Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл
Уруу таталтын эсрэг тэмцэх нь насан туршдаа хичээнгүй, итгэлтэй байхыг шаардана. Гэхдээ Их Эзэн бидэнд туслахад бэлэн байдаг гэдгийг мэдэж аваарай.
Дуулал номыг бичигч магтаалын энэхүү уянгалаг яруу дуулалд
“Аяа ЭЗЭН, Та намайг судлан намайг мэдлээ.
Миний сууж, босохыг Та мэддэг бөгөөд Хаа холоос санаа бодлуудыг минь ойлгодог.
Та миний зам мөр хийгээд Хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, Замнал бүрийг минь сайн мэддэг”1 хэмээн тунхаглажээ.
Энэхүү шүлгийн утга зүйн харьцуулалтад Дуулал номыг бичигч Их Эзэний бүхнийг мэдэгч бурханлаг шинж чанарыг магтан дуулдаг, учир нь Тэр бидний бодгалийг бүхий л талаас нь үнэхээр мэддэг.2 Аврагч энэ амьдралд бидэнд шаардлагатай бүхнийг мэддэгийн хувьд биднийг бодол бүрдээ Түүнийг эрэлхийлж, бүхий л зүрх сэтгэлээрээ дагахад урьдаг.3 Энэ нь бидэнд Түүний гэрэлд алхаж болох төдийгүй Түүний удирдамж заавар харанхуйн нөлөөнөөс бидний амьдралыг сэргийлнэ хэмээх амлалтыг өгдөг.4
Бодол санаа бүрдээ Христийг эрэлхийлж, бүхий л зүрх сэтгэлээрээ дагах нь бидний зүгээс оюун ухаан, хүсэл эрмэлзлээ Түүнийхтэй нийцүүлэхийг шаарддаг.5 Судруудад ийн нийцүүлэхийг “Эзэн дотор баттай зогс[ох]”6 хэмээн нэрлэсэн байдаг. Энэ үйлдэл нь амьдралаа үргэлж Христийн сайн мэдээнд нийцүүлж,7 өдөр бүр сайн гэсэн бүхэн дээр төвлөрнө гэсэн утгатай. Зөвхөн ийнхүү үйлдсэн тохиолдолд л “бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь [бидний] сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална.”8 Аврагч Өөрөө 1831 оны 2-р сард Сүмийн ахлагчдад “Эдгээр зүйлүүдийг зүрх сэтгэлдээ нөөцөл, мөн үүрд мөнхийн чанд байдал та нарын оюун ухаанд оршиг”9 хэмээн зааварлажээ.
Их Эзэнийг эрэлхийлэхийг үргэлж хичээсээр байсан ч зохисгүй бодол оюун санаанд маань орж ирж болох юм. Эдгээр бодлыг хүлээн зөвшөөрч, бүр үлдээх л юм бол тэдгээр нь зүрх сэтгэлийн маань хүсэлд нөлөөлж, энэ амьдралдаа хэн болох мөн мөнх амьдралд юу өвлөж авах замыг маань заадаг.10 Ахлагч Нийл А.Максвэлл нэгэн удаа энэ зарчмыг онцолсон ба “Хүсэл нь үр дүнгийн үе шатлалыг, тухайлбал яагаад ‘дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн’ болохыг тодорхойлдог”11 хэмээн хэлсэн.
Манай эртний болон орчин үеийн бошиглогчид бидэнд сүнслэг хүчээ алдаж, амьдралдаа төөрөлдөн, замаасаа гарч, урам хугарахаас сэргийлэхийн тулд уруу таталтыг эсэргүүцэхийг үргэлж сануулсаар ирсэн.
Зүйрлэн хэлбэл, уруу таталтад автах нь төмөр зүйл бариад соронзонд ойртохтой адил. Соронзны үл үзэгдэх хүч төмөр зүйлийг соронздон татаж, өөртөө хүчтэй наалдуулдаг. Соронз нь зөвхөн эд зүйлсийг хол байрлуулсан тохиолдолд л татах хүчгүй байдаг. Тиймээс, соронз нь хол байгаа төмөр эд зүйлсийг татах хүчгүй байдагтай адил уруу таталтыг сөрөн зогсоход уруу татах хүч суларч, бидний оюун ухаан, зүрх сэтгэлийг, улмаар үйлдлийг маань эзэмдэх хүчээ алддаг билээ.
Энэхүү зүйрлэл олон жилийн өмнө Сүмийн маш итгэлтэй нэгэн гишүүний хуваалцсан туршлагыг надад санагдуулдаг. Нэгэн өглөө сэрэхэд урьд өмнө хэзээ ч орж ирж байгаагүй зохисгүй муухай бодол оюун санаанд нь гэнэт орж ирснийг тэр гишүүн надад хэлсэн юм. Хэдийгээр тэрхүү бодол түүнд гэнэт орж ирсэн ч тэрээр хормын дотор нөхцөл байдлыг гартаа авч, өөртөө болон уг бодолд “Үгүй” гэж хэлэн, оюун ухаанаа муу муухай бодлоос холдуулахын тулд сайн сайхан бодлоор орлуулжээ. Ёс суртахууны сонгох эрхээ зөв шударгаар ашиглахад тэрхүү гэнэт орж ирсэн сөрөг бодол даруй сарнин алга болсныг тэр эмэгтэй надад хэлсэн.
Моронай хүмүүсийг Христэд итгэж, наманчлахад уриалсан ба тэдэнд бүх зүрх сэтгэлээрээ Аврагчид ирж, бүхий л цэвэр бусаас өөрсдийгөө холдуулахыг сэрэмжлүүлсэн. Түүнчлэн Моронай юунд ч уруу татагдахгүйн тулд тэднийг шийдэмгий байдлаар Бурханаас гуйхад урьсан юм.12 Эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд зүгээр нэг хоосон итгэлээс илүүтэй оюун ухаан, зүрх сэтгэлээ эдгээр бурханлаг зарчимтай нийцүүлэх нь шаардагддаг. Бидний эгэл биеийн дур хүсэл өөрөө алга болохгүй тул ийн нийцүүлэхэд Аврагчид итгэж найдахын зэрэгцээ хувийнхаа зүгээс өдөр бүр, үргэлж хичээл зүтгэл гаргахыг шаарддаг. Уруу таталтын эсрэг тэмцэх нь насан туршдаа хичээнгүй, итгэлтэй байхыг шаардана. Гэхдээ хувийн хичээл зүтгэлд маань Их Эзэн туслахад бэлэн байдаг бөгөөд хэрэв бид эцсээ хүртэл тэвчиж чадах юм бол гайхамшигт адислалуудыг өгөхөөр амласан гэдгийг мэдээрэй.
Иосеф Смитэд болон түүнтэй хамт Либерти шоронд хоригдож байсан нөхдөд нь өөрсдийн бодол санаанаас өөр эрх чөлөөгүй болсон байсан хүнд хэцүү үед Их Эзэн тэдэнд төдийгүй бидэнд ч тус дэм болох зөвлөгөө, амлалтыг өгчээ.
“Хэвлий дотор чинь тэрчлэн бүх хүмүүнд [бас эмэгтэйчүүд], мөн итгэлийн тогтмол байдалд энэрлээр дүүрэн байг, мөн бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг, тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болох болно. …
Ариун Сүнс чиний байнгын хамтрагч мөн чиний очирт таяг, зөв шударга ёс хийгээд үнэний хувиршгүй очирт таяг байх болно.”13
Ийн үйлдсэнээр ариун бодол санаа бидний оюун ухааныг үргэлжлүүлэн чимж, цэвэр ариун хүсэл нь зөв шударга үйлдэл рүү хөтлөх болно.
Моронай өөрийн хүмүүст шунал тачаалдаа бүү авт хэмээн сануулсан.14 Шунал тачаал гэсэн үг нь ямар нэгэн зүйлийг зохисгүй байдлаар хэт хүсэмжлэхийг хэлдэг.15 Үүнд хувь хүнийг сайн үйл хийж, эелдэг байж, Бурханы зарлигуудыг сахихын оронд амин хувиа бодсон үйлдэл, дэлхийн эд зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэхэд нөлөөлдөг харанхуй бодол юм уу хилэнцэт хүсэл ордог. Энэ нь ихэвчлэн бодгалийн хамгийн бусармаг мэдрэмжээр дамжин илэрдэг билээ. Төлөөлөгч Паул “бузар тачаал, завхайрал, үзэн ядалт, дайсагнал, уур хилэн, атаархал”16 гэх мэт тэдгээр мэдрэмжийн заримыг тодорхойлсон. Шунал тачаалын бүх хилэнцэт талаас гадна дайснууд биднийг буруу зүйлс хийхэд уруу татахдаа үүнийг бидний эсрэг өөрсдийн нууц бөгөөд хууран мэхлэх зэмсэг болгон ашигладгийг бид мартахгүй байвал зохино.
Хайрт ах, эгч нар аа, бид авралын хад чулуу болох бодгалийн Аврагчдаа итгэж найдан, Моронайн зөвлөгөөг дагах юм бол бодол санаагаа хянах чадвар маань илт өсөн нэмэгдэх болно гэдгийг би гэрчилж байна. Бид сүнслэг байдлаараа илүү хурдтай төлөвшин, зүрх сэтгэл маань өөрчлөгдөж, биднийг Есүс Христтэй улам илүү адилхан болгоно гэдгийг би баталж байна. Үүнээс гадна бидний амьдралд Ариун Сүнс илүү хүчтэй, тасралтгүй нөлөөлсөөр байх болно. Үүний дараа дайсны уруу татах хүч бага багаар суларч, бидний амьдрал илүү аз жаргалтай, ариун болох болно.
Ямар нэгэн шалтгаанаар уруу татагдаж, зөв шударга бус үйлдлээсээ салж чадахгүй байгаа хүмүүст хандан хэлэхэд, та нар эргэн ирэх боломжтой бөгөөд Христэд найдвар оршин байдаг гэдгийг би баталж байна. Томоохон гэм нүгэл үйлдсэнийхээ дараа хүнд хэцүү цаг үеийг туулсан Есүс Христийн Сүмийн нэгэн гишүүнтэй хэдэн жилийн өмнө уулзах боломж надад тохиосон юм. Эхлээд харахад, нүдэнд нь уйтгар гуниг хурсан нь илт байсан ч итгэл найдварын гэрэл царайнд нь гийж байв. Түүний хэл ярианаас даруу төлөв байдал, зүрх сэтгэлийнх нь өөрчлөлт мэдэгдэж байлаа. Тэрээр үнэнч Христэд итгэгч, Их Эзэнээр ихэд адислагдсан нэгэн байсан юм. Гэсэн ч оюун ухаанд нь орж ирсэн ганцхан зохисгүй бодол өөр олон зохисгүй бодол орж ирэх үүдийг нээсэн аж. Тэдгээр бодлыг улам бүр зөвшөөрч өөгшүүлснээр тун удалгүй тэдгээр нь оюун ухаанд нь үндсээ суулгаж, зүрх сэтгэлд нь баттай ургах болжээ. Эцэст нь тэрхүү зохисгүй хүслийнхээ дагуу үйлдсэн нь амьдралынхаа хамгийн эрхэм үнэт зүйлсийнхээ эсрэг шийдвэр гаргахад хүргэсэн байна. Хэрэв анхнаасаа л тэдгээр болчимгүй бодолд оюун ухаандаа орших орон зай гаргаж өгөөгүй байсан бол амьдралд нь азгүйтэл, гашуун зовлон авчирсан эгэл хүмүүний уруу таталтад өртөмтгий, эмзэг нэгэн болохгүй байх байснаа тэр надад хэлж билээ.
Аз болоход, Лукийн сайн мэдээн дэх хүмүүсийн сайн мэдэх төөрөлдсөн хүүгийн сургаалт зүйрлэлд гардгийн адил “тэр өөрийгөө дахин олж авч”, хар дарсан зүүднээсээ сэрж чадсан юм.17 Тэр Их Эзэнд итгэх итгэл найдвараа шинэчлэн, чин сэтгэлээсээ гэмшиж, эцэст нь Их Эзэний сүрэгт эргэж ирэх хүсэлтэй болжээ. Тэр өдөр бид хоёр хоёулаа Аврагчийн биднийг гэх гэтэлгэгч хайрыг мэдэрсэн. Богино хугацаанд уулзаж ярилцсаны эцэст бид хоёрын сэтгэл ихэд хөдөлсөн ба албаны өрөөнөөс минь гарахад царайд нь тодорсон баяр баясгаланг би өнөөдрийг хүртэл мартдаггүй.
Миний хайрт найзууд аа, бидний амьдралд гэнэт л орж ирдэг жижигхэн уруу таталтыг эсэргүүцэж чадах юм бол бид ноцтой гэм нүглээс зайлсхийхэд илүү сайн бэлтгэгдсэн байна. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлснээр “том нүглийн үүд хаалгыг нээж өгдөг жижиг гэм нүгэлд эхлээд авталгүйгээр том гэм нүгэл хийдэг хүн гэж ховор. … Цэвэр талбай гэнэт зэрлэг ургамалд [баригдах] нь [үгүй].”18
Аврагч Есүс Христ дэлхий дээрх тэнгэрлэг үйл хэргээ биелүүлэхээр бэлдэж байхдаа мөнхийн зорилгодоо хүрэхэд бидэнд хориг саад болох бүхний эсрэг үргэлж бат зогсохын үлгэр жишээг харуулсан. Аврагчийн анхаарлыг үйл хэргээс нь сарниулах гэж дайсныг хэд хэдэн удаа амжилтгүй дайрч давшилсны дараа Тэрээр чөтгөрт “Зайл, Сатан аа!” гэж хэлснээр “чөтгөр Түүнийг орхиход, гэнэт тэнгэр элч нар ирж, Түүнд үйлчил[сэн].”19
Ах, эгч нар минь, биднийг Аврагчаас хүч чадал авч, зоригжиж мөн заримдаа ариун журамгүй бодол оюун ухаанд маань эхлээд орж ирэнгүүт “Үгүй, зайл” гэж хэлэх үед юу болж болохыг та нар төсөөлөөд үз дээ? Энэ нь зүрх сэтгэлийн маань хүсэлд хэрхэн нөлөөлөх бол? Үүнээс үүдэлтэй үйлдлүүд маань хэрхэн биднийг Аврагчтай илүү ойртуулж, Ариун Сүнсний нөлөөг үргэлж бидний амьдралд хамт байлгах бол? Бид Есүс Христийн үлгэр жишээг дагаснаар гэр бүлийн асуудал, хэрүүл маргаан, сөрөг мэдрэмж, хандлага, шударга бус, ёс зүйгүй үйлдэл, муу муухай зуршлын боолчлолоос мөн Их Эзэний зарлигуудад харшлах бусад бүх зүйлд хүргэж болзошгүй олон эмгэнэлт явдал, нүгэлт зан авираас зайлсхийх болно гэдгийг би мэднэ.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ жилийн 4-р сард өгсөн түүхэн бөгөөд сэтгэл хөдлөм захиасдаа “Түүнийг сонсож” буюу Христийг сонсож, зарлигуудыг нь дагахад бэлэн хүмүүс “уруу таталт, зовлон зүдгүүр, сул дорой байдалтайгаа тэмцэх нэмэлт хүч чадлаар адислагдах” бөгөөд өнөөгийн өдөрт нэмэгдэж буй үймээн самуунтай цаг үед ч гэсэн баяр баясгаланг мэдрэх бидний чадавх өсөн нэмэгдэнэ хэмээн амласан.20
Хайртай бошиглогчийн маань өгсөн амлалт бол Аврагчийн Өөрийн биеэр өгсөн амлалт мөн гэдгийг би та нарт гэрчилж байна. Би та бүхнийг амьдралд маань уйтгар гуниг авчирч болох бүх зүйлд “Үгүй, зайл” гэж хэлэх хүч чадал, зориг олж авахын тулд бодол бүрдээ “Түүнийг сонсож,” бүхий л зүрх сэтгэлээрээ Түүнийг дагахад урьж байна. Хэрэв бид ийн үйлдэх аваас Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж, тайтгаруулахаар Ариун Сүнснийхээ нэмэлт арга хэмжээг илгээж мөн бид Их Эзэний зүрх сэтгэлийн дагуух хүмүүс болно гэдгийг би амлаж байна.21
Есүс Христ амьд бөгөөд Түүгээр дамжуулан бид дайсныхаа хилэнцэт нөлөөг ялан дийлж, Түүнтэй хамт хайрт Тэнгэр дэх Эцэгийнхээ оршихуйд мөнхөд амьдрахад тавигддаг шаардлагад тэнцэнэ гэдгийг би гэрчилж байна. Эдгээр үнэнийг би та нарыг хайрлах хайраараа болон үүрд алдаршуулан, хүндэлж, магтан дуулдаг Аврагчаа гэх өөрийн бүхий л хайраар гэрчилж байна. Энэ бүгдийг би Есүс Христийн ариун нэрээр хэллээ, амен.