Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Христийн мэндэлсний баярын түүхийн бүрэн байдал


10161:50

Христийн мэндэлсний баярын түүхийн бүрэн байдал

Христийн мэндэлсний баяр хүнлэг энэрэнгүй байдал, баяр баясгалан, хайрын мэдрэмжийг урин дууддаг. Ямар ч эцэг эхийн баталж хэлэх, шинээр хүүхэд төрөхөд ирдэг мэдрэмжтэй төстэй тийм мэдрэмж төрдөг. Мэдээж, Христийн мэндэлсэн нь бусад хүүхдийнхтэй адил байгаагүй. Бетлехем рүү хийсэн аялал, хөл ихтэй дэн буудал, малын тэвш, шинээр гарсан од, шаргуу хоньчид, тэнгэр элчүүд гэх мэт үнэ цэнтэй нарийн ширийн зүйлс Түүний төрөлтийг зуун зууны түүх болгосон. Аврагчийн мэндэлсэн тухай түүх Христийн мэндэлсний баярын туршид бидний мэдэрдэг Сүнсний учир шалтгааны зөвхөн нэгээхэн хэсгийг л төлөөлдөг. Христийн мэндэлсний баяр бол зөвхөн Есүсийн хэрхэн энэ дэлхийд ирсэн тухай тэмдэглэлт үйл явдал бус, бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн хэн болохыг болон яагаад ирснийг нь мэдсэний баяр юм.

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Тэрээр энэ дэлхийд ирсэн учраас … бид амьдралдаа баяр баясгалан, аз жаргалтай мөн жилийн өдөр бүр амар амгалан байх [боломжтой]. …Тэр ирсэн учраас л бидний мөнх бус оршихуй утга учиртай юм”1 гэж хэлсэн.

Эцэгийн Ууган хүү

Энэхүү учир утга нь биднийг Христийн мэндэлсний баярын түүхийг бүрэн эргэцүүлэн бодох үед улам тодорхой болдог. Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн тайлбарласнаар “Христийн амилсны баяр байгаагүй бол Христийн мэндэлсний баяр байхгүй байх байсан. Гетсемани, Калвари дахь Христийн гэтэлгэл, Амилалтын ялгуусан үнэн байдалгүйгээр Бетлехемийн нялх Есүс байхгүй байсан.”2

Бетлехемд Есүс төрсөн нь түүхийн эхлэл, Калвари нь түүхийн төгсгөл байгаагүй юм. Судруудад Тэрээр дэлхийн өмнөх тэнгэр дэх Зөвлөлд “эхэнд … Бурхантай хамт байсан”3 хэмээн заадаг. Түүнийг мөнхийн Эцэгийн Ууган хүү Иехова гэдэг нэрээр мэддэг байсан тэнд бид ч бас байсан.4 Түүнийг дэлхийн Бүтээгч, Гэтэлгэгчийн чухал үүргээ биелүүлэх болно гэдгийг бид мэдэж байсан. Бид Эцэгийнхээ аз жаргалын агуу төлөвлөгөөг угтан авч, баярлалдан уухайлсан билээ.5 Хэдийгээр Бурханы төлөвлөгөөний эсрэг бослого гаргасан нь цөөхөн байсан ч Есүс Христэд итгэл найдвараа тавьсан сүнснүүдийн дунд бид байсан. Есүс Эцэгийн хүслийг биелүүлж, Түүгээр дамжуулан аврагдана гэдэгт бид итгэж байсан учраас мөнх бус амьдралын аюулыг хүсэл зоргоороо хүлээн авсан.

Бурханы Төрсөн Ганц Хүүгийн төрөлт

Энд, дэлхий дээр бидний өмнөх амьдралын ой санамж марталтын хөшгөөр хаагдсан. Бидний энэ дэлхийд ирсэн зорилго бол дэлхий дээр хэрхэн “үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхах”6-д суралцах явдал юм.

Тэрхүү итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд Бурхан Мессиагийн ирэхийг зөгнөн харж, урьдаас хэлж байсан бошиглогчдыг илгээсэн. Тэдгээр бошиглогчийн нэг бол үнэхээрийн үзэсгэлэнтэй цагаан модыг зүүдэндээ харсан Нифай байв. Түүнийг харсан үзэгдлээ хэрхэн ойлгохоо мэдэхийг хүсэхэд Назар хотыг мөн хамгийн үзэсгэлэнтэй цагаахан Мариаг түүнд харуулжээ. Тэгээд Нифай дээр зочилсон тэнгэр элч хамгийн гүн утга бүхий “Бурханы хүлцлийг мэдэх үү та?” гэсэн асуултыг тавьсан юм. Өөрөөр хэлбэл, “Яагаад Бурхан Өөрөө энэ дэлхийд ирэх вэ? Яагаад Тэрээр бүх зүйлийн доогуур бүхнийг хүлцэн тэвчих вэ?” Нифайн өгсөн “Тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би; тийм боловч, бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би” хэмээх хариулт зарим талаараа сорьж туршсан асуулт байсан.

Tэнгэр элч тэгэхэд нь “Таны харж буй тэр онгон бүсгүй бол Бурханы Хүүгийн махан бодийн биеийг төрүүлэгч эх нь бөлгөө” хэмээн хэлэв. Нифай гартаа хүүхэд тэвэрсэн Мариаг мөн “Бурханы Хургыг, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг болгоогтун!” хэмээн баярлалдан хашхирах тэнгэр элчийг харжээ. Гэнэт л модны утга учир буюу бидний Христийн мэндэлснийг тэмдэглэдэг шалтгаан Нифайд илүү ойлгомжтой болов. Түүнийг “Энэ бол хүмүүний үрсийн зүрхэнд хааяагүй түгэн Бурханы хайр; иймийн тул, энэ нь бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч буюу” хэмээн хэлэхэд тэнгэр элч “Тийм ээ” гээд, “мөн бодьгалд хамгийн их баясгалант болой”7 хэмээн нэмж өгүүлжээ.

Эцэст нь, Нифайн үзэгдлээс хойш 600 орчим жилийн дараа удаан хүлээсэн, удаан бошиглосон өдөр тохиов. Есүс хөшгөөр дамжин дэлхий рүү арчаагүй хөөрхий нэгэн болж ирсэн ч бусад нялх хүүхдээс өөр байсан. Сүнсэндээ Бурханы Ууган Хүү байсан Тэрээр махан бодид Түүний Төрсөн Ганц Хүү болсон. Хамгийн эгэл даруу нөхцөлд төрсөн энэ хүү Бурханы мөнхийн гэр бүлийн авралыг мөрөн дээрээ өргөж явах болсон. Үнэхээр “он жилийн айдас, найдвар хоёр” “Бетлехемийн жижиг хот”-д тэр шөнө нэгэн цэгт нийллээ.8

Гэхдээ түүх ингээд төгсөөгүй. Аврагчийн төрөлт гайхамшиг байсан төдийгүй илүү их гайхамшиг ар араасаа хөврөх байлаа.

Эцэгийн үйлс

Бид Есүсийн хүүхэд насны тухай тун бага зүйл мэддэг. Түүний “бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ”9 гэж өгүүлдэг. Тэр арван хоёр нас хүрэхдээ “Эцэгийн[хээ] гэрт байх ёстой”10 хэмээн хүслээ илэрхийлсэн билээ. Тэрхүү гэр нь Эцэгийн хүүхдүүдээ гэсэн “агуу хийгээд гайхамшигт хайрыг”11 дэлхий дахинд тунхаглах явдал байв.

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. … Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд билээ.”12

Түүний Эцэгийн үйлс бол “сайныг үйлдэж [явах]”13 явдал байсан. Энэ бол “өвчтөнийг эдгээж, үхсэнийг босгон, хазгарыг алхуулж, сохрыг хараатай болгож, мөн дүлийг сонсгох”14 зэрэг энэрлийн ажил байсан.

Түүний Эцэгийн үйлс бол итгэлийн маань нүдийг нээх, сүнслэг чадавхыг өсгөх мөн зовлон шаналал, бардамнал, өвчин зовиур, гэм нүглийг маань эдгээх явдал байв. Мөн “[бидний] сул дорой чанаруудыг авах” ёстой байсан. Үүнийг гүйцээхийн тулд Есүс бүх төрлийн өвчин зүдгүүр, уруу таталт, шаналлыг өөрийн хүслээр даван гарсан юм.15

Түүний Эцэгийн үйлс бол энэ дэлхий дээрх бидний зорилгыг гүйцээхэд буюу “тэнгэрт амьдрахаар биднийг багтаах” мөн “[Түүнтэй] тэнд хамт амьдарч”16 болохын тулд туслах явдал байсан. Өөрөөр хэлбэл, Түүний Эцэгийн ажил бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах”17 явдал байсан бөгөөд өнөөдөр ч байна.

Есүс Христийн Цагаатгал

Эцсийн үр дүнд Христийн мэндэлсний баярын түүхийн бүрэн байдал Аврагчийн амьдралын сүүлийн гурван хоногт оргил үедээ хүрдэг. Цаг хугацааны энэхүү голчид Аврагч Гетсеманийн цэцэрлэгээс Калвари дахь загалмай руу түүнчлэн цэцэрлэгийн хадан булш руу ирсэн. Ахлагч Жэффри Р.Холланд тэрхүү хормын “нөлөө ба үр дүн” “цагийн эхлэл рүү буцаан очуулж …, мөнхийн амьдралын турш … урагшлуулсан”18 хэмээн заажээ.

Жинлүүрийн тавган дээрх бүх хүмүүний бодьгалын хувь заяаны эрхээр Есүс Гетсеманийн цэцэрлэг рүү орь ганцаар орсон юм. Тэнд байцаалт, ял шийтгэл, тамлаж зовоосон загалмай дээрх үхэл дагалдсан. Тэр эхнээсээ л даруу, номхон хүлцэнгүй байдлаар “Би энд байна, намайг илгээгтүн”19 гэж тунхагласан шиг тухайн үед ч бас “Аав аа, таны гарт би сүнсээ даатгая”20 гэж хэлсэн.

Дэлхий ёолон, найз нөхөд гашуудаж, харанхуй газар дэлхийг бүрхэв. “Шударга хүмүүсийн сүнсний тоо томшгүй хамтлаг” байдаг мөн нас барсан зөв шударга бодьгалууд Түүний ирэхийг хүлээж байсан сүнсний дэлхий рүү Аврагч явсан. Цаг хугацааны эхлэлд тохиолдсонтой ер бусын төстэй байдлаар Бурханы охид, хөвгүүд баярлалдан хашхирч, Аврагчаа шүтэн бишрэхийн тулд бөхөлзөж байв.21

Дэлхийн Гэрлийн Амилалт

Удалгүй бие махбодоо ахин хүлээн авч, үхлийг ялсан ялалтаа гүйцээхээр Аврагчийн ирэх цаг болов. Хаврын нэгэн өглөө эрт, долоо хоногийн эхний өдөр Магдалын Мариа Түүний булш руу очоод, булш хоосон байгааг мэджээ. Тэрээр Түүний дуу хоолойг сонсож, гэгээн дүрийг нь харсан хамгийн анхны хүн байлаа. Есүс дараа нь төлөөлөгчдөдөө үзэгдсэн бөгөөд Өөрийгөө үнэхээр мөн гэдгийг болон үнэхээр Гэтэлгэгч маань ахин амьдарсан гэдгээ илэрхийлж “Надад гараа хүргээд үз”22 хэмээн тэднээс гар, хөлийг нь харахыг хүссэн.

Эдгээр нь зөвхөн Христийг мэндэлснийг төдийгүй Түүнийг бидний дунд амьдарч байсан, бидний төлөө амиа өгөөд амилсныг, эцэстээ “авралын [Эцэгийнхээ Түүнд өгсөн] ажлыг дуусгасан”23-ыг тэмдэглэдэг Христийн мэндэлсний баярын “үлэмж баярлуулах сайн мэдээ”24 юм. Дэлхийн төөрөгдөл, эмх замбараагүй байдлыг эхлэлд бидэнд зориулан хийсэн амлалт, Есүс Христийн Цагаатгалаар гүйцэлдэх амлалтаар нам жим болгох боломжтой учраас бид баясдаг. Ийм шалтгаанаар Христийн мэндэлсний баярын түүх Христийн амилсны түүхгүйгээр бүрэн болохгүй. Энэ бол Аврагчийн цагаатгагч золиослол байсан бөгөөд Бетлехемийн амгалан тэр шөнийг ариун болгосон. Энэ бол өмнөх дэлхийд биднийг баярлалдан хашхирахад хүргэсэн шалтгаан болох гэтэлгэлийн бэлэг байсан. Энэ бэлэг бидний өвчнийг илааршуулж, харааг сэргээн, нулимс бүрийг арчсан.25

Бидний хайрладаг Христийн мэндэлсний баярын гэрэл Дэлхийн гэрэл болох Есүс Христээс цацардаг. Христийн мэндэлсний баяраар бидний санагалздаг тэрхүү түүх Христээр боломжтой болсон Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний тухай өгүүлдэг. Христийн мэндэлсний баярыг ариун болгодог бэлэг бол биднийг үүрд амьдруулахын тулд Түүний өгсөн амьдрал юм. Бид энэхүү бэлгийг хүлээн аваад, ялангуяа энэхүү гайхамшигтай баярын турш Түүний хайрыг болон сайн мэдээг дэлхийнхэнтэй хуваалцах болтугай хэмээн би Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.