Зүрх сэтгэлээ зөв шударга байдал, эв нэгдэлд нэгтгэх нь
Сүмийн түүхийн 200 жилийн энэ чухал үед хэзээ хэзээнээс илүү нэгдмэл байх амлалтыг өөрсдөдөө өгцгөөе.
Зөв шударга байдал, эв нэгдэл нь туйлын ач холбогдолтой зүйлс юм. 1 Хүмүүс Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, Түүнтэй адил болохын тулд зөв шударгаар хичээх юм бол нийгэмд хэрүүл тэмцэл багасаж, эв нэгдэл нэмэгдэнэ. Би үүний жишээ болсон бодит түүхэнд дуртай.
Гэгээнтнүүдийг Наувугаас албадан гарахыг шаардах үед өөр шашин шүтлэгтэй залуу генерал Томас Л.Кэйн тэдэнд тусалж, хамгаалж байв. Тэр Сүмийн өмгөөлөгчөөр олон жил ажилласан. 2
1872 онд генерал Кэйн өөрийн авьяаслаг эхнэр Элизабэт Вүд Кэйн болон хоёр хүүгийнхээ хамт Пеннсильвани дахь гэрээсээ Солт Лэйк Сити хүртэл аялсан байна. Тэд Бригам Янг мөн түүнийг дагалдан явсан хүмүүсийн хамт өмнөд рүү, Ютагийн Сэйнт Жорж руу явсан юм. Элизабэт Ютад анх айлчлахдаа тэндхийн эмэгтэйчүүдийн талаар эргэлзээтэй байв. Гэвч олж мэдсэн зүйлс нь түүнийг гайхшируулсан юм. Жишээ нь, эмэгтэйчүүд амин зуулгаа залгуулах ямар ч ажлыг Ютад хийх боломжтойг тэр мэдэж авчээ. 3 Тэр бас Сүмийн гишүүд уугуул америкчуудад сайн хандаж, ойлголцдог байсныг олж мэдэв. 4
Тэд энэ аяллынхаа үеэр Филлморт Томас Р, Матилда Робисон Кинг нарын гэрт байрлажээ. 5
Матилдаг ерөнхийлөгч Янг болон түүнийг дагалдан явсан хүмүүст хоол бэлдэж байх зуур америкийн таван индиан өрөөнд орж ирсэн тухай Элизабэт бичжээ. Хэдийгээр тэд урилгагүй байсан ч хүмүүстэй нэгдэж болно гэж бодсон нь тодорхой байв. Кинг эгч тэдэнтэй “тэдний хэлээр” ярьж байв. Тэд хөнжил нөмрөөд, зөөлөн харцаар ширтэн сууцгааж байлаа. Элизабэт Кингийн хүүхдүүдийн нэгнээс “Ээж чинь энэ хүмүүст юу гэсэн бэ?” гэж асуухад
Матилдагийн хүү “‘Эхлээд энэ хүмүүс ирсэн болохоор тэдэнд зориулж хоол хийсэн юм. Гэхдээ одоо та нарын хоол гал дээр буцалж байна, бэлэн болохоор нь та нарыг дуудъя’ гэж байна” гэв.
“Тэр үнэхээр хоол хийх үү эсвэл гал тогооны үүдэнд байгаа хоолны үлдэгдлээс тэдэнд өгөх үү?” 6 гэж Элизабэтийг асуухад
Матилдагийн хүү “Ээж та нарт үйлчилсэн шигээ тэдэнд үйлчилж, тэднийг хоолны ширээнд суулгана” гэж хариулжээ.
Ээж нь хүүгийнхээ хэлсний дагуу хийж, “тэд сайхан үйлчлүүлж, хооллоцгоосон юм.” Элизабэт энэ гэрийн эзэгтэй санаанд минь 100 хувь нийцсэн 7 хэмээн тайлбарлажээ. Гадна төрх байдлаараа өөр хүмүүст хүндэтгэлтэй хандсанаар эв нэгдэл өсөн нэмэгддэг.
Удирдагчдын хувьд бид өмнө нь бүх харилцаа төгс байсан, бүх хүн Христ шиг биеэ авч явдаг байсан эсвэл бүх шийдвэр шударга байсан байх гэж муйхарлан боддоггүй. Гэвч итгэл үнэмшил маань бид бүгд Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд бөгөөд Түүнийг болон бидний Аврагч, Түүний Хүү Есүс Христийг шүтэн биширдэг гэдгийг заадаг. Зөв шударга байдалд болон эв нэгдэлд зүрх сэтгэл, оюун ухаанаараа нэгдмэл байж, Тэдэнтэй нэг байхыг бид хүсдэг. 8
Зөв шударга байдал нь олон утгыг агуулдаг бөгөөд энэ нь Бурханы зарлигуудын дагуу амьдрах гэсэн утгыг мөн илэрхийлдэг. 9 Энэ нь гэрээний замыг бүрдүүлж, Ариун Сүнсээр амьдралаа удирдуулах адислал бүхий ариун нандин ёслолуудыг хүртэх боломжийг бидэнд олгодог. 10
Бид бүгд зөв шударга байх нь амьдралдаа яг одоо бүх адислалыг хүлээн авахаас шалтгаална гэсэн үг биш юм. Бид гэрлээгүй, үр хүүхдээр адислагдахгүй эсвэл хүссэн бусад адислалаа одоо авахгүй байж болно. Гэвч Их Эзэн итгэлтэй зөв шударга “тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршино” 11 хэмээн амласан.
Эв нэгдэл нь мөн адил олон утгатай бөгөөд Бурханыг болон хөршөө хайрлах анхны хийгээд хоёр дахь агуу зарлигийг үлгэрлэн харуулдаг. 12 Энэ нь зүрх сэтгэл, оюун санаагаараа “нэгдмэл байх” Сионы хүмүүсийг илэрхийлдэг. 13
Миний хэлэх үгийн сэдэв ариун нандин судрууд дээрх ялгаатай байдал мөн сургамжууд юм.
Эцэг, Хүү хоёр анх үзэгдэж, 1820 онд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийг эхлүүлснээс хойш 200 жил өнгөрсөн байна. Мормоны Номын 4 Нифай дээрх түүх нь Аврагч үзэгдэж, эртний Америкт Өөрийн Сүмийг байгуулснаас хойших мөн адил 200 жилийг багтаасан байдаг.
4 Нифай дээрээс бидний уншдаг түүхэн цэдэг нь тэнд байсан хүмүүст атаа жөтөө, хэрүүл маргаан, үймээн самуун, худал хуурмаг, аллага, ямар ч төрлийн шунал тачаал байхгүй байсныг дүрслэн харуулдаг. Энэхүү зөв шударга байдлын ачаар уг цэдэгт “Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм” 14 хэмээн тэмдэглэсэн байдаг.
Эв нэгдлийн талаар 4 Нифай дээр “хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир, уг нутагт зөрчилдөөн огт байсангүй” 15 гэсэн байдаг.
Харамсалтай нь, 4 Нифай дараа нь зөв шударга байдал, эв нэгдлийг ёс бус байдал болон хуваагдал устгаж буй “хоёр зуун нэг дэх онд эхэлсэн” 16 огцом өөрчлөлтийг дүрсэлдэг. Дараа нь үүссэн доройтол туйлдаа хүрч, хилэнцэт болсон тул агуу бошиглогч Мормон өөрийн хүү Моронайд ийн гашууджээ.
“Гэвч Ай хүү минь, баясал нь ийм нэтэд их жигшүүрт хэрэгт байдаг ийм хүмүүс хэрхэн—
Бурхан бидний эсрэг шүүлтэнд өөрийн мутрыг үл хөдөлгөнө хэмээн бид хэрхэн бодож чадах билээ?” 17
Энэ эрин үед бид онцгой цаг үед амьдарч байгаа ч энэ дэлхий 4 Нифайд дүрсэлсэн шиг зөв шударга, эв нэгдэлтэй байхаар адислагдаагүй юм. Үнэнийг хэлэхэд, бид маш их зөрчилдөөнтэй цаг үед амьдарч байна. Гэвч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан олон сая хүн зөв шударга байдал, эв нэгдлийг тогтоохын төлөө өөрсдийгөө зориулсан. Бид бүгд илүү сайныг хийж чадна гэдгээ мэдэж байгаа бөгөөд энэ нь өнөө үед бидэнд тулгараад буй сорилт юм. Бидэнд нийгмийг бүхэлд нь өргөж, адислах хүч бий. Сүмийн түүхийн 200 жилийн энэ чухал үед Их Эзэний Сүмийн гишүүдийн хувьд зөв шударгаар амьдарч, хэзээ хэзээнээс илүү нэгдмэл байх амлалтыг өөрсдөдөө өгцгөөе. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднээс “агуу соёл иргэншил, арьс өнгө, ёс суртахууны эв нэгдэл болон харилцан хүндэтгэлтэй байхыг” 18 хүссэн. Энэ нь бие биенээ болон Бурханыг хайрлаж, хүн бүрийг ах эгч шигээ хүлээн авч, жинхэнэ Сионы хүмүүс байна гэсэн үг юм.
Бүгдэд хамаатай сургаалын дагуу бид нэгдмэл байж, ялгаатай байдалд эерэг хандаж чадна. Эв нэгдэл ба ялгаатай байдал нь эсрэг тэсрэг зүйл биш юм. Бид бусдад хамрагдах уур амьсгалыг бүрдүүлж, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандсанаар илүү эв нэгдэлтэй болж чадна. Намайг Калифорнийн Сан Франциско гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байхад тэнд испани, тонга, самоа, тагалог, мандарин хэл дээр цуглаанууд болдог байв. Манай англиар ярьдаг тойргууд олон арьс өнгө, соёл иргэншилтэй хүмүүсээс бүрддэг байсан. Тэнд хайр, зөв шударга байдал, эв нэгдэл байдаг байв.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тойрог, салбарууд арьс өнгө, соёл уламжлалаар бус харин газар зүйн байрлал, хэлээр хуваагддаг. 19 Гишүүнчлэлийн бүртгэл дээр арьс өнгийг тодорхойлдоггүй.
Мормоны Номын эхэнд Есүс Христийг төрөхөөс 550 орчим жилийн өмнө Тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүдийн харилцаатай холбоотой үндсэн зарлигийг бидэнд заасан. Бүгд Их Эзэний зарлигуудыг сахих ёстой бөгөөд бүгдийг Их Эзэний сайн сайхнаас ирж хүртэхэд урьдаг. “Мөн тэрээр хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; мөн тэрээр үнэн Бурханыг мэддэггүй хүмүүсийг ч санадаг; мөн Бурханд бүгд адил, Иудей болон Харь аль аль нь буюу.” 20
Аврагч тохинуулалдаа болон захиасууддаа бүх арьстан, үндэстэн Бурханы хүүхдүүд гэдгийг үргэлж тунхагласаар ирсэн. Бид бүгдээрээ ах, эгч, дүү нар билээ. Манай сургаалд Сэргээлтийн эх орон болох Америкийн Нэгдсэн Улсад төгс бус хүмүүсээр бичигдсэн Нэгдсэн Улсын Үндсэн хууль 21 болон үүнтэй холбоотой баримт бичгүүд 22 бүх хүнийг адислахын тулд Бурханаас сүнслэгээр өгөгдсөн гэдэгт бид итгэдэг. Бид Сургаал ба Гэрээнээс эдгээр баримт бичиг нь “шударга хийгээд ариун зарчмуудын дагуу бүх махан бодийн эрх хийгээд хамгааллын тулд үндэслэн байгуулаг[дсан] буюу” 23 хэмээн уншдаг. Эдгээр зарчмын хоёр нь сонгох эрх чөлөө ба өөрийн хийсэн нүгэлд хариуцлага хүлээх явдал байв. Их Эзэн:
“Тиймийн тул, аливаа хүмүүн бие биендээ боолчлолд байх ёстой гэдэг нь зөв биш юм.
Мөн энэ зорилгын учир би чухамхүү энэ зорилгын тулд өөрийн бэлтгэсэн мэргэн хүмүүсийн гараар уг нутгийн Үндсэн хуулийг тогтоож мөн цус урсгалтаар уг нутгийг гэтэлгэсэн билээ” 24 хэмээн тунхагласан.
1833 онд Миссурид цугларсан гэгээнтнүүд асар их мөрдлөг хавчлагын улмаас зовж зүдэрч байх үедээ энэ илчлэлтийг хүлээн авчээ. Сургаал ба Гэрээний 101-р хэсгийн гарчиг хэсэгт “Танхайрагчид тэднийг Жаксон гүнлэг дэх гэр орноос нь хөөв. … Сүмийн [гишүүдийг] хөнөөхөөр заналхийлсэн тохиолдол олон байв” 25 гэж гардаг.
Энэ бол хэд хэдэн асуудлаар хурцадмал байдал үүссэн үе байв. Миссурийн олон оршин суугч уугуул америкчуудыг өршөөлгүй дайснаа гэж үзэн, тэднийг газар нутгаасаа зайлуулахыг хүсэж байв. Нэмж хэлэхэд, Миссурид суурьшсан хүмүүсийн олонх нь боолын эзэд байсан бөгөөд боолчлолыг эсэргүүцэгч хүмүүс тэдэнд аюул учруулах нь гэж санажээ.
Эсрэгээрээ, манай сургаал уугуул америкчуудыг хүндэтгэдэг бөгөөд бид тэдэнд Есүс Христийн сайн мэдээг заах хүсэлтэй байв. Боолчлолын талаар ямар ч хүн бусдын боолчлолд байх ёсгүй хэмээн манай судруудад тодорхой заасан байв. 26
Эцэст нь гэгээнтнүүд Миссуригээс хүчээр хөөгдөн гарч, 27 баруун зүг рүү нүүхээс өөр аргагүйд хүрсэн. 28 Гэгээнтнүүд цэцэглэн хөгжиж, зөв шударга байдал, эв нэгдэл, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах амар амгаланг олж авсан юм.
Иоханы сайн мэдээнд цэдэглэгдсэн Аврагчийн өмгөөллийн залбиралд би баярлаж явдаг. Эцэг Өөрийг нь илгээсэн бөгөөд Өөрийн гүйцээхээр илгээгдсэн ажлыг дуусгасан хэмээн Аврагч хэлсэн. Тэрээр дараа нь “Тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байхын тулд билээ” хэмээн Өөрийн шавь нар болон Өөрт нь итгэх хүмүүсийн төлөө залбирсан. 29 Христ Өөрөөс нь урвасан урвалт болон цовдлуулалтын өмнө нэг байхын төлөө залбирч гуйсан юм.
Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн эхний жил Их Эзэн дайн дажин, ёс бус явдлын тухай ярьж, “Би та нарт хэлнэ, нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой” 30 хэмээн тунхагласныг Сургаал ба Гэрээний 38-р хэсэгт цэдэглэсэн.
Манай Сүмийн соёл Есүс Христийн сайн мэдээнээс улбаатай. Төлөөлөгч Паулын ромчуудад бичсэн захидал чухал ач холбогдолтой байдаг. 31 Ромын эртний сүм иудейчүүд болон харийнхнаас бүрддэг байв. Эртний иудейчүүд Иудагийн соёл уламжлалтай байсан ба тэд “эрх чөлөөтэй болж, өсөж үржин, хөгжин цэцэглэж эхэлсэн.” 32
Ром дахь харийнхны соёл уламжлал Грекийн нөлөөнд ихэд автсаныг төлөөлөгч Паул Афин болон Коринт дахь туршлагуудынхаа ачаар сайн мэдэж байжээ.
Паул Есүс Христийн сайн мэдээг өргөн хүрээнд нийтэд түгээн дэлгэрүүлсэн. Тэрээр Есүс Христийн жинхэнэ сайн мэдээтэй зөрчилддөг иудейн болон харийнхны соёлтой хамаатай талуудыг нарийвчлан бичиж тэмдэглэсэн. 33 Тэр үнэндээ тэднээс Есүс Христийн сайн мэдээнд үл нийцэх итгэл үнэмшил, соёлоос үүдэлтэй саад тотгороос салахыг гуйсан. Паул иудейчууд болон харийнханд зарлигуудыг дагаж, бие биенээ хайрлахыг сануулсан ба зөв шударга байдал авралд хүргэдгийг батлан хэлсэн. 34
Есүс Христийн сайн мэдээний соёл нь харийнхны эсвэл иудейчүүдийн соёл биш юм. Энэ нь хэн нэгний арьсны өнгө эсвэл хаана амьдардаг зэргээр тодорхойлогддоггүй. Бид өвөрмөц соёл уламжлалуудад баяртай байдаг ч Есүс Христийн сайн мэдээтэй зөрчилдөж буй соёлын зарим хэсгийг гээх хэрэгтэй. Манай гишүүд, шинэ хөрвөгчид ихэвчлэн янз бүрийн арьс өнгө, соёл иргэншлээс гаралтай байдаг. Бид ерөнхийлөгч Нэлсоны тараагдсан Израилыг цуглуулах сануулгыг дагаснаар Паулын үеийн иудейчүүд болон харийнхан шиг өөр хоорондоо ялгаатай гэдгээ олж мэдэх болно. Гэсэн хэдий ч бид Есүс Христийг хайрлаж, Түүнд итгэх итгэлээрээ нэгдмэл байж чадна. Паулын ромчуудад хандсан захидал нь бидний Есүс Христийн сайн мэдээний соёл, сургаалыг дагах зарчмыг бий болгосон. Энэ нь өнөөдөр ч бидний дагах ёстой загвар юм. 35 Ариун сүмийн ёслолууд биднийг онцгой арга замаар нэгтгэж, мөнхийн ач холбогдолтой бүх зүйлд нэг байх боломжийг олгодог.
Бид дэлхий даяарх анхдагч гишүүдээ төгс төгөлдөр гэдгээр нь бус харин бэрхшээлийг даван туулж, золиос хийн, Христтэй адил байхыг эрмэлзэж, итгэлийг бэхжүүлэн, Аврагчтай нэг байх гэж хичээж байснаар нь хүндэтгэдэг. Тэд Аврагчтай нэг байснаараа бие биетэйгээ нэгдмэл болсон. Энэ зарчим өнөөдөр та бидэнд ч хамаатай.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийг нэг зүрх, нэг оюунтай байж, зөв шударгаар амьдардаг Сионы хүмүүс болохын тулд хичээхийг уриалан дуудаж байна. 36
Бид зөв шударга, нэгдмэл байж, миний гэрчилж буй бидний Аврагч, Есүс Христэд үйлчилж мөн шүтэн бишрэхдээ хамаг анхаарлаа хандуулаасай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.