Бүлэг 36
Гэр бүлүүд мөнхөд хамтдаа байж чадна
Гэр бүлийн чухал ач холбогдол
-
Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг гэр бүлтэй байхаар илгээдэг вэ?
“Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэрлэлт Бурханаас заяатай байдаг. Гэр бүл нь өөрийн хүүхдүүдийн мөнхийн хувь тавилангийн төлөө бүтээсэн Бурханы айлдварын төвд багтдаг” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, Nov. 1995, 102).
Тэнгэрлэг Эцэг Адам Ева нарыг гэрлүүлсэний дараа Тэр тэдэнд хүүхдүүдтэй байхыг зарлигласан (Эхлэл 1:28). Гэрлэлтийн нэг зорилго нь Түүний сүнсэн хүүхдүүдийг мөнх бус биеэр хангах гэдгийг илчилсэн. Эцэг эхчүүд маань Тэнгэрлэг эцэгтэй хамтрагчид юм. Тэр Өөрийн сүнсэн хүүхэд бүр дэлхийн амьдралыг амсаж, бие махбодийг хүлээн аваасай гэж хүсдэг. Эрэгтэй эмэгтэй хоёр энэ дэлхийд хүүхэд төрүүлэх нь Тэнгэрлэг Эцэгт төлөвлөгөөгөө биелүүлэхэд тусалдаг.
Шинэ хүүхэд бүрийг гэр бүлд баяр хөөртэй, хүсэн хүлээсэн байдлаар угтах ёстой. Хүүхэд бүр Бурханы хүүхэд мөн. Бид хүүхдүүдтэйгээ хамт тоглох, заах цаг гаргаж тэдэнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлөх хэрэгтэй.
Ерөнхийлөгч Дэвид О.МкКей “Мөнхийн амьдралд бэлтгэх хамгийн шилдэг газар бол орон гэр мөн гэдэгт би бүх зүрх сэтгэлээрээ итгэдэг” гэжээ (“Blueprint for Family Living,” Improvement Era, Apr. 1963, 252). Гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа бид өөрийгөө хянах байдал, золиослол, үнэнч шударга зан, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэхэд суралцаж чадна. Бид бусдыг хайрлах, бусадтай хуваалцах, бусдад үйлчлэхэд суралцаж чадна.
Хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн тухай заах нь аав ээж нарын үүрэг мөн. Тэд Бурханд хайртай учраас Түүний зарлигуудыг сахидаг гэдгээ өөрсдийн жишээгээр үзүүлэх ёстой. Эцэг эхчүүд мөн өөрсдийн хүүхдүүдэд залбирах, зарлигуудад дуулгавартай байхыг заах ёстой (Сургаалт үгс 22:6).
-
Яагаад гэр орон мөнхийн амьдралд бэлтгэх хамгийн шилдэг газар вэ?
-
Сүмийн залуучуудад бид хэрхэн гэр бүл ба гэрлэлтийн гэрээний ариун нандин байдлыг ойлгоход нь туслах вэ?
Мөнхийн гэр бүл
Гэр бүлүүд мөнхөд хамтдаа байж чадна. Энэ адислалын баяр баясгаланг мэдрэхийн тулд бид ариун сүмд гэрлэх хэрэгтэй. Ариун сүмээс гадуур гэрлэсэн хүмүүсийн гэрлэлт хэн нэгэн нь нас барахад төгсгөл болдог. Харин ариун сүмд Мелкизедек санваарын эрх мэдлээр гэрлэсэн бол бид үеийн үед үүрд мөнхөд гэрлэдэг. Хэрэв бид Их Эзэнтэй хийсэн гэрээгээ сахих аваас бидний гэр бүлүүд эхнэр, нөхөр, үр хүүхдүүд бүгд хамтдаа үүрд мөнхөд нэгдэх болно. Үхэл биднийг салгаж чадахгүй.
Гэр бүлийн халуун дотно харьцаа
-
Бид хэрхэн гэр орондоо сайхан таарамж зохицлыг бий болгох вэ?
Эхнэр нөхрүүд бие биедээ элэгсэг дотно байж санаа тавьдаг байх ёстой. Тэд хэн нэгнийгээ гомдоох үг хэлэх юм уу ямар нэгэн муу зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Тэд мөн хэн нэгнийгээ баярлуулахаар аливаа боломжит бүхнийг хийхийг хичээх хэрэгтэй.
Эцэг эхийн хувьд Бурханыг мэдэж, Түүнтэй адил болохыг хичээх тусам бие биеэ хайрлахыг хүүхдүүддээ заах болно. Мормоны Номонд Хаан Бенжамин тайлбарлахдаа:
“Мөн та нар хүүхдүүдээ нэг нэгэнтэйгээ хэрэлдэн тэмцэлдэхийг тэвчихгүй болой. …
“Харин үнэний мөн чанд байдлын замуудаар алхахыг та нар тэдэнд заах болно, бие биенээ хайрлах, мөн нэг нэгэндээ үйлчлэхийг та нар тэдэнд заах болно” (Moзая 4:14–15).
Гэр бүлийн гишүүд бид нэг нэгэндээ урам зоригийг өгч, чин сэтгэлээсээ магтан урамшуулж өөртөө итгэлтэй байхад нь тусалж чадна. Хүүхэд бүр чухал гэдгээ мэдрэх ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүд нь юу хийдгийг сонирхож буйгаа үзүүлж, хайраа илэрхийлж, хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьж буйгаа харуулах хэрэгтэй. Хүүхдүүд мөн эцэг эхдээ хайраа үзүүлэх хэрэгтэй. Тэд дуулгавартай байж, эцэг эх болон гэр бүлийнхээ нэр хүндийг өргөхөөр амьдралаар амьдрахыг хичээх ёстой.
-
Өөрсдийн охид, хөвгүүдийг нэг нэгэнтэйгээ сайн найз нөхөд байхыг нь урамшуулан дэмжихийн тулд эцэг эхчүүд юу хийж болох вэ? Ах дүүсийнхээ болон өөрсдийнхөө нөхөрлөлийг тэтгэхийн тулд юу хийж болох вэ?
-
Эхнэр нөхрүүд нэг нэгнийгээ аз жаргалтай байлгахын тулд юу хийж чадах вэ?
Хэрхэн сайн сайхан гэр бүлтэй байх вэ
-
Гэр бүлээ хүчирхэгжүүлэн, өөдрөг сайн сайхан байлгахын тулд та юу хийж байна вэ?
Ерөнхийлөгч Харолд Б.Лий заахдаа, “Та нарын хэзээ нэгэн цагт хийх Их Эзэний хамгийн чухал ажил нь гэрийн чинь ханан дунд байх болно” (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 134).
Гэр бүлүүд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд ямар чухал болохыг Сатан мэддэг. Тэр биднийг Их Эзэнээс хол байлгаж, гэр бүлүүдийг устгахыг эрэлхийлдэг. Тэр биднийг гэр бүлээсээ хол байлгах зүйлсийг хийлгэхээр уруу татах болно.
Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр төлөөлөгчийн Чуулга “Бүтэмжтэй гэрлэлт ба гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, уучлалт, хүндэтгэл, хайр, энэрэл ба нигүүлсэл, ажил мөн чөлөөт цагаа ашиг тустай өнгөрөөх аливаа үйл ажиллагааны зарчмууд дээр тогтдог (Ensign, 1995 оны 11-р сар, 102) хэмээн тунхагласан.
Бид бүгд аз жаргалтай, элэг бүтэн гэр бүлтэй байхыг хүсдэг. Дараах зүйлс үүнийг гүйцэлдүүлэхэд бидэнд туслах болно. Үүнд:
-
Өглөө, оройд тогтмол гэр бүлийн залбирлыг хий (3 Нифай 18:21). Эхнэр нөхөр хоёр хамтдаа залбир.
-
Долоо хоног бүрийн гэр бүлийн үдшээр сайн мэдээг хүүхдүүддээ заа.
-
Гэр бүлээрээ судраас тогтмол суралц.
-
Ажлаа төлөвлөх, зугаалгаар явах, шийдвэр гаргах зэрэг зүйлсийг гэр бүлээрээ хэлэлц.
-
Энэрэл, тэвчээр, тэсвэртэй мөн өглөгч энэрэнгүй байхад суралц (Moронай 7:45–48).
-
Сүмийн цуглаандуудад тогтмол оролц (С ба Г 59:9–10).
-
Их Эзэний С ба Г 88:119 дээр өгсөн зөвлөмжийг дага: “Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ; мөн өргөө, бүр залбирлын өргөө, мацгийн өргөө, алдар суугийн өргөө, дэг журмын өргөө, Бурханы өргөөг байгуулагтун.”
-
Гэр бүлийн түүхийг хөтөлж, ариун сүмийн ажлыг хамтдаа хий. Ариун сүмийн лацдах ёслолуудыг хүлээн ав.
Гэр бүл нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хамгийн чухал нандин нэгж мөн. Сүм гэр бүлүүдийг мөнхийн адислалууд болон өргөмжлөлийг хүртэхэд нь туслахын тулд оршдог. Сүмийн доторх байгууллагууд болон хөтөлбөрүүд нь биднийг хувь хүний хувьд хүчирхэгжүүлэх, гэр бүлээрээ мөнхөд хамтдаа амьдрахад туслахад зориулагдсан байдаг.
-
Хүнд хэцүү үеүдийг даван туулахын тулд гэр бүлүүд юу хийж чадах вэ?
-
Гэр бүлийн залбирал, гэр бүлээрээ судраас суралцах, гэр бүлээрээ зөвлөлдөх, гэр бүлийн хоолны цаг, гэр бүлийн үдэш зэрэг нь өөрчлөлт хийсэн ямар баталгааг та нар харсан бэ?
Нэмэлт судрууд ба бусад эх үүсвэрүүд
-
Moсе 2:27–28 (эрэгтэй эмэгтэй хүмүүс бүтээгдэн адислагдсан)
-
Эхлэл 2:24 (эр хүн эхнэртэйгээ нийлэн нэгэн бие болдог)
-
С ба Г 49:15–16 (Бурхан гэрлэлтийг томилсон)
-
Ефес 6:4 (хүүхдүүдээ зөв шударгад сурга)
-
С ба Г 132:15–21 (мөнхийн гэрлэлт)
-
С ба Г 88:119–26 (бүтэмжтэй гэр бүлийн удирдамж)
-
С ба Г 93:40–50 (Их Эзэн эцэг эхчүүдэд өөрсдийн хүүхдүүдийг гэрэл ба үнэнд авчирахыг зарлигласан)
-
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (LDS.org ба including Ensign, 1995 оны 11-р сар, 102-р хуудас Залуучуудын Бат Бөх Байдлын Төлөө: Бурханы өмнө хүлээх үүргээ биелүүлэх нь [36550], 44-р хуудас ба Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [36863], 59-61-р хуудас)