Бүлэг 38
Мөнхийн гэрлэлт
Гэрлэлт нь Бурханаас томилогдсон
Эрэгтэй эмэгтэй хоёрын гэрлэлт нь Бурханы төлөвлөгөөний амин чухал хэсгийн нэг Их Эзэн “Гэрлэхийг хориглодог хэн боловч Бурханаас томилогдоогүй болой, учир нь гэрлэлт нь Бурханаас хүмүүнд томилогдсон билээ” гэж хэлсэн (С ба Г 49:15). Эхлэлээс эхлэн гэрлэлт нь сайн мэдээний нэгэн хууль байсан. Гэрлэлт нь зөвхөн мөнх бус амьдралын тулд бус үүрд мөнхөд үргэлжлэх учиртай.
Адам Ева хоёрыг дэлхий дээр үхэл гэж байхгүй байх үед Бурхан гэрлүүлсэн. Тэд мөнхөд гэрлэсэн байсан. Тэд өөрсдийн хүүхдүүд болон хүүхдийнхээ хүүхдүүдэд мөнхийн гэрлэлтийн хуулийг заасан. Он жилүүд өнгөрөх тусам ёсон бус явдал хүмүүсийн зүрх сэтгэлд орж, дэлхийгээс энэ нандин ёслолыг гүйцэтгэх эрх мэдэл буцаан татагдсан. Сайн мэдээний Сэргээлтээр дамжуулан дэлхийд дахин мөнхийн гэрлэлт сэргээгдсэн.
-
Эрэгтэй эмэгтэй хоёрын гэрлэлт нь Бурханаар томилогдсон гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?
Мөнхийн гэрлэлт нь Өргөмжлөлд зайлшгүй чухал
-
Их Эзэний гэрлэлтийн тухай ямар сургаал байдаг вэ? Энэ нь дэлхийн үзлээс юугаараа өөр вэ?
Дэлхийн олон хүн гэрлэлтийг зөвхөн эрэгтэй эмэгтэй хоёрын хооронд хамт амьдрахад зориулсан хууль эрхийн хэлэлцээр, нийгмийн хэвшсэн ёс заншил гэж үздэг. Гэвч Хожмын үеийн Гэгээнтнүүднүүдийн хувьд гэрлэлт нь түүнээс илүү зүйл. Бидний өргөмжлөл нь итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах зэрэг бусад зарчим ёслолуудын адил мөн гэрлэлтээс хамаардаг. Бид гэрлэлт нь эрэгтэй эмэгтэй хоёрын хооронд байж болох хамгийн ариун нандин харьцаа гэдэгт итгэдэг. Энэ нандин харилцаа одоо болон үеийн үед үүрд мөнхийн аз жаргалд минь нөлөөлдөг.
Тэнгэрлэг Эцэг маань бид Түүнтэй адил болж болох мөнхийн гэрлэлтийн хуулийг бидэнд өгсөн. Их Эзэн бидэнд:
“Селестиел алдар сууд гурван тэнгэр буюу зэрэглэл буй;
“Мөн хамгийн дээдхийг нь олж авахын тулд хүн санваарын энэхүү ариун жаягт [гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг хэлж буй] орох ёстой;
“Мөн хэрэв тэрээр үгүй аваас, тэрээр үүнийг олж авч чадах нь үгүй” (С ба Г 131:1–3).
Мөнхийн гэрлэлтийг зохих эрх мэдэлтэн Ариун сүмд гүйцэтгэх ёстой.
-
Гэрлэлт нь яагаад зохистой эрх мэдэлтнээр ариун сүмд гүйцэтгэж байж мөнхийн болдог вэ?
Мөнхийн гэрлэлт буюу лацдалт хийх хүчийг атгасан нэгэн гүйцэтгэх ёстой. Их Эзэн “Хэрэв эр хүн шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр нэг эхнэртэй гэрлэж, миний томилсон, тослогдсон түүгээр тэдэн дээр лацлагдаж, хэрэв [тэд] миний [Их Эзэний] гэрээг дагах аваас мөн тэднийг дэлхийгээс гадна байхад бүрэн хүчтэй хэвээр байх болно” гэж амалсан (С ба Г 132:19).
Мөнхийн гэрлэлтийг зөвхөн зохистой санваарын эрх мэдэлтэн гүйцэтгээд зогсохгүй Их Эзэний ариун сүмүүдийн аль нэгэнд хийгдэх ёстой. Ариун сүм нь энэ нандин ёслол гүйцэтгэгдэж болох цорын ганц газар.
Ариун сүмд Хожмын үеийн Гэгээнтэн хосууд ариун сүмийн хувийн хишгээ хүртсэн гэр бүл, найз нөхдийнхөө өмнө ариун тахилын ширээний өмнө өвдөглөн суудаг. Тэд Бурханы өмнө гэрлэлтийн гэрээгээ хийдэг. Тэд энэ үе болон үеийн үед үүрд мөнхөд нөхөр эхнэр хэмээн албан ёсоор тунхаглагддаг. Энэ нь Бурханы ариун санваарыг атгасан, энэ нандин ёслолыг гүйцэтгэх эрх мэдэл бүхий нэгэн гүйцэтгэдэг. Тэр Их Эзэний удирдлагаар үйлдэж, хосуудад өргөмжлөлийн адислалуудыг амладаг. Тэр эдгээр адислалуудыг хүлээн авахын тулд хийх ёстой зүйлүүдийг зааварладаг. Тэр Бурханы хуулиудад дуулгавартай байснаар бүх адислалуудыг хүлээн авна гэдгийг тэдэнд сануулдаг.
Хэрэв бид ариун сүмд санваарын хүчээр бус бусад эрх мэдлээр гэрлэсэн бол гэрлэлт нь зөвхөн энэ амьдралынх болно. Үхлийн дараа гэрлэсэн хосууд бие биеэ мөн хүүхдүүдээ гэх боломжгүй. Мөнхийн гэрлэлт энэ амьдралын дараа гэр бүлүүд хамтдаа байх боломжийг өгдөг.
Мөнхийн гэрлэлтийн ач тус
-
Мөнхийн гэрлэлт нь энэ амьдралд болон үүрд мөнхөд ямар адислалууд авчирдаг вэ?
Хожмын үеийн Гэгээнтнүүдийн хувьд хэсэг зуурын бус харин мөнхийн бүх зүйлсийг харж амьдардаг. Гэхдээ бид мөнхийн гэрлэлтийг хийлгэсний үр дүнд энэ амьдралдаа ч адислалуудыг хүлээн авч чадна. Эдгээр адислалуудын зарим нь:
-
Гэрлэлт маань үүрдийнх гэдгийг бид мэддэг. Үхэл биднийг зөвхөн түр зуур л бие биенээс минь салгадаг. Бидний дуулгаваргүй байдлаас өөр юу ч биднийг мөнхөд салгаж чадахгүй. Энэ мэдлэг биднийг аз жаргалтай, сайн сайхан гэрлэлтийг бий болгохын тул улам зүтгэлтэй ажиллахад маань бидэнд тусалдаг.
-
Бидний гэр бүлийн харилцаа үүрд мөнхөд үргэлжилнэ гэдгийг бид мэддэг. Энэ мэдлэг хүүхдүүддээ зааж, сургахдаа болгоомжтой байхад минь тусалдаг. Энэ нь мөн тэдэнд агуу тэвчээр, хайрыг үзүүлэхэд тусалдаг. Үүний үр дүнд бид аз жаргалтай орон гэртэй болдог.
-
Бид Бурханы томилсон замаар гэрлэсэн учраас хэрэв бид зохистой байх аваас бидэн дээр Их Эзэний Сүнс асгарах болно.
Мөнхөд бидэнтэй байх зарим адислалууд нь:
-
Бид Бурханы селестиел хаант улсын хамгийн дээд зэрэгт амьдарч чадна.
-
Бид Бурханы адил өргөмжлөгдөж, бүрэн дүүрэн баяр баяслыг хүлээн авч чадна.
-
Мөнхийн гэсэн ойлголт хэрхэн бидний гэрлэлт ба гэр бүлийн талаарх мэдрэмжинд нөлөөлдөг вэ?
Бид мөнхийн гэрлэлтэнд бэлтгэх ёстой
-
Бид залуучуудыг мөнхийн гэрлэлтэнд бэлтгэхийн тулд хийж чадах вэ?
Ерөнхийлөгч Спенсер В.Кимбал “Гэрлэлт нь алс холын үр дагавартай, түр зуурын аз жаргалтай хамаатай бус мөнхийн баяр хөөртөй холбоотой хамгийн чухал шийдвэр байж болох юм” гэж заасан. Энэ нь зөвхөн хоёр хүний асуудал бус тэдний гэр бүл, тэр дундаа хүүхдүүд, ач гуч гээд олон үе удамд нөлөөлдөг. Энэ амьдрал болон үүрд мөнхийн хамтрагчаа сонгохдоо бүх шийдвэрүүдээс хамгийн онцгой. бат найдвартай шийдвэрийг гаргахын тулд хамгийн хянамгай төлөвлөлт, эргэцүүлэл, залбирал, мацаг барилтыг хийх ёстой (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 193).
Мөнхийн гэрлэлт нь Хожмын үеийн Гэгээнтэн бүрийн зорилго байх ёстой. Энэ нь иргэний хуулиар гэрлэсэн хосуудад ч хамааралтай. Мөнхийн гэрлэлтэнд бэлтгэхийн тулд маш сайн тунгаан бодох, залбирахыг шаардах болно. Зөвхөн зөв шударга амьдардаг сүмийн гишүүд ариун сүмд орох зөвшөөрлийг авдаг (С ба Г 97:15–17). Бид гэнэт нэг өдөр ариун сүмд гэрлэмээр байна гэж шийдээд тэр өдрөө ариун сүмд ороод гэрлэнэ гэж байдаггүй. Бид юуны өмнө тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой.
Ариун сүмд орохын өмнө бид нэгээс доошгүй жил сүмийн идэвхтэй, зохистой гишүүн байх ёстой. Эрэгтэйчүүд Мелкизедек санваар атгагч байх ёстой. Бид салбарын ерөнхийлөгч юм уу бишоптойгоо ярилцлаганд орсон байх ёстой. Тэр биднийг зохистой гэж үзвэл ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг олгодог. Хэрэв бид зохисгүй бол бидэнд зөвлөж, ариун сүмд орохоор зохистой болох зорилго тавихад тусалдаг.
Бид бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөс зөвшөөрлийн бичгээ авсны дараа гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчтэй ярилцлаганд орох ёстой. Бид ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг авахын тул дараах асуултанд хариулах ярилцлаганд ордог. Үүнд:
-
Та Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ ба Ариун Сүнсэнд итгэдэг, мөн гэрчлэлтэй юү? Танд сайн мэдээний баттай гэрчлэл бий юу?
-
Та Есүс Христийн Хожмйн Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч бөгөөд илчлэгч гэдгийг хүлээн зөвшөөрдөг үү? Та түүнийг дэлхий дээр санваарын түлхүүрүүдийг атгах эрх мэдэлтэй ганц хүн гэдэгт итгэдэг үү?
-
Та ариун явдлын хуулиар амьдардаг уу?
-
Та аравны нэгийг бүрэн төлөгч үү?
-
Та мэргэн ухааны үгийг сахьдаг уу?
-
Та бусадтай шударга байдаг уу?
-
Та хийсэн гэрээгээ сахиж, ариун ёслол болон санваарын цуглаануудад оролцож, сайн мэдээний зарлиг хуулиудаар амьдардаг уу?
Та нар ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахыг хүсэхдээ ариун сүмд орох нь нандин эрх гэдгийг санах ёстой. Энэ нь өнгөцхөн авч үзэх зүйл биш харин нухацтай хийх үйлдэл мөн.
Бид ариун сүмд хийх гэрээ бүхэндээ дуулгавартай байхыг чин сэтгэлээсээ эрэлхийлэх ёстой. Хэрэв бид үнэн итгэлтэй байх аваас өргөмжлөлд орох болно гэдгийг Их Эзэн хэлсэн. Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болох болно (С ба Г 132:19–20). Ариун сүмийн гэрлэлт нь ямар ч золиослолоос үнэ цэнэтэй. Энэ нь хэмжээлшгүй их мөнхийн адислалуудыг олж авах арга зам мөн.
-
Бид залуучуудыг ариун сүмд гэрлэх зорилгыг тавихад нь хэрхэн урамшуулан дэмжих вэ? Үүнд бэлтгэхэд нь бид хэрхэн тусалж чадах вэ?
Нэмэлт судрууд
-
Эхлэл 1:26–28 (бид үржин өсөж, дэлхийг бүрхэх ёстой)
-
Эхлэл 2:21–24 (эхний гэрлэлт Бурханаар гүйцэтгэгдсэн)
-
Maтай 19:3–8 (Бурхан юуг холбосон бэ)
-
С ба Г 132 (гэрлэлтийн хуулийн мөнхийн шинж)
-
С ба Г 42:22–26 (гэрлэлтийн тангараг сахигдах ёстой)
-
Иаков 3:5–7 (нөхөр эхнэрүүд бие биедээ үнэнч байх ёстой)