Хувь хүнийг нь олж хар
Шашны институт, семинарын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг • 2017 оны 6-р сарын 13
Би өнөөдөр энд байж, Аврагчийг, та нарыг мөн үйлчилдэг өсвөр үеийнхэн, залуучуудаа гэсэн хайраа илэрхийлэх боломжтой байгаадаа талархаж байна.
Би ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг анх уншихдаа Ариун Сүнсний хүчтэй гэрчийг хүлээж авснаа мартдаггүй. Тэр “Сорилт бэрхшээлүүдийг даван туулж, үүрэг даалгавраа ийм өндөр түвшинд гүйцэтгэснээр та нарын царайнд Христийн дүр төрх сийлэгддэг гэдэгт би итгэдэг. Тэр ангид тухайн үед тийм илэрхийлэл, сүнслэг нөлөөг харуулж байх үедээ та Тэр болж, Тэр та болдог гэж хэлэхэд хилсдэхгүй байх аа”1 хэмээн хэлсэн. Ажил үүргээ биелүүлж байхдаа Аврагчийг төлөөлөх нэр хүндтэй үүргийг хүлээн авсан гэж бодох нь И, С-т ажиллах хугацаанд маань урам зоригийг хайрлагч хүсэл, удирдан чиглүүлэгч үнэн байсаар ирсэн.
Ахлагч Гонг саяхан болсон Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш нэвтрүүлгээр Аврагчийг төгс багш болгож байсан нэг зүйл бол Түүний 5,000 хүнд зааж байхдаа хүн нэг бүрд хүрч чаддаг байсан чадвар хэмээн бидэнд заасан. Тэр “Энэ бол ангийнхандаа болон ангид байгаа хүн нэг бүрд заахыг хүсдэг багш бидний эрэлхийлдэг гайхамшиг билээ. Энэ нь 5000 хүнд нийтэд нь болон хүн нэг бүрд халамж тавихыг шаарддаг. Энэ нь нийтлэг асуудалд болон хувь хүний хэрэгцээнд анхаарал хандуулахад урьдаг”2 хэмээн хэлсэн юм. Аврагч хэрхэн ийнхүү зааж чаддаг байсан юм бол гэж та нар бодож байсан уу?
Багшлаад хоёр жил болж байхад минь Их Эзэн ангид Өөрийг нь төлөөлөх гэдэг нь юу гэсэн үг болохыг олж харахад туслан, зааж сургасан талаар би хуваалцмаар байна. Ангид маань 15 орчим насны залуу хөвгүүн байсан юм. Би эхний хэдэн өдрийн дотор л түүний бэрх занг тэвчиж чадахгүй гэдгээ мэдсэн бөгөөд надад өөрт байхгүй бэлэг чадварыг хөгжүүлэхэд энэ семестрт ихээхэн цаг хугацаа зарцуулах нь дээ гэж бодогдож байлаа. Би түүнийг болон бүх суралцагчаа хайрлах чадварыг гуйж залбирсан юм.
Хичээл эхлээд хоёр дахь долоо хоног болж байхад тэр залуу хөвгүүн сүнслэг бодол хуваалцахаар босож, амьдралынхаа талаар хуваалцахад түүнийг Их Эзэний адил харах чадвар надад өгөгдсөн бөгөөд түүнийг хайрлах хайр тэр даруй өсөн нэмэгдэж байгааг би мэдэрч билээ. Тэр эцэг эх нь салж байгааг мөн ээж нь Сүмийг орхиод зогсохгүй Сүмийг эсэргүүцэж байгааг хуваалцсан юм. Түүхээ хуваалцах үеэр түүний сэтгэлийн зовлон шаналал, эргэлзээ төөрөгдөл нь царайнаас нь харагдаж байлаа. Үнэндээ би түүний ямар сүнслэг бодол хуваалцсаныг санахгүй байгаа ч Ариун Сүнсний надад заасан зүйлийг санадаг. Надад “Гутлаа тайл, яагаад гэвэл би чамд зүрх сэтгэл рүү орох боломж олгох гэж байна. Чи итгэлтэй эмэгтэйн хувьд энэ хүүгийн амьдралд нөлөөлж чадна гэдэгт Би итгэж байна. Чи түүнийг Миний адил хайрлах хэрэгтэй” гэсэн бодол орж ирсэн юм. Тэр мөчөөс эхлэн би өөрөө ч мөн зүрх сэтгэл минь ч өөрчлөгдсөн юм. Би үнэхээр бурханлаг чадавхтай, сүнслэг бэлэгтэй, ангийнхандаа олон зүйлийг өгч чадах Бурханы хүү гэдгээр түүнийг харж билээ. Тэр семестрт түүний зан байдал нээх их өөрчлөгдөөгүй ч харин би өөрчлөгдсөн байлаа. Тэгж өөрчлөгдсөнөөр бид гайхалтай сайхан зүйлийг хамтдаа мэдэрсэн юм. Би тэр залуу хөвгүүнд мөн Их Эзэний зүрх сэтгэл, алсын хараагаа өөрчил хэмээн олгосон боломжинд мөнхөд талархах болно.
Тэнгэр дэх Эцэг маань хүн нэг бүрийг таньж мэдэхийн зэрэгцээ тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаг нь намайг үргэлж гайхшруулдаг. Тэр намайг хардаг, ойлгодог бөгөөд төгс мэддэг гэдгийг би мэднэ. Тэр бас намайг төгс хайрладаг. Тэр бас намайг бурханлаг чадавхтай нэгэн гэдгийг мөн Түүний тусламжтайгаар Өөртэй нь адилхан болж чадна гэдгийг мэддэг. Тэрээр та нарын талаар мөн хаалгаар тань орж ирсэн залуу эмэгтэй, эрэгтэй хүн нэг бүрийн талаар яг адилхан боддог гэдэгт би итгэдэг. Тэрээр тэднийг төгс төгөлдөрөөр харж, тэдний хүн нэг бүрийг аврахыг хүсдэг. Тэр бас тэднийг гадна төрх, биеэ авч яваа байдлаас нь давуулж харан, бурханлаг шинж чанар, хүчтэй талуудыг нь чухалчилж үздэг. Тэрээр биднийг багш нарын хувьд Өөртэй нь адил байгаасай гэж хүсдэг.
Энэ жил бид “Хувь хүнийг нь олж хар” гэсэн нэртэй хөтөлбөрийг танилцуулж байна. Энэ хөтөлбөр нь суралцагч бүрийн хувийн хэрэгцээ шаардлага, хүчтэй талууд, бурханлаг чадавхыг нь олж хардаг Христийнх шиг чадварыг бидний хүн нэг бүрд хөгжүүлэхэд төвлөрнө. Бидний хүн нэг бүр суралцагчдыг гаднах төрх, дуудагдах нэр цолоос нь давуулан, суралцагч бүрийг бурханлаг чадавхтай өвөрмөц хувь хүн гэдгээр нь харж, зохих ёсоор харьцах Христийнхтэй адил чадвараа хөгжүүлж, гүнзгийрүүлэх байх гэж би найдаж байна.
Суралцагч бүр суралцах үйл явцад нь нөлөөлөх өөр өөрийн гэсэн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, асуудлаа тээсээр ангид орж ирдэг. Институт эсвэл семинар нь суралцагчийн амьдралын нэн чухал боловч зөвхөн нэгхэн хэсэг гэдгийг санаж байх нь чухал. Суралцах хэв маяг, соёлын ялгаа, хөгжлийн бэрхшээл, донтолт, үхэл хагацал, уй гашуу зэрэг нь суралцагчийн суралцах үйл явцад нөлөөлж болох зүйлсийн зөвхөн цөөн хэд нь юм. Нөхцөл байдал, дуудагдах нэр цол нь суралцагчдыг маань тодорхойлохгүй ч тэднийг хэн болохыг харах, Аврагчийн адил хайрлах боломжийг бидэнд олгодог. Хүнд ачаа үүрэн, бүх хүн төрөлхтний Аврагчийн өгдөг итгэл найдварыг цөхрөлтгүй эрэлхийлэн ангид ирсэн хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хийх нь нэр төрийн хэрэг бөгөөд бидний үүрэг хариуцлага юм.
Хувь хүнийг олж харах энэхүү ариун нандин үүрэг хариуцлагын талаар тунгаан бодох явцдаа би төлөөлөгч Паулын 1 Коринт 12 дээрх сургаалаас олон зүйлийг олж мэдсэн юм. Би дээрх бүлгийг судалснаар сурч мэдсэн гурван сургамжаа та бүхэнтэй хуваалцмаар байна.
1 дэх сургамж: Паул Христийн биеийн талаарх мөн гишүүн нэг бүрийн үнэ цэнийн талаарх өөрийн сургаалыг эхлүүлэхдээ сүнслэг бэлгийн талаар өгүүлсэн. Би 1–11-р шүлгийг судалж байхдаа хувь хүнийг Аврагчийн адилаар харах чадварын нэг түлхүүр нь эхлээд ил гарган, ашиглах хэрэгтэй тэдний авьяас билэг, давуу талыг олж харах явдал юм болов уу гэж өөрийн эрхгүй бодсон. Бид суралцагчдаа ингэж харж чадах юм бол тэдний алдаа дутагдал, муу зан чанар дээр анхаарлаа төвлөрүүлэхийн оронд давуу талыг нь олж харж, хөгжүүлэх болно. Заримдаа суралцагчийн биеэ авч яваа байдал нь түүний үнэ цэнийг зөв тусган харуулдаггүй. Багш хүний хөгжүүлж болох нэг энгийн ур чадвар бол суралцагчийн хэлсэн үг, гаргасан зан авирт нь тэр даруй хариу үйлдэл хийлгүй харин “яагаад” уг суралцагч ийм хандлага, үйлдэл гаргаж байгаа талаар хоёр юм уу гурван шалтгааныг бодож үзэх явдал юм. Энэ нь багшийг сэтгэлийн хөдлөлөөрөө үйлдэхээс сэргийлж, суралцагчийн сүнслэг бэлгийг илүү сайн таньж мэдэхэд тусална.
Бид суралцагч бүр бурханлаг чадавхтай гэдгийг мартахгүй байхыг хичээхийн зэрэгцээ нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээл нь тэдний суралцах хүсэл, чадварт саад болж байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь хүмүүст сонгох эрхээ ашиглан сүнслэг бэлгээ хэрэглэх сэдлийг төрүүлж, урамшуулан дэмжихүйц сайн хичээл бэлдэхийг биднээс хичээлийн явцад шаардана. Энэ нь амар биш ч Их Эзэний тусламжийг эрэлхийлэх юм бол Тэрээр Өөрийнх нь хүүхдүүдэд хэрхэн заахыг олж мэдэхэд бидэнд тусална.
Нэгэн явдал надад суралцагчдынхаа сүнслэг бэлгийг таньж мэдэхийн үнэ цэнийг заасан юм. Нэг суралцагч маань ангидаа ч мөн ангиас гадуур ч гэсэн унших дургүй нэгэн байв. Тэр дуу хөгжимд авьяастай байсан бөгөөд би түүнд хэрхэн зааж болох талаар Их Эзэнээс асуухад тэр надад урд өмнө нь хэзээ ч оролдож байгаагүй арга барилаар заа хэмээн хариулсан юм. Би түүнд хичээлийн хуваарь өгөөд, тухайн судрын хэсэгт байх үнэнийг заахад туслах мөн ангид дуулж болохуйц дууг хичээл бүрд зориулан олохыг хүслээ. Энэ нь түүнээс дууг сонгохын тулд үнэнийг олж мэдэхээр ангиас гадуур уншихыг шаардаж байв. Энэ нь бас түүнд бэлдэж байхдаа сурсан зүйлийнхээ талаарх гэрчлэлийг ангидаа хуваалцах боломжийг олгох байв. Хэдхэн долоо хоногийн дотор би тэр суралцагчийн Аврагчийг хайрлах хайр өсөн нэмэгдэж, хичээлд оролцох байдал нь сайжирч байгааг харсан юм. Тэр яг одоо бүрэн цагийн номлолд үйлчилж байгаа бөгөөд зөвхөн судраас уншаад зогсохгүй судруудыг бусдад зааж, гэрчлэлийн бэлгээ хөгжмөөр дамжуулан бусадтай хуваалцаж яваа.
2 дахь сургамж: Паул гишүүн бүр үнэ цэнтэй гэдгийг онцолсон. 14–18-р шүлэгт Тэрээр
“Учир нь бие бол ганц эрхтэн бус, харин олон эрхтэнтэй.
Хэрэв хөл ‘Би гар биш учраас биетэй холбоогүй’ гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ.
Хэрэв чих ‘Би нүд биш учраас биетэй холбоогүй’ гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ.
Хэрэв бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байх байсан бэ? Хэрэв бүхэл бие сонсгол байсан бол үнэрлэх мэдрэмж нь хаана байх билээ?
Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тус бүрийг биед байрлуулжээ” хэмээсэн.
Надад өөр өөр үүрэгтэй ч чухал үүрэг гүйцэтгэдэг биеийн эд эрхтэнтэй зүйрлэсэн нь таалагддаг. Гар нь хөлийг, чих нь нүдийг орлохгүй. Эрхтэн болгон өөрийн гэсэн өвөрмөц, чухал үүрэгтэй бөгөөд өөрийн хувь нэмрийг оруулдаг. Бие эрхтэн бүрэн ажиллахад эрхтэн болгон зайлшгүй хэрэгтэй.
Ахлагч Холланд энэ үнэнийг арай өөр зүйрлэл ашиглан заасан. Тэрээр “Тэнгэрлэг төлөвлөгөөгөөр бол Бурханы найрал дуун дахь хоолой бүр өөр өөр байдаг. Баян тансаг хөгжим зохиохын тулд сопрано, альто, баритон, басс зэрэг өөр өөр өнгө шаардлагатай болдог. Бид … хуурамч хэв маяг[т] … баригдан, өөрсдийн ялгаатай байдлыг нуух юм бол дэлхийг өвөрмөц өөр өөр зүйлээр бүрдүүлэн бүтээсэн Бурханы баялаг өнгө болоод хөгийг алдаж байгаа хэрэг болно”3 хэмээн хэлсэн.
Бид суралцагч бүрд “бидэнтэй хамт байхдаа хөрвөгдөхөд”4 нь үр дүнтэй туслахын тулд суралцагч бүр үнэ цэнтэй гэдэгт итгэж, үүнийхээ дагуу үйлдэх ёстой. Эдгээр үнэнтэй холбон би та нарын хүн нэг бүрийг өөртөө дараах асуултуудыг тавихад урьж байна. Нэгдүгээрт, “Би үнэхээр миний суралцагч бүр үнэ цэнтэй бөгөөд хувь нэмэр оруулж чадах гишүүн болно гэдэгт итгэдэг үү? Хоёрдугаарт, “Миний үйлдэл итгэдэг зүйлийг маань харуулдаг уу?”
Их Эзэн бидэнд эдгээр итгэл үнэмшилдээ захирагдахад туслах болтугай хэмээн би залбирч байна.
3 дахь сургамж: Паул гишүүн бүрд яг ижил анхаарал халамж тавих хэрэгтэй хэмээн заасан. Тэрээр “Ингэснээр бие дотор хагарал гарахгүй, харин эрхтнүүд нь бие биедээ адилхан халамжтай байх юм”5 хэмээн хэлсэн.
Энэ шүлэг намайг өөрийнхөө талаар эргэцүүлэн бодоход хүргэсэн юм. Би үнэхээр суралцагч бүрээ “адилхан халамж[илдаг]” уу? Би хичээлдээ илүү түлхүү оролцдог суралцагчдадаа илүү анхаарлаа хандуулдаг уу? Надад гараа өргөдөг, үргэлж судраа гаргаж тавиад, гэрчлэлээ мөн утга учиртай зүйл хуваалцахад бэлэн суралцагчдаа хайрлах нь илүү амар байна уу? Намайг хайрладаг, хичээлдээ дуртай, цагтаа ирж, аминд хүрэх аюултай өвчин тусахгүй л бол хичээлээ тасалдаггүй суралцагчдыг хайрлаж, анхаарч халамжлах илүү амархан байна уу? Бусад суралцагч намайг өөрсдийг нь “адилхан халамж[лахгүй]” байгааг анзаарч хардаг уу? Энэ нь анги доторх хайр, хүндлэлийн уур амьсгал, зорилгод хэрхэн нөлөөлдөг вэ? Бидний хүн нэг бүр энэ бүхнийг өөрийн биеэр үзүүлбэл суралцагчид нэг нэгнээ илүү их Аврагчийн адил харж, хандах болно.
Бид зааж байхдаа Аврагчийг төлөөлж, бусдыг Түүний адил харах чадвараа хөгжүүлэхийг хичээхдээ (1) бидэнд сүнслэг бэлэг байгаа, (2) бүх гишүүн үнэ цэнтэй, (3) бид гишүүн бүрийг “адилхан халамжлах” хэрэгтэй гэдгийг санах ёстой.
Энэ нь ямар хэрэгтэй болохыг тунгаан бодох явцдаа сурсан өөр нэгэн сургамжаа би хуваалцмаар байна. Бидний энэ үед дайсан “хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт”6 байна. Хувь хүний үнэ цэнийг гутаахдаа гаршсан тэрээр хүмүүсийн бурханлаг мөн чанар, тэнгэртэй холбогдох харилцаа холбоог нь үгүй хийхийг үргэлж эрэлхийлдэг. Бид “Мууг сайн, сайныг муу гэж нэрлэ[дэг], харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар соль[сон]”7, учир нь олдохоо байсан дэлхийд бусдад бурханлаг чадавхаа ойлгож, Их Эзэнд үнэнч байхад нь туслахын тулд Аврагчийн адил харах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.
Энэ чадвараа гайхалтай сайн харуулсан судрын баатруудын нэг бол Абигаил юм. Түүнийг Хуучин Гэрээнд “ухаан саруул, гоо үзэсгэлэнтэй”8 хэмээн дүрсэлсэн байдаг. Тэр “зөрүүд, муухай зантай”9 Набалтай гэрлэсэн байжээ. Набал Давидад туслахаас татгалзаж, харааж зүхсэнийх нь дараа Давид түүнийг болон гэр бүлийнхнийг нь алахаар хүмүүсээ цуглуулав. Набалын зарц нар аюул нүүрлэж байгааг Абигаилд хэлэхэд тэр даруйхан хоол хүнс цуглуулан Давидтай уулзахаар явжээ.
Абигаил Давидыг харангуутаа мөргөж, үйлдээгүй гэм бурууг Христтэй адил өөр дээрээ авч, өршөөж уучлахыг хүсжээ.10 Абигаил Набалаас юу олж харсан болоод түүнийг өмөөрөх болсон бэ?
Тэр Давидаас юуг олж харсан болоод “Та шивэгчнийхээ нүглийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь ЭЗЭНий дайныг хийж байгаа билээ. Таны амьдралын бүхэл өдрүүдэд бузар муу юм байхгүй”11 гэж хэлсэн юм бол.
Ийм чухал мөчид тэр яагаад Давидад хэн болохыг нь мөн Их Эзэний түүнд өгсөн амлалтыг нь сануулах сонголт хийсэн бэ? Түүний итгэлийн энэ үйлдэл нь хэрхэн нөлөөлсөн бэ?
Давид түүнд дараах байдлаар хариулсан нь надад таалагддаг. Тэр
“Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай.
Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгахаас болон өөрийнхөө гараар өөрийн өшөөг авахаас болиулсан чи магтагдах болтугай”12 хэмээсэн.
Яг тэр үед ерөнхийлөгч Пакэрын амлалтын адил Абигаилийн “царайд Христийн дүр төрх сийлэгд[сэн]. Тэр ангид тухайн үед тийм илэрхийлэл, сүнслэг нөлөөг харуулж байх үедээ [Абигаил Тэр болж, Тэр Абигаил бол[сон]”13 гэдэгт би итгэдэг.
Бидэнд Түүний адилаар бусдыг харж, өөрсдөд нь байгаа бурханлаг чадавхыг олж харахад нь туслах боломж байгаа гэдгийг би гэрчилж байна.
Амьдралд минь Христийн энэхүү зан чанарыг үлгэрлэн харуулсан хүмүүсийг хайрлах хайр, талархлаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Хамгийн түрүүнд миний тэнгэр элч болсон ээж минь үргэлж намайг бурханлаг чадавхтай, сүнслэг бэлэгтэй нэгэн гэдгээр минь харсаар ирсэн. Тэр намайг юу ч хийгээгүй байхад ч гэсэн хувь нэмэр оруулдаг хүн гэдгээр минь хардаг байсан бөгөөд надад энэ чадавхаа хөгжүүлэхэд уйгагүй тусалсан юм. Надад Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрүүлж, үнэ цэнийг маань сануулснаар амьдралд маань итгэл найдвар авчирсан санваарын удирдагчид байсан. Миний семинар, институтийн багш нарын ихэнх нь өнөөдрийн энэ нэвтрүүлгийг үзэж суугаа. Тэд надаас өөрөө харж чадахгүй байсан тэр зүйлийг олж харсан юм. Намайг дэмжин тусалж, хувь хүнийг нь харахыг үлгэр жишээгээрээ үзүүлэн Аврагч руу хөтөлсөн хүмүүсийн ачаар Миний ажил мэргэжлийн замнал гайхалтай баялаг болсон.
Их Эзэн намайг үнэ цэнтэй, нандин нэгэн хэмээн хардгаа олон арга замаар харуулж байдагт нь би үргэлж талархаж явдаг. Тэр намайг бэлгүүдээр адисалж, тэднийгээ бусдад Түүнтэй адилхан болоход нь туслахад ашиглах боломжийг олгосон билээ. Тэрээр та нарын мөн та нарын суралцагч нэг бүрийн төлөө үүнийг хийдэг гэдгийг би мэднэ.
Сүүлийн хэдэн сар надад Аврагч хэрхэн хувь хүнийг олж хардаг тухай мөн уг алсын харааны дагуу зааж сургасан судруудыг онцолж суралцах сайхан боломж олдсон. Түүнээс шууд суралцсанаар би өөрчлөгдсөн. Би та нарыг үүнтэй адил зүйлийг хийнэ үү гэж уриалж байна. Тэр бол төгс үлгэр жишээ мөн. Тэрээр хүний хэрэгцээ шаардлагад тааруулан, заасан хүмүүстээ бурханлаг чадавхаа ойлгоход нь илүү сайн туслахын тулд хэрхэн суралцах явц, хичээлд гар бие оролцож байсан олон жишээ байдаг.
Хайрт найз нар аа, би Тэнгэр дэх Эцэг маань Өөртэй нь адил харж, хайрлаж, үйлдэх бидний хувь хүний чадавхыг үргэлжүүлэн нэмэгдүүлээсэй хэмээн залбирч байна. Бид энэ бэлгийг эрэлхийлэн, хүлээн авч, хөгжүүлэх арга замыг олохын төлөө мөн өдөр бүр суралцагчдынхаа өмнө зогсож байхдаа зүс царайндаа Аврагчийн дүр төрхийг үргэлж байлгахын төлөө би залбирч байна. Бид Түүнээс тусламж эрэлхийлснээр энэ бэлгээ хөгжүүлж чадна гэдгийг би мэднэ. Үүнийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.
© 2017 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи эхийн зөвшөөрөл: 5/17. Орчуулгын зөвшөөрөл: 5/17. “See the One”-ийн орчуулга. Mongolian. PD60004121 363