Ном, хичээлүүд
Бүлэг 44: Есүс Христийн хоёр дахь ирэлт


Бүлэг 44

Есүс Христийн хоёр дахь ирэлт

The resurrected Jesus Christ (wearing white robes with a magenta sash) standing above a large gathering of clouds. Christ has His arms partially extended. The wounds in the hands of Christ are visible.

Аврагчийн хоёр дахь ирэлтийг хүсэн хүлээх нь

Түүний амилуулалтаас дөч хоногийн дараа Есүс ба Түүний төлөөлөгчид Оливийн ууланд цугларсан. Есүсийн дэлхийг орхих цаг нь ирэв. Тэр Өөрийн хийх ёстой бүх ажлаа тэр үед дуусгасан байв. Тэр Өөрийн хоёр дахь ирэлтийг хүртэл Тэнгэрлэг Эцэг уруугаа буцсан.

Тэр төлөөлөгчиддөө зааварлаад Есүс тэнгэр өөд одсон. Төлөөлөгчид тэнгэр өөд харахад хоёр тэнгэрийн элч тэдний хажууд зогсоод, “Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ” гэв (Үйлс 1:11).

Тэр цагаас өнөөг хүртэл Есүс Христийн дагалдагчид хоёр дахь ирэлтийг хүсэн хүлээх болсон.

Есүс дахин ирээд юу хийх вэ?

Есүс Христ энэ дэлхийд дахин ирэхдээ дараах зүйлсийг хийх болно. Үүнд:

  1. Тэр дэлхийг цэвэрлэх болно. Есүс дахин ирэхдээ хүч хийгээд агуу алдар суутай ирэх болно. Тэр үед ёсон бусчууд устгагдах болно. Ялзарч завхарсан бүх зүйл шатах болно, мөн дэлхий галаар цэвэршүүлэгдэх болно (С ба Г 101:24–25).

  2. Тэр хүмүүсээ шүүх болно. Есүс дахин ирэхдээ үндэстнүүдийг шүүж, зөв шударгыг ёсон бусчуудаас салгах болно (Maтай 25:31–46; мөн энэ номны 46-р бүлгийг үз). Илчлэгч Иохан энэ шүүлтийн талаар бичихдээ: “Би сэнтийнүүдийг харав. Тэд дээр нь заларчээ. Тэдэнд шүүх эрх өгөгдсөн байлаа. Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулсан хүмүүсийн сэтгэлүүдийг харав. Тэд амилаад Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ” Түүний харсан ёс бусчууд “мянган жилийг дуустал амилсангүй” (Илчлэлт 20:4–5; мөн С ба Г 88:95–98).

  3. Тэр Мянган жилийн зохион байгуулагч байх болно. Мянган жил нь дэлхий дээр Есүсийн хаанчлах мянган жилийн хугацаа юм. Зөв шударга хүмүүс Есүсийн ирэлтэд Түүнийг угтахаар аваачигдах болно (С ба Г 88:96). Түүний ирэлтээр мянган жилийн хаанчлал эхэлнэ (Энэ номны 45-р бүлгийг үз).

    Ерөнхийлөгч Бригам Янг хэлэхдээ:

    Бурханы Хаант улс дэлхий дээр хүч, алдар суу хийгээд төгс төгөлдөр байдлаар байгуулагдан, маш удаан зонхилсон ёс бусчуудын хаанчлал зогсох Мянган жилд Бурханы Гэгээнтнүүд ариун сүмүүдээ барьж, түүндээ очиж, Бурханы ариун сүмүүд дэх багана болгож [Илчлэлт 3:12], тэд өөрсдийн нас барагсдын төлөө ёслолуудыг гүйцэтгэх болно. Дараа нь бид найз нөхдөө ирэхийг харна. Магадгүй зарим нь энд танилцсан ч байх болно. Тэгээд бид өвгөд дээдсээ бүр Эцэг Адам, Эх Евагийн хүртэлх үеийг тодоос тод харж, Бурханы ариун сүмд орж, тэдний төлөө ёслолуудыг гүйцэтгэх болно. Дараа нь Адамаас эхэлсэн Санваарын төгс холбоо эцсийн үеэс Адамын үе хүртэл төгс байдлаар хийгдэж, [хүүхдүүд] өөрсдийн [эцэг эхтэйгээ] холбогдох болно” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 333–34).

  4. Тэр Анхны амилуулалтыг гүйцэлдүүлэх болно. Амилуулалтыг хүртэх эрхтэй хүмүүс шүүлтийн үед булшнаасаа босох болно. Тэд Аврагчийг тэнгэрээс буун ирэхэд Түүнийг угтахаар өргөгдөх болно (С ба Г 88:97–98).

    Есүс Христийг үхлээс боссоны дараа нас барсан бусад зөв шударга хүмүүс мөн амилсан. Тэд Иерасулимд мөн Америк тивд үзэгдсэн (Maтай 27:52–53; 3 Нифай 23:9–10). Энэ нь анхны Амилуулалтын эхлэл байсан. Түүнээс хойш зарим хүмүүс амилуулагдсан. Дахин амилсан тэдгээр хүмүүс мөн Түүний ирэлтээр дахин амилах тэдгээр нь селестиал хаант улсын алдар сууг өвлөн авна (С ба Г 76:50–70).

    Селестиал алдар сууг өвлөн авах тэдгээрийн амилуулалтын дараа бусад бүлэг хүмүүс амилуулагдаж эхэлнэ: тэд террестиал алдар сууг өвлөн авах болно. Эдгээр хүмүүс бүгд дахин амиласны дараа Анхны Амилуулалт бүрэн гүйцэлдэх болно.

    Их Эзэний Хоёр дахь ирэлтийн үед амьдарч байх ёс бусчууд махан биед устгагдах болно. Тэд нас барсан ёс бусчуудын хамт эцсийн амилуултыг хүртэл хүлээх болно. Үлдсэн бүх нас барагсад Бурханыг угтахаар босно. Тэд телестиал хаант улсыг өвлөн авах болно эсвэл сатаны хамт гадаад харанхуйд хаягдана (С ба Г 76:32–33, 81–112).

  5. Тэр тэнгэр ба ертөнцийн Хааны хувьд Өөрийн хууль ёсны суудлыг эзлэх болно. Есүс дэлхийд ирээд Өөрийн засгийн газрыг дэлхий дээр байгуулах болно. Сүм тэр хаант улсын хэсэг болох болно. Тэр 1000 жилийн турш дэлхийн хүмүүсийг амар амгаланд удирдах болно.

    Есүс Христ анх дэлхийд ирэхдээ алдар сууд ирээгүй. Тэр даруу байдалд малын тэвшинд төрсөн. Иудейчүүдийн хүсэн хүлээж байсны адил агуу армитай Тэр хамт ирээгүй. Харин Тэрээр, “Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” гэж хэлсэн (Maтай 5:44). Тэр үгүйсгэгдэн, цовдлогдсон. Гэхдээ Түүнийг Хоёр дахиа ирэхэд үгүйсгэх хүн үгүй, харин “чих бүхэн үүнийг сонсож, мөн өвдөг бүхэн сөхөрч, мөн хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно” (С ба Г 88:104). Тэр “эздийн Эзэн, хаадын Хаан” хэмээн угтуулах болно (Илчлэлт 17:14). Тэр “Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон” хэмээн дуудагдах болно (Исаиа 9:6).

  • Хоёр дахь ирэлтийн үйл явдлын талаар төсөөлөх үед та нарт ямар мэдрэмж бодол орж ирж байна вэ?

Аврагчийн Хоёр дахь ирэлт ойрхон байгааг бид хэрхэн мэдэх вэ?

Есүс Христийг төрөхөд маш цөөхөн хүн дэлхийн Аврагч ирлээ гэдгийг мэдэж байсан. Түүнийг дахин ирэх үед Түүнийг хэн гэдэгт эргэлзэх хүн үгүй. Аврагчийн яг хэзээ ирэхийг мэдэх нэг ч хүн байхгүй. “Тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ” (Maтай 24:36; мөн С ба Г 49:7).

Их Эзэн сургаалт үлгэрийг ашиглан Өөрийн ирэлтийн цагийн талаарх санааг бидэнд өгсөн:

“Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчис гаргах үед зун ойртжээ гэдгийг та нар мэддэг.

“Түүнчлэн энэ бүхэн тохиолдохыг хараад, Түүний ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэддэг” (Maрк 13:28–29).

Их Эзэн мөн Түүний ирэлт ойрхон байгаа мэдэгдэх зарим тэмдгүүдийг бидэнд өгсөн. Тэмдгүүдийг илчилсний дараа Тэрээр:

“Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай. …

“Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ” хэмээн анхааруулсан (Maтай 24:42, 44).

Бид хэрхэн Есүсийн Хоёр дахь ирэлт ойрхон байгааг хэрхэн мэдэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэ номны 43-р бүлгээс үз.

Бид Аврагчийн Ирэлтэд хэрхэн бэлэн байж чадах вэ?

Аврагчийн ирэлтэнд бэлтгэх хамгийн сайн арга бол сайн мэдээг хүлээн авч, түүнийг амьдралынхаа хэсэг болгох явдал. Бид Есүс дэлхий дээр байхдаа заасны дагуу өдөр бүр өөрсдийн чадах хамгийн сайнаар амьдрах ёстой. Бид бошиглогчийн удирдамжийг эрэлхийлж, түүний зөвлөгөөг дагаж чадна. Бид Ариун Сүнс бидний чиглүүлэгч байхаар зохистой амьдрах хэрэгтэй. Тэгээд бид Аврагчийн ирэлтийг ямар ч айдасгүй харин аз жаргалтайгаар хүсэн хүлээх болно. Их эзэн хэлэхдээ: “Бүү эмээ бяцхан сүрэг минь, хаант улс намайг ирэх хүртэл та нарынх бөлгөө. Болгоогтун, би гэнэт ирнэ. Бүр тийм буюу. Амен” (C ба Г 35:27).

  • Яагаад бид Хоёр ирэлтийн тодорхой цагийн талаар санаа зовохын оронд өөрсдийн бэлтгэлдээ илүү санаа тавих хэрэгтэй вэ?

Нэмэлт судрууд