Харах нүд
Ариун Сүнсний хүчээр Есүс Христ бидэнд өөрсдийгөө мөн бусдыг Өөр шиг нь харах чадварыг өгнө.
Бурханы мутрыг харах
Би Хуучин Гэрээний бошиглогч Елишад үйлчилдэг байсан нэгэн залуугийн тухай түүхэнд дуртай. Нэг өглөө тэр залуу сэрээд, гадагш гарахад асар олон цэрэг тэднийг устгах санаатай хотыг нь бүслээд байв. Тэр Елиша руу гүйж очоод, “А-яа, эзэн минь! Бид яах билээ?” гэв.
Елиша “Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм” гэж хариулдаг.
Залууд тайвширч уужрахаас илүү алсын хараа хэрэгтэй гэдгийг Елиша мэдэж байв. “Тэгээд Елиша залбиран —Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галан морьд, тэргээр дүүрсэн байв.” 1
Танд тэр зарцтай адил таны амьдралд Бурхан хэрхэн ажиллаж байгааг харахад амаргүй үе тулгарч болох ба танд бүслэлтэд орсон мэт санагдах үе буюу мөнх бус байдлын сорилтууд таныг өвдөг дээр тань сөхрүүлэх үе гарч мэднэ. Түр азнаад, Бурханд болон Түүний цагт итгээрэй, яагаад гэвэл та Түүний зүрхэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж болно. Гэвч энэ түүхээс бас нэг сургамж авч болно. Хайрт ах, эгч нар аа, та бүхэн ч гэсэн ердийн үед олж хардаггүй зүйлсийг харахын тулд Их Эзэнд хандан, нүдийг тань нээж өгөхийг хүсэн залбирч болно.
Бурхан биднийг хардаг шиг өөрсдийгөө харах
Бидний тодорхой гэгч харвал зохих хамгаас чухал зүйлс нь Бурханы хэн болохыг мөн өөрсдийгөө үнэхээр хэн гэдгийг, тухайлбал тэнгэрлэг эцэг, эхийн “тэнгэрлэг мөн чанартай, мөнхийн хувь заяатай” охид, хөвгүүд гэдгээ харах явдал байж мэднэ. 2 Бурханаас эдгээр үнэнийг өөрт чинь илчлэхийг мөн Тэрээр өөрийн чинь талаар ямар бодолтой байгааг асуу. Өөрийнхөө жинхэнэ мөн чанар, зорилгыг төдийгүй сэтгэл зүрхнийхээ нууцыг илүү сайн ойлгож авахад тэрхүү ойлголт таны амьдралын бүхий л зүйлд илүү их нөлөөлөх болно.
Бусдыг харах
Бурхан биднийг яаж хардгийг ойлгох нь бусдыг Түүн шиг хардаг болох замыг бэлтгэхэд бидэнд тусалдаг. Хэвлэлийн тоймч Дэвид Брүкс “Манай нийгэм дэх хамгийн ноцтой асуудлууд хүмүүс өөрсдийг нь харахгүй, мэдэхгүй байна гэсэн мэдрэмжээс үүсдэг. … Энд бид бүгдэд илүү сайн хөгжүүлэх ёстой нэг онцлог…чанар байгаа нь бие биенээ илүү нэвт харж мөн өөрсдийгөө илүү гүн харуулах чанар юм” 3 гэжээ.
Есүс Христ хүмүүсийг гүн рүү нь хардаг. Тэрээр хувь хүмүүсийг болон тэдний хэрэгцээг мөн тэдний хэн болж чадахыг хардаг. Бусад хүн загасчид, нүгэлтэн эсвэл татвар хураагчид гэж харсан байхад Есүс дагалдагчид гэж харсан мөн бусад хүн чөтгөр шүглэсэн хүнийг харсан байхад Есүс гаднах зовлонгоос нь цааш давж харан, түүнийг хүлээн авч эдгээсэн байдаг. 4
Бид завгүй энэ амьдралдаа ч гэсэн Есүсийн үлгэр жишээг даган, хувь хүмүүсийг харахдаа тэдний хэрэгцээ, итгэл, тэмцлийг болон хэн болж чадахыг нь харж болно. 5
Ердийн үед олж харахгүй байж болох зүйлсийг харж чадахаар нүдийг минь нээж өгөхийг гуйн би Их Эзэнд хандан залбирахдаа өөртөө ихэвчлэн “Би хийхээ болих ёстой юу хийгээд байна вэ?”, “Би хийж эхлэх ёстой юуг хийхгүй байна вэ?” гэх хоёр асуултыг тавьдаг ба ирэх өдөөлтүүдэд анхаарлаа хандуулдаг. 6
Хэдэн сарын өмнө ариун ёслолын үеэр намайг өөрөөсөө ингэж асуутал, хүлээн авсан сүнслэг мэдрэмж маань намайг гайхшируулсан. “Дараалалд зогсож байхдаа утсаа хардгаа боль.” Дараалалд зогсож байхдаа утсаа харах нь бараг автомат үйлдэл болсон байлаа. Би ингэх нь хийх олон зүйлээ амжуулах, э-мэйлээ шалгах, мэдээний гарчиг үзэх эсвэл сошиал дээрх зүйлийг гүйлгэж харахад сайхан тохиромжтой цаг гэж үздэг байлаа.
Маргааш өглөө нь би дэлгүүрт нэгэн урт дараалалд зогсож хүлээх болов. Би гар утсаа гаргаснаа хүлээж авсан мэдрэмжээ санав. Би утсаа буцааж хийгээд, эргэн тойрноо ажиглалаа. Дараалалд миний урд зогсож байгаа нэгэн настай эрэгтэйг би олж харав. Түүний сагсанд хэдэн лааз муурны хоолноос өөр юу ч үгүй байлаа. Надад жаахан сонин санагдсан боловч би “Та мууртай байх нь ээ” гэж үнэхээр овсгоотой зүйл хэлсэн. Шуурга болох гэж байгаа тул муураа хоолгүй болгохыг хүсээгүй юм гэж тэр хариулав. Бид хоёрыг ийн хэсэгхэн ярилцаж байтал тэр эргэж хараад, “Би хэнд ч хэлээгүй л дээ, гэхдээ өнөөдөр миний төрсөн өдөр” гэлээ. Зүрх сэтгэл минь уярав. Би түүнд төрсөн өдрийн мэнд хүргээд, гар утсаа харан зогсолгүй, миний анхаарал тавих хэрэгтэй байсан хүнийг үнэхээр харж, түүнтэй харилцах боломжийг алдаагүйдээ талархан, чимээгүйхэн залбирч билээ.
Би Иерихо орох зам дээрх тахилч эсвэл леви хүн шиг харуутаа дэргэдүүр нь өнгөрөхийг бүх зүрх сэтгэлээсээ хүсэхгүй байлаа. 7 Гэвч ихэнх тохиолдолд би ийм байдаг гэж боддог.
Надад өгсөн Бурханы үүрэг даалгаврыг харах
Би саяхан гүн рүү нь харах талаар Розлин гэдэг нэг залуу эмэгтэйгээс маш үнэ цэнтэй сургамж авсан.
20 жил ханилсан нөхөр нь орхиж явахад сэтгэлээр унасан нэг найз маань энэ түүхийг надтай хуваалцсан юм. Түүнд хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цагийг эцэг, эх хоёрт нь хувааж өгөх мөн сүмд ганцаараа явах нь аймшигтай санагддаг байжээ. Тэр ийнхүү дурсан ярьсан юм.
“Гэр бүлийг хамгаас чухалчилдаг сүмд ганцаараа суухад хэцүү байдаг. Эхний ням гарагт би надтай хэн ч юм ярихгүй байгаасай гэж залбираад орсон. Би биеэ арайхийн барьж байсан бөгөөд нулимс маань асгарахад бэлэн байлаа. Би суудаг газраа сууж, тэрхүү суудлын хэсэг ямар хоосон байгааг хэн ч анзаарахгүй байх гэж найдаж байв.
Тойргийн маань нэгэн залуу эмэгтэй над руу эргэж харав. Би инээмсэглэж байгаа дүр эсгэлээ. Тэр хариу инээмсэглэв. Би түүний нүүрэнд санаа зовж буй байдал илрэхийг харсан. Түүнийг над дээр ирж юм ярихгүй байгаасай гэж би чимээгүйхэн залбирч гуйв. Надад ярих ямар ч эерэг зүйл байгаагүй бөгөөд уйлна гэдгээ би мэдэж байлаа. Би доошоо харж, харц тулгарахаас зайлсхийв.
Дараагийн цагт тэр над руу үе үе хараад байгааг би анзаарсан. Цуглаан дуусангуут тэр шууд над руу чиглэн ирэв. ‘Сайн уу, Розлин’ гэж би шивнэлээ. Тэр намайг тэвэрч аваад, ‘Смит эгч ээ, өнөөдөр таны хувьд тааруухан өдөр байгааг би мэдэж байна. Би таныг ойлгож байна. Танд хайртай шүү’ гэж хэлэв. Түүнийг намайг дахин тэврэхэд яг бодож байснаар нулимс минь асгарлаа. Харин би тэндээс явахдаа ‘Ер нь би үүнийг хийж чадах л юм байна’ гэж дотроо бодож билээ.
“Насны минь талд ч хүрээгүй, тэр хөөрхөн 16-тай залуу эмэгтэй, бүтэн жилийн турш намайг ням гараг бүр хайж олон, тэвэрч аваад, ‘Та минь сайн уу?’ гэж асуудаг байлаа. Энэ нь миний сүмдээ явах мэдрэмжид асар их өөрчлөлт оруулсан. Үнэнийг хэлэхэд, би түүний тэврэлтэд найдаж эхэлсэн байв. Хэн нэгэн намайг олж анзаарсан. Хэн нэгэн намайг тэнд байгааг мэдсэн. Хэн нэгэн надад санаа тавьдаг байсан.”
Эцэгийн бидэнд өгөөмрөөр өгч буй бэлгүүдийн адил гүн рүү харах нь биднээс Түүнээс гуйхыг, дараа нь үйлдэхийг шаарддаг. Түүний хардаг шиг бусдыг харахыг, тэрчлэн Түүний хязгааргүй бөгөөд тэнгэрлэг боломж бүхий жинхэнэ охид, хөвгүүд гэдгээр нь харахыг гуй.. Дараа нь хайрлаж, үйлчилснийхээ дагуу мөн тэдний үнэ цэн, боломж бололцоог мэдэрснийхээ дагуу батлан үйлд. Энэ нь бидний амьдралын хэв маяг болох үед бид өөрсдийгөө “Есүс Христийн үнэн дагалдагчид” болж байгааг мэдэх болно. 8 Бусад хүн бидний зүрх сэтгэлд өөрсдийнх шигээ итгэж найдах боломжтой байх болно. Мөн уг хэв маягт бид өөрсдийнхөө жинхэнэ мөн чанар, зорилгыг олж мэдэх болно.
Найз маань тэрхүү хоосон эгнээнд ганцаараа сууж байхад тохиолдсон бас нэг туршлагаа санаж, гэр орондоо 20 жилийн туршид сайн мэдээний дагуу амьдрахыг хичээсэн маань талаар болчихов уу гэж гайхаж байсан гэв. Түүнд тайвширч уужрахаас илүү алсын хараа хэрэгтэй байсан юм. Түүний зүрхийг нэгэн асуулт нэвт сүлбэсээр буйг тэр мэдэрч байсан. “Яагаад чи тэр бүх зүйлийг хийсэн юм бэ? Тэр бүхнийг чи шагнал авахын тулд, бусдын магтаалыг хүртэх гэж эсвэл хүсэж буй үр дүндээ хүрэхийн тулд хийсэн гэж үү?” Тэр хэсэг зуур эргэлзэж байснаа, зүрх сэтгэлээсээ хайн, дараа нь өөртөө итгэлтэйгээр “Би Аврагчдаа хайртай учраас тэр бүхнийг хийсэн. Би Түүний сайн мэдээнд хайртай” гэж хариулжээ. Их Эзэн түүний нүдийг нээж, харахад нь тусалсан. Алсын харааны энгийн боловч хүчирхэг энэ өөрчлөлт түүнд нөхцөл байдлыг үл харгалзан Христэд үргэлжлүүлэн итгэлтэйгээр зүтгэхэд тусалсан байна.
Есүс Христ бидэнд хайртай бөгөөд бүр хүнд хэцүү үед ч, бүр ядарч эцсэн үед ч хүртэл, бүр биднийг ганцаардсан, бүр итгэж найдсан үр дүн гараагүй үед ч хүртэл харах нүдийг өгдөг. Тэрээр ач ивээлээрээ биднийг адисалж, чадварыг маань нэмэгдүүлнэ. Ариун Сүнсний хүчээр Есүс Христ бидэнд Түүн шиг өөрсдийгөө харах бас бусдыг харах чадварыг өгнө. Бид Түүний тусламжтайгаар юу хамгийн их хэрэгтэй байгааг мэдэх чадвартай байх болно. Бид Их Эзэний мутрыг амьдралынхаа эгэл жирийн зүйлд хэрхэн ажиллаж байгааг харж эхлэх төдийгүй илүү гүнзгий харах болно.
Дараа нь тэр агуу өдөр “тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно, учир нь бид байгаагаар нь түүнийг харах болно гэсний учир, бидэнд энэ найдвар байж болохын тулд” 9 би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.