Ном, хичээлүүд
Бүлэг 15: Их Эзэний гэрээт хүмүүс


Бүлэг 15

Их Эзэний гэрээт хүмүүс

The Old Testament prophet Abraham kneeling in prayer. Abraham is holding a staff in one hand and is looking toward the heavens as he prays. Sarah, the wife of Abraham, is depicted watching and with a look of humor on her face, from a tent portrayed in the background. Abraham and Sarah are depicted as elderly people.

Гэрээнүүдийн мөн чанар

  • Гэрээ гэж юу вэ? Яагаад Хожмын үеийн Гэгээнтнүүдийг гэрээт хүмүүс гэж нэрлэдэг вэ?

Эхлэлээс авахуулан Их Эзэн дэлхий дээрх Өөрийн хүүхдүүдтэйгээ гэрээнүүдийг хийсэн. Түүний хүмүүс Их Эзэнтэй гэрээнүүдийг (амлалтууд) хийхдээ, Тэр тэднийг юу хийгээсэй гэж хүсдэгийг мэддэг ба Түүнээс ямар адислалуудыг авч болохоо ч тэд мэддэг. Тэд дэлхий дээрх Түүний ажлыг илүү сайнаар авч явж чадна. Их Эзэнтэй гэрээ хийсэн мөн Их Эзэний гэрээ хийсэн хүмүүсийг Их Эзэний гэрээт хүмүүс гэдэг. Сүмийн гишүүд Их Эзэний гэрээт хүмүүсийн нэг хэсэг юм.

Сайн мэдээнд гэрээ гэдэг нь Бурхан ба хэн нэгэн хүн эсвэл бүлэг хүмүүсийн хоорондох хоёр талын амлалт буюу нандин хэлэлцээр юм. Гэрээнд зарлигуудыг дуулгавартай дагавал тодорхой адислалуудыг өгөхөөр Бурхан амласан. Тэр Өөрийн гэрээнүүдийн нөхцлийг тогтоодог ба тэдгээр нөхцлүүдийг бошиглогч нартаа илчилдэг. Хэрэв бид гэрээний нөхцлүүдэд дуулгавартай байхыг сонговол бид амлагдсан адислалуудыг хүлээн авдаг. Хэрэв бид дуулгаваргүй байхыг сонговол Тэр адислалуудыг далдалж, зарим нөхцөлд шийтгэл хүртдэг.

Жишээ нь: бид Сүмийн гишүүн болохдоо тодорхой гэрээнүүдийг Бурхантай хийдэг (энэ номны бүлэг 20-г үз). Бид баптисм хийлгэхдээ Аврагчтай Түүний нэрийг өөр дээрээ авна хэмээх гэрээг хийдэг. Тэр “Есүс Христ болох миний нэрээр баптисм хүртэж, мөн наманчилж мөн эцсээ хүртэл тэвчих болгон нь, мөнхүү тэд нь аврагдах болно” хэмээн амалсан (С ба Г 18:22). Бид ариун ёслолоос хүртсэнээр Их Эзэнтэй гэрээнд ордог (энэ номны бүлэг 23-г үз). Бид өөрсдийн дээр Түүний нэрийг авч, Түүнийг санаж, Түүний зарлигуудад дуулгавартай байна хэмээн амладаг. Ариун Сүнс бидэнтэй хамт байх болно хэмээн бидэнд амласан (С ба Г 20:77–79). Бид ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахдаа итгэлтэйгээр дуулгавартай байсны төлөөх өргөмжлөлийг амласан бусад нандин гэрээнүүдийг хийдэг (С ба Г 132; мөн энэ номны бүлэг 47-г үз).

Бурхан мөн тодорхой хэсэг бүлэг хүмүүстэй мөн хувь хүнтэй онцгой гэрээнүүдийг хийдэг. Тэр Адам, Инох, Ноа, Израилын хүүхдүүд ба Лихай нартай онцгой гэрээнүүдийг хийсэн (Moсe 6:31–36, 52; Эхлэл 9:9–17; Египетээс гарсан нь 19:5–6; 2 Нифай 1). Абрахамын үр удам болох дэлхийн өнөөгийн бүх үндэстэн ястан, Сүмийн гишүүдийг адислах онцгой нэгэн гэрээг Тэр түүнтэй хийсэн.

  • Бурхантай хийсэн гэрээнүүдийнхээ талаар болон гэрээнүүдийг сахиснаар та нарт амлагдсан Бурханы адислалуудын талаар бод.

Бурханы Абрахамтай ба түүний үр удамтай хийсэн гэрээ

  • Абрахамын гэрээ гэж юу вэ?

Хуучин Гэрээний бошиглогч Абрахам нь маш зөв шударга хүн байсан (тус бүлгийн зургийг үз). Тэр эцгийнхээ хиймэл шүтээнийг шүтэхээс татгалзсан. Тэр Их Эзэний бүх зарлигуудыг сахьсан. Абрахам зөв шударга байсан учраас Их Эзэн түүнтэй болон түүний үр удамтай гэрээ хийсэн.

Абрахам тоо томшгүй үр удамтай болно хэмээн Их Эзэн амласан. Сайн мэдээг, санваарын адислалуудыг, өргөмжлөлийн бүх ёслолуудыг хүлээн авах болно гэдгийг Тэр амласан. Тэдгээр үр удам нь бүх үндэстэн ястны дунд сайн мэдээг санваарын хүчээр дамжуулан түгээх болно. Тэднээр дамжуулан дэлхийн бүх гэр бүлүүд адислагдах болно (Aбрахам 2:11). Бурхан бас хэрэв тэд зөв шударга байх аваас Абрахамын хүүхдүүдийн бүх үе удамтай Тэр Өөрийн гэрээг байгуулна хэмээн амласан (Эхлэл 17:4–8).

  • Абрахамын гэрээн дэх зарлиг ба амлалтууд нь бидэнд хэрхэн хамаарах вэ? (Гэр оронд, ажлын талбарт, нийгэмд, эсвэл бүрэн цагийн номлогчдод хэрхэн энэ асуулт хамаарч болох талаар эргэцүүлэн бод.)

Сүмийн гишүүд бол гэрээт хүмүүс

  • Өнөөгийн Бурханы гэрээт хүмүүст ямар адислал ба хариуцлагууд байдаг вэ?

Абрахамын цусан үр удмынхан гэдэг зөвхөн Бурханы нэрлэсэн Түүний гэрээт хүмүүс биш. Бурхан Абрахамтай ярьж байхдаа, “Сайн мэдээг хүлээн авах болгон нь чиний нэрээр дуудагддаг байх болно, мөн чиний үр удам хэмээн тооцогддог байх болно, мөн босч зогсоод, тэдний эцгийн хувьд чамайг магтан дуулах болно” гэжээ (Aбрахам 2:10). Иймд Абрахамтай хийсэн гэрээнд хоёр бүлэг хүмүүс байдаг. Үүнд: (1) Абрахамын зөв шударга цусан үр удмынхан ба (2) Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, түүгээр амьдарснаар түүний үр удам хэмээн тооцогдох болсон хүмүүс болно (2 Нифай 30:2).

Бид Сүмд баптисм хүртэх үедээ Их Эзэн Абрахам, Исаак, Иаковтай хийсэн гэрээнд ордог (Галат 3:26–29). Хэрэв бид дуулгавартай байх аваас гэрээний адислалуудыг өвлөн авдаг. Бид Ариун Сүнсний удирдамж, тусламжийг хүлээн авах эрхтэй. Зохистой эрэгтэйчүүд санваарыг атгах эрхтэй байдаг. Гэр бүлүүд санваарын адислалуудыг хүлээн авч чадна. Бид селестиал хаант улс дахь мөнхийн амьдралыг олж авч чадна. Эдгээрээс илүү агуу адислалууд гэж үгүй.

Их Эзэний гэрээт хүмүүсийн хувьд хүлээн авах адислалуудын хамт бидэнд мөн агуу үүрэг хариуцлагууд байдаг. Түүний үр удмаар дамжуулан дэлхий дахинд сайн мэдээ өгөгдөх болно хэмээн Абрахамд Их Эзэн амласан. Бид эдгээр хариуцлагуудыг Сүмийн бүрэн цагийн номлогчид ба гишүүдийн номлолын ажлаараа бүрэн гүйцэлдүүлж байна. Дэлхий дахинд сайн мэдээг номлох боломж нь зөвхөн Их Эзэний Сүм ба Түүний гэрээт хүмүүст хамаатай.

Их Эзэний гэрээт хүмүүсийн хувьд бид Түүний зарлигуудыг сахих ёстой. Их Эзэн хэлэхдээ: “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй” гэжээ (С ба Г 82:10). Хэрэв бид сайн мэдээг хүлээн авсны дараа өөрсдийн гэрээнээс татгалзах аваас гэрээ нь хүчингүй болж, бид Бурханы өмнө яллагдахаар зогсох болно (С ба Г 132:4). Тэр “гашуун шүүлтүүд та нарын толгой дээр буухгүйн тулд нүглээс татгалзагтун. Учир нь их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах буюу; мөн агуу гэрлийн эсрэг агуу буруушаалтыг хүлээж авах болно” хэмээн хэлсэн (С ба Г 82:2–3).

Шинэ бөгөөд мөнхийн гэрээ

  • Сайн мэдээг хүлээн авахдаа бид юу хийхээр амладаг вэ? Бид тэдгээр амлалтуудыг сахьснаар Тэнгэрлэг Эцэг бидэнд ямар адислалууд өгдөг вэ?

Сайн мэдээний бүрэн бүтэн байдлыг шинэ ба мөнхийн гэрээ гэдэг. Энэ нь баптисм хүртэх үед хийсэн, ариун ёслолын үеийн, ариун сүм дэх мөн бусад үед хийсэн гэрээнүүдийг багтаадаг. Үүнийг мөнхийн Бурхан урьдчилан тодорхойлсон учраас мөн гэрээ хэзээ ч өөрчлөгдөхгүй учраас Их Эзэн үүнийг мөнхийн хэмээн нэрлэсэн. Тэр энэ гэрээг Адам, Инох, Ноа, Абрахам ба бусад бошиглогчдод өгсөн. Энэ утгаараа энэ нь шинэ зүйл биш. Гэхдээ дэлхийгээс авагдсаны дараа сайн мэдээ дахин сэргээгдэх бүрт энийг хүлээн авч байгаа хүмүүст шинэ байдаг учраас Их Эзэн үүнийг шинэ хэмээн нэрлэдэг (Иеремиа 31:31–34; Езекиел 37:26).

Бид шинэ бөгөөд үүрдийн гэрээг хүлээн авах үед бид наманчлахыг, баптисм хүртэхийг, Ариун сүнсийг хүлээн авахыг, өөрсдийн хувийн хишгийг хүлээн авахыг, ариун сүм дэх гэрлэлтийн гэрээг хүлээн авахыг, мөн эцсээ хүртэл Христийг дагаж, дуулгавартай байхыг зөвшөөрдөг. Өөрсдийн гэрээг сахиснаар бид селестиал хаант улсын өргөмжлөлийг хүлээн авах болно хэмээн Тэнгэрлэг Эцэг бидэнд амладаг (С ба Г 132:20–24; мөн энэ номны 47-р бүлгээс үз).

Тэрхүү амлалтын хосгүйг мөнх бус хүмүүсийн хувьд ойлгоход хүндрэлтэй. Түүний зарлигууд нь бидний тусын тулд өгөгдсөн. Хэрэв бид итгэлтэй байх юм бол дэлхийн болоод тэнгэрийн сайн сайхан ба адислалуудыг үүрд авах болно. Бид Түүний оршихуйд амьдарч, Түүний хайр, нигүүлсэл, хүч, алдар суу, мэдлэг, мэргэн ухаан, сүр жавхлан болоод эзэмшлээс хүртэж чадна.

  • Их Эзэний гэрээт хүмүүс байснаар бид хувцаслалт, үйлдэл ба Бурханы зарлигуудыг сахихдаа ямар байх ёстой вэ?

Нэмэлт судрууд ба бусад эх сурвалжууд

  • 1 Петр 2:9–10 (сонгогдсон хүмүүс)

  • С ба Г 54:4–6 (гэрээг дагах ба зөрчихийн үр нөлөөнүүд)

  • С ба Г 132:7 (зүй ёсны эрх мэдлээр хийгдсэн гэрээнүүд)

  • С ба Г 133:57–60 (гэрээнүүдийн зорилго)

  • С ба Г 35:24 (гэрээнд дуулгавартай байснаар ирэх амлалтууд)

  • Еврей 8:6 (Есүс Христ бол илүү сайн гэрээний зуучлагч)

  • Судруудын Удирдамж “Гэрээ” 54-р хуудас