Жил тутмын нэвтрүүлэг
Бурханы хүүхдүүдийн хөрвөлт


2:3

Бурханы хүүхдүүдийн хөрвөлт

Шашны институт, семинарын жил тутмын сургалтын нэвтрүүлэг • 2017 оны 6-р сарын 13

Өнөөдөр би шашны институт, семинарыг удирдаж, заадаг та нартай болон та нарын хайрт хань ижилтэй хамт энэхүү онцгой цугларалтын нэвтрүүлэгт оролцож байгаадаа маш их баярлаж байна. Бид дэлхийн өнцөг булан бүрд байгаа та нарын ихэнхтэй уулзаж байсан бөгөөд та нар бол гайхалтай хүмүүс. Гайхалтай гэдэг нь хэд хэдэн учир шалтгаантай гэж би боддог. Нэгдүгээрт, Сүм нь зөвхөн ариун сүмийн эрхийн бичигтэй байхуйц зохистой, заах чадвартай гэдгээ харуулсан, Боловсролын зөвлөл зэрэг хэд хэдэн удирдлагын түвшинд нэрийг нь дэвшүүлж дэмжсэн, шаардлага хангасан хүмүүсийг ажилд авдаг. Та нарын дуудсан багш нар цалинждаг багшийн адил мэргэшээгүй ч өөрийн туршлагаас харахад орон нутгийн удирдлагууд институт, семинарт хамгийн сайн гэсэн хүнээ дууддаг. Хоёрдугаарт, та нар Нифайн тунхагласнаар “Бурхан болох Эцэгийн болон Хүүгийн, мөн Ариун Сүнсний үнэн бөгөөд цорын ганц сургаал[д]”1 гүн ордог. Энэхүү сургаалыг заах нь үргэлж сургаалын дагуу амьдрахад урамшуулдаг учраас та нар ийм сайн байгаа билээ. Тэр хэвээрээ үлдээрэй!

Бид семинарын гэр бүл! Би 23 жилийн өмнө Хавайн Хонолулу гадасны ерөнхийлөгчөөр дуудагдсан юм. Тэр үед дөрвөн хүүхдийн маань бага нь 18 сартай, том нь 11 настай байв. Би маш их хичээл зүтгэл шаардсан ажил хийдэг байсан бөгөөд бид хамгийн дээд цэгт нь тултал ажиллаж байгаа мэт санагддаг байлаа. Яг тэр үед гадасны маань семинарын зохицуулалтыг хариуцдаг хүмүүс надтай уулзаж, залуу гэр бүлийн маань нөхцөл байдлыг мэддэг учраас итгэл муутайхан шиг “Холлстром эгч, хм, боломжтой бол, ммм, семинар зааж, ммм, чадах болов уу?” гэж асуув. Бид дуудлагаас татгалзаж сураагүй тул гүнзгий амьсгаа аваад, “Тэгэлгүй яахав” гэлээ.

Ийнхүү ихээхэн цаг хугацаа шаарддаг байсан ч гэр бүлийн маань хувьд маш их үр өгөөжтэй цаг үе ирсэн юм. Ажлын өдрүүдэд эхнэр Дайан маань өдөр бүр өглөөний 4:30-д босож, 6:00 цагийн семинартаа бэлддэг байлаа. Түүнээс гадна Дайаныг 7:00 гээд машинаа үүдэнд авчрахад бүх зүйлийг жин тан болгосон байхын тулд би хүүхдүүдээ сэрээн, усанд оруулж, хувцаслахад нь тусалж, өглөөний ундыг нь бэлдэх хэрэгтэй байдаг байв. Дараа нь би ч ажилдаа явж, эхнэр маань ч сургуулийн насны хүүхдүүдээ хүргэж өгөх боломжтой болдог байсан.

Дайан Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр дуудагдах хүртэл бид энэ маягаар найман жил амьдарсан юм. Харин таван жилийн дараа семинарын зохицуулагч дахин манай хаалгыг тогшин орж ирээд, “Манай ахлах анги маш хэцүү хүүхдүүдтэй. Холлстром эгч дахиад семинар заах болов уу?” гэж гуйлаа. Тэгээд найман жил дээр дахиад гурван жил нэмэгдсэн бөгөөд ерөнхийлөгч Хинклигээс ирсэн дуудлага эхнэрийг маань уг дуудлагаас чөлөөлсөн юм. Би ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдаж, биднийг эхний үүрэгт ажлаар Япон руу илгээв. Тиймээс багшаар дуудагдсан та нар дуудлагаасаа буухыг хүсэхдээ болгоомжтой байгаарай. Та нар хаашаа ч явж магадгүй шүү!

Бид хэцүү, завгүй, галзуурмаар байсан тэр үеэ эргэн бодох дуртай бөгөөд талархалтай байдаг. Дайан семинарын суралцагчдадаа үнэхээр хайртай байсан. Суралцагчид нь ч бас түүнд хайртай байв. Тэр маань бас өөрийн болон ах дүү нарынхаа хүүхдүүдэд семинар заадаг байсан. Тэдний нэг нь одоо институтийн захирал хийдэг бөгөөд өнөөдөр энэ нэвтрүүлэгт оролцож байна. Түүнээс гадна, сайн мэдээг тасралтгүй заасан нь Дайаны мэдлэг, гэрчлэлийг гүнзгийрүүлсэн бөгөөд гэр бүлд маань төдийгүй надад ч үр өгөөжөө өгсөн. Энэ нь надад бас ганц завтай байдаг үе болох ажлын өдрийн өглөө хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх “боломж” олгосон юм. Энэ нь миний хувьд ч тэдний маань хувьд ч маш том адислал байсан гэж би боддог. Та нар энэ бүхнээс бидний хамгийн хэцүү гэсэн цаг үе үнэндээ хамгийн том адислал маань болдог гэдгийг харж болно.

Өнөөдөр би хүндэлж явдаг, хамтарч ажилладаг хүмүүстэйгээ хамт байгаадаа баяртай байна. Би Боловсролын зөвлөлийн мөн зөвлөлийн удирдах хорооны гишүүний хувьд манай бүрэн эрхт төлөөлөгч ахлагч Ким Б.Кларк, Шашны институт, семинарын зохицуулагч Чад Х.Вэббтэй сард хоёр удаа уулздаг. Семинар, институтэд ажилладаг эсвэл үйлчилдэг та бүгд маш сайн удирдагчидтай. Та нарын ихэнхийн мэдэж байгаачлан Сүмийн Боловсролын Зөвлөлийг ерөнхийлөгч Томас С.Монсон тэргүүлдэг бөгөөд уг зөвлөлд ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, Дийтр Ф.Угдорф нар байдаг. Мөн ахлагч Даллин Х.Өүкс уг зөвлөлийн гишүүн бөгөөд удирдах хороог тэргүүлдэг. Ахлагч Жэффри Р.Холланд, Жийн Б.Бингам болон Бонни Л.Оскарсон эгч нар зөвлөлийн болон удирдах хорооны бусад гишүүн юм. Сүм боловсролыг нэн тэргүүнд тавьж, хөрөнгө мөнгө зарцуулж байдаг нь надад үргэлж гайхалтай санагддаг.

Харин одоо Сүмийн өсвөр үеийнхний сүнслэг боловсролд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг та бүхэнтэй би өөрийн зарим бодлыг хуваалцъя. Би Христийн бүрэн төгс сургаалын талаар өмнө нь дурдсан. Тэгэхээр энэ Сүм гишүүддээ энэ сургаалыг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь хэрхэн тусалдаг вэ? Энэ асуултыг “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгчид юуг чухалчилж үздэг вэ?” хэмээн өөр байдлаар тавьж болох юм.

Эдгээр чухал ажлын талаар суралцах нэг арга зам бол “авралын ажлыг” ойлгох явдал юм. Авралын ажлын хамгийн товч тодорхойлолт Гарын авлага 2 дээр байдаг. Сүмийн гарын авлагыг Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга баталдаг гэдгийг санаарай. Уг тодорхойлолтод “Есүс Христийн Сүмийн гишүүд ‘хүмүүний бодгалиудын авралын төлөө түүний талбайд хөдөлмөрлөхийн тулд’ (С ба Г 138:56) илгээгдсэн юм. Энэ авралын ажилд гишүүдийн номлолын ажил, хөрвөгч, идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил, сайн мэдээг заах зэрэг нь ордог”2 гэсэн байдаг.

Эдгээр чухал ажлын талаарх өөр нэгэн ойлголтыг Сүмийн гарын авлагын “Сүмийн зорилго” гарчган доорх мэдэгдлээс олж болно. Уг мэдэгдэлд “Бурхан хүүхдүүддээ аврал, өргөмжлөлд хүргэх Өөрийн ажилд туслуулахын тулд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг зохион байгуулсан юм. Сүм бүх хүнийг ‘Христэд ирж, түүгээр төгөлдөржихөд’ (Moронай 10:32; мөн С ба Г 20:59-ийг үзнэ үү) урьдаг. Христэд ирэх урилга нь дэлхий дээр амьдарч байсан, амьдарч байгаа мөн ирээдүйд амьдрах бүх хүнд хамаарна”3 гэсэн байдаг.

Гарын авлага дээрх энэ мэдэгдэлд цааш нь “Сүм хувь хүмүүс, гэр бүлүүдийг өргөмжлөлд тэнцэхээр болоход туслах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тэнгэрлэгээр өгөгдсөн үүрэг хариуцлага дээрээ анхаарал төвлөрүүлдэг. Есүс Христийн сайн мэдээгээр амьдрахад гишүүдэд туслах, номлолын ажлаар дамжуулан Израилийг цуглуулах, ядуусыг болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, ариун сүмүүд барьж, төлөөлөх ёслолуудаар дамжуулан нас барагсдын авралыг боломжтой болгох зэрэг нь эдгээр үүрэг хариуцлагад ордог”4 гэжээ.

Тиймээс “авралын ажил” мөн “тэнгэрлэгээр өгөгдсөн үүрэг хариуцлага” хоёр нь үнэндээ нэг зүйл бөгөөд ялангуяа өсвөр үеийнхэндээ заах зэрэг Сүмд хийдэг бидний бүх зүйлийг удирдан залж байх ёстой.

Эцсийн эцэст бидний өөртөө болон гэр бүлдээ мөн ажил дээрээ хийж буй бүх зүйл Бурханы охид, хөвгүүдийг хөрвөгдөхөд туслахын тулд “авралын ажил,” “тэнгэрлэгээр өгөгдсөн үүрэг хариуцлагыг” заах юм. Энэ нь яг Аарон болон түүний дүү Аммон, Омнер, Химнай нарын адил “[та нарын] номлолд итгэн мөн Их Эзэнд хөрвүүлэгдсэн [хүмүүс] … хэзээ ч итгэл алдра[хгүй]“ байж болохын тулд тэдэнд “илчлэлт хийгээд бошиглолын суу билгийн, мөн тэднээр дамжуулан гайхамшгуудыг үйлдэх Бурханы хүчний дагуу”5 заах юм.

Тэргүүн Зөвлөл өсвөр үеийнхний эцэг эх, удирдагчдад хандан “Та бүхэн залуучуудыг сайн мэдээнд хөрвөхөд нь туслахын тулд Их Эзэнээр дуудагдсан юм”6 хэмээн цохон тэмдэглэжээ. Бид Аврагчийн зааж байсныг үлгэрлэн дуурайх юм бол өсвөр үеийнхэн маань хөрвөлтөд хүргэх гүн гүнзгий арга замаар суралцана гэдэгт итгэж болно.

Тиймээс өсвөр үеийнхэндээ боловсрол олгох нь зүгээр нэг түүх заах биш, харин тэднийг үйлдэхэд сүнслэгээр өдөөх сургаалыг заах явдал юм. Бид “Бурханы мутарт зэмсэг бол[ж]”7 тэднийг зөвхөн сонсож биш харин мэдэрч, дараа нь хийхэд хүргэх үүрэгтэй. Бид бас “бие биендээ зааварлаж мөн сэнхрүүл[снээр]”8 “[өөрсдөө] бүх цэвэр ариун байдалд үйлдэх”9 мөн “наманчлахад хүргэх итгэл[ийг]10 заах үүрэгтэй.

Бид хэрхэн ийнхүү зааж сургаж чадах вэ? Их Эзэний Сүмд тогтсон загвар нь нийтээр, гэр бүлээрээ, хувиараа шүтэн бишрэх үйлд бүрэн оролцох явдал юм. Эдгээрийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй авч үзье.

Нийтээр шүтэн бишрэх

Нийтээр шүтэн бишрэх гэдэг нь Бурханы хүүхэд, ах эгч, гэгээнтнүүдийн хувьд цугларахыг хэлнэ. Эдгээр нь заримдаа гадасны эсвэл ерөнхий чуулган гээд томоохон, харин заримдаа чуулга, Залуу эмэгтэйчүүд, Халамжийн нийгэмлэг эсвэл институт, семинарын анги гээд жижгэвтэр цуглаанууд байдаг. Өнөөдрийн бидний хийж байгаа энэ онцгой цугларалт нь нийтээр шүтэн бишрэхийн нэг хэлбэр юм. Эдгээр цуглаан бүрээр бид Тэнгэр дэх Эцэг, Есүс Христ, Ариун Сүнсний талаарх ойлголтоо өсгөн нэмэгдүүлэх зорилгоор залбиран, зааж, гэрчилж, сэнхрүүлэгддэг. Харин үүний дараа бид өсөн нэмэгдсээр байх мэдлэгийг мэргэн ухаан болгон хувиргах буюу мэдлэг, амьдрал хоёрын хоорондын орон зайг багасгах үүрэгтэй.

Ариун сүмийн шүтлэг бишрэл нь биднийг Бурхантай холбодог ёслол бөгөөд гэрээнүүдтэй шууд холбоотой тул нийтээр шүтэн бишрэхийн ариун хэлбэр юм. Та ариун сүмтэй болон гэрээнүүдтэйгээ хэр холбоотой байдаг вэ? Нийтээр шүтэн бишрэх энэ ариун хэлбэрийг мэдлэг, мэргэн ухаанаа хүчирхэгжүүлэхэд ашиглаж байна уу? Та зааж байгаа хүмүүстээ ариун сүмтэй холбоотой байхад нь тусалж байна уу? Та бас өсвөр үеийнхнийг зохистой бөгөөд ариун сүмийн хязгаарлагдмал эрхийн бичигтэй байж, боломжтой бол уг эрхийн бичгээ ашиглахад урамшуулан дэмжиж байна уу? Гэр бүлийнхнийхээ нэрийг судлан, өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулахаар ариун сүмд очиж авралын ажилд гар бие оролцох нь сүнслэг удирдамж хүлээн авах боломжийг танд олгодог.

Ариун сүмээс гадуур хийгддэг хамгийн чухал нийтээр шүтэн бишрэх үйл ажиллагаа бол ариун ёслолын цуглаан юм. Энэ цуглаан нь Сүмийн ихэнх цугларалтын хэсэг болсон шүтэн бишрэх үйл ажиллагаанаас гадна амьд хүмүүст зориулсан ариун ёслол дээр төвлөрдөг. Цуглааныг эхлүүлэн төгсгөхдөө, ялангуяа ариун ёслолоос хүртэхээр бэлдэж байхдаа бид дуулж, залбирдаг. Бид үүнд бүрэн дүүрэн оролцдог уу? Бидний оюун ухаан, зүрх сэтгэл тэнд байна уу эсвэл өөр газар байна уу? Ёслолын үеэр, цуглааны өөр хэсэгт оролцож байхдаа ухаалаг утсаа унтраасан уу эсвэл мессеж (настай хүмүүсийн хувьд э-мэйл) бичиж, жиргэж суудаг уу? Хүн үг хэлж байхад, ялангуяа уран цэцэн үг хэллэггүй бол “Би үүнийг өмнө нь зөндөө сонсож байсан” гэж их зан гарган, үл тоомсорлодог уу?

Хэрэв бид эдгээр алдааг гаргадаг бол бидэнтэй холбогдох гэсэн Сүнсний чадавхыг бууруулан, тэр ч бүү хэл үгүйсгэж байж болох юм. Тийм байтлаа бид ариун ёслол, Сүмийн бусад цуглаанаар яагаад сэнхрүүлэгдэхгүй байна вэ гэж гайхдаг.

Нийтээр шүтэн бишрэх нь өсвөр үеийнхэн гээд бидний хүн нэг бүрд хөрвөгдөх явцад маань туслах гайхалтай боломж юм.

Гэр бүлээрээ шүтэн бишрэх

Нийтээр шүтэн бишрэх цуглаан нь гэр бүлээрээ шүтэн бишрэхийг дэмжиж байх ёстой. 1999 онд Тэргүүн Зөвлөл эцэг эх, хүүхдүүдэд “гэр бүлийн залбирал, гэр бүлийн үдэш, сайн мэдээг судлах болон гэр бүлийн үр өгөөжтэй үйл ажиллагаанд тэргүүн зэргийн ач холбогдол өг. Бусад зохистой бас тохиромжтой хэрэгцээ эсвэл үйл ажиллагаанууд байж болох ч тэдгээр нь гагцхүү эцэг эхчүүд, гэр бүлийн гүйцэтгэж чадах бурханлаг үүргийг орлох ёсгүй”11 гэж зөвлөсөн байна. Мэдээж эдгээр зарчмыг олон жилийн туршид Сүмийн олон удирдагч, тоолж баршгүй олон арга замаар заасан.

Бид цаг завгүй ертөнцөд аж төрж байна. Би Сүмийн ажлаар дэлхийг тойрон аялж явахдаа хожмын үеийн сайн гэгээнтэн, орон нутгийн удирдагчдаас гэр бүлээрээ залбирч, гэр бүлийн үдшээ хийдэг үү, гэр бүлээрээ сайн мэдээг судалдаг уу гэж заримдаа лавлаж асуудаг. Ихэвчлэн тэд санаа зовсон байдалтай харж, “Бидэнд зав гардаггүй. Хүүхдүүдийн хичээл сургууль, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, дуу хөгжим зэрэг дугуйлан, олон нийтийн болон Сүмийн үйл ажиллагаанууд хамаг цагийг маань авчихдаг. Эхнэр бид хоёр ажил, Сүм, бусад үүрэг хариуцлагаа гүйцэтгэх гээд завгүй байдаг. Бид гэр бүлээрээ бараг хамтдаа байдаггүй” гэж хариулдаг. Хэрэв бид бүр сайн зүйл хийн, завгүй байснаас болж нэн чухал зүйлдээ цаг зав гаргахгүй байгаа бол шийдэл олох ёстой гэж Тэргүүн Зөвлөл зөвлөсөн.

Гэр бүлээрээ шүтэн бишрэх загварыг дагадаг хөрвөгдсөн эцэг эх хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх юм бол хүүхэд багаасаа Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, зөвт үлгэр жишээг дагах магадлалтай байдаг. Харин дараа нь Сүмийн хүрээнд бидний заадаг зүйл дэмжлэг үзүүлэх системийнхээ хувьд гэр бүлдээ зааж сургасан зүйлийг маань бататгаж өгдөг юм.

Өсвөр үеийнхэнд заадаг багш нар маань гэр бүлээрээ тогтмол, үр дүнтэй шүтэн бишрэхээс гадна суралцагчдаа ийн үйлдэхэд зохих ёсоор урамшуулах хэрэгтэй. Бид гэр бүлээрээ шүтэн биширдэг гэр бүлээс ирснийг нь холоос хараад, дотроо баярлаж байх нь зүйтэй. Харин зарим нь гэр бүлдээ Сүмийн цорын ганц (эсвэл идэвхтэй) гишүүн гээд олон шалтгаанаар хамтдаа Сүмийн цуглаанд тогтмол оролцдоггүй тул тэд гэр бүлээрээ шүтэн бишрэхийн ач холбогдлыг хараахан олж харахгүй байж болох юм. Сүмийн удирдагч, эцэг эхийн эрх мэдлээрээ түрий барилгүй зөв шударга загварыг үлгэрлэн зааж, гэр бүлээрээ тогтмол шүтэн бишрэх сэдлийг төрүүлэх эх сурвалж болох арга замыг олж мэдэхэд өсвөр үеийнхэнд тусал.

Хувиараа шүтэн бишрэх

Эцсийн эцэст хөрвөлт нь хувийн чанартай асуудал юм. Нийтээр шүтэн бишрэх нь гэр бүлээрээ шүтэн бишрэх, харин гэр бүлээрээ шүтэн бишрэх нь хувиараа шүтэн бишрэх үйлдэл рүү хөтөлдөг. Үүнд хувийн залбирал, хувиараа сайн мэдээнээс суралцах, Бурхантай харилцах харилцааныхаа талаар тунгаан бодох зэрэг орно. “Учир нь … өөрийн танихгүй нэгэн болох, мөн зүрх сэтгэлийн бодол хийгээд зорилтоос нь хол байх эзнээ хүн хэрхэн мэдэх билээ?”12

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Ариун нандин зүйлийг мэдрэх чадварын ач холбогдлыг энгийнээр тайлбарлая. Ариун нандин зүйлсийг үнэлдэггүй хүн тэдгээр зүйлээ алддаг. Хүндэтгэлтэй байх мэдрэмжээ гээсэн хүний хандлага, биеэ авч явах байдал улам бүр хайнга болно. Тэрээр Бурхантай хийсэн гэрээний өгөх байсан зангуунаасаа мөн Түүний өмнө хариуцлага хүлээдэг гэсэн мэдрэмжээсээ холдон холдсоор дараа нь умартан мартана. Төд удалгүй тэр зөвхөн өөрийн тав тух, ханаж цадашгүй дур хүслээ хангахад санаа тавина. Эцэст нь тэрхүү ариун зүйлсийг, бүр Бурханыг, дараа нь өөрөө өөрийгөө ч үзэн яддаг болно”13 хэмээн хэлсэн.

Залуу эрэгтэй, эмэгтэй өсвөр насандаа хувийн сүнслэг туршлага хуримтлуулсан буюу Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн эсэхээр нь сүнслэг байдлаараа амжилттай (Мелкизедек санваарт томилогдох, хишиг хүртэх, номлолд үйлчлэх, ариун сүмд гэрлэх, зөв шударга гэр бүлийг өсгөснөөр хэмжигддэг) байна гэдгийг нь урьдчилан хэлж болно гэж бид ойлгосон. Энэ нь зөвхөн Сүмд биш харин сайн мэдээнд идэвхтэй байхыг хэлнэ!

Зааж байгаа анги, удирдан явуулж буй хэлэлцүүлэг, үүдний өрөөнд өрнөдөг яриа болгон тань Ариун Сүнсийг жинхэнэ багш болгох зорилготой байх ёстой. Аврагчийн зааснаар “Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд … бүгдийг сануулах болно.”14 Ариун Сүнс бол захиасыг “Сүнсээр гэгээр[эх]”15 гэж буй хүнд тааруулан хүргэх чадвартай. Тиймээс бид авралын ажил, тэнгэрлэгээр өгөгдсөн үүрэг хариуцлагын талаар зааж байхдаа зааж буй хүмүүсээ гэгээрүүлж, урамшуулан дэмжиж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд хөтлөх болтугай.

Шашны хамгийн агуу багш та нартаа бид талархаж байгаагаа хэлэх гэсэн юм! Баярлалаа! Бас дахин баярлалаа! Мөн Сүмийн удирдлагын өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Өөрсдөө зохистой амьдран, гэр бүлдээ анхаарал халамж тавьж, Их Эзэнд үйлчлэн, ялангуяа ариун нандин, өсөн өндийж буй үеийнхэнд анхаарлаа хандуулцгаагаарай. Төлөөлөгчдийн удирдлага, түлхүүр доор авралын болон тэнгэрлэгээр өгөгдсөн үүрэгт ажилд гар бие оролцох нь биднийг сэнхрүүлж, урам зориг өгнө.

Бид Тэнгэрлэг агуу өвийг хүлээн авч, “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралтай”16 болох чадавхтай гэдгийг би тунхаглаж байна. Би Есүс нэртэй мэндэлж, Есүс бол Христ хэмээх цолтой болсон, “тосолсон”17агуу Иеховаг гэрчилж байна. Мөн бидэнд болон бидний зааж буй хүн нэг бүрд дэлхийг буюу ертөнцийн хамгийн хэцүү нөхцөл байдлыг ч гэсэн “найдварын төгс гэрэлтэйгээр”18 ялан дийлэх боломжийг олгодог Түүний зүйрлэшгүй Цагаатгалыг би гэрчилж байна. Сэргээгдсэн сайн мэдээ, сэргээгдсэн Сүмийн адислалаар дамжин бидэнд сонсох, мэдрэх, хийхэд туслах бүх зүйл өгөгдсөн билээ. Есүс Христийн нэрээр, амен.