Ариун Сүнсний бэлэг
Ах, эгч нар аа, өнөөдөр та бүхэнтэй хамт байгаа нь агуу адислал билээ.
Гурван долоо хоногийн дараа Христийн мэндэлсэн өдөр тохионо. Тэр өглөө сая сая хүүхдүүд эртлэн босоод, өөрсдөө дуудуулах бус, харин эцэг эхээ дуудан сэрээж босгоно. Горьдлого тээсэн нүдээр олон хоногийн турш харц шидэж байсан бэлгээ тойрон тэд цуглах болно.
Аав маань Христийн мэндэлсний баярт их дуртай байв. Бэлэг өгөх нь түүнд агуу баяр хөөр авчирдаг байсан юм. Аав, ээж хоёр маань үүнийг маш сайн хийдэг байлаа. Би өөрөө болон миний ах, эгч, дүүс мөн өөр олон хүн тэдний авьяас билгээс үр ашгийг нь хүртсэн. Тэдний зарим бэлэг хайрын, үнэ цэнтэй дурсамж бий болгосон туршлага байсан бөгөөд ямар нэгэн материаллаг бус бэлэг байлаа. Тэдгээр дурсамж надад өнөөдөр ч гэсэн баяр хөөр авчирч байна.
Христийн мэндэлсний баяраар бэлэг өгч, авалцах нь зүй ёсны мэт санагддаг. Эцсийн эцэст бид Бурханы Хүү, Аврагч Есүс Христийн зүйрлэшгүй бэлгийг тэмдэглэж байна. Мэдээж, бидний нэг нэгэндээ өгдөг бэлгийг энэ бэлэгтэй харьцуулшгүй ч бэлэг өгөх, авахын баяр хөөр бидний зүрх сэтгэлийг “Бурханы бэлэг”1-ийн зүг эргүүлж болох юм.
Бурханы Хүүгийн эрхэм бэлэг бидний хүн бүрийг “энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг”2 олоход урьдаг. Амар амгалан гэдгийг зөрчилдөөн, хагарал гаарч байгаа энэ дэлхийд ойлгоход бэрх байж болох ч биднийг хайрладаг Эцэг, Түүний Хүүгийн бидний хүлээн авахыг зөвшөөрсөн үед санал болгодог яг тэрхүү зүйл юм.
Христийн мэндэлсний баярын өглөө сүлд модоо тойрон суугаад, боодолтой бэлгэндээ баярлан хөөрч, дотор нь юу байж болох талаар ярилцан, бэлгээ задалж үзэхгүй өнгөрвөл ямар сонин байх бол гэдгийг төсөөлөөд үз дээ.
Харамсалтай нь, энэ бол бидэнд өгсөн Бурханы бэлгийг бид заримдаа хэрхэн авч үздэг шиг тийм тохиолдол юм. Аврагчийн хэлсэн “Хэрэв түүнд бэлэг хүртээгдсэн байхад мөн тэрээр уг бэлгийг хүлээн аваагүй бол энэ нь хүмүүнд ямар ашиг тус авчрах билээ; Болгоогтун, тэрээр өөрт нь өгөгдсөн тэр зүйлд баясах нь үгүй, мөн уг бэлгийг өгөгч болох түүнд ч баясах нь үгүй болой”3 гэсэн үгийг эргэцүүлэн бодоорой.
Би энэ орой та бүхнийг Бурханы бидэнд санал болгосон бэлэгнүүдийг хэрхэн хүлээн авч болох талаар тунгаан бодоосой хэмээн урьж байна. Ялангуяа би Ариун Сүнсний хязгааргүй бэлэгт төвлөрч ярихыг хүсэж байна. Би ингэж ярихдаа бидэнд энэхүү бэлгийн ач холбогдлыг ойлгож, үүнийг бүрэн хүлээн авахын тулд хийж болох, мэдэрсэн мэдрэмжийнхээ дагуу үйлдэх ач ивээлийг өгөхийн тулд Ариун Сүнсийг туслаасай хэмээн залбирч байна.
Яагаад Ариун Сүнсний бэлэг ийм хүсүүштэй бэлэг вэ?
Ариун Сүнс Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн мөн. Ариун Сүнс бол тайтгаруулагч,4 хөтөч,5 багш,6 цэвэршүүлэгч7 мөн хүмүүний зүрх сэтгэлийг өөрчлөгч.8 Tүүгээр дамжуулан бид амьдралдаа Бурханы хүч болоод зан чанарыг хүлээн авах боломжтой.
Та бүхэн “хайр,баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан [ба] өөрийгөө захирах байдал”9 гэх мэт зарим зан чанарыг санаж байгаа. Миний хувьд энэ бүгд “Христийн мэндэлсний баярын сүнс” хэмээх сайхан тодорхойлолт шиг сонсогддог. Биднийг Ариун Сүнсийг хүлээн авахад Христийн мэндэлсний тэр шөнийн “үлэмж баярлуулах сайн мэдээ” ба “амар тайван хүмүүст”10 зориулсан тэнгэрлэг амлалт тодорхой хэмжээнд биелдэг.
Бид заримдаа Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг (сүнсийг) жилийн туршид хадгалах гэж хичээж чармайх тухай ярьдаг. Бид бодгалиа үнэхээр үүрд мөнх эзэмшихийн тулд эдгээр бурханлаг зан чанартай байхыг хүсдэг. Мөн төгс Эцэг маань хүүхдүүд биднийгээ эдгээр бэлгээ хүлээн аваасай хэмээн хүсдэг. Энэ бол бидний зүрх сэтгэлийг өөрчлөх, “хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон,”11 найдвар ба төгс хайраар дүүргэх12 Есүс Христийн сайн мэдээний агуу амлалт юм. Ариун Сүнсийг үнэхээр хүлээн авах үед л эдгээр үнэ цэнтэй бэлэг бидэнд нээлттэй болдог.
Ариун Сүнсний бэлгийг “Ариун Сүнсийг хүлээн авна уу”13 гэх үгсээр бидэнд санал болгодог нь тун ач холбогдолтой. Би энэхүү үнэ цэнтэй бэлгийг хүлээн авахад туслах гурван түлхүүрийг санал болгож байна. Ингэхийн тулд Мормоны Номон дахь нэгэн гайхалтай үйл явдлыг харцгаая. Амилсан Христ хүмүүсийн дунд тохинуулан, дараа өдөр нь эргэж ирнэ хэмээн амлаж, нэгэн гайхамшигт өдрийг өнгөрүүлсэн байжээ. Үг тархаж, газар бүрээс олон хүн цуглаж, өглөө Есүсийг дахин ирэх газарт байхын тулд зарим нь шөнөжингөө хөдөлмөрлөжээ.
1. Бүхнийг хамарсан сүнслэг хүсэл эрмэлзэл
Тэднийг Аврагчийг эргэж ирэхийг хүлээж байх үед шавь нар цугласан олонд Есүсийн өмнөх өдөр нь заасан зүйлийг заажээ.14 Тэд сөхөрч, “хамгийн их хүссэн түүнийхээ төлөө ... ” залбирч; “мөн Ариун Сүнс өөрсдөд нь өгөгдөхийг тэд хүсэв”15 хэмээн цэдэгт өгүүлдэг. Тэд Аврагчийг буцаж ирээсэй гэж туйлын их хүсэж байсан ч үүний төлөө залбираагүй нь хэчнээн чухал болохыг хэсэг зуур эргэцүүлэн бодоорой. Төгс багшаар, дараа нь Түүний сонгосон шавь нараар заалгасан тэдний хамгийн их хүссэн, тэдэнд хамгийн их хэрэгтэй зүйл бол Ариун Сүнсний бэлэг байсан. Энэ оргилуун, бүхнийг хамарсан сүнслэг хүсэл эрмэлзэл энэхүү бэлгийг хүлээн авах гол түлхүүр юм.
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Бидний олонход … Ариун Сүнстэй байхыг үе үе хүсэх итгэл бий. Тэр хүсэл үлбэгэр сул, тасалданги байж болох ч энэ нь ихэвчлэн бидэнд асуудал үүссэн үед байдаг. [Гэхдээ] бидний хувьд ирж байгаа цагт аюулгүй байдал руу дээш удирдуулахын тулд энэ зүйл тогтвортой, эрч хүчтэй байх ёстой”16 хэмээн заасан. Ах, эгч нар аа, бид энэхүү бэлгийг хүлээн авахын тулд бүхий л зүрх сэтгэлээрээ хүсэх хэрэгтэй.
2. Ёслолуудад зөв шударга оролцох нь
Мормоны Номын үйл явдал руу буцаж очвол бид өөр нэг түлхүүрийг мэдэж авах болно. Шавь нар хамгийн их хүссэн бэлэг болох Ариун Сүнсийг гуйн залбирсныхаа дараа ус руу очиж, баптисм хүртсэн. “Мөнхүү улиран тохиох дор тэд бүгд баптисм хүртэхэд … Ариун Сүнс тэдний дээр бууж, тэд Ариун Сүнсээр мөн галаар дүүргэгдэв.”17 Баптисмын ёслол бол Христийн нэрийг дурсан санах, дуулгавартай байх бидний амлалтын болоод Түүний нэрийг өөрсөд дээрээ авах бидний бэлэн байдал, Ариун Сүнсийг хүлээн авах бидний хүсэл эрмэлзлийн гэрч болдог.18
Бид долоо хоног болгон ариун ёслолоос хүртсэнээрээ “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд”19 тэрхүү гэрчийг шинэчлэх боломжтой байдаг. Холбоотой ёслолууд болох баптисм ба ариун ёслол нь “бурханлиг чанарын хүч”-ийг бидний амьдралд авчирдаг.20 Зарим талаараа эдгээр ёслол бурханлаг болоход хүрэх газар, үйл явцыг хоёуланг бэлгэддэг. Христэд “түүний хөвгүүд, мөн түүний охид”21 гэсэн шинэ бүтээл болох нь бидний хүссэн очих газар юм. Бид долоо хоног болгон дурсан санах, дуулгавартай байхыг хичээн чармайх үедээ энэхүү очих газартаа хүрдэг. Би та бүхнийг бид гэрээнүүдээ сахихын хэрээр Сүнсээр шат шатаар “төгс өдрийг хүртэл”22 дүүргэгдэх болно хэмээх Түүний амлалтад итгэх итгэлтэйгээр долоо хоног болгон Их Эзэний ариун ёслолд ирж байгаарай хэмээн урьж байна.
Энэ жилийн Христийн мэндэлсний баяр ням гарагт тохиож байна. Бид Христийн төрөлт, төгс Цагаатгалыг тэмдэглэх тэр өдөр ариун ёслолыг хүлээн авч байгаа нь юутай сайхан адислал гээч.
3. Итгэлээ өсгөн нэмэгдүүлэх нь
Миний дурдах хамгийн чухал бөгөөд сүүлийн түлхүүр бол Есүс Христэд итгэл итгэл юм. Шавь нар дээр нь Ариун Сүнс агуу хүчээр юүлэгдсэний дараа Христийн ирж, өгсөн үнэ цэнтэй бэлгийнх нь төлөө Эцэгтээ талархан залбирчээ. Тэгээд Тэрээр “тэд надад итгэдэг учир та тэдэнд Ариун Сүнсийг өгсөн билээ”23 хэмээн айлдсан юм. Аврагчид болон Түүний Цагаатгалд итгэх итгэл бол сайн зүйл болгоны эх сурвалж юм.24
Өсөн нэмэгдсэн итгэл бидний амьдралд Ариун Сүнсний илүү агуу нөлөөг авчирдаг. Тэгвэл бид хэрхэн Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэх вэ? Бид Түүний үгэн дээр найрлаж, Түүний үгийг дагадаг. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Бүх судрын гол зорилго бол бидний бодгалийг Бурхан Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр дүүргэх явдал юм”25 гэж заасан. Энэ үнэн Мормоны Номон дээр байнга гардаг. Жишээлбэл: Бенжамин хаан хүмүүстээ тэнгэр элчээс хүлээн авсан үгс Есүс Христэд итгэх “үлэмж итгэл”-тэй байхад нь тусалсан бөгөөд тэрхүү итгэлийн улмаас Сүнс тэдний зүрх сэтгэлд хүчит өөрчлөлтийг авчирсан26 хэмээн заасан.
Хэрэв бид Ариун Сүнсийг өдөр тутмынхаа хамтрагч байлгах хүсэлтэй байвал судрууд, амьд бошиглогчдоор мөн Сүнсний шивнээгээр дамжуулан хүлээн авсан Христийн үгэн дээр найрлаж, тэдгээрийг дагах болно. Гэрэл ба үнэний хойноос өдөр бүр явах нь Христэд итгэх бидний итгэлийг төдийгүй Түүнтэй адил болох бидний хүслийг мөн Бурхан Тэргүүтэний гуравдагч гишүүнийг хүлээн авах чадавхыг маань өсгөн нэмэгдүүлэх болно.
Ах, эгч нар аа, Бурхан Христийн мэндэлсний баяраар болон жилийн туршид үнэлж баршгүй бэлэгнүүдээ хүүхдүүд бидэндээ үнэгүй өгдөг. Бид энэ түлхүүрүүдээр түлхүүрдсэнээр бэлгээ хүлээн авах болно хэмээн би залбирч байна. Бид ийн хийвэл хайр, баяр баясгалан, амар амгалан, цэвэр ариун байдал болоод хүч чадлаар алхам алхмаар, шат шатаар дүүргэгдэх болно гэдгийг би бас гэрчилж байна. Бид “бурханлаг мөн чанарын хуваалцагч”27 болно. Бид бэлгэнд болон бэлэг өгөгчид хөөрөн баясах болно. Түүнийг дахин ирэхэд бид “Хаан [аа] хүлээн авах”28-д бэлтгэгдсэн байна. Есүс Христийн нэрээр, амен.