Бүлэг 41
Зуурдын амьдралын дараах Сүнсний дэлхий
Үхлийн дараах амьдрал
-
Бид нас барсны дараа юу болдог вэ?
Тэнгэрлэг Эцэг бидэнд авралын төлөвлөгөөг бэлтгэсэн. Энэ төлөвлөгөөний нэг хэсэг нь Тэр биднийг энэ дэлхийд амьдруулж, яс махнаас бүрдэх мөнх бус биеийг хүлээн авахуулахаар Өөрийн оршихуйгаас нааш илгээсэн. Эцэстээ бидний мөнх бус бие үхэх болно. Харин бидний сүнс маань сүнсний дэлхийд очих болно. Сүнсний дэлхий нь хүлээх, ажиллах, суралцах харин зөв шударга хүмүүсийн хувьд зовнил ба харамслаасаа холдох тайвшрах газар юм. Бидний сүнс бид дахин амилахад бэлэн болтол амьдрах болно. Дараа нь бидний мөнх бус бие бидний сүнстэй нэгдэн нийлж, бидэнд бэлтгэсэн алдар суугийн зэргийг хүлээн авах болно (энэ номны 46-р бүлгийг үз).
Олон хүн сүнсний дэлхий ямар байдаг бол хэмээн гайхан боддог. Судрууд болон хожмын үеийн бошиглогчид бидэнд сүнсний дэлхийн тухай мэдээллийг өгсөн.
-
Үхлийн дараа амьдрал байдаг гэсэн мэдлэг та нарыг хэрхэн тайвшруулдаг вэ? Бусдыг тайтгаруулахын тулд сүнсний дэлхийн талаарх мэдлэгээ бид хэрхэн ашиглаж болох вэ?
Зуурдын амьдралын дараах Сүнсний дэлхий хаана байдаг вэ?
Хожмын үеийн бошиглогчид нас барагсдын сүнс биднээс холгүй оршдог хэмээн хэлдэг. Ерөнхийлөгч Езра Тафт Бенсон: “Заримдаа энэ амьдрал ба дараах амьдралын хоорондох хөшиг маш нимгэхэн мэт болдог. Нас барсан бидний хайрт хүмүүс биднээс холгүй байдаг” (Conference Report , 1971 оны 4-р сар, 18; эсвэл Ensign, 1971 оны 6-р сар, 33) гэжээ. Ерөнхийлөгч Бригам Янг сүнсний дэлхий энэ дэлхий дээр бидний эргэн тойронд байдаг гэж заасан (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 279).
Бидний сүнс ямар шинж чанартай вэ?
Сүнсэн биетүүд мөнх бус биеийн адил хэлбэр дүрстэй. Харин сүнсэн бие төгс хэлбэрт байдаг (Ифер 3:16). Сүнснүүд дэлхийгээс өөрсдийн сүсэг бишрэлтэй байх төрх байдал эсвэл зөв шударгын эсрэг байх дайсагналаа хамт авч явдаг (Aлмa 34:34). Тэд дэлхий дээр амьдарч байсан шиг адил хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй байдаг. Бүх сүнс насанд хүрсэн хэлбэрт байдаг. Тэд мөнх бус амьдралынхаа өмнө насанд хүрсэн байсан. Тэд нярай эсвэл бага хүүхэд байхдаа нас барсан ч үхлийн дараа насанд хүрсэн хэлбэрт байдаг ( Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 131–32).
-
Сүнсний дэлхийд бидний сүнс одоо байгаатай адил хүсэл эрмэлзэлтэй байна гэдгийг мэдэх яагаад чухал вэ?
Зуурдын амьдралын дараах Сүнсний дэлхийд нөхцөл байдал ямар байх вэ?
Мормоны Номын бошиглогч Алма сүнсний дэлхий дэх хоёр зааг буюу нөхцлийн талаар заасан. Энэ нь:
“Зөв шударга тэдний сүнс тэд өөрийн бүх бэрхшээлүүд мөн санаа зоволт хийгээд харамслаасаа амрах диваажин гэж нэрлэгдсэн аз жаргалын байдал, амар амгалангийн байдал, энхийн байдалд хүлээн авагдах болно.
“Мөн тэгээд улиран тохиох дор, ёс бусыг үйлдэгчдийн, тийм ээ, хүлэнцэт тэдний сүнснүүдэд, учир нь болгоогтун, Их Эзэний Сүнсний ямар ч хэсэг эсвээс хувь тэдэнд үгүй билээ; учир нь болгоогтун, тэд сайнаас илүүтэйгээр хилэнцэт үйлийг сонсгосон бөлгөө; тиймийн тул чөтгөрийн сүнс тэдэнд орж, мөн тэдний гэрийг эзэмшилдээ авсан юм, мөн эдгээр нь гадаад харанхуйд хаягдах болно; уйлаан, мөн гаслан, мөн шүдээ хавирах нь байх болно, мөн энэ нь чөтгөрийн тааллаар боолчлогдсон учир өөрсдийнх нь алдас болой.
“Эдүгээ энэ бол ёс бусыг үйлдэгчдийн сүнсний байдал болой, тийм ээ, харанхуйд, мөн тэдний дээр ирэх Бурханы уур болох галт хилэнг айн харуулдахын аймшигт байдалд буюу; тийн тэд энэ байдалд, түүнчлэн зөв шударгыг үйлдэгчид диваажинд, өөрсдийн амилуулалтын цагийг хүртэл үлдэнэ” (Aлмa 40:12–14).
Сүнснүүд дэлхий дээрх амьдралынхаа цэвэр байдал, Их Эзэний таалалд дуулгавартай байдлынхаа дагуу ангилагдана. Зөв шударга ба ёс бусчууд хоорондоо зааглагдана (1 Нифай 15:28–30). Гэхдээ сүнснүүд сайн мэдээний зарчмуудыг суралцаж, тэдгээрийн дагуу амьдарснаар өсч хөгжиж болно. Диваажин дахь сүнснүүд шоронд буй сүнснүүдэд зааж болно (С ба Г 138).
Диваажин
Бошиглогч Алмагийн хэлсний дагуу зөв шударгын сүнснүүд дэлхийн зовнил, харамслаасаа амрах болно. Тэгсэн ч тэд Их Эзэний ажлыг хийж завгүй байх болно. Есүс Христ цовдлогсоныхоо дараа удалгүй зөв шударга сүнсний дэлхийд очсоныг Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит үзэгдэлд харсан. Тэр элч нарыг томилж, тэдэнд хүч чадал хийгээд эрх мэдлийг өгч, тэдэнд “мөн урагш одон харанхуйд байсан тэдэнд, бүр хүмүүний бүх сүнснүүдэд сайн мэдээний гэрлийг хүргэ” хэмээх итгэмжлэлийг олгов (С ба Г 138:30).
Сүм сүнсний дэлхийд зохион байгуулагдаж, санваарыг атгагчид тэнд өөрсдийн үүрэг хариуцлагыг үргэлжлүүлэв (С ба Г 138:30). Ерөнхийлөгч Вилфорд Вүүдраф заахдаа: “Хөшигний нөгөө талд санваарын ижил хүч байдаг. Төлөөлөгч бүр, Далын гишүүн бүр, Ахлагч бүр гэх мэт итгэлд нас барсан тэдгээр нь хөшигний нөгөө талд очингуутаа санваартны ажилдаа ордог” (Deseret News, 1882 оны 1-р сарын 25, 818).
Гэр бүлийн харилцаа холбоо мөн чухал Бригам Янгын зөвлөх, Ерөнхийлөгч Жедедиах М.Грант сүнсний дэлхийг харсан. Тэгээд Хебер С.Кимбалд тэнд байдаг зохион байгуулалтын талаар тайлбарлан хэлэхдээ: “Тэнд харсан хүмүүс гэр бүлүүд болон зохион байгуулагдсан байв. Тэр хэлэхдээ: ‘Гэр бүлүүдийг харахад заримд нь дутмаг зүйл буйг би харав. Учир нь тэдгээр гэр бүлүүд энэ дэлхийд байхдаа өөрсдийн дуудлагад үнэнч байгаагүй тул тэдгээр гэр бүлүүдэд хамтдаа амьдрахыг зөвшөөрөөгүй болохыг би харсан’” гэжээ (Deseret News, 1856 оны 12-р сарын 10, 316–17).
Сүнсний шорон
Төлөөлөгч Паул зарим нэгний хувьд сүнсний дэлхий шорон мэт байна гэжээ (1 Петр 3:18–20). Сүнсний шоронд Есүс Христийн сайн мэдээг хараахан хүлээж аваагүй сүнснүүд байна. Тэдгээр сүнснүүдэд сайн ба муугийн аль нэгнийх нь нөлөөнд орох сонгох эрх байгаа. Хэрэв тэд сайн мэдээ болон тэдний төлөө ариун сүмүүдэд гүйцэтгэгдсэн ёслолуудыг хүлээн зөвшөөрвөл сүнсний шоронгоос суллагдаж, диваажинд амьдрах болно.
Мөн энэ дэлхий дээр байна уу сүнсний шоронд байна уу хамаагүй, тэдэнд заагдсаны дараа сайн мэдээг эсэргүүцэх сүнснүүд сүнсний шоронд байдаг. Эдгээр сүнснүүд там хэмээх нөхцөл байдалд зовон шаналдаг. Тэд өөрсдийгөө “Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ; гэвч хэрэв тэд үл наманчлах аваас, бүр миний адилаар тэд зовох ёстой; бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон” хэмээн хэлсэн Есүс Христийн нигүүлслээс холдуулсан (С ба Г 19:16–18). Нүглүүдийнхээ улмаас зовон шаналсаны дараа тэд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан алдар суугийн доод зэрэг болох телестиал хаант улсыг эзэмших болно.
-
Сүнсний дэлхий дэх нөхцөл энэ дэлхийн нөхцөл байдалтай хэрхэн адил байна вэ?
Нэмэлт судрууд
-
1 Петр 4:6 (сайн мэдээ нас барагсдад номлогддог)
-
Moсe 7:37–39 (сүнсний шорон ёс бусчуудад бэлтгэгдсэн)
-
С ба Г 76 (алдар суугийн гурван хаант улсын тухай илчлэлт)
-
Лук 16:19–31 (сүнсний дэлхий дэх гуйлгачин ба баян хүний хувь заяа)