Бүлэг 24
Хүндэтгэлийн өдөр
Хүндэтгэлийн өдрийн утга учир
-
Хүндэтгэлийн өдөр гэж юу вэ?
“Хүндэтгэлийн өдрийг чанд мөрдөж, үүнийг ариунаар нь сахих ёстой” (Египетээс гарсан нь 20:8; мөн С ба Г 68:29).
Хүндэтгэл буюу Ариун гэдэг үг нь Еврей хэлнээс гарсан бөгөөд амралт гэсэн утгатай. Есүс Христийн Амилалтаас өмнө Бурхан Бүтээлтийг хийж дууссаны дараа Бурханы амралтын өдөр болгон Хүндэтгэлийн өдөр хэмээн түүхэн үйл явдлыг дурсах өдөр болгосон. Энэ нь Бурхан ба Түүний хүмүүсийн хооронд хийсэн гэрээний тэмдэг болсон. Эхлэл номноос бид Бурхан тэнгэр ба дэлхийг Түүнээс хэлснээр өдрүүд хэмээх зургаан үеийн цаг мөчид бүтээсэн: “Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ. Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов” (Эхлэл 2:2–3). Одоо Хүндэтгэлийн өдөр нь мөн Есүс Христийн Амилалтыг дурсан хүндэтгэх өдөр болсон.
Хүндэтгэлийн өдөр нь долоо дахь өдөр бүр юм. Энэ нь бид өдөр тутмын ажлаасаа амралтыг олж, Түүнийг бишрэн хүндлэх Бурханаар ерөөгдсөн ариун өдөр юм.
Хүндэтгэлийн өдрийн зорилго
-
Хүндэтгэлийн өдрийн талаар мэдэхгүй хүмүүст та нар хэрхэн тайлбарлах вэ?
Хүндэтгэлийн өдөр нь бидний тусын тулд байдаг хэмээн Есүс заасан (Maрк 2:27). Хүндэтгэлийн өдрийн зорилго нь бидний бодол санаа, үйлдлийг Бурханы зүгт чиглүүлэх долоо хоногийн тодорхой нэг өдрийг өгсөн явдал юм. Энэ нь зөвхөн ажлаасаа амрах биш. Энэ нь Бурханаа магтан дуулах, бишрэн шүтэхэд зориулагдсан нандин өдөр юм. Бид өөрсдийн дадсан өдөр тутмынхаа үйл ажлаас амарч, сүнслэг зүйлсийн талаар тунгаан бодохын тулд оюун санаагаа чөлөөлдөг. Энэ өдөр бид Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ шинэчилж, Сүнсний зүйлсээр өөрсдийн бодгалийг тэжээдэг.
-
Хүндэтгэлийн өдрийн зорилгыг хадгалахын тулд та нар долоо хоногийн өдөр бүр юу хийж болох талаар бод.
Хүндэтгэлийн өдрийн түүх
Дэлхийн эхлэлд долоо дахь өдөр Хүндэтгэлийн өдөр байхаар Бурханаар ариулан адислагдсан байжээ (Эхлэл 2:2–3). Эртний үеэс эхлэн дэлхийн хүмүүсийн дунд долоо дахь өдрийг ариунаар байлгах заншил хадгалагдсаар иржээ. Бурхан энэ өдөртэй холбоотой зарлигийг шинэчлэн Израилчуудад хандан “Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун” хэмээн хэлсэн (Египетээс гарсан нь 20:8). Хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгалах нь Израилчууд Түүний гэрээт хүмүүс болох тэмдэг байсан (Египетээс гарсан нь 31:12–13, 16; Исаиа 56:1–8; Иеремиа17:19–27).
Гэхдээ зарим Иудей удирдагчид Хүндэтгэлийн өдрийн талаар олон шаардлагагүй дүрэм журмуудыг гаргасан. Тэд хүмүүс хэр хол явж чадахыг, ямар төрлийн бүлэгт хамаарагдаж болохыг гэх мэт олон зүйлийг тогтоосон. Есүс Христ Хүндэтгэлийн өдөр өвчтөнийг эдгээж буйг харсан зарим Иудей удирдагчид Түүнийг шүүмжлэхэд Тэр тэдэнд Хүндэтгэлийн өдөр хүмүүний тусын тулд хийгдсэнийг сануулдаг.
Нифайчууд мөн Бурханы зарлигуудын дагуу Хүндэтгэлийн өдрийг мөрддөг байсан (Жером 1:5).
Орчин үед Их Эзэн Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь хадгалахыг бидэнд сануулан Өөрийн зарлигийг давтан хэлсэн (С ба Г 68:29).
Их Эзэний Өдөр
-
Яагаад Хүндэтгэлийн өдөр долоо дахь өдөр байхыг нэг дэх өдөр болгон сольсон бэ?
Түүний Амилалтыг хүртэл Есүс Христ болон Түүний шавь нар долоо дахь өдрийг Хүндэтгэлийн өдөр хэмээн хүндэтгэж байсан. Түүний Амилалтын дараа Ням гарагийг Түүний Амилалтын өдрийг дурсан санахын тулд Их Эзэний өдөр болгон ариунаар хадгалсан (Үйлс 20:7; 1 Коринт 16:2). Энэ үеэс эхлэн Түүний дагалдагчид тэдний Хүндэтгэлийн өдөр долоо хоногийн эхний өдөр байхаар тогтоожээ. Энэ хоёрын аль ч тохиолдолд зургаан өдөр хөдөлмөрлөж, нэг өдрийг амралт болон сүсэг бишрэлийн өдөр байлгадаг.
Их Эзэн бидний үед мөн Ням гарагийг хүндэтгэж Их Эзэний өдөр, Хүндэтгэлийн өдөр байлгах шууд зарлигийг өгсөн (C ба Г 59:12).
-
Амилалтыг дурсан санах нь хэрхэн бидний Хүндэтгэлийн өдрийн сүсэг бишрэлд нөлөөлдөг вэ?
Хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгалах нь
-
Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь хадгалах гэдэг юу гэсэн үг вэ?
Их Эзэн биднээс хамгийн эхэнд Хүндэтгэлийн өдрийг ариусгахыг хүссэн. 1831 онд Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлтэнд Их Эзэн гэгээнтнүүдийг залбирлын өргөөнд очиж, өөрсдийн ариун ёслолуудыг өргөж, өөрсдийн хөдөлмөрүүдээсээ амрахаар мөн Бүхний Дээдэд өөрсдийн бүхнээ зориулахыг тушаасан (С ба Г 59:9–12).
Хоёрдугаарт: өдөр тутмын ажлаасаа амрахыг биднээс Тэр хүссэн. Энэ нь өөрсдийн бүх анхаарлыг сүнслэг зүйлүүдэд өгөхөөс биднийг холдуулах ажил хөдөлмөр хийх ёсгүй гэсэн үг. Их Эзэн Израилчуудад “Чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй” гэж хэлсэн (Eгипетээс гарсан нь 20:10). Энэ өдөр бид худалдаа хийж, анд явж, загасчилж, спортын тоглоомуудад оролцох эсвэл эдгээртэй адил төстэй үйл ажиллагаануудад оролцож болохгүй гэдгийг бошиглогчид бидэнд хэлсэн.
Гэхдээ хэрэв бид Хүндэтгэлийн өдөр юу ч хийхгүй зөвхөн залхууран хэвтэх аваас бид ариун өдрийг ариунаар нь хадгалж байгаа хэрэг бус хэмээн Ерөнхийлөгч Спенсер В.Кимбал анхааруулсан. Хүндэтгэлийн өдөр нь бүтээлч бодол болон үйлдлүүдийг бий болгодог ( Teachings of Presidents of the Church: Спенсер В.Кимбал [2006], 170).
Бид Хүндэтгэлийн өдөр юу хийж болох вэ? Бошиглогч Исаиа бид өөрт тааламжтай зүйлийг хийхээс зайлсхийж, “амралтын өдрийг баясгалант, Эзэний ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэх” ёстой хэмээн захьсан (Исаиа 58:13).
Бид Хүндэтгэлийн өдөр хийж болох зөв шударга зүйлсийг анхааралдаа авах ёстой. Жишээ нь: бид Хүндэтгэлийн өдөр Сүмийн цуглаануудад оролцож; судруудыг болон Сүмийн удирдагчдын үгсийг уншиж, өвчтөнийг, өндөр настангууд болон өөрсдийн хайртай нэгнийд зочлон эргэж, сүнслэгээр урамшуулах дуу хөгжим сонсож, дууллыг дуулж, Тэнгэрлэг Эцэгийг магтан дуулж талархсан залбирлыг өргөж, Сүмийн үйлчлэлийг гүйцэлдүүлж, гэр бүлийн түүх ба хувийн түүхийн баримтыг бэлтгэж, итгэлийг өсгөх түүхийг ярьж, өөрсдийн гэрчлэл мөн сүнслэг туршлагуудыг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж, бүрэн цагийн номлогч нарт болон гэр бүл дотны хүмүүстээ захидал бичиж, зорилготойгоор мацаг барьж, гэртээ хүүхдүүдтэйгээ болон бусадтай хамт цагийг сайхан өнгөрөөж ариунаар хадгалж чадна.
Хүндэтгэлийн өдрийг ариунаар байлгаж болох бусад ямар нэгэн үйл ажиллагаануудад оролцохдоо бид өөрсдөөсөө дараах асуултуудыг асуух ёстой: Энэ нь миний сэтгэл санааг өргөж, урамшуулан зоригжуулах уу? Энэ нь Их Эзэнд хүндэтгэлийг үзүүлж байна уу? Энэ нь миний бодлыг Их Эзэн уруу хөтөлж байна уу?
Хүндэтгэлийн өдөр хөдөлмөрлөх шаардлагатай болох тохиолдол бидэнд тулгарч болно. Бид аль болох үүнээс зайлхийх хэрэгтэй бөгөөд харин энэ нь гарцаагүй шаардлагатай болох аваас бид Хүндэтгэлийн өдрийн сүнсийг өөрсдийн зүрх сэтгэлд байлгах хэрэгтэй.
-
Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь хадгалахад өөрийн чармайлтыг хөгжүүлэхийн тулд хийж чадах ямар нэгэн зүйлийн талаар бод. Хэрэв та эцэг эх эсвэл эмээ өвөө бол хүүхдүүддээ эсвэл ач зээ нартаа Хүндэтгэлийн өдрийн утга учрыг ойлгоход нь туслах ямар нэгэн зүйлийн талаар бод.
Хүндэтгэлийн өдрийг сахиснаар ирэх адислалууд
-
Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь хадгалснаар бид ямар адислалуудыг хүлээн авдаг вэ?
Хэрэв бид Хүндэтгэлийн өдөр хүндэтгэлтэй байх аваас бид агуу сүнслэг болон материаллаг адислалуудыг хүлээн авч чадна. Хэрэв бид талархалтай, баяртай зүрх сэтгэлээр Хүндэтгэлийн өдрийг хадгалах аваас бид баяр баяслаар дүүрэн байх болно хэмээн Их Эзэн хэлсэн. Тэр дараах зүйлсийг амласан:
“Дэлхийн бүрэн байдал та нарынх бөлгөө, тийм ээ, хоол хүнс эсвээс хувцас хунарын тулд, эсвээс орон гэр буюу оромжийн тулд, эсвээс жимсний цэцэрлэгүүдийн тулд, эсвээс усан үзмийн талбайн тулд,
“Тийм ээ, дэлхийгээс, өөр өөрсдийн цагт ирдэг бүх зүйл, хүмүүний тусын тулд мөн ашиглалтын тулд, нүд баясах хийгээд сэтгэл баярлуулах аль алиных нь тулд хийгдсэн болой;
“Тийм ээ, хоол хүнс хийгээд хувцас хунарын тулд, амт хийгээд үнэрийн тулд, бие махбодийг хүчирхэгжүүлэх хийгээд сүнсэнд эрч хүч өгөхийн тулд болой” (С ба Г 59:16–19).
Нэмэлт судрууд
-
Eгипетээс гарсан нь 31:16–17 (Хүндэтгэлийн өдөр нь Их Эзэн ба Түүний хүмүүсийн хооронд хийсэн мөнхийн гэрээ)
-
Moзая 13:16–19; 18:23; Eгипетээс гарсан нь 35:1–3; Левит 26:2–4, 6, 12 (Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь байлга)
-
Лук 6:1–11 (Хүндэтгэлийн өдөр сайн зүйлсийг хийх нь хуулийн дагуу болно)
-
Лук 13:11–17; Иохан 5:1–18 (Хүндэтгэлийн өдөр Есүсийн хийсэн сайн зүйлсийн жишээ)