Жил тутмын нэвтрүүлэг
Итгэл бол үйлдэл, хүч чадлын зарчим


20:21

Итгэл бол үйлдэл, хүч чадлын зарчим

Шашны институт, семинарын жил тутмын сургалтын нэвтрүүлэг • 2017 оны 6-р сарын 13

Би энэ чухал цугларалтаар та нартай уулзахыг үргэлж тэсэн ядан хүлээдэг. Энэ хуралд бэлтгэх явцдаа би анги танхимд болон гэр оронд маань байгаа хүүхдүүдийнх нь төлөө Их Эзэн биднээр юу хийлгэхийг хүсэж байгааг мэдэхийн тулд Түүнд хандан хичээнгүйлэн залбирсан. Нам гүм мөчид Түүний та нарын цуцашгүй хичээл зүтгэл, тоо томшгүй золиослолуудыг тань сайшааж буйг би мэдэрсэн. Тэрээр та нарыг мөн, та нарын гэр бүлийг адислахдаа хэчнээн их баясдаг болохыг би бас мэдэрсэн юм. Мөн Тэрээр Өөрийн Хайрт Хүүг хайрлах хайраараа, Түүний тухай гэрчлэлээрээ та нарын суралцагчдыг адислахыг хүсэж буйг би мэдэрсэн.

Үүнийг илүү олон эсвэл илүү сайн, хөтөлбөр, сургалтын материал, сургалт, технологийн тусламжтайгаар хийх боломжгүй. Учир нь эдгээрийн аль нь ч суралцагчдын маань амьдрал дахь тэнгэрийн гайхамшигт нөлөөг орлож чадахгүй. Бидний найдаж буй зүйл зөвхөн биднийг хайрлагч Тэнгэр дэх Эцэгээс маань бэлэг болон ирэх бөгөөд хувь хүмүүсийн амьдралд гайхамшиг бүтээхэд Түүний хүч шаардлагатай.

Энэ нь биднээс илүү агуу итгэлийг бодитой болгохыг шаардана. Учир нь гайхамшиг бүр итгэлийн дараа тохиодог. Ахлагч Даллин Х.Өүкс: “Үйлсгүй итгэл нь үхмэл юм. Гэхдээ итгэлгүй үйлс нь бүр ч үхмэл” хэмээн хэлсэн.1 Өөрөөр хэлбэл, бидний шаргуу хөдөлмөр итгэлгүй хийгдвэл хүссэн үр дүнг бий болгохгүй. Учир нь итгэл бол үйлдэл, хүч чадлын зарчим юм. Бид бүгдийн итгэл нэмэгдсэнээр бид Их Эзэнд итгэж найддаг төдийгүй өсөн өндийж буй үеийнхнийг сүнслэгээр өдөөх, хөрвүүлэх, хүчирхэгжүүлэх, бэлтгэх, хамгаалах Түүний хүч чадалд итгэдэг гэдгийг Их Эзэнд илтгэх тэмдэг байх болно. Аврагчид итгэх итгэл маань нэмэгдсэнээр бидний заах үйл явц, ангид ирэх эсвэл судруудыг унших урилга, үүгээр ч зогсохгүй эцэг эхчүүд, санваарын удирдагчидтай харилцах харилцаа маань сайжрах болно. Тиймээс ирэх долоо хоног, саруудад та нар надтай хамт Тэнгэр дэх Эцэгээс итгэлээ нэмэгдүүлэхийг гуйгаарай. Хэрэв бид асуух юм бол Тэрээр туслахад бэлэн гэдэгт би итгэж байна.

Итгэлийг үйлдлийн зарчим болгон ашиглах нь.

Бурханд итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд бид “түүний мөн чанар, төгс төгөлдөр чанарууд, зан чанаруудын талаар зөв ойлголттой” мөн “[бидний] туулж буй амьдрал түүний хүслийн дагуу байдаг гэсэн мэдлэгтэй” байх шаардлагатай гэж Иосеф Смит заасан.2 Эдгээр чухал зүйл нь биднээс итгэлээ үйлдлийн зарчим болгон ашиглахыг шаарддаг.3

Хамгийн сүүлчийн ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ хоёр шаардлагын эхнийхийг нь биелүүлэх нэг арга замыг хуваалцсан.

“Бид Аврагчийн тохинуулал, номлолын талаар хэдий чинээ их мэдэж, сургаалыг болон бидний төлөө хийсэн зүйлийг нь хэдий чинээ их ойлгоно төдий чинээ амьдралд маань хэрэгтэй хүч чадлыг Тэр өгч чадна гэдгийг мэдэх болно.

Энэ жилийн эхээр би Сүмийн залуучуудаас жишиг бүтээлүүд дээрх Есүсийн хэлсэн, хийсэн бүх зүйлийг судлахад долоо хоног бүр тодорхой цаг зориулж байхыг хүссэн юм. Би тэднийг Topical Guide дээрх Есүс Христийн тухай судрын эшлэлүүдийг хувийн гол судлах материалаа болгоход урьсан.

Би үүнийг аль хэдийн өөрөө хийчихсэн учраас энэ урилгыг өгсөн бөгөөд Topical Guide дахь ерөнхий гарчиг, 57 дэд гарчгийн доор жагсаасан Есүс Христийн тухай эш татсан бүх шүлгийг уншиж, доогуур нь зурсан. Намайг энэ сэтгэл хөдөлгөм дасгалыг хийж дуусгахад эхнэр маань энэ нь надад ямар нөлөө үзүүлсэн талаар асуухад “Би өөр хүн болсон” гэж хэлж билээ.”4

Энэ тусгай судалгааны ач тусыг нүдээрээ харсан учраас бид Аврагчийг хэдий чинээ илүү ойлгож, хайрлана Түүнд итгэх итгэл маань төдий чинээ өсөх болно гэдгийг мэддэг учраас би та нарт энэ урилгыг сануулахыг хүссэн юм.

Миний дурдсанчлан, бошиглогч Иосеф Смит итгэлийн бас нэгэн чухал хэсэг бол амьдралаа Их Эзэний хүсэлтэй нийцүүлж сурах явдал гэж заасан. Үүнийг харуулахын тулд би энд байгаа ээжүүдэд танил санагдах нэг жишээг хуваалцъя.

Гурван хүүхэдтэй залуу эх Селестэ Дэвисийн нялх хүүхэд нь шөнө болгон ойр ойрхон сэрдэг байжээ. Тэр өөрөө болон нялх хүүхдээ бүтэн нойртой хоноосой хэмээн залбирч эхэлсэн байна. Гэвч залбирлууд нь хариулагдахгүй байгаа мэт санагдав. Энэ нь түүнийг залбирлын талаар мөн яагаад тайвшралаар адислагдахгүй байгаа талаараа илүү сайн ойлгох хүсэлтэй болгосон аж. Тэр Библийн толь бичгээс “Бидний оюун санаа Христийн оюун санааг төлөөлж, бидний хүсэл Христийн хүсэлтэй давхцаж байгаа үед бид Христийн нэрээр залбирдаг. … Бид дараа нь зөв зүйлүүдийг хүсэхэд энэ нь Бурханы хувьд өгөхөд боломжтой байдаг. Христийн нэрэн дээр биш учраас олон залбирал хариулагдахгүй үлддэг. Тэдгээр нь Түүний оюун санааг огт төлөөлдөггүй бөгөөд хүмүүний зүрхний аминч байдлыг илэрхийлдэг” гэдгийг сурсан байна.5

Тиймээс Селестэ гуйн залбирч буй зүйлүүдийнхээ жагсаалтыг гаргахаар шийдэв. Тэр ийм жагсаалтыг гаргаснаараа залбирлууд нь Тэнгэрлэг Эцэгээс өөрийн хүсэж буй зүйлийг гуйх буюу нөхцөл байдлаа өөрчлөхийг гуйсан хүсэлт байсныг анзаарсан байна. Дараа нь тэр Тэнгэрлэг Эцэг өөрийнх нь төлөө хийхийг хүсэж байгаа нь баттай гэж мэдэж байгаа зүйлүүдийг бичсэн өөр нэгэн жагсаалт гаргахаар шийджээ. Уг хоёр жагсаалт нь огт өөр байгаагүй нь мэдээж. Тэр бидэнд хайртай бөгөөд биднийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Гэхдээ энэ дасгал ажил нэг чухал үнэнийг заадаг. Тэр нөхцөл байдлаа өөрчлөхийг хүсэж байсан бол Тэнгэрлэг Эцэг түүнийг өөрчлөхийг хүссэн байв. Тиймээс тэр өөрийнхөө хүслийг Тэнгэрлэг Эцэгийн хүсэлтэй илүү сайн нийцүүлэхийн тулд залбиралд хандах хандлагаа өөрчлөхөөр шийджээ. Тэр:

“Би залбиралд маань тус болох нэг томьёог бодож олсон. Энэ нь маш энгийн. Чи өөрөө хүсэж байгаа ч энэ нь Бурханы хүсэл мөн эсэх тухайд эргэлзэж байгаа зүйлээ асуухдаа ‘хэрэв тийм бус аваас’ гэдэг үгийг хэлээд, дараа нь Бурханы хүсэл гэж баттай мэдэж буй зүйлээ хэл.

Жишээлбэл: ‘[Тэнгэрлэг Эцэг минь], өнөө орой сайн унтаж амрахад туслаач, хэрэв тийм бус аваас, сайхан зантай, шаргуу ажиллах эрч хүчтэй байхад минь туслаач гэж гуйж байна’. ‘‘[Тэнгэрлэг Эцэг минь], хүүхдийн минь өвчин эдгэрч, бие нь сайжрахад туслаач, хэрэв тийм бус аваас, Танд итгэж мөн нэг нэгэндээ тэвчээртэй хандахад бидэнд тусална уу’. ‘[Тэнгэрлэг Эцэг минь], намайг найз нөхдөөрөө хүрээлүүлэхээр адислаач, хэрэв тийм бус аваас, гадуурхагдсан мэт санагдавч найрсаг, өгөөмөр байхад минь туслаач.’” 

Тэр цааш нь:

“Би үүнийг туршаад нэг жил орчим болж байгаа бөгөөд залбирлын минь үр дүн маш их нэмэгдсэн гэж хэлж чадна. …

Надад одоо л нэг залбирлын жинхэнэ зорилгыг хэрэгжүүлж, өөрийн хүслийг биелүүлэх гэж хэлэлцээ хийх бус харин өөрийгөө Бурхантай нийцүүлж сурч байгаа мэт санагдаж байна. …

Би урьдынх шигээ хүнд нөхцөл байдлаас эсвэл хүссэн зүйлээ авч чадахгүй байхаас айхаа больсон нь санаандгүй боловч тустай зүйл байсан юм. Учир нь Бурхан миний залбиралд хариулж, миний хүсэлд болон ‘хэрэв тийм бус аваас’ гэсэн хүсэлтэд маань хариулахыг би харж мөн мэдэрсэн” гэж бичжээ.6

Селестэгийн туршлага итгэлээ үйлдлийн зарчим болгон хөгжүүлэхийн тулд залбирал, хичээл зүтгэлд маань туслах загварыг харуулдаг. Тодруулж хэлэхэд, итгэл бидний хүүхдүүдийн эсвэл суралцагчдын сонгох эрхийг холдуулахгүй бөгөөд бидний амьдрал дахь бүх сорилт бэрхшээлийг үгүй болгохгүй. Гэвч энэ нь хүнд нөхцөл байдлуудыг дажгүй давж, тэр ч байтугай тэдгээрээс суралцахад тусалж чадна. Энэ нь түүнчлэн бидний суралцагчдадаа (мөн хүүхдүүддээ) хандах хандлага, тэдний төлөө залбирдаг хэв маягийг өөрчлөх болно. Энэ нь анги танхим, гэр орон дахь харилцааг маань өөрчилнө. Энэ нь улам харанхуй болж буй дэлхийд найдвар, аз жаргал, өөдрөг үзэлтэй байхад бидэнд тусална. Энэ нь хувийн илчлэлт авах боломжийг бий болгох бөгөөд заах үйл явцад маань хүч чадал авчрах болно. Энэ нь бидний гэрчлэлийг хайртай хүмүүсийн маань зүрх сэтгэлд хүргэх болно.

Жинхэнэ итгэл нь өөрийгөө зөвтгөх хандлагыг үгүй хийдэг. Мөн өөртөө дүгнэлт хийхэд хүргэдэг бөгөөд энэ нь чин сэтгэлийн наманчлал, үр дүнтэй өсөлт хөгжил рүү хөтөлдөг. Энэ нь бусад хүн л өөрчлөгдчихвөл асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлт, жишээ нь “эцэг эхчүүд эсвэл Сүмийн удирдагчид намайг илүү дэмжээд өгвөл бүх зүйл дээрдэх болно” гэх мэт бодлуудаас зайлсхийхийг биднээс шаарддаг. Энэ нь Аврагчид найдахгүй байгаа үйлдэл учраас Түүний хүч чадлыг авчрахгүй. Энэ нь бидэнд хэрэгтэй гайхамшгийг бүтээхгүй. Хэрэв бидэнд Түүнээс өөрсдийгөө Бурханы мутар дахь зэмсэг болгон өөрчилж, бэлтгэхийг чин сэтгэлээсээ гуйх хангалттай итгэл байвал бид Их Эзэний ажлыг гүйцэлдүүлж чадна.

Энэ нь биднийг өөрсдийгөө голсон мөн айж сүрдсэн үед ч үнэн хэвээр байдаг. Би номлолд бэлдэж буй залуу хөвгүүн байхдаа үүнийг сурсан. Би үргэлж номлолд үйлчилнэ гэж боддог байсан ч бага залуу байхдаа энэ тухай бодох бүрд л их балмагддаг байсан. Би хүмүүсийн өмнө ярихаас эмээдэг байж билээ. Нэг авга эгч маань өсвөр насанд хүртлээ нүд рүү минь харж байгаагүй гэж надад хэлдэг. Учир нь би толгойгоо бөхийлгөн, нүүрээ нууж явдаг байв. Би дунд сургуульд байхдаа жүжгийн ангидаа хамгийн муу -Д дүнтэй дөнгөн данган тэнцэж байв. Би ангийнхаа хүүхдүүдийн өмнө зогсоод, багшийнхаа бэлдээд өгсөн үгийг ч уншиж чаддаггүй байсан.

Мексикт үйлчлэх номлолын дуудлага хүлээн авсны дараа надаас ахтайгаа хамт өсвөр үеийнхний галын дэргэдэх цугларалт дээр үг хэлэхийг хүссэн юм. Би таван минут орчим ярьж, ах маань үлдсэн хугацаанд ярьсан. Миний хэлсэн үг энэ сүмд эсвэл өөр аль ч сүмд өгөгдөж байсан хамгийн муу нь байсан гээд хэлчихэд хилсдэхгүй гэж бодож байна. Галын дэргэдэх цугларалтын дараа олон өсвөр үеийнхэн ахтай минь мэндлэхээр дараалан зогсож байлаа. Эгнэсэн хүмүүс дундаас нэг найрсаг хүн надад хандан, “Баярлалаа. Сайхан үг хэллээ” гэж хэлэв. Би дотроо “Чи их найрсаг юм, гэхдээ дэндүү худалч юм” гэж бодсон шүү. Би яаж номлолд үйлчилж чадах юм бэ гэж бодон халширсаар гэртээ харьж билээ. Би сурах хэрэгтэй байсан испани хэлээр байтугай англи хэлээр ч сайн мэдээг зааж чадах чадваргүй мэт санагдаж байв.

Хэдэн өдрийн дараа би сэтгэлээр унасан хэвээр байсан тул судруудыг нээж, Енохын түүхийг уншив. Енох хүмүүсийг наманчлалд дуудахаар зааварлагдсан ба 31-р шүлэгт “тэрээр Их Эзэний өмнө газар уруу доош мэхийж, мөн Их Эзэний өмнө ярьж, хэлэв: Бибээр таны мэлмийд тааллыг олсны учир юу билээ, гэтэл мөн би залуу, мөн бүх хүмүүс намайг үзэн яддаг буюу; учир нь би ярихдаа удаан бөлгөө; иймийн тул бибээр таны үйлчлэгч мөн үү?”7 гэж хэлсэн тухай гардаг. Енохын өөртөө эргэлзэх эргэлзээ, дуудлагаа хийж чадна гэдэгтээ итгэх итгэлгүй байгаагынх нь хариуд Их Эзэн намуухнаар 34-р шүлэг дэх нотолгоо болсон хариултыг хэлжээ. “Болгоогтун миний Сүнс чам дээр байна, иймийн тул, чиний бүх үгсийг бибээр зөвтгөх болно; мөн уулс чиний өмнө зугтах болно, мөн гол мөрнүүд голдрилоосоо эргэх болно; мөн чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхагтун.”8

Айж сандарсан мөн өөртөө итгэлгүй, өмнөх ажилдаа бэлтгэгдээгүй хэдий ч би тэдгээр үгсэд хамаг найдвараа тавьснаар амьдралдаа анх удаа нисэх онгоцонд сууж, номлолд үйлчлэхээр Мексик рүү нисэж билээ. Хэрэв бид хүсэлтэй байх аваас үнэхээр Их Эзэнтэй хамт алхаж чадна гэдгийг би тэнд сурсан юм. Би ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны “Амьдралаа Бурханд зориулдаг эрэгтэй, эмэгтэйчүүдийн амьдралыг Тэр өөрсдөө хийж чадахаас хамаагүй илүү үр бүтээлтэй болгож чаддаг гэдгийг олж мэддэг” гэж хэлсэн зүйл үнэн болохыг олж мэдсэн юм.9

Итгэлийг хүч чадлын зарчим болгон ашиглах нь

Енохын түүхээс би итгэлийн тухай бас нэг өөр зүйл сурсан юм. Ярихдаа удаан, хүмүүсээр үзэн ядагдсан энэ хүү хэн болсон тухай дүрслэлийг сонс доо. Moсе 7:13-т “Мөн тэрээр Бурханы хүмүүсийг удирдахын тулд Енохын итгэл тийм агуу байв, мөн дайснууд нь тэдний эсрэг тулалдахаар ирэв; мөн тэрээр Их Эзэний үгийг ярьж, мөн дэлхий чичрэв, мөн түүний зарлигийн дагуу уулс зугтав, мөн гол мөрнүүдийн ус голдрилоосоо эргэв; арслангуудын хүрхрэх нь аглаг буйдаас сонсогдож байв; мөн бүх үндэстнүүд агуу ихээр эмээв, Енохын үг ийм хүчтэй байв, мөн түүнд Бурханы өгсөн хэлний хүч ийм агуу байлаа”10 хэмээн өгүүлдэг. Тэр хэл ярианы бэрхшээлтэй байсан хөвгүүн шиг сонсогдохгүй байна. Харин Их Эзэнтэй хамт алхаж, уулыг нүүлгэсэн итгэлтэй хүн гэж сонсогдож байна.

Заримдаа бид жижиг, шаардлагатай ахиц дэвшлийг “үл ялиг” эсвэл “бага зэрэг” гэх мэт үгсээр төлөөлүүлдэг боловч Их Эзэн биднийг багахан өөрчлөлт хийхэд уриагүй. Тэр биднийг уулсыг нүүлгэхэд урьсан. Тэрээр, “Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, энэ ууланд, Эндээс тийшээ нүү гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно” хэмээн хэлсэн.11

Шууд эсвэл шууд бус аль ч утгаараа уулсыг нүүлгэх ийм итгэл нь өөр түвшний итгэл юм. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон үүнийг заасан.

“Сүнслэг баталгаанаас бүрдсэн, сайн ажлуудыг бий болгодог, ялангуяа сайн мэдээний зарчимд мөн зарлигуудад дуулгавартай байдлыг бий болгодог итгэлийн түвшин байдаг. Энэ бол Христэд итгэх жинхэнэ итгэл. …

Гэсэн хэдий ч, бидний зан төлөвт нөлөөлөөд зогсохгүй, аливааг өөрчилж мөн тохиохооргүй байсан зүйлийг тохиолгох боломжийг бидэнд олгодог итгэлийн түвшин байдаг. Би үйлдлийн зарчим болдог итгэл, хүч чадлын зарчим болдог итгэл хоёрын ялгааг ярьж байна.”12

Үүнийг Еврей 11-д дүрсэлсэн байдаг бөгөөд энэ нь Енох, Абрахам, Сара, Мосе нарт байсан итгэл юм. Энэ бол бошиглогчид “хаанчлалуудыг эзэлж, зөвт байдлыг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж, галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, …[мөн] эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амилалтаар буцаан авч” байсан тэрхүү итгэл юм.13

Энэ бол Ифер 12-т дүрсэлсэн Алма, Амюлек, Нифай, Лихай, Аммон нарт байсан итгэл юм. Энэ итгэлийг “Жаредын ах Зерин ууланд, нүү хэмээн хэлэхэд---—тэр нь нүүлгэгдсэн шүү дээ.14 Мөн хэрэв тэрээр итгэлгүй байсан бол тэр нь нүүхгүй байсан” хэмээх жишээ харуулдаг.15 Мөн “гивлүүрийн гадна хадгалагдаж чадахааргүй тэд, итгэл нь тийм үлэмж хүчирхэг байсан тэд бүр Христийг ирэхээс өмнө ч олон байв”—одоо энэ өгүүлбэрийг сонс—“харин итгэлийн нүдээр болгоосон тэр зүйлийг өөрсдийн нүдээр үнэхээр хараад мөн баяртай байлаа.”16

Эдгээр нь итгэлийг хүч чадлын зарчим талаас нь харуулсан мартагдашгүй жишээнүүд. Гэхдээ сүүлчийн жишээ нь надад тун гайхалтай санагддаг. Тэд эдгээр зүйлийг өөрсдийн нүдээр харахаасаа өмнө эхлээд итгэлийн нүдээр болгоосон. Үүний орчин үеийн гайхалтай жишээг ерөнхийлөгч Бригам Янгийн жишээнээс харж болно. Дээр нь Солт Лэйкийн ариун сүм баригдсан газрын тухай ярихдаа тэр “Би илчлэлт эсвэл үзэгдлийн тухай тийм ч их зүйл хэлдэггүй, гэхдээ … би энд байж, ариун сүмийг сүнсэнд харсан гэж хэлэх нь хангалттай биз. Би тэр газрыг хэзээ ч хараагүй боловч үүний үзэгдэл байсаар байсан”17 гэжээ.

Юу хийж болох, Их Эзэн юу хүсэж буй тухай үзэгдлийг үзэх төсөөлөлтэй байх нь жинхэнэ хүч чадлын зарчим болох итгэлийг хөгжүүлэхэд нэн чухал билээ.

Өөрсдөдөө хэрэгтэй гайхамшгийг та нар итгэлийн нүдээр харж чадаж байна уу? Та нар өөрсдийгөө Их Эзэнд, Түүний үгэнд мөн суралцагчдадаа итгэх илүү итгэлтэйгээр зааж байгаагаар харж чадаж байна уу? Та нар суралцагчдаа Аврагчийн сургаал, Цагаатгалд илүү их найдаж, нүглийг илүү эсэргүүцэж, Их Эзэний тэднээс хүсэж буй бүхнийг хийхээр илүү сайн бэлтгэгдэж ангиас гарч байгаагаар харж чадаж байна уу? Мөн та нар гишүүд, гишүүн бус олон залуучууд ирж мөн энэ гайхамшгийн нэг хэсэг бол гэсэн бидний урилгад хариулж байгааг итгэлийн нүдээрээ харж чадаж байна уу? Биднийг хамтдаа итгэлээ үйлдэл, хүч чадал аль алиных нь зарчим болгон ашиглах үед Их Эзэн юу хийж болох вэ?

“Эзэн бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун”

Үгээ дуусгахын өмнө би та нартай сүүлчийн нэг жишээг хуваалцмаар байна. Миний ажлын өрөөнд чидун жимсний модоор хийсэн сийлбэр байдаг. Учир нь энэ бол миний дуртай судрын түүхийг дүрсэлдэг бөгөөд итгэлтэй байх хэрэгтэйг байнга сануулдаг юм. Энэ нь Канаан нутгийг тандаж, мэдээ хүргэхээр 10 эрийн хамт Мосегоор томилогдсон Калеб, Иошуа нарыг дүрсэлсэн байдаг. Нөгөө 10 нь эргэж ирээд, “тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг агаад хотууд нь бэхлэгдсэн маш том юм” хэмээн хэлдэг.18

Дараа нь Калеб Мосегийн өмнө ард олныг намжаагаад—Бид түүнийг гарцаагүй дийлэх учир заавал явж түүнийг эзэлж авах ёстой гэв.

Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс—Бидний хувьд тэд хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний эсрэг явж чадахгүй хэмээн өгүүлэв.19

Итгэл нь дутсан учир, “нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд муу мэдээг дэлгэрүүлж … тэнд бидний харсан бүх ард түмэн нь аварга биетэй хүмүүс байв. … Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон” гэжээ.20

Гэвч Иошуа, Калеб хоёр “Эзэн бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ.”21

Гэвч ард түмэн нөгөө 10 цэргийн адил Их Эзэний хийхэд бэлэн байсан зүйлийг харж чадаагүй төдийгүй Иошуа, Калеб хоёрыг ч дагаагүй. Ингэж итгэл дутсанаас болж ард түмэн дахиад 39 жил цөлд тэнүүчилсэн. Энэ анхны бүлэг хүмүүсээс Иошуа, Калеб хоёр л амьд үлдэж, амлагдсан нутагт хөл тавих боломжтой болсон билээ. Иошуа тэр хоёр Хеброн уулын өмнө буюу олон жилийн өмнө туршуул хийсэн яг тэр газартаа зогсож байхад Калебын хэлсэн үгийг та нар санаж байж магад. Калеб

“Мосе намайг илгээсэн тэр өдрийнх шиг би хүчтэй хэвээрээ байна. …

Тэгэхээр одоо … энэ уулархаг нутгийг надад өгөөч” гэж хэлжээ.22

Итгэлийнх нь ачаар тэр болон түүний гэр бүл олон үеийн турш амлагдсан нутагт түүний уулыг өвлөн авсан билээ.

Биднийг бэрхшээлүүд хүлээж байна. Бид эргэлзэхэд мөн айдас, эргэлзээгээр дүүрэн муу мэдээ авчрахад уруу татагдаж магадгүй. Ийнхүү Их Эзэнд итгэх итгэлээр дутах нь биднийг амлагдсан нутагт авчрахгүй. Бид үүний оронд Калеб, Иошуа нартай адил түүний бидэнд өгөхийг хүссэн адислалуудыг авахаар айдсаа хөөж, итгэлээ хэрэгжүүлэх болтугай. Бид амьдралынхаа бүхий л сорилт, бэрхшээлийг Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх боломж гэж харах ёстой.

Бид хамтдаа айдас, эргэлзээгээ найдвар, итгэлээр соливол Их Эзэн юу хийж болох вэ? Тэр бага зэрэг өөрчлөлт гаргаад зогсохгүй уулсыг нүүлгэх бөгөөд ингэснээр Сүмийн өсвөр үеийнхэн, залуучуудын амьдралд гайхамшгууд тохионо гэдэгт би итгэдэг. Бидний итгэл өсөх үед бидний заадаг хүмүүсийн итгэл ч өсөх болно. Бид Түүний хайрт, төгс Хүү, дэлхийн Аврагч, Гэтэлгэгч, Чөлөөлөгчид итгэх итгэлээ нэмэгдүүлбэл Тэнгэр дэх Эцэг маань та нарыг мөн бидний суралцагчдыг адисална гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Даллин Х.Өүкс, “Challenges to the Mission of Brigham Young University” [BYU Leadership Conference April 21, 2017].

  2. Lectures on Faith (1985), 38; Lectures on Faith (Итгэлийн тухай лекцүүд) нь бошиглогч Иосеф Смитийн удирдлага дор хийгджээ.

  3. Итгэл нь хувийн зөв шударга байдлын төлөө өгсөн Бурханы бэлэг юм. Үүнийг шударга байдал байгаа үед заавал өгдөг бөгөөд Бурханы хуулиудад дуулгавартай байхын хэрээр итгэлийн хишиг нь агуу байдаг юм” (Брүс Р.Макконки, Mormon Doctrine, 2 дахь удаагийн хэвлэл, 1966 он, 264).

  4. Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” Ensign эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39.

  5. Bible Dictionary, “Залбирал.”

  6. Селестэ Дэвис, “How to Pray in a Way God Can Answer,” 2016 оны 4-р сарын 12, blog.lds.org.

  7. Мосе 6:31.

  8. Мосе 6:34.

  9. Эзра Тафт Бэнсон, “Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, 1988 оны 12-р сар, 4.

  10. Мосе 7:13; тодотгол нэмэгдсэн.

  11. Maтай 17:20.

  12. Д. Тодд Кристоффэрсон, “Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх нь,” Лиахона, 2012 оны 9-р сар,55. Мөн Моронай 7:33-ыг үзнэ үү.

  13. Еврей 11:33-35.

  14. Ифер 12:13-15-ийг үзнэ үү.

  15. Ифер 12:30.

  16. Ифер 12:19.

  17. Brigham Young, “Minutes of the General Conference,” Deseret News, Apr. 30, 1853, 150.

  18. Тооллого 13:28.

  19. Тооллого 13:30-31.

  20. Тооллого 13:32-33.

  21. Тооллого 14:9.

  22. Иошуа 14:11–12.