Ном, хичээлүүд
Бүлэг 6: Адам Ева нарын уналт


Бүлэг 6

Адам Ева нарын уналт

Adam and Eve walking together after leaving the Garden of Eden. There are storm clouds in the sky, and plant growth along the path they are walking. There is a waterfall in the background.

Дэлхийд анх Адам Ева нар ирсэн

  • Адам Ева нар баатарлаг сүнснүүд байсныг бидэнд юу нотолдог вэ?

Хүүхдүүдийнхээ амьдрах гэр болгохоор Бурхан энэ дэлхийг бэлтгэсэн. Адам Ева нар дэлхий дээр амьдрах анхны хүмүүс байхаар сонгогдсон (Moсe 1:34; 4:26). Эцэгийн төлөвлөгөөн дэх тэдний гол үүрэг нь дэлхийд хүмүүнийг авчрах байлаа. Тэд анхны эцэг эх байхаар сонгогдсон (С ба Г 107:54–56).

Адам Ева нар Эцэгийн сурвалжит хүүхдүүдийн нэгэн. Сүнсний дэлхийд Адамыг Михаил хэмээн дууддаг байв (С ба Г 27:11; Иуда 1:9). Тэр Сатаны эсрэг тулаанд зөв шударгыг удирдахаар Тэнгэрлэг Эцэгээр сонгогдсон (Илчлэлт 12:7–9). Адам Ева нар бидний анхны эцэг эх байхаар урьдчилан томилогдсон. Их Эзэн Адамд агуу амлалтыг өгсөн: “Бибээр чамайг тэргүүнд байхаар болголоо; олон үндэстэн чамаас ирэх болно, мөн чи тэдний дээр үүрд хунтайж бөлгөө” (С ба Г 107:55).

Ева “амьд бүхний эх байв” (Moсе 4:26). Бурхан Адам Ева нарыг хамтдаа байж, эхнэр нөхөр болгосон. Учир нь “хүн ганцаар байх нь сайн биш” (Moсе 3:18; мөн 1 Коринт 11:11). Ева нь Адамын үүрэг хариуцлага болон түүний мөнхийн адислалыг хуваалцах болно.

  • Адам Ева нарын туршлагаас бид юу суралцаж болох вэ?

Едений цэцэрлэг

  • Адам Ева нар Едений цэцэрлэгт ямар нөхцөл байдалд байсан бэ?

Адам Ева нар Едений цэцэрлэгт аваачигдах үед мөнх бус амьдралыг хараахан аваагүй байсан. Тиймээс “тэд хүүхдүүдгүй байлаа” (2 Нифай 2:23). Үхэл гэж байсангүй. Тэдний сүнс дэлхийн тоосноос хийгдсэн амьд бодгаль өмссөн учир тэд жам ёсны амьдралтай байв (Moсе 6:59; Aбрахам 5:7). Тэд Бурханы оршихуйд байсан учир тэд сүнслэг амьдралтай байв. Тэд хараахан сайн муугийн хооронд сонголт хийгээгүй байв.

Бурхан тэдэнд хүүхэдтэй болохыг тушаасан. Тэр “Үр жимстэй байгтун, мөн өсөн үржиж, мөн үүнийг захирч, … мөн газар дэлхий дээр хөдлөн явдаг амьдрагч зүйл бүхний дээр эзэгнэлтэй байгтун” (Moсе 2:28) хэмээсэн. Бурхан тэдэнд тэд ганцхан сайн ба муугийн мэдлэгийн мод /амьдралын мод/-ноос бусад цэцэрлэгийн юм бүхнээс чөлөөтэй идэж болно хэмээн тушаасан. Бурхан энэ модноос “түүнээс идсэн тэр өдөртөө чи гарцаагүй үхэх болно” (Moсе 3:17).

Сатан Бурханы бодлыг мэдээгүй ч Бурханы төлөвлөгөөг нураахын тулд Едений цэцэрлэгт Ева дээр ирсэн. Тэр сайн ба муугийн мэдлэгийн модны жимснээс идүүлэхээр Еваг уруу татсан. Та нар үхэхгүй ээ, харин “сайн ба мууг мэдсэнээр та нар бурхад шиг болох болно” гэж ятгасан (Moсе 4:11). Ева уруу таталтанд автаж, жимснээс идсэн. Юу болсныг Адам мэдээд мөн жимснээс амсахаар сонгосон. Жимснээс хүртсэний улмаас Адам Ева нарт ирсэн өөрчлөлтийг Уналт гэдэг.

Адам Ева нар Бурханаас холдуулагдсан нь

  • Тэдний зөрчлийн улмаас Адам Ева нарт биеийн болон сүнслэг ямар өөрчлөлт ирсэн бэ?

Сайн ба муугийн мэдлэгийн модны жимснээс Адам Ева нар идсэн учир Их Эзэн тэднийг Едений цэцэрлэгээс гаргаж, дэлхий уруу илгээсэн. Тэд хориглогдсон жимснээс идсэний учир биеийн нөхцөл байдал нь өөрчлөгдсөн. Бурханы амласнаар тэд мөнх бус болсон. Тэд болон тэдний хүүхдүүд өвчин зовлон, өвдөлт ба биеийн үхэл үзэх болсон.

Тэдний зөрчлийн улмаас Адам Ева нар мөн сүнсний үхэлд зовсон. Энэ нь тэд болон тэдний хүүхдүүд Бурхантай нүүр тулан зэрэгцэн алхаж, ярьж чадахгүй болсон үг байв. Адам Ева болон тэдний хүүхдүүд биеэр болон сүнслэгээр Бурханаас холдуулагдсан.

Зөрчлөөс агуу адислалуудад

  • Уналт хэрхэн бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болох боломжийг өгсөн бэ?

Зарим хүмүүс Адам ба Ева нар сайн ба муугийн мэдлэгийн модноос хүртсэнээр агуу нүглийг үйлдсэн гэж итгэдэг. Гэвч хожмын үеийн судрууд тэдний Уналт нь бидний амьдралын төлөвлөгөөний чухал алхам бөгөөд бид бүгдэд агуу адислал болсон гэдгийг ойлгоход тусалдаг. Уналт байсан учир бид сайн мууг сонгох эрх, мөнхийн амьдралыг олох боломжтой махан биебодиор адислагдсан. Адам Ева нарын цэцэрлэгт олж авсан зүйл байгаагүй бол эдгээр боломжийн аль нь ч биднийх болохгүй байсан.

Уналтын дараа Ева “Хэрэв бидний зөрчил байгаагүй сэн бол бид хэзээ ч үр удамгүй байх байсан, мөн сайн ба мууг, мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг, мөн дуулгавартай бүгдэд Бурханы өгсөн мөнх амьдралыг бид хэзээ ч мэдэхгүй байх байсан” гэж хэлсэн (Moсе 5:11).

Бошиглогч Лихай үүнийг тайлбарлахдаа:

Мөн эдүгээ, болгоогтун, хэрэв Адам зөрчил үйлдээгүй аваас тэрээр унахгүй [Бурханы оршихуйгаас хөөгдөхгүй], харин тэр Едений цэцэрлэгт үлдэх байсан билээ. Мөн бүтээгдсэн бүх зүйл тэд бүтээгдсэнийхээ дараа байсан тэр байдлаараа нэгэн адил үлдэх ёстой байсан бөлгөө. …

“Мөн тэд хүүхдүүдгүй байх байсан; иймийн тул тэд зовлонг мэдээгүйн учир, баясал үгүй, гэм зэмгүй гэнэн байдалдаа үлдэх байсан; тэд нүглийг мэдэхгүй учир сайныг эс үйлдэх байсан билээ.

“Гэвч болгоогтун, бүх зүйл, бүхнийг мэдэгч түүний мэргэн ухаанд хийгдсэн билээ.

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:22–25).

  • Яагаад бид Уналтын талаар мэдэх нь чухал вэ? Уналт хэрхэн бидэнд нөлөөлдөг бэ?

Нэмэлт судрууд