Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Арванхоёр


9574:0

Христийн төрөлтийн тухай бошиглосон мэдээ

Христийн мэндэлсэн баярын энэ үеэр итгэгч бид бүхэн Мөнхийн Эцэг, Бурханы Төрсөн Ганц Хүү Есүс Христийн төрөлтийг тэмдэглэдэг. Бидний хувьд энэ баярын өнгө төрхийг тодорхойлдог Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн энэ онцгой цугларалт дээр би Түүний төрөлтийг зөгнөсөн бошиглолуудын тухай ярих болно.

Тэнгэр элч Мариад үзэгдсэнээс илүү чухал тунхаглал гэж үгүй.

“Тэнгэр элч түүнд-Мариа, бүү ай. Чи Бурханы ивээлийг олжээ.

“Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно.

“Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно.

“Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл үгүй” (Лук 1:30–33).

Бурханы Хүүгийн мөнх бус төрөлт, амьдрал ба үхэл нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөнд амин чухал байсан юм. Дэлхий бүтээгдэхээс өмнө Есүс Христ мөнх бус амьдралаар амьдарч тэрхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай Аврагч байхаар сонгогдсон (Мосе 4:2-ыг үзнэ үү). Эцэг Адам “ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн болох Эцэгийн Төрсөн Ганцын золиослолтой төстэй өргөл өргөхөөр зарлигдуулсан. Иймийн тул [түүнд ийн заажээ], чи өөрийн хийх бүхнийг чи Хүүгийн нэрээр хийх ёстой, мөн чи наманчилж, үүрд мөнхөд Хүүгийн нэрээр Бурханыг дуудах ёстой” (Мосе 5:7–8).

Мөн бид Мосегийн номонд үүний талаарх Бурханы тайлбарыг, Түүний “цагийн голчид ирэх миний Төрсөн Ганцын цусаар дамжин ирэх бүх хүмүүний авралын төлөвлөгөө”-г (Мосе 6:62) уншдаг. Бурхан Эцэг бидэнд “ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн миний Төрсөн Ганц Хүү болох Есүс Христийн, тэнгэрийн дор өгөгдөх ёстой цорын ганц үүгээр аврал хүмүүний үрст ирэх ёстой тэрхүү нэрээр” (Мосе 6:52) наманчилж, баптисм хүртэх зарлиг өгсөн.

Хуучин Гэрээний агуу бошиглогч Исаиа Мессиагийн айсуй төрөлтийг зарласан юм. “Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ Иммануел гэж нэрлэнэ” (Исаиа 7:14).

Исаиа түүнчлэн:

“Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.

“Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ” (Исаиа 9:6–7) хэмээн тунхагласан .

Христийн төрөлт Мормоны Номын бошиглогчдод ч илчлэгдсэн байдаг. Аврагчийн төрөлтөөс зургаан зуун жилийн өмнө Лихай Их Эзэн Бурхан Иудейчүүдийн дунд “нэгэн Мессиаг, эсвээс, өөр үгээр, дэлхийн нэгэн Аврагчийг” (1 Нифай 10:4) төрүүлэх болно гэж заасан.

Бошиглогч Абинадай:

“Учир нь болгоогтун, Мессиагийн ирэлтийн талаар, мөн Бурхан өөрийн хүмүүсийг гэтэлгэх ёстойг Мосе тэдэнд бошиглоогүй гэж үү? Тийм ээ, мөн дэлхий эхэлснээс хойш бошиглож асан бүр бүх бошиглогчид—тэд эдгээр зүйлийн талаар их бага боловч ярьсан бус уу?

“Тэд Бурхан өөрөө хүмүүний үрсийн дунд доош ирж, мөн хүний хэлбэрийг өөртөө авч, мөн газрын гадаргуу дээр их хүчтэйгээр урагшлан явахыг тэд хэлсэн бус уу” (Мозая 13:33–34).

Тэнгэр элч Назар хот дахь нэгэн онгон бүсгүйг харуулж, “Болгоогтун, таны харж буй тэр онгон бүсгүй бол Бурханы Хүүгийн махан бодийн биеийг төрүүлэгч эх нь бөлгөө” (1 Нифай 11:18) хэмээн тунхагласан тухай бошиглогч Нифай цэдэглэжээ.

“Мөнхүү улиран тохиох дор тэр бүсгүйг Сүнс авч одохыг би харав; мөн Сүнс бүсгүйг авч одсоны дараа хэсэг байзнаад тэнгэр элч надад хандан: Харагтун! хэмээв.

“Мөн би сайхь онгон бүсгүйг дахин харж, гар дээрээ хүүхэд тэвэрсэн байхыг болгоов.

“Мөн тэнгэр элч надад хандан: Бурханы Хургыг, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг болгоогтун!” (1 Нифай 11:19–21; мөн Алма 7:9–10-ыг үзнэ үү) хэмээн [Нифай бичжээ].

Есүсийг мэндэлсний дараах эхний мэдээг бид мэднэ. Энэ тэнгэрлэг мэдээ нь бидний мэдэхээр тухайн цаг үеийн нийгмийн зэрэг зиндаагаар хамгийн эгэл даруу хүмүүст тунхаглагдсан нь асар их ач холбогдолтой.

“Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ.

“Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.

“Тэнгэр элч тэдэнд, Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.

“Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.

“Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан,

“Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв” (Лук 2:8–11, 13–14).

Аврагчийн төрөлтийн тухай мэдээ хэдэн өдрийн дараа одоогийнхоор бол ариун сүмийн ажилтан болох хоёр ариун хүнд тус тусад нь тунхаглагдсан юм.

“Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа.

“Эзэн Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ.

“Тэр хүн Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд иржээ. Хүү Есүсийн төлөө хуулийн ёслолыг үйлдэхийн тулд эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед нь

“Симеон Хүүг гар дээрээ авч, Бурханыг магтаад

“Эзэн, Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай.

“Учир нь Миний нүд Таны авралыг харлаа” (Лук 2:25–30).

Хоёр дахь мэдээ мөн ариун сүмд байсан ариун эмэгтэйд тунхаглагдсан. Судар дээр эш үзүүлэгч хэмээн дурдагдсан Анна нас өндөр эмэгтэй байсан ба

“наян дөрвөн нас хүртлээ бэлэвсэн явжээ.Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг хэзээ ч орхисонгүй.

“Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив” (Лук 2:36–38).

Миний эш татсан бошиглолууд болон мэдээнүүд нь Аврагчийн анхны ирэлтийн тухай юм. Бид одоо итгэгчдийн харуулдан хүлээдэг, үл итгэгчдийн эмээж эсвэл үгүйсгэдэг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэж байгаа билээ. Бид “ариун газруудад зогсогтун та нар, мөн Их Эзэний өдөр ирэх хүртэл бүү шилжин нүүлгэгд; учрыг болгоогтун, энэ нь гэнэт ирэх болой” (С ба Г 87:8) хэмээн зарлигдуулсан. Тэдгээр “ариун газрууд” гэдэгт ариун сүм ба үүний гэрээг итгэлтэйгээр сахих явдал, хүүхдүүдийг хайрлаж мөн тэдэнд заадаг гэр орон, номлол, ариун сүм болон салбар, тойрог, гадаснуудад итгэлтэйгээр биелүүлж буй бусад дуудлагууд зэрэг санваарын эрх мэдлээр томилогдсон бидний үүрэг, багтах нь гарцаагүй юм.

Бид Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэж, ариун газруудад зогссоноор мөн Христийн мэндэлсний баярыг мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэхээс илүү Бурханы Хүүгийн төрөлтийг тэмдэглэж, Түүний сургаал болон Цагаатгалынх нь мөнхийн ач холбогдлыг дурсан санах цаг мөч байлгахаар чармайх явцдаа итгэлтэй байх болтугай хэмээн би залбирч байна.

Эдгээр зүйл үнэн гэдгийг бидний төрсөн өдрийг нь тэмдэглэн өнгөрүүлж буй Түүний нэр болох Есүс Христийн нэрээр би гэрчилж байна, амен.