Бүлэг 1
Бидний Тэнгэрлэг Эцэг
Бурхан оршдог
-
Бурхан байдгийг гэрчлэх ямар зүйлс байдаг вэ?
Мормоны Номын бошиглогч Алма, “Бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг; тийм ээ, бүр газар дэлхий, мөн үүний гадаргуу дээрх бүр зүйл, тийм ээ, мөн үүний хөдөлгөөн, тийм ээ, мөн түүнчлэн өөрсдийн байнгын замаар хөдлөх тэр бүх гарагууд Эрхэм дээд Бүтээгч байдгийг гэрчилдэг юм”(Алма 30:44) хэмээн бичжээ. Бид шөнийн тэнгэрийг харж Алма юун тухай хэлснийг мэдэж болно. Төгс дэг журам, дараалалд цэгцлэгдсэн сая сая одод, гарагууд байдаг. Тэд зүгээр л тохиолдлоор тэнд байгаа юм биш. Бид тэнгэрт, мөн газар дээр Бурханы ажлыг харж чадна. Олон янзын ургамал, олон төрлийн амьтад, уул нурууд, гол мөрөн, бидэнд цас бороог авчрах үүлс—энэ бүхэн нь бидэнд Бурхан байдгийг гэрчилдэг.
Бошиглогчид Бурхан бол ертөнцийн Бүхнийг Удирдагч гэдгийг заасан. Бурхан тэнгэрт оршдог (С ба Г 20:17). Түүний Хүү, Есүс Христээр дамжуулан Тэр тэнгэр ба газрыг мөн тэдгээрийн дээрх бүх зүйлийг бүтээсэн билээ (3 Нифай 9:15; Мосе 2:1). Тэр сар, одод мөн нарыг бүтээсэн. Тэр энэ дэлхийг зохион байгуулж, түүнд хэлбэр дүрс, хөдөлгөөн мөн амьдралыг өгсөн. Тэр агаар, усыг амьд зүйлсээр дүүргэсэн. Тэр уул нурууд, хээр талыг төрөл бүрийн амьтдаар дүүргэв. Тэр өдөр ба шөнийг, өвөл ба зуныг, тариалах ба хураах цагийг бидэнд өгсөн. Тэрээр өөрийн бусад бүх бүтээлүүдийн удирдагч байлгахаар Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээсэн (Эхлэл 1:26–27).
Бурхан бол бидний итгэдэг, бидний шүтэн биширдэг Төгс, Агуу Нэгэн билээ. Тэр бол “ертөнцийн Агуу Эцэг” мөн Тэр “бүх хүн төрөлхтний дээрээс эцгийн хайр халамжаар, эцэг ёсоор харж ханддаг” (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 39).
Бурханы мөн чанар
-
Бурханы зарим мөн чанар юу вэ?
Бид Түүний дүрх төрхөөр бүтээгдсэн болохоор (Мосе 2:26; 6:9) бидний бие махбодь Түүний биетэй адилхан гэдгийг мэддэг. Түүний мөнхийн сүнс нь хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой (С ба Г 130:22). Гэхдээ Бурханы бие юутай ч зүйрлэшгүй алдар сууд төгөлдөржин өргөмжлөгдсөн билээ.
Бурхан бол төгс. Тэр бол хайр, энэрэнгүй нинжин, үнэн, хүч чадал, итгэл, мэдлэг болон шүүлт зэрэг мөн чанаруудыг агуулсан зөв шударгын Бурхан. Түүнд бүх хүч бий. Тэр бүгдийг мэддэг. Тэр бол нинжин сэтгэлээр дүүрэн.
Хамаг сайн сайхан бүхэн Бурханаас ирдэг. Түүний хийж буй бүхэн нь хүүхдүүдээ Өөрийн адил төгс төгөлдөр болоход л оршдог. Тэр “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” гэж хэлсэн (Мосе 1:39).
-
Бидэнд яагаад Бурханы мөн чанарыг ойлгох нь чухал вэ?
Бурханаа мэдэх нь
-
Бид Бурханыг хэрхэн мэдэх вэ?
Бурханыг мэдэх нь чухал гэдгийг Аврагч: “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” (Иохан 17:3) хэмээн хэлжээ.
“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла” (Матай 22:37) хэмээн хэлсэн нь анхны бөгөөд агуу зарлиг билээ.
Бурханаа сайн мэдэх тусам бид Түүний зарлигуудыг сахиж, Түүнийг илүү хайрладаг (1 Иохан 2:3). Түүний зарлигуудыг сахиснаар бид Түүнтэй адил болж чадна.
Хэрэв бид хүсвэл Бурханыг мэдэж чадна. Үүний тул:
-
Тэр оршдог гэдэгт, Тэр бидэнд хайртай гэдэгт итгэ (Мозая 4:9).
-
судруудаас суралц (2 Тимот 3:14 17).
-
Түүнд хандан залбир (Иаков 1:5).
-
Бүхий л чадлаараа Түүний зарлигуудад дуулгавартай дага (Иохан 14:21 23).
Бид эдгээрийг хийх аваас Бурханаа мэддэг болж, эцэстээ бид мөнхийн амьдралыг авах болно.
-
Бурхантай ойр байхын тул юу хийх ёстойг тунгаан бод.
Нэмэлт судрууд
-
Үйлс 7:55 56 (Хүү Эцэгийн баруун гар талд)
-
С ба Г 88:41 44 (Бурханы мөн чанарууд)
-
Дуулал 24:1 (дэлхий бол Их Эзэнийх)
-
Мосе 1:30 39 (Бүтээлт)
-
Алма 7:20 (Бурхан бурууг хийж чадахгүй)
-
Иосеф Смит Түүх 1:17 (Эцэг ба Хүү салангид бодиуд)
-
Алма 5:40 (сайн сайхан Бурханаас ирдэг)
-
Иохан 14:6 9 (Хүү ба Эцэг адилхан)
-
Мормон 9:15 20 (гайхамшгийн Бурхан)
-
Амос 3:7 (илчлэлтийн Бурхан)
-
Иохан 3:16 (хайрын Бурхан)