Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Амар амгалангийн бэлэг


14444:25

Амар амгалангийн бэлэг

Би та бүхэнтэй хамт Христийн мэндэлсний баярыг тэмдэглэж байгаадаа талархаж байна. Бидний зорилго бол Их Эзэн Есүс Христэд хүндэтгэл үзүүлэх явдал юм. Бид өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг ойлгоосой гэж хүсдэг. Энэ утга учрыг амар амгалан гэж дүрсэлдэг ч энэ нь улс төрийн амар амгалан биш юм. Учир нь Аврагч айдас хүйдэс, үймээн самуунтай цагт мэндэлсэн ба Түүний гэр бүл Египет рүү дүрвэх шаардлагатай болсон. Мөн энэ нь эдийн засгийн амар амгалан биш юм. Учир нь Тэр малын саравчин дахь тэжээлийн тэвшинд мэндэлсэн. Энэ нь бүх бэлгээ боож, модоо чимэглэж, ширээгээ зассаны дараа мэдрэгддэг амар амгалан ч бус, учир нь энэ бол түр зуурын амар амгалан. Христийн мэндэлсний баярын амар амгалан нь “бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван”1 юм. Энэ бол “Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална”2 хэмээн төлөөлөгч Паулын амласан амар амгалан юм. Бидний эрэлхийлдэг тэрхүү амар амгалан нь зөвхөн Есүс Христээр дамжин мөн Түүний ачаар ирдэг.

Бидний зарим нь сайхан, тайван орчинд амьдардаг боловч сэтгэлдээ тайван бус байдаг. Өөр бусад нь үхэл хагацал, гай зовлон, байнгын бэрхшээл дунд байхдаа ч амар амгалан, тайвшралыг мэдэрч чаддаг.

Аврагч мөнх бус байдалд ирсэн бүх хүнд хандаж, “ертөнцөд та нар зовлонтой байна”3 хэмээн хэлсэн. Гэвч Тэрээр мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр шавь нартаа “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна”4 гэсэн гайхалтай амлалтыг өгчээ. Амар амгалангийн энэ амлалт өнөөдөр ч гэсэн Түүний гэрээт шавь нарт ирсээр байгааг мэдээд миний сэтгэл уужирдаг.

Энэхүү амлалтыг Түүний мэндэлсэн шөнө ч бас өгсөн юм. Тэнгэр элчүүд Аврагчийн төрснийг зарлахдаа “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь…байх болтугай””5 хэмээн тунхагласан байдаг.

Бид жилийн энэ адислал бүхий цаг үеэр бүх бэлгийг Өгөгчөөс юу юунаас илүүтэй амар амгаланг эрж хайдаг. Энэ үдэш би энэ улиралд болон ирэх жил, амьдралын туршид амар амгаланг илүү их мэдэрч чадах олон олон арга замаас цөөн хэдийг нь хуваалцахыг хүсэж байна.

Нэгд, Түүний мэндэлсэн шөнө дуулсан тэнгэр элчүүд шиг бид Аврагч Есүс Христийг магтан дуулахдаа амар амгаланг мэдэрч чадна. Бид “түүнийг шүтэн бишрэхээр” ирж чадна.6

Христийн мэндэлсний баяр бол төрөлтийг тэмдэглэх баяр юм. Бид бүгдээрээ дөнгөж сая мэндэлсэн хүүхдийг хараад гайхширч байсан. Бид бяцхан бие нь гайхамшиг болохыг мөн түүний хүрч болох чадавхыг бодоод даруусдаг. Бид хайр, талархал, амар амгаланг мэдэрдэг. Мөн хэний төрснийг тэмдэглэж буйгаа санах үед маань илүү өгөөмөр, сайхан сэтгэлтэй болгодог хайрын мэдрэмж бидэнд төрдөг. Христийн мэндэлсний баяр нь бусад төрсөн өдрийн тэмдэглэлт ойгоос огт өөр юм. Есүсийн төрөлтийг Бурханы бошиглогчид олон үеийн туршид зөгнөсөөр ирсэн. Энэ төрөлтөөр сүнсний дэлхийд Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн амлалт биелсэн билээ. Энэ бол амлагдсан Мессиа төрсөн явдал байсан юм.

Жил бүрийн Христийн мэндэлсний баяраар дурсамж сэргэж, танил үгс зүрх сэтгэлд минь ирдэг. Би оюундаа агуу найрал дуучдын “Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна”7 хэмээн баяр хөөртэйгөөр дуулахыг сонсох шиг болдог.

Би эдгээр үгийг анх сонсох үедээ Солт Лэйкийн Табернеклийн тагтан дээр сууж байж билээ. Найрал дуучид Ханделын дууг дуулж байв. Би зүрх сэтгэлдээ ямар нэг зүйл мэдэрч байснаа санаж байна. Тэр үед би балчир байлаа. Одоо өтөл насандаа би тэр мэдрэмж юу байсныг мэднэ. Энэ бол найман настайдаа хамт байх эрхийг нь хүлээн авсан Ариун Сүнс байв. Тэр үдэш сонссон дууны үгс үнэн гэдгийг Сүнс миний зүрх сэтгэлд баталсан юм.

Олон зууны тэртээ Бетлехемд мэндэлсэн бяцхан хүү бол Бурханы Хүү, Эцэгийн Төрсөн Ганц хүү билээ. Аврагчийн өмнө өвдөг сөхөрсөн хүмүүс Түүнийг шүтэн бишрэхээр ирсэн. Тэрээр цагаатгагч золиослолоороо үхлийн хүлээсийг тайлахаар илгээгдсэн Бурханы Хурга байв. Тэр биднийг хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд бидний уй гашууг үүрэх хүчтэй ирсэн юм. Тэр бидний бүх нүглийг үүрэхээр мэндэлсэн. Учир нь гагцхүү Тэр л:

Хүмүүнийг дахин үхүүлэхгүйн тулд мэндэлсэн;

Дэлхийн хүмүүсийг аврахаар мэндэлсэн,

Тэднийг дахин төрүүлэхээр мэндэлсэн.

Тэнгэр элч нарын дууг сонс

Шинэ төрсөн Хааныг магтъя!8

Тэр үдэш Табернеклийн тагтан дээр миний мэдэрсэн зүйл бол итгэл, найдвар байсан. “Бидний төлөө хүүхэд [төрсөн]” учраас би итгэлийг мэдэрч, амьдрал үхлээр төгсөхгүй гэсэн найдвар зүрх сэтгэлд минь бий болсон юм. Би амилуулагдана бас Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдээс үхлийн хатгуур авагдах болно.

Гэсэн хэдий ч би илүү ихийг мэдэрсэн. Түүний ачаар би Түүнийг дагаж, Түүнд үйлчилж мөн сүнсээр төрж шинэ амьдралтай болж чадна хэмээх найдварыг мэдэрсэн. Аврагчийн төрөлтийн бэлгийн ачаар миний, таны, бүх хүмүүний зүрх сэтгэл өөрчлөгдөж, бяцхан хүүхдийнх шиг цэвэр ариун болж чадна. Мөн бидэнд Аврагчийг өгч, Түүний тэнгэрлэг гэрт, Түүнд эргэж очих замыг өгсөн Бурханд гэртээ харихад тэнцэхуйц болж чадна. Би талархал, амар амгаланг мэдэрсэн бөгөөд Эцэг, Хүү хоёрын бэлэгний ачаар бид бүгд үүнийг мэдэрч чадна.

Хоёрт, бяцхан Христийг харж, Түүний төрсөн тухай баярт мэдээний тухай “сонссон үгээ мэдүүл[сэн]”9 хоньчидтой адил бид гэр бүлдээ болон хайртай хүмүүстээ амар амгаланг зааж чадна. Бид судруудыг тэдний оюун ухаан, зүрх сэтгэлд нээснээр үүнийг хийдэг.

Бид хүүхдүүдээ бага байхад судрын үгсийг ашиглан Христийн мэндэлсний баярын гэр бүлийн жүжигчилсэн тоглолт хийдэг байв. Бид жүжигчилсэн тоглолтоо Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр хийдэг байсан. Та нарын ихэнх нь бас үүнтэй төстэй зүйлийг хийдэг байх.

Эхэндээ жүжигчилсэн тоглолтод маань судрын хэсгүүдээс авсан цөөхөн дүр шаардлагатай байлаа. Би Иосеф болж, эхнэр минь Мариад тоглож, нэг хүүхэлдэйг бяцхан Христ болгодог байв. Яваандаа дүрүүд эзэнтэй болсон. Бид бяцхан Есүст тоглох бяцхан жүжигчинтэй болж дараа нь тэвшин дэх хүүг шүтэн бишрэхээр ирсэн халаадтай хоньчид, дараа нь шинээр мэндэлсэн Хаанд хүндэтгэл үзүүлэхээр үнэт эдлэл бүхий хайрцаг барьсан хаадад тоглох жүжигчидтэй болсон юм.

Хэдэн жилийн дараа бид өөр нэг жүжигчилсэн тоглолт хийж, нэг хүүхдээ амлагдсан Мессиагийн айсуй төрөлтийн бошиглолыг эрх мэдэлтэйгээр гэрчлэхээр зогсож буй лемен үндэстэн Самуелын дүрд тоглуулдаг болов. Удалгүй бид өндөрт зогсож буй Самуел руу тугалган цаасаар хийсэн бөмбөг шидэх үл итгэгч хүмүүстэй ч боллоо. Жил ирэх тусам ууртай дээрэмчдийн бүлгийн гишүүд илүү хүчтэй, мэргэн болох үед бид тэдэнд Самуел Бурханы хамгаалагдсан үйлчлэгч байсан ба бид амар амгаланг урьж, тэмдэглэж байгаа учраас түүнийг онож болохгүй гэдгийг хатуу сануулах хэрэгтэй болсон юм.

Бидэнд бяцхан хүүхдүүдэд тохирсон дүр хэрэгтэй байсан учраас малын саравч руу явах хоньчдын ардуур бэлчиж буй хонь, хургануудыг нэмж билээ.

Гэвч цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, тоглогчид маань том болж, одоо бид бүхнийг дахиад эхэлж байна. Иосеф, Мариа, хоньчид, хонь, хурга, хаадад тоглодог байсан тэд өөрсдийн хайртай хүмүүст Аврагчийн тухай болон Түүний төрөлтөөс ирдэг амар амгалангийн тухай зааж байгааг харах болсон.

Тэд бидний жүжигчилсэн тоглолтод бүтээсэн дүрүүдээсээ Аврагчийн талаар болон бид яагаад Түүнийг хайрладаг талаар ямар нэг зүйл сурахаар адислагдсан юм. Хүүхдүүд болон ач зээ нар маань хязгааргүй золиослол болохоор төрсөн бяцхан Есүст болон Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэдээ өгсөн амар амгалангийн үнэлж баршгүй бэлэгт хүндэтгэлтэй хандаж буйг харсандаа бид талархдаг.

Гуравт, бид амилсан Их Эзэний шавь нарын хувьд мэргэдтэй адил хайр ба амар амгалангийн бэлгийг өгч чадна.

Айдахогийн Рексбургт амьдардаг бишоп Сэллэрс бишоп болсноосоо хойш үүнийг хийсээр ирсэн. Түүний тойргийн цуглааны байр жижигхэн хотоор дайран өнгөрдөг хурдны замтай ойр байдаг байв. Ажилгүйдэл газар авсан тэр үед олон хүн амьдралаа дээшлүүлэх зорилгоор нэг газраас нөгөө рүү нүүдэг байсан юм. Тэд хожмын үеийн гэгээнтэн бишопуудыг эрж хайх нь олонтоо байсан. Уулзсан бишопууд нь тэднийг бишоп Сэллэрсийн гэр рүү явуулдаг байжээ.

Энэ нь нэг шалтгаантай байв. Сэллэрсийн гэрийн үүд тусламж хэрэгтэй үл таних хүмүүст нээлттэй байдаг байсан. Оройн хоолон дээр гэр бүлийнхнээс нь гадна нэг юм уу хоёр, заримдаа үүнээс ч олон үл таних хүн ширээ тойрон сууна. Зочдыг Сэллэрс эгчийн хийсэн амттай хоолыг идсэний дараа бишоп худалдаж авсан цэргийн хүрэмний нөөцөөсөө өгдөг байв.

Тэд дулаан хүрэм өмсөж, Сэллэрс эгчийн бэлтгэж савласан хоолыг бариад, сэтгэлдээ галтайгаар өвлийн хүйтэнд гарч оддогсон. Харж, сонсож, мэдэрсэн зүйлүүд нь замын турш тэдэнд хань болдог байв. Рексбургт Христийн мэндэлсний баярын үеэр онцгой их хүйтэрдэг учраас мөн жилийн турш энэрлийн үйлс хийдэг гэр бүлийн уламжлалаас нь болж Сэллэрс хэмээх айлын хүүхдүүд Аврагчийн хийж болох зүйлүүдийг Түүний төлөө хийсэн дурсамжуудтай үлдсэн билээ.

Та болон таны гэр бүл нөхцөл байдалдаа тохирсон Христийн мэндэлсний баярын уламжлалтай болж болох ба тэдгээр нь нэг зүйлээрээ адил байж болно. Тэдгээр нь хүмүүсийн зүрх сэтгэлийг Аврагчид ойртуулна. Мөн тэдгээрт Аврагчийн сайшаалыг хүртэх сайхан сэтгэлийн үйлс ч багтсан байх болно. Тэрээр

“Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан,

“нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ”10 хэмээн хэлсэн билээ.

Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг"11 гэж хэлнэ.

Тэнгэр элчүүд ба хоньчид мөн мэргэд Есүс Христэд итгэх итгэлээрээ амар амгаланг эрэлхийлсэн бөгөөд үүнийгээ олсон юм. Та нар ч бас олно. Аврагчийн төрсөн нь бидэнд “энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг”12 өгөх боломжийг Эцэгт олгодог бэлэг юм. Бид энэ амлалтыг сонсоод, сүнсний дэлхийд баярлалдан уухайлсан. Бурханы хайраар дүүрэн амлалт биелсэн тухай дууны үгсийг сонсох үед амар амгалан, баяр баяслыг бид дахин мэдэрдэг.

Эргэх орчлон тайван саруул

Эгнэшгүй гийх гэрэлд;

Элч нар Алелүяа гэх

Аврагч Христ мэндэллээ!13

Бид хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтэйгээ хийсэн гэрээнүүдээ сахих замаар Түүнийг дурсан санаж, хайрлаж, шүтэн бишрэх үед амар амгалан ирж, бидний хүн нэг бүртэй хамт байх болтугай гэж би залбирч байна. Бид Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үед үзүүлсэн үйлчлэл, нинжин сэтгэлийг үргэлж санаж мөн Түүнтэй адил үйлдэх шийдвэр төгс байх болтугай.

Би Есүс бол Христ, Эцэгийн хайртай Хүү гэдгийг гэрчилж байна. Би ерөнхийлөгч Томас С.Монсон бол Бурханы амьд бошиглогч гэдгийг гэрчилж байна. Тэрээр Тэргүүн Зөвлөлийнхөө хамт Аврагчийн итгэлтэй, даруу шавь нартаа амласан баяр баясгалан, хайр энэрэл, амар амгалангийн мэдрэмжүүдийг та нарт энэ баярын улиралд төдийгүй үргэлжид байгаасай гэж хүсдэг. Есүс Христийн нэрээр, амен.