Ном, хичээлүүд
Бүлэг 28: Үйлчлэл


Бүлэг 28

Үйлчлэл

Jesus Christ with the twelve apostles. Christ (depicted wearing a white robe with a yellow sash), is kneeling before one of the apostles as He washes the feet of that apostle. The other eleven apostles are gathered around a table (having just completed the last supper). They are watching Christ. (John 13:1-20)

Бид хэрхэн үйлчилж чадах вэ

  • Хүмүүс танд болон танай гэр бүлд үйлчилсэн арга замуудын талаар бод.

Есүс “Харин би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг” хэмээн хэлсэн (Лук 22:27). Есүсийн үнэн шавь нарын хувьд бид ч мөн бусдад үйлчлэх ёстой.

Үйлчлэл гэдэг тусламж шаардлагатай байгаа хэн нэгэнд тусална гэсэн үг. Аврагчийг хайрлах агуу хайр болон Түүний биднээр туслуулахаар боломж, удирдамжийг өгөх тэдгээр хүмүүсийг харйлах хайр ба зовних сэтгэлээс Христ шиг үйлчлэл урган гардаг юм. Хайр нь мэдрэмжээс илүү зүйл. Бид бусдыг хайрлахаараа тэдэнд туслахыг хүсдэг.

Бидний амьдралын орлого, нас эсвэл нийгмийн байдал ямар байх нь хамаагүй бид бүгд үйлчлэх хүсэлтэй байх ёстой. Зарим хүмүүс ядуус болон доод түвшингийнхэнд үйлчлэх ёстой гэж итгэдэг. Бусад нь зөвхөн баячууд үйлчлэл хийж өгөх ёстой гэж боддог. Харин Есүс өөр зүйлийг заасан. Түүний хоёр шавийн ээж Түүнээс хөвгүүдийг нь Өөрийн хаант улсдаа байлгахыг хүсэхэд Есүс “Та нарын дунд хэн чинь агуу нэгэн болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог” хэмээн хариулав (Maтай 20:26–27).

Үйлчлэх маш олон арга зам байдаг. Бусдад бид эдийн засгаар, нийгмийн байдлаар, биеийн хөдөлмөрөөр мөн сүнслэг байдлаар тусалж чадна. Жишээ нь: бид гачигдаж зовсон хүнтэй хоол хүнс болон бусад зүйлсээ хуваалцаж болно. Бид мацгийн өргөлөө өгөөмрөөр төлж хэрэгцээтэй хүнд тусалж чадна. Бид шинээр ирэгч хүмүүстэй найз байж чадна. Бид өндөр настангуудын цэцэрлэгийн ажилд нь тусалж, өвчтэй нэгнийг асран халамжилж болно. Бид үнэн хэрэгтэй тэдэнтэй сайн мэдээг зааж эсвэл уй гашууд орсон тэднийг тайвшруулж болно.

Бид их бага ямар ч үйлчлэлийн хэмжээнд тусалж чадна. Бид агуу зүйлсийг чадахгүй юм чинь хэмээн бодож хэн нэгэнд туслахгүй байж болохгүй. Нэгэн шинэ хотод нүүж ирээд удаагүй байхад нь хоёр хүүхэд ирж хаалгыг нь тогшсон тухай нэгэн бэлэвсэн эмэгтэй хуваалцсан байдаг. Хүүхдүүд түүнд савтай өдрийн хоол авчирсан байсан бөгөөд “Хэрэв танд зарлага хэрэгтэй бол биднийг дуудаарай” гэсэн бичгийг үлдээсэн байв. Бэлэвсэн эмэгтэй энэ өчүүхэн анхаарал тавьсанд талархалтай байсан ба үүнийг хэзээ ч мартдаггүй ажээ.

Гэвч заримдаа бид хэн нэгэнд үйлчлэхийн тулд том золиослолыг хийх хэрэгтэй болдог. Аврагч бидэнд үйлчилснээр Өөрийн амийг бидний төлөө өгсөн.

  • Өөрийн гэр бүл болон хамт олны дунд эдийн засгийн, нийгмийн, биеийн эсвэл сүнслэг хэрэгцээ шаардлагатай байгаа хүмүүсийн талаар бод. Тэдэнд хэрхэн үйлчилж болох талаар тунгаан бод.

Яагаад Аврагч биднийг бусдад туслаасай хэмээн хүсдэг вэ

  • Яагаад Их Эзэн биднийг бусдад үйлчлэхийг хүсдэг вэ?

Бүх хүн үйлчлэлээр дамжуулан Бурханы ажлыг хийдэг. Ерөнхийлөгч Спенсер В.Кимбал “Бурхан биднийг анзаарч, харж байдаг. Гэхдээ энэ нь ихэвчлэн бидний хэрэгцээг өөр хэн нэгнээр дамжуулан хангадаг” (Teachings of Presidents of the Church: Спенсер В.Кимбал [2006], 82).

Бид амьдралынхаа турш хэн нэгний тусламжаас хамааралтай байдаг. Биднийг нялх нярай байхад эцэг эх маань биднийг хооллож, хувцаслаж, асран халамжилж байсан. Энэ анхаарал халамжгүйгээр бид амьд үлдэхгүй байх байсан. Хүмүүс бидэнд ур чадвар, зан харилцааг заадаг. Бидний олонх нь өвчтэй байхдаа сувилагч асрагчаар халамжлуулж, эдийн засгийн хямралын үед хэн нэгэн мөнгөн тусламж үзүүлдэг. Бидний зарим нь Бурханаас зовж байгаа хүмүүсийг адислахыг хүсэн залбирч, өөрсдөө тэдний төлөө юу ч хийдэггүй. Бурхан биднээр дамжуулан ажилладаг гэдгийг санах хэрэгтэй.

Бид бие биедээ тусалснаар Бурхандаа үйлчилдэг. Мормоны Номны нэгэн агуу Хаан Бенжамин өөрийн хүмүүст амьдралынхаа жишээгээр энэ зарчмыг заасан. Тэр амьдралынхаа турш бусдад үйлчилж хүмүүсээр хувийн амьдралаа тэтгүүлэхийн оронд өөрөө хөдөлмөрлөж амьдралаа залгуулдаг байсан. Тэр нэгэн сүнслэг номлолд яагаад үйлчлэл дуртай тухайгаа тайлбарлан хэлэхдээ:

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу. …

“Мөн хэрэв та нарын хаан болгосон тэрбээр, та нарт үйлчлэхээр хөдөлмөрлөх аваас та нар нэг нэгэндээ үйлчлэхээр хөдөлмөрлөх ёстой бус уу?” (Moзая 2:17–18).

  • Бид бусдын хэрэгцээг хангахад бэлэн байхын тулд юу хийж чадах вэ?

Бид үйлчлэлээр дамжуулан адислалуудыг хүлээн авдаг

  • Бид бусдад үйлчилснээр ямар адислалуудыг хүлээн авдаг вэ?

Бид бусдад үйлчилснээр чухал адислалуудыг хүртдэг. Үйлчлэлээр дамжуулан бидний хайрлах чадвар өсдөг. Бидний хувиа хичээх чанар багасдаг. Бид бусдын асуудлуудын талаар сэтгэл тавин бодоход бидний асуудлууд хажууд нь юу ч биш мэт санагддаг. Бид мөнхийн амийг олохын тулд бусдад үйлчлэх ёстой. Бурхан Түүнтэй хамт байсан тэдэнд Түүний хүүхдүүдийг хайрлаж, үйлчлэх ёстойг хэлсэн (Maтай 25:34–40).

Амин хувиа бодолгүй бусдын төлөө үйлчилж байгаа хүмүүсийн амьдралыг бид эргэцүүлэн бодоход тэд өгч байгаагаасаа илүүтэй олж авч байгааг бид харж чадна. Ийм хүмүүсийн нэг бол Хожмын үеийн гэгээнтэн ослын улмаас хоёр хөлөө алдсан Паул юм. Зарим хүмүүс ийм болоод уй гашууд унаж, ямар ч хэрэгцээгүй хүн болж болох. Харин Паул өөрийгөө мартаж бусдын тухай бодохыг сонгосон аж. Тэр худалдаа эрхлэн мөнгө цуглуулж байшин худалдаж авав. Тэр эхнэртэйгээ байшиндаа орон гэргүй хүмүүс, эх эцэгтээ хаягдсан хүүхдүүдэд зориулан өрөө гаргажээ. Тэдний зарим нь нэлээд хүнд хөгжлийн бэрхшээлтэй болсон байв. Паул 20 жилийн турш бусдад үйлчилжээ. Үйлчлэлийнхээ хариуд тэр агуу хайраар хайрлуулж, өөрийн зэрэмдэг болсон хөлнийхөө талаар мартсан байв. Тэр Их Эзэнтэй ойр байж өсөн хөгжиж байв.

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбал “Бид бусдад үйлчилснээр илүү бие даасан, хэрэгтэй зүйлд ач холбогдол өгөхийн үнэ цэнэ, үр дүнг мэддэг болдог. Энэ нь өөрсдийгөө ойлгож олж мэдэхэд амар болгодог. Учир нь биднээс гадна “олох” хэрэгтэй маш олон хүмүүс байна!” (Teachings of Presidents of the Church: Спенсер В.Кимбал, 85–86).

Үйлчлэх боломжууд

Бидний зарим нь зөвхөн хайртай хүмүүстээ үйлчлээд бусдаас зайлсхийдэг. Гэхдээ Есүс хүн бүрийг хайрлаж, хүн бүрт үйлчлэхийг бидэнд зарлигласан. Үйлчлэл хийх маш олон боломж байна (Moзая 4:15–19).

Бид гэрийнхэндээ үйлчлэл хийж болно. Эхнэр, нөхрүүд бие биеийхээ хэрэгцээг мэддэг байх ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүдээ зөвхөн хооллож, хувцаслахаас гадна мөн тэдэнд зааж, тэдэнтэй тоглож, хамт ажиллаж тэдэнд үйлчлэх ёстой. Хүүхдүүд гэр орны ажил болон ах эгч нартаа тусалж болно.

Эхнэр нөхрүүд бие биедээ үйлчилж тусалдаг. Тэд бие биедээ хүүхдүүдээ асран халамжилж, мөн нэг нэгнийхээ сонирхол, ажил төрөлд нь дэмжин тусалж чадна. Номлолд хүүхдээ илгээхийн тул аав ээж нар золиослол гаргадаг. Том ах нь харанхуйгаас айдаг эмэгтэй дүүгээ тайвшруулж эсвэл түүнд уншиж сурахад нь тусалж болно. Бидний бошиглогчид гэр бүл бол нийгмийн дундах хамгийн чухал нэгж мөн хэмээн бидэнд хэлсэн байдаг. Бид гэр бүлийнхэндээ маш сайн туслах ёстой (Moзая 4:14–15).

Бид өөрсдийн хөрш, найз нөхөд тэр ч бүү хэл танихгүй хүмүүст ч туслах олон боломж байдаг. Хэрэв хөрш маань ширүүн шуурганы өмнө тариагаа хураах гэж зовж байвал бид түүнд тусалж чадна. Өвдсөн ээжид хүүхдийг нь харж асрамжлан, гэр орных нь ажлыг хийхэд тусалж болно. Хэн нэгэн залуу сүмээс холдож байхад нь түүнийг эргүүлэн авчирч болно. Хэн нэгэн тохуурхагдан шоовдорлогдсон хүүхдийг тайвшруулан түүний найз нь байж, бусдыг нь түүнд найрсаг байхыг ухуулж болно. Бид үйлчлэл хийхийн тулд тэр хүнээ заавал таньдаг байх албагүй. Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ аль болох олон хүүхдүүдэд туслах арга замуудыг эрэлхийлэх ёстой.

Хэрэв бидэнд онцгой нэгэн авьяас байвал бид түүнийгээ бусдад туслахын төлөө ашиглах ёстой. Бурхан биднийг бусдын амьдрал ахуйг дээшлүүлэхэд туслуулахын тулд авьяас билэг, ур чадваруудаар адисалсан.

Сүмдээ үйлчлэх боломж бидэнд байдаг. Сүмийн байгууллагын нэгэн зорилго бол бидэнд бусдад туслах боломжийг олгох явдал юм. Сүмийн гишүүд бүрэн цагийн номлол, удирдах томилолтуудыг хүлээн авч, сүмийн гишүүдийнхээр айлчлах, багшлах мөн сүмийн бусад ажлуудыг хийж үйлчилдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд мэргэжлийн ямар ч төлбөр цалин өгдөггүй. Тиймээс сүмийн гишүүд бүгд сүмийн бүх үйл ажиллагааг зохион байгуулан удирдан явуулдаг.

  • Сүмд болон туслах бүлгүүдэд үйлчлэхээс гадна бид гэр бүлдээ хэрхэн хангалттай цагийг зориулж чадах вэ?

Есүс Христ үйлчлэлийн төгс жишээ мөн

  • Аврагч үйлчлэлийн үлгэр жишээг үзүүлдэг та нарын дуртай ямар судрууд байдаг вэ?

Аврагч үйлчлэлийн төгс жишээг үзүүлсэн. Тэр энэ дэлхийд үйлчлүүлэхээр ирээгүй харин үйлчлэхээр, Өөрийн амийг бидний төлөө өгөхөөр ирсэн гэдгээ Тэр тайлбарласан (Maтай 20:28).

Есүс Христ бидний ойлгож мэдэрч чадахаас илүүтэйгээр бидэнд хайртай. Тэр дэлхий дээр байхдаа ядуус, шоовдорлогсод, нүгэлтэнгүүд, үзэн ядагдагсдад үйлчилсэн. Тэр сонсох бүхэнд сайн мэдээг зааж, Түүн уруу ирсэн өлсгөлөн хүмүүсийг хооллож, өвчтөнийг эдгээж, үхсэнийг амьдруулсан.

Тэр бол дэлхийн Бүтээгч мөн бидний Аврагч. Тэр үйлчлэлийн олон даруухан үйлсийг хийсэн. Өөрийн Цовдлолтын өмнөхөн Тэр шавь нартайгаа уулзсан. Тэдэнд заасны дараа Тэр савтай ус, алчуур авч тэдний хөлийг угаасан (Иохан 13:4–10; энэ бүлгийн зурагнуудыг үз). Тэр үед зочны хөлийг угаана гэдэг хүндэтгэлийн тэмдэг байсан бөгөөд үүнийг ихэвчлэн зарц боолууд гүйцэтгэдэг байв. Есүс үүнийг хайр ба үйлчлэлийн жишээ болгон хийсэн. Бид бусдад хайрын сүнсээр, хүсэл тэмүүлэлтэйгээр үйлчлэх аваас Христтэй илүү адил болдог.

  • Бид Аврагчийн үйлчлэлийн жишээнээс юуг суралцаж чадах вэ?

Нэмэлт судрууд