Баяр хөөрөөр дүүргэгдэв
Шашны институт, семинарын жил тутмын сургалтын нэвтрүүлэг • 2017 оны 6-р сарын 13
Хоёр жилийн өмнө манай бүрэн эрхт төлөөлөгч ахлагч Ким Б.Кларк 3 Нифайгаас бидэнд галаар тойрон хүрээлүүлсэн тэнгэр элчүүд, хүүхдүүдийн талаар заасан билээ. Тэрээр биднийг ч бас шашны сурган хүмүүжүүлэгчдийн хувьд тэрхүү ариун галаар хүрээлүүлэх ёстой гэж заасан.1 Тэнгэрлэг галаар хүрээлэгдсэн хүмүүсийн талаар бас нэгэн шастир Мормоны Номонд байдгийг та бүхэн мэднэ. Лихай, Нифай хоёр шоронд хаягддаг бөгөөд шастирт өгүүлэхдээ
“Тэд дүрэлзэх галын дунд буй мэт байв. …
Мөн болгоогтун, Бурханы Ариун Сүнс тэнгэрээс доош ирж, … мөн тэд галаар дүүргэгдсэн лугаа адил болов”2 гэсэн байдаг.
Уг шастирт “мөн тэд алдар суугаар дүүрэн мөн үгээр хэлэхийн аргагүй баяслаар дүүргэгдэв”3 гэж хэлжээ.
Миний өнөөдрийн хэлэх захиас бол шашны сурган хүмүүжүүлэгчдийн хувьд бид зөвхөн галаар тойрон хүрээлүүлэх төдийгүй мөн баяр хөөрөөр дүүргэгдэх ёстой юм. Ангид маань суралцагчид “аз жаргалын төлөвлөгөө”-ний тухай суралцах ёстойгоос гадна тэрхүү төлөвлөгөө биеллээ олдог, сайн мэдээний дагуу амьдрах нь баяр хөөр авчирдгийн баримт нотолгоог биднээс харах ёстой. Лихай амьдралын модны зүүдэндээ өөрийн гэр бүлийнхэнд “нэгнийг жаргалтай болгох дур булаам” жимснээс хүртүүлэхээр тэднийг даллан дуудсан.4 Тэрээр өөрийн туршлагаас хэлсэн тул түүний урилга хүчирхэг, бодитой байсан юм. Тэр өөрөө уг жимснээс хүртэж, баяр хөөрийг мэдэрсэн байсан.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Энэ ажилд баяр хөөртэй байх нь үнэхээр чухал. Сүмд олон баргар хүн байгаа нь үүнийг аз жаргалын сайн мэдээ гэдгийг ойлгодоггүйгээс байж магадгүй”5 гэж хэлсэн байдаг. Бид ерөнхийлөгч Хинклигийн ярьсан тэр аз жаргалыг амьдралдаа Сүнсийг хүлээн авч, сударт өгүүлсэнчлэн “аз жаргалтай хүмүүний ёсоор”6 амьдарснаар олж авч чадна.
Би шашны сурган хүмүүжүүлэгчийн хувьд “аз жаргалтай хүмүүний ёсоор” амьдрахад минь тусалсан хэдэн зарчмыг та бүхний анхааралд толилуулахыг хүсэж байна. Тэдгээр нь бүрэн төгс эсвэл шинэ санаанууд биш бөгөөд би хэн нэгнийг илүү баяр хөөртэй амьдарч мөн бусдад зааж сургахад нь туслах эрмэлзэлтэйгээр дурдаж байгаа юм. Би зөвхөн ажил мэргэжлийн хувьд шашны сурган хүмүүжүүлэгч хүмүүст төдийгүй тодорхой улиралд институт, семинарт “дуудагдсан” шашны сурган хүмүүжүүлэгчийн ёсоор амьдардаг хүмүүст бас хандан хэлж байна.
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн үг олон жилийн өмнө надад ихийг бодогдуулж билээ. Тэрээр “Аз жаргалыг өнөөдөр олж авцгаая. Хэрэв та өнөөдөр аз жаргалтай байхгүй бол магадгүй хэзээ ч жаргалтай байхгүй гэдгээ мэдэж ав”7 гэж хэлсэн.
Тийм байж таарахгүй шүү дээ гэж би бодож билээ. Наманчлалын хэрэг байна уу? Хэрэв би өнөөдөр аз жаргалгүй байвал түүнийгээ өөрчлөхийн тулд ямар нэгэн зүйл хийж болохгүй гэж үү? Би ахин сайн тунгаан бодоод, ерөнхийлөгч Кимбаллын захиас нь хэрэв та өнөөдөр аз жаргалгүй байгаа бөгөөд нөхцөл байдал өөр байсансан бол аз жаргалтай байх байсан гэдэгт итгэж байгаа бол хэзээ ч аз жаргалтай байхгүй, учир нь аз жаргал таны нөхцөл байдалтай холбоогүй гэсэн утгатай болохыг ойлгосон. Нэгэн зохиолч үүнийг илэрхийлэхдээ
“Бид өөр хаа нэг газарт буюу амралтанд, өөр хамтрагч, өөр ажил мэргэжилтэй мөн өөр гэр орон, өөр нөхцөл байдалд байсан бол илүү жаргалтай, илүү сэтгэл хангалуун байх байсан гэдэгт итгэх хандлагатай байдаг. Тийм биш юм!
Үнэнийг хэлэхэд, хэрэв та түйвээн бусниулагч сэтгэлзүйн дадал зуршилтай … эсвэл аливаа зүйлсийг өөр байсан ч болоосой гэж байнга хүсдэг бол эдгээртэй адил хандлагууд таныг хаа ч явсан дагах болно”8 гэжээ.
Лемен, Лемүел хоёр тэдний аз жаргал нөхцөл байдалтай, ялангуяа тэднийг тав тухтай байлгадаг нөхцөл байдалтай холбоотой гэдэгт итгэдэг байсан. Тэд аглаг буйд дахь аяллынхаа талаар хэлэхдээ
“[Бидний эхнэрүүд] аглаг буйдад хүүхдүүдээ төрүүлж мөн бүх зүйлийн зовлонг, үхэхээс бусдыг л үзлээ; мөн тэд Иерусалимаас гарч ирэхээсээ өмнө үхсэн бол эдгээр зовлонгуудыг туулснаас хавьгүй дээр байх байсан биз ээ.
Болгоогтун, энэ олон жил бид аглаг буйдад зовов, бид өөрсдийн эд хөрөнгө болон өвлөсөн нутагтаа сайхан байж болох байсан; тийм ээ, мөн бид баяр хөөртэй байж болох байсан”9 гэсэн байдаг.
Миний аз жаргал хаана амьдрах, ямар үүрэг даалгавартай байх, хэнтэй хамт ажиллах зэрэгтэй мөн миний суралцагчид эсвэл олдоогүй боломжуудтай холбоогүй болохыг би мэдэж авсан. “Хандлага зөв” байх нь таны асуудлуудыг үгүй хийж, амьдралыг тань нарны гэрлээр дүүргэнэ гэж би хэлж байгаа юм биш ээ. Бид заримдаа зүрх шимширмээр, бараг дийлж давшгүй нөхцөлд байдалд ордог. Гэвч тэдгээр нөхцөл байдалд ч амьдралыг баяр хөөртэй болгох тэнгэрээс илгээгдсэн сүнс болоод хэтийн төлөв байдаг гэдгийг би гэрчилж байна.
Алмагийн номон дахь нэгэн шүлэгт “Мөн энэ нь Аммон болон түүний ах дүүсийн, Нифайн нутаг дахь тэдний аялал, уг нутаг дахь тэдний зовлон, тэдний харуусал, мөн тэдний зүдрэлүүдийн, мөн тэдний ухааршгүй их баяслын шастир болой”10 гэж өгүүлсэн байдаг. Харуусал, баяр хөөрийн аль нь ч нэг нэгнээ харилцан үгүйсгэдэггүй. Багшаар дуудагдсан та бүхэн өөр дуудлагатай байсан ч болоосой гэж хүсэж байж магадгүй. Багшаар ажилладаг та нар ч бас өөр үүрэг даалгавартай байсан ч болоосой гэж хүсэж байж болох юм. Хүсэж болно, гэхдээ таны аз жаргал хүсэл тань биелэхтэй холбоогүй гэдгийг санаарай. Аз жаргал бол хүрэх газар биш, харин аялах арга зам юм. Та аз жаргалыг хүрэх газар хэмээн бодож амьдарвал хэзээ ч жаргалтай байхгүй.
Ямар ч нөхцөл байдалд бай хүн аз жаргалыг хэрхэн олж авах вэ? Би бүх хариултыг мэдэхгүй ч нэг чухал хариултыг санал болгоё. Талархал бол “аз жаргалтай хүмүүний ёсоор” амьдрахад их нөлөөлдөг. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:
“Бид ямар нэг зүйлийн төлөө талархахаасаа илүүтэй нөхцөл байдалдаа талархахад төвлөрөхийг би зөвлөх гэсэн юм. …
Ийм талархал бидний эргэн тойронд болж буй ямар ч зүйлийг ялан дийлдэг. … Энэ нь зуны урин дулаанд байгаа мэт өвлийн хахир хүйтэнд ч тун үзэсгэлэнтэй дэлгэрдэг. …
Нөхцөл байдалдаа талархах нь Бурханд итгэлтэй байх үйлдэл юм.…
Жинхэнэ талархал бол найдвар ба гэрчлэлийн илэрхийлэл юм”11 гэж хэлсэн.
Намайг илүү их баяр хөөртэй амьдрахад мөн бусдад зааж сургахад маань тусалсан өөр нэгэн зарчмын талаар би ярья. Би ажиллаж эхэлснээсээ хойш хэдэн жилийн дараа институт, семинарт заахаа болихоор шийдсэн юм. Би өөрийгөө эргэн тойрондох багш нар шигээ сайн биш гэж бодсон учраас тийм шийдвэрт хүрсэн. Би бусадтай харилцан ойлголцож чаддаг, мэдлэгтэй, хөгжилтэй, итгэлтэй багш нарыг харж байсан бөгөөд тийм зүйлс надад бараг байхгүй байгааг ойлгосон юм. Эцэст нь би институт, семинарт заахаа болиогүй ч өсвөр үеийнхэнд үр дүнтэй зааж мөн тусалж чадах болов уу гэж бодсоор, дотроо үргэлжлүүлэн хичээсээр байв.
Бидний онцлог зан чанаруудын тухайд ахлагч Жэффри Р.Холландын эхнэр Патрисиа Холланд эгч
“Тэнгэр дэх Эцэгт бид байгаагаараа, ямар болохоор хөгжиж байгаагаараа хэрэгтэй. Тэр биднийг зориуд нэг нэгнээсээ өөр байхаар бүтээсэн бөгөөд бид алдаа дутагдалтай ч түүний зорилгыг биелүүлж чадна. Би бусдын хийж байгаа зүйлд эсвэл бусад хүн надаас юу хүсэн хүлээж байгаад зохицох ёстой гэж мэдрэх үедээ л хамгийн их зовдог. Би өөрөө өөрөөрөө байж, Тэнгэр дэх Эцэг болон би өөрөө өөрөөсөө хүсэн хүлээж байдаг тэр л зүйлийг хийхээр хичээх үедээ харин хамгийн аз жаргалтай байдаг.
Олон жилийн турш би ихэнхдээ чимээгүйхэн бөгөөд бодлогошронгуй явдаг Пат Холландыг эрч хүчтэй, сэргэлэн цовоо, яриа хөөрөөтэй, идэвхтэй Жэфф Холландтай болон бусад тийм зан чанартай хүнтэй харьцуулахыг хичээсэн. Хэрэв та сэргэлэн цовоо хүн биш бол сэргэлэн цовоо байх нь таныг баяр хөөртэй болгож чадахгүй гэдгийг би олон удаагийн бүтэлгүй оролдлогоороо олж мэдэж билээ. Энэ нь нөхцөл байдлын хувьд ч зөрчилдөөнтэй. Би өөрийгөө өө сэвтэй хүн гэж хардгаа больсон. … Ингэж бодохоо больсон нь намайг өөрийн байгаа байдал, зан чанарыг хүлээн зөвшөөрч, түүндээ баярлах боломжтой болгосон юм. …
Их Эзэн миний зан чанар Түүний надад өгсөн үүрэг даалгавар, авьяас чадварт яг тохирохоор бүтээгдсэн гэдгийг ямар нэг газар, ямар нэг аргаар ойлгоход маань тусалсан юм. … Би өөрөө өөрөөрөө байх эрч хүчний хэмжээлшгүй арвин эх үүсвэртэй болохоо мэдсэн. Гэвч би бусдыг дуурайхыг оролдох үедээ тасарч хугарсан, эцэж туйлдсан мэт санагддаг бөгөөд үргэлжид урсгал сөрөн сэлж байгаагаа ойлгодог. Бид Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөг тасалдуулахдаа дэлхийг болон Бурханы хаант улсыг өөрсдийн онцгой хувь нэмрээр гачигдуулдаг юм”12 гэж хэлсэн.
Өөрөө өөрөөрөө байх талаар би хоёр зүйл анхааруулъя. Нэгдүгээрт, бид “Би ийм л юм чинь” гэсэн хандлагатай амьдрах хэрэгтэй гэж би хэлээгүй. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Есүс Христийн сайн мэдээ бол өөрчлөлтийн сайн мэдээ юм”13 хэмээн хэлсэн байдаг. Өөрсдийн зорилгыг биелүүлэхийн тулд би зан чанар, хичээл зүтгэлээ хэрхэн өөрчилж, хэрхэн илүү сайн нийцүүлж болох талаар удирдагчдынхаа санал бодлыг хичээнгүйлэн эрэлхийлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь, Христ надад Өөртэйгөө адил болж чадах эрх мэдлийг өгсөн билээ. Гэхдээ би бусад багштай адил байх албагүй. Сүнсний бэлгүүдээр сайжруулагдсан миний зан чанар институт, семинарын ажилд онцгой хувь нэмэр оруулж чадна.
Хоёрдугаарт, анх төв оффист шинэ ажлаа хүлээн авахаар ирэхэд тухайн үед зохицуулагч маань байсан ахлагч Паул В.Жонсон намайг өрөөндөө урьж оруулаад, хэдэн заавар, зөвлөгөө өгсөн юм. Тэр надад “Өөрийгөө бүү тодорхойл” гэж хэлсэн. Хэрвээ Их Эзэн Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхэд намайг хэрхэн хамгийн сайнаар ашиглаж болохыг би өөрөө тодорхойлох юм бол өөрийн өсөлт хөгжил, үйлчлэлийн боломжуудыг хязгаарлаж болзошгүй гэсэн утгатай болохыг би ойлгосон.
Харамсалтай нь би түүний надад битгий хий гэж анхааруулсан тэр л зүйлийг хийсэн билээ. Би түүний надад өгсөн удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлэхээр чадах бүхнээ хийхийг хичээж байсан хэрнээ зүрх сэтгэлдээ бувтнаж байв. “Би зохицуулагч биш. Би бол багш. Би хуралд суух биш, ангидаа байх ёстой” хэмээн өөртөө хэлж байлаа. Заах гэсэн мэргэжлийн хүсэл маань хувийн хэрэгцээгээ хангах хүслээ далдлах нөмрөг төдий болохыг би урт удаан, хүнд бэрх ажиллагааны дараа л олж мэдсэн юм. Цагаа суралцагчдад болон судруудад зориулна гэдэг их урамтай байдаг. Харин өдрөө бодлого хэлэлцэх хурлуудад зориулна гэдэг тийм ч урамтай биш. Харин энэ нь бидний хувьд чухал биш юм. Би энэ ажлыг өөрийн шагнал урамшуулал, гүйцэтгэлийн төлөө хийдэг үү эсвэл Бурханы алдар суу, зорилгын төлөө бүхнээ зориулахын тулд хийдэг үү?
Та нар надаас илүү ухаалаг байж, өөрийгөө төдийгүй хэрхэн ашиглагдаж болохоо тодорхойлохгүй байх гэдэгт би найдаж байна. Аврагчийн удаа дараа зааж, харуулсанчлан Эцэгийн таалалд нийцүүлснээр нэгэн ер бусын аз жаргал ирдэг.
Ингэж нийцүүлснээр шашны сурган хүмүүжүүлэгчдийн хувьд “аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрахад” маань туслах өөр нэгэн саналд намайг хүргэсэн. Бидний ихэнх нь Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэхийг чин сэтгэлээсээ хүсдэг гэдэгт би итгэлтэй байна. Энэ нь Их Эзэн Өөрийн ажлыг хийхдээ тойрог, гадсыг юм уу институт, семинарыг удирдахдаа ашигладаг энэ дэлхий дээрх мөнх бус хүмүүст захирагдахыг биднээс хүсэхэд илүү түвэгтэй болдог. Би удирдагчийн үйлдэл, санал нийлээгүй бодлогоос болж гомдсон тун чадварлаг багш нарыг мэднэ. Тухайн шударга бус байдал бодитой байсан эсвэл тэгж санагдсан байсан ч эдгээр багш өөрсдийн аз жаргалын үнэ цэнээр гомдлоо хаацайлан хамгаалж, халамжилсан юм. Тэдний гомдол ихэнхдээ хорсол зүхэл болон хувирч, тэгээд бусадтай, тэр тусмаа тэднийг удирддаг хүмүүстэй зөрчилдөхөд хүргэдэг.
Ахлагч Нийл А.Максвэлл нэгэнтээ “Сүм дэх амьдрал [мөн би институт, семинар дахь амьдралыг нэмж хэлнэ] бол бүгд үргэлж цэцэн мэргэн, төлөвшсөн, ухаалаг бус олон төрлийн удирдагчидтай байх гэсэн утгатай. Чухамдаа бидний зарим нь шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг ийш тийш сөрдийсөн, тэгш бус байдаг. Бидний туулдаг зарим тэгшлэлт үнэн хэрэгтээ бие биеэ хавирч үрсний үр дүн байдаг. Энэ нөхцөл байдалд тэвчээр, тосолгооны хайр ямар чухал гээч.”14
Шашны сурган хүмүүжүүлэгчдэд “тэвчээр, тосолгооны хайр” ямар чухал болохыг би онцлоод ч барахгүй. Тэдгээр нь аз жаргалыг олж, Сүнсээр заахад нэн чухал.
Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Сүмийн ерөнхийлөгч эсвэл ерөнхий эрх мэдэлтнүүдийг дэмжин батална гэсэн хүн бишопоо дэмжин баталж чадахгүй байгаа бол өөрийгөө хуурч байгаа хэрэг. Тойргийнхоо бишопыг болон гадасны ерөнхийлөгчөө дэмжин батлахгүй байгаа хүн Сүмийн ерөнхийлөгчийг дэмжин батлахгүй”15 гэжээ.
Надад энэ талаар дэлгэрүүлж ярих цаг байхгүй ч би энэ үгэнд буй зарчим нь шашны сурган хүмүүжүүлэгчдэд болон тэднийг удирдахаар томилогдсон хүмүүстэй харилцах харилцаанд хамаатай гэдэгт итгэдэг. Хэрэв та нарын хэн нэгэн нь удирдлагадаа мөн тодорхой нэг удирдагчид эсвэл бодлогод, хайхрагдахгүй байгаадаа эсвэл хэт их хянуулж байгаадаа өшөөрхөж байвал өөрийнхөө тусын тулд тэгж ханддагаа болихыг би та бүхнээс гуйя. Аз жаргал нь уучилдаггүй, бухимдлаа бусдад тараадаг, зөрчлийг дэмждэг нэгнээс үргэлж зугтааж байдаг.
Одоо би сүүлчийн саналаа хуваалцъя. Аврагч нас барахаасаа хэдхэн цагийн өмнө төлөөлөгчдийнхөө хөлийг угааж,
“Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой. …
Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй”16 гэж хэлсэн.
Амьдралд амсах аз жаргалын дийлэнх нь бид өөрсдийгөө мартаж, бодол санаа, үйлчлэлээ бусдад төвлөрүүлснээр ирдэг. Бид шашны сурган хүмүүжүүлэгчдийн хувьд бодол санаа, хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээ суралцагчдадаа төвлөрүүлснээр агуу аз жаргалыг олж авна. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл шашны сурган хүмүүжүүлэгчдэд хандан залуу хүмүүсийн өсөлт, хөгжил нь бидний “агуу хийгээд сүр жавхлантай хэнээрхэл”17 байх ёстой гэсэн байдаг. Хэрэв бидний анхаарал суралцагчдаас маань холдож, өөрсдийн хэрэгцээ, тайтгарал, гүйцэтгэл, нэр алдарт төвлөрч эхэлбэл бид аз жаргалынхаа ихэнхийг алдах төдийгүй үр дүнтэй заах бидний хүчинд мэдэгдэхүйц гарз учрах болно.
Өмнөх зууны Протестант пастор Харри Эмэрсон Фоздик “Зарим Христийн шашинтан шашнаа нуруундаа үүрдэг. Энэ нь тэдний заавал авч явах ёстой итгэл үнэмшил, зан заншлын багц ачаа юм. Заримдаа энэ нь хүндрэхэд тэд сайн дураараа доош буулгамаар байдаг ч ингэх нь хуучны уламжлалыг эвдэх тул үргэлжлүүлэн үүрсээр байдаг. Харин жинхэнэ Христийн шашинтнууд шашнаа үүрдэггүй, шашин нь тэднийг үүрдэг. Энэ нь ачаа дарамт биш, харин даль жигүүр нь болдог. Энэ нь тэднийг өргөж, хүнд бэрх газруудаар явахад нь тусалж, орчлон ертөнцийг нөхөрсөг, амьдралыг утга учиртай, найдварыг бодитой, золиослолыг үр дүнтэй болгодог. Энэ нь тэднийг хүмүүний бодгалийн агуу боолчлогчид болох айдас, ашиггүй байдал, цөхрөл, нүглээс чөлөөлдөг. Та жинхэнэ Христийн шашинтныг түүний баяр баясгалангаар нь таньж мэдэх болно”18 гэж бичсэн байдаг.
Та нарын хүн нэг бүрд сайн мэдээ чухамдаа ачаа дарамт биш даль жигүүр байж, та бүхэн галаар хүрээлүүлж, баяр хөөрөөр дүүрч, таны аз жаргал бусдыг аз жаргалын тань эх ундарга болох Их Эзэн Есүс Христийг эрэлхийлж, дагахад урих болтугай хэмээн би найдаж, залбирч байна. Тэр бол энэ дэлхий дээр алхсан хамгийн аз жаргалтай хүн байсан бөгөөд биднийг “аз жаргалтай хүмүүний ёсоор” амьдрахаар ирэн, Өөрийгөө дагахад урьдаг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.
© 2017 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи эхийн зөвшөөрөл: 5/17. Орчуулгын зөвшөөрөл: 5/17. “Filled with Joy”-ийн орчуулга. Mongolian. PD60004121 363