Ном, хичээлүүд
Бүлэг 23: Ариун Ёслол


Бүлэг 23

Ариун ёслол

Jesus Christ depicted preparing the sacrament for the Last Supper.

Христ Ариун ёслолыг танилцуулсан

  • Ариун ёслолын бэлгэдэлүүд Есүс Христийн цагаатгалын талаар юу заадаг вэ?

Аврагч маань зарлигуудаа сахиж, агуу цагаатгагч золиослолыг нь санахыг биднээс хүсдэг. Үүнийг хийхэд бидэнд туслахын тулд Тэр биднийг ойр ойрхон уулзалдаж, ариун ёслолоос хүртэж байхыг тушаасан.

Ариун ёслол бол Аврагчийн цагаатгалыг бидэнд сануулахад туслах санваарын нандин ёслол юм. Ариун ёслолын үеэр бид талх, ус хүртдэг. Бидний төлөө золиослол болгосон Түүний бие, Түүний цусыг дурсан санахын тулд бид үүнийг үйлддэг. Ариун ёслолоос хүртсэнээр бид Тэнгэрлэг Эцэгтэй хийсэн нандин гэрээгээ шинэчилдэг.

Цовдлогдохынхоо өмнөхөн Есүс Христ Өөрийн төлөөлөгчдийг дээд давхрын өрөөндөө цуглуулсан. Тэр удахгүй загалмай дээр нас барна гэдгээ мэдэж байсан. Энэ нь Тэр нас барахынхаа өмнө хайрт хүмүүстэйгээ уулзсан сүүлчийн уулзалт байсан. Тэд үргэлж хүчтэй мөн итгэлтэй байж болохын тулд Түүнийг санахыг Тэр тэднээс хүссэн.

Тэдэнд санахад нь туслахын тулд Тэр ариун ёслолыг танилцуулсан. Тэр талхыг жижиг хэсгүүд болгон хувааж, тэдгээрийг адислав. Дараа нь Тэр “Ав, ид; энэ нь та нарын төлөө төлөөсийг нь би хийсэн миний биеийг төлөөлөн дурсахад байдаг” гэж хэлэв (Иосеф Смитийн орчуулга, Матай 26:22). Дараа нь Тэр аяга дарсыг авч, түүнийг адислан Өөрийн Төлөөлөгчдөд уулгахаар өгөв. Тэгээд Тэр “Энэ бол миний нэрэнд итгэсэн болгоны төлөө нүглүүдийн ангижралын төлөө урссан миний шинэ гэрээний цусыг төлөөлөн дурсахад байдаг” гэж хэлэв (Иосеф Смитийн орчуулга, Матай 26:24; мөн Maтай 26:26–28; Maрк 14:22–24; Лук 22:15–20).

Түүний Амилуулалтын дараа Аврагч америк тивд ирж, Нифайчуудад яг ижил ёслолыг заасан (3 Нифай 18:1–11; 20:1–9). Хожмын өдүүдэд Сүм сэргээгдсэний дараа Есүс Өөрийн хүмүүст Түүнийг дурсан санаж ариун ёслолоос хүртэхийг “Сүм нь Их Эзэн Есүсийг дурсан санаж, талх болон дарсыг хүртэхийн тулд олонтаа хамтдаа цуглах нь зүйтэй болой” хэмээн хэлж дахин тушаасан (С ба Г 20:75).

Ариун ёслол хэрхэн удирдагддаг вэ

Ариун ёслол хэрхэн удирдагдах ёстойг судрууд тодорхой заасан байдаг. Сүмийн гишүүд Хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолоос хүртэж, Бурханаа бишрэн шүтэхээр цуглардаг (С ба Г 20:75). Ариун ёслолыг зохих санваарын эрх мэдлийг атгасан санваартнууд удирдан явуулдаг. Прист юм уу Мелкизедек санваартан талхыг хувааж, өвдөг сөгдөн адисалдаг (С ба Г 20:76). Дикон юм уу бусад санваартнууд дараа нь оролцогчдод ариун ёслолын талхыг түгээдэг. Дараа нь прист юм уу Мелкизедек санваартан усыг адислан мөн гишүүдэд түгээдэг. Есүс ариун ёслолыг танилцуулахдаа Өөрийн шавь нартаа дарс өгсөн. Гэхдээ Түүнийг дурсан үйлдэх аваас, ариун ёслолоос хүртэхдээ юу идэх буюу юу уух нь хамаагүй хэмээн хожмын өдрийн илчлэлтэд Тэр хэлсэн (С ба Г 27:2–3). Өнөөдөр Хожмын Үеийн гэгээнтнүүд дарсны оронд ус хэрэглэдэг.

Есүс ариун ёслолын хоёр залбиралд хэлэх тодорхой үгсийг илчилсэн. Бид эдгээр сайхан залбирлын үгсийг анхааралтайгаар сонсож, бид юуг амалж байгаа болон бидэнд юу амлагдаж буйг ойлгох ёстой. Талх адислах тэдгээр үгс нь:

“Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс хүртэх тэд бүгдийн бодгалийн тулд, тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд таны Хүүгийн биеийг төлөөлөн дурсаж, тэд үүнийг идэж, Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, тэд өөрсөдөд нь өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ танд гэрчилж болохын тулд, энэ талхыг адисалж мөн ариулахыг таны Хүү, Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен” (С ба Г 20:77).

Усыг адислахад хэлэх тэдгээр үгс нь:

“Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс уух тэд бүгдийн бодгалийн тулд, тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд, өөрсдийнх нь төлөө асгаруулсан таны Хүүгийн цусыг төлөөлөн дурсаж, тэд үүнийг үйлдэж болохын тулд; Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, тэд үргэлж түүнийг санана гэдгээ танд гэрчилж болохын тулд, энэ дарсыг адисалж, мөн ариулахыг таны Хүү, Есүс Христийн нэрээр гуйж байна. Амен” (С ба Г 20:79).

Ариун ёслолын жаяг нь маш энгийн бөгөөд хүндэтгэл бишрэлтэй гүйцэтгэгддэг.

  • Анхааралтайгаар ариун ёслолын залбирлыг дахин унш. Үг бүрийн утга учрын талаар тунгаан бод.

Ариун ёслолоор шинэчлэх гэрээнүүд

  • Ариун ёслолоор бид ямар гэрээнүүдийг шинэчилдэг вэ? Бид тэдгээр гэрээнүүдийг сахих аваас Их Эзэний бидэнд амласан ямар адислалууд байдаг вэ?

Ариун ёслолоос хүртэх бүрдээ бид Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ шинэчилдэг. Гэрээ нь Их Эзэн ба Түүний хүүхдүүдийн хооронд хийгдсэн ариун нандин амлалт юм. Бидний хийсэн гэрээнүүд нь ариун ёслолын залбиралд тодорхой тусгагдсан байдаг. Эдгээр нь ямар гэрээнүүд болох мөн тэдгээр нь ямар утгатай болохыг мэдэх нь маш чухал.

Бид өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авахыг хүссэн гэрээ хийдэг. Үүгээрээ бид Түүний Сүм болон Түүний нэрээр танигдах хүсэлтэй байгаагаа харуулдаг. Бид Түүнд болон бусад хүмүүст үйлчлэх шийдвэр төгс болдог. Бид энэ нэрийг доромжлох эсвэл буруушаах зүйл хийхгүй гэдгээ амладаг.

Бид үргэлж Есүс Христийг санах гэрээтэй. Бидний бүх бодол санаа, мэдрэмж ба үйлдлүүд нь Түүний ажил болон Түүний нөлөөгөөр хийгдэх болно.

Бид Түүний зарлигуудыг сахихаа амладаг.

Бид баптисм хүртэхдээ эдгээр амлалтуудыг өөрсөд дээрээ авдаг (С ба Г 20:37; Moзая 18:6–10). Тиймээс бид ариун ёслолоос хүртэхдээ баптисм хүртэхдээ хийсэн тэдгээр гэрээнүүдээ шинэчилдэг. Есүс бидэнд ариун ёслолоос хүртэх арга замыг өгсөн (3 Нифай 18:1–12) ба энэ замын дагуу нүглүүдээ наманчилж, Түүний нэрэнд итгэх аваас бид нүглүүдийн ангижралыг олох болно (Иосеф Смитийн Орчуулга, Maтай 26:24).

Хэрэв бид гэрээнүүдээ сахих аваас Түүний Сүнс үргэлж бидэнтэй хамт байх болно гэдгийг Их Эзэн амласан. Сүнсээр удирдагдсан хувь хүн мөнхийн амьдралыг олж авах мэдлэг, итгэл, зөв шударгыг авах болно.

  • Долоо хоногийн турш эдгээр амлалтуудыг санаж байхын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

Ариун ёслолыг хүртэх үеийн бидний хандлага

  • Ариун ёслолыг хүртэхийн тулд бид хэрхэн өөрсдийгөө бэлтгэх вэ? Ариун ёслолын үеээр бидэнд Аврагчийн Цагаатгалыг дурсан санахад туслах юун тухай бодох ёстой вэ?

Ариун ёслолоос хүртэхийн өмнө бид өөрсдийгөө сүнслэгээр бэлтгэж болно. Ариун ёслолоос зохисгүй хэн боловч хүртэх ёсгүйг Их Эзэн цохон хэлсэн. Энэ нь ариун ёслолоос хүртэхийн өмнө бид өөрсдийн нүглүүдийг наманчлах ёстой гэсэн үг. Судруудад “Хэрэв хэн нэгэн нүгэл үйлдвээс тэрээр дахин засрах хүртлээ ариун ёслолоос бүү хүртэг” хэмээн заасан байдаг (С ба Г 46:4). Их Эзэн Өөрийн арван хоёр Нифай шавь нартаа “Та нар үүнийг адислан түгээхдээ хэн нэгэн миний махан биебодь болон цусыг зохисгүйгээр хүртэхийг та нар мэдсээр байж хүлцэж болохгүй; учир нь миний бие махбодь болон цусыг зохисгүйгээр идэж мөн уух хэн боловч бодгальдаа ялыг идэж мөн уудаг” (3 Нифай 18:28–29).

Ариун ёслолын үйлчлэлийн үед дэлхийн бүх бодол санааг оюун ухаанаасаа бид гаргах ёстой. Бид залбиралтай, бишрэл хүндэтгэлтэй байх ёстой. Бид өөрсдийн Аврагчийн Цагаатгалын талаар бодож, түүнд талархалтай байх ёстой. Бид амьдралаа дүгнэн, хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх ёстой. Мөн бид зарлигуудыг сахих шийдвэрүүдээ шинэчлэх ёстой.

Ариун ёслолыг хүртэхийн өмнө өөрсдийгөө төгс болгох шаардлагагүй. Харин бид өөрсдийн зүрх сэтгэлдээ наманчлалын сүнс буюу хандлагыг байлгах ёстой. Ариун ёслолоос хүртэх бидний хандлага нь бидний түүнээс хүртэх байдалд нөлөөлдөг. Хэрэв бид ариун ёслолоос цэвэр зүрх сэтгэлтэйгээр хүртэх аваас Их Эзэний амласан адислалуудыг хүлээн авдаг.

  • Ариун ёслолоос зохистойгоор хүртэх нь яагаад бидний сүнслэг хүчийг өсгөдөг вэ?

Нэмэлт судрууд