24:14; Үйлс 3:19–21; Mика 4:1; Исаиа 2:2–4 (Сэргээлт урьдаас хэлэгдсэн)