Би тэнгэр элч нарт итгэдэг
Их Эзэн танд тулгарч буй бэрхшээлүүдийг ойлгож, мэдэрдэг. Тэр таныг мэддэг, танд хайртай бөгөөд танд туслах тэнгэр элч нарыг илгээх болно.
Ах, эгч нар аа, би тэнгэр элч нарт итгэдэг бөгөөд тэнгэр элч нартай холбоотой туршлагаа та бүхэнтэй хуваалцмаар байна. Ийн хуваалцсанаар бид өөрсдийн амьдрал дахь тэнгэр элч нарын ач холбогдлыг олж хардаг болох болтугай хэмээн би найдаж мөн залбирч байна.
Ахлагч Жэффри Р.Холланд нэгэн Ерөнхий чуулган дээр “Гэвч бид Бурханы мутарт зэмсэг болдог хүмүүсийн тухай ярихдаа тэнгэр элчүүд бүгдээрээ сүнсний дэлхийгээс болон тэнгэрээс ирдэггүйг санах ёстой. Тэдний зарим нь өдөр бүр бидэнтэй хамт алхан, ярьж хөөрч явдаг. Зарим нь бидэнтэй хөрш зэргэлдээ амьдардаг. … Хүмүүсийн нинжин сэтгэл, бие сэтгэл бүхнээ зориулсан зан чанараар илэрхийлэгдсэн Бурханы хайрыг харахад, тэнгэр хэзээ ч ийм ойрхон байгаагүй юм шиг санагддаг. Хүмүүс ийм сайхан, ийм цэвэр ариун байгаа үед л тэнгэр элч шиг гэсэн үг санаанд орж ирдэг” гэж хэлсэн (“Тэнгэрлэг элч нарын үйлчлэл,” Ерөнхий чуулган, 2008 оны 10-р сар, 35).
Би энэ дэлхийн тэнгэр элч нарын тухай ярихыг хүсэж байна. Өдөр тутмын амьдралд маань бидэнтэй хамт байдаг тэнгэр элч нар Бурхан биднийг хайрладаг гэдгийг төгс сануулж байдаг.
Миний ярих эхний хоёр тэнгэр элч бол намайг залуу эрэгтэй байхад надад сайн мэдээг заасан номлогч эгч нар болох Вилма Монила, Ивонет Ривитти хоёр юм. Би эмэгтэй дүүтэйгээ Сүмийн үйл ажиллагаанд уригдан очихдоо энэ хоёр тэнгэр элчтэй танилцаж билээ. Энэ энгийн үйл ажиллагаа миний амьдралыг тэгтлээ өөрчилнө гэж би огт төсөөлөөгүй.
Тухайн үед эцэг эх, ах дүү нар маань Сүмийн талаар ихийг мэдэх сонирхолгүй байсан. Тэд номлогчдыг гэртээ авчрахыг ч хүсээгүй тул би сүмийн байранд номлогчийн хичээлээ заалгасан. Сүмийн байрны тэр жижигхэн өрөө миний “ариун төгөл” болсон юм.
Эдгээр тэнгэр элч надад сайн мэдээг танилцуулаад сар болсны дараа би 16 настай байхдаа баптисм хүртэж билээ. Харамсалтай нь, надад тэрхүү нандин үйл явдлын зураг байхгүй, харин үйл ажиллагаанд оролцож байх үед авхуулсан дүү бид хоёрын зураг байдаг. Энэ зурган дээр хэн хэн байгааг тодруулах хэрэгтэй байх. Баруун талд байгаа өндөр нь би.
Амьдралын хэв маягаа өөрчлөөд удаагүй байгаа бас гэр бүлийнхэн нь ийм замыг сонгоогүй өсвөр насны хүүгийн хувьд Сүмд идэвхтэй үлдэхэд тийм ч амар байгаагүйг та нар төсөөлж байгаа байх.
Би шинэ амьдрал, шинэ соёл, шинэ найз нөхөдтэй дасан зохицохыг хичээж байхдаа эвгүй байдалд орж, ганцаардаж, хэд хэдэн удаа сэтгэл гонсойж билээ. Би Сүмийг үнэн гэдгийг мэдэж байсан ч үүний нэг хэсэг нь гэдгээ мэдэрч чадахгүй байв. Би шинэ шашиндаа өөрийгөө нийцүүлэхийг хичээн, тавгүй, тогтворгүй байдалтай байхдаа шинэ найзуудтай болж магадгүй гэж бодсондоо гурав хоногийн өсвөр үеийнхний чуулганд оролцохоор зориг шулуудаж билээ. Энэ үед би Моника Брандао гэгч өөр нэгэн аврагч тэнгэр элчтэй танилцсан юм.
Тэр Бразилын өөр хэсгээс шилжиж ирээд удаагүй байв. Тэр миний анхаарлыг хурдан татаж, аз болоход надтай найзалсан. Тэр миний гаднахаас илүүтэй сэтгэл доторхыг минь харсан байх гэж би боддог.
Тэр надтай найзалж, намайг найзуудтайгаа танилцуулж, дараа нь би өсвөр үеийнхний олон үйл ажиллагаанд оролцож байхдаа тэдэнтэй найзууд болсон юм. Эдгээр үйл ажиллагаа намайг энэ шинэ амьдралдаа дасан зохицоход маш чухал үүрэг гүйцэтгэсэн.
Эдгээр сайн найз минь томоохон үүрэг гүйцэтгэсэн ч сайн мэдээг гэр бүлийнхээ дэмжлэгээр гэртээ заалгадаггүй байсан болохоор хөрвөгдөх үйл явц маань эрсдэлтэй хэвээр байв. Сүм дэх сайн мэдээний харилцан үйлчлэл хөрвөлтийг маань гүнзгийрүүлэхэд илүү чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Дараа нь Их Эзэн өөр хоёр тэнгэр элчийг туслуулахаар илгээсэн юм.
Тэдний нэг нь өглөөний семинарын багш Лида Вэттори байв. Тэр өөрийн хайр, сүнслэг хичээлээр дамжуулан надад маш их хэрэгтэй байсан “Бурханы сайн үгийг” (Моронай 6:4) өдөр тутмын тунгаар өгч байсан. Энэ нь надад үргэлжлүүлэн урагшлах сүнслэг хүч чадлыг олж авахад тусалсан юм.
Надад туслахаар илгээгдсэн дараагийн тэнгэр элч бол Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч Марко Антонио Фүско байв. Тэр бас миний гэрийн багшийн ахлах хамтрагчаар томилогдсон байсан. Миний туршлага дутмаг, гадаад төрх бусдаас өөр байсан ч тэр надад пристийн чуулгын ангид болон гэрийн багшаар айлчлах үеэр заах даалгавар өгдөг байв. Тэр надад зөвхөн сайн мэдээний ажиглагч байх биш, үйлдэх, суралцах боломжийг олгосон. Тэр надад өөрөөс минь илүү итгэж байсан.
Дээр дурдсан бүх тэнгэр элч болон өсвөр насны минь эгзэгтэй үед учирсан олон хүний ачаар би үнэний сүнслэг гэрчлэлийг олж авах явцдаа гэрээний зам дээр үлдэх хангалттай хүч чадлыг олж авсан билээ.
Залуухан тэнгэр элч Моника охиныг би саяхан дурдсан. Бид хоёр номлолд үйлчлээд ирснийхээ дараа гэрлэж, тэр миний эхнэр болсон юм.
Сайн найз нөхөд, Сүмийн дуудлага, Бурханы сайн үгээр тэжээгдэх зэргийг энэ үйл явцын санамсаргүй хэсэг гэж би бодохгүй байна. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Сүмд нэгдэхэд шилжилтийн үйл явц амаргүй байдаг. Энэ нь хуучны олон зуршлаасаа салж, хуучин найз нөхдөө орхихыг хэлнэ. Энэ нь нандигнадаг итгэл үнэмшлээ хойш тавьж магадгүй гэсэн үг юм. Энэ нь зуршлаа өөрчлөх, дур хүслээ дарахыг шаардаж болно. Ихэнх тохиолдолд энэ нь ганцаардлаас болон тодорхойгүй байдлаас айна гэсэн үг. Хөрвөгчийн амьдралын энэ хүнд цаг үед хайр халамж, хүчирхэгжүүлэх үйл явц байх ёстой” (“There Must Be Messengers,” Ensign, Oct. 1987) хэмээн ухаалгаар хэлсэн юм.
Цааш нь тэрээр “Хүн бүрд найзтай байх, дуудлага авах, “Бурханы үгээр тэжээгдэх” гэсэн гурван зүйл хэрэгтэй” гэж нэмж хэлсэн (“Converts and Young Men,” Ensign, May 1997, 47) .
Би яагаад эдгээр туршлагыг та бүхэнтэй хуваалцаад байна вэ?
Нэгдүгээрт, би яг одоо үүнтэй адил үйл явцыг туулж буй хүмүүст энэ захиасыг хүргэхийг зорьж байна. Магадгүй та шинэ хөрвөгч эсвэл хэсэг хугацаанд бэдэрч яваад Сүмдээ эргэн ирж буй эсвэл зүгээр л үүнд нийцэхийн тулд хичээж яваа нэгэн байж болох юм. Та энэ том гэр бүлийн нэг хэсэг байх гэж хичээж зүтгэхдээ бүү бууж өгөөрэй. Энэ бол Есүс Христийн үнэн Сүм!
Таны аз жаргал, авралын тухайд хэлэхэд хичээл зүтгэл гаргасаар бай. Амьдралын хэв маяг, уламжлалаа өөрчлөхөд зайлшгүй хүчин чармайлт гаргах шаардлагатай. Их Эзэн танд тулгарч буй бэрхшээлүүдийг ойлгож, мэдэрдэг. Тэр таныг мэддэг, танд хайртай бөгөөд танд туслах тэнгэр элч нарыг илгээх болно.
Аврагч Өөрийн үгээр “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, … миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элч нар та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (Сургаал ба Гэрээ 84:88) хэмээн хэлсэн.
Эдгээр туршлагаа хуваалцаж буй хоёр дахь зорилго бол Сүмийн бүх гишүүнд буюу бид бүгдэд нэгэн захиасыг хүргэх явдал юм. Шинэ хөрвөгчид, эргэн ирж буй найз нөхөд, амьдралын өөр хэв маягтай хүмүүсийн хувьд Сүмд хурдан дасан зохицох амаргүй байдгийг бид санавал зохино. Их Эзэн тэдэнд тулгарч буй бэрхшээлүүдийг мэдэж байгаа бөгөөд туслахад бэлэн буй тэнгэр элч нарыг хайж байна. Их Эзэн бусдын амьдралд тэнгэр элч болох хүсэлтэй сайн дурынхныг үргэлж хайсаар байдаг.
Ах, эгч нар аа, та нар Их Эзэний мутарт зэмсэг болохыг хүсэж байна уу? Та эдгээр тэнгэр элчийн нэг нь болмоор байна уу? Бурханы санаа зовж буй хэн нэгэнд туслахаар хөшигний наад талаас Түүний илгээсэн төлөөлөгч болмоор байна уу? Түүнд та нар хэрэгтэй. Та нар тэдэнд хэрэгтэй.
Мэдээж, бид үргэлж номлогчдодоо найдаж болно. Тэд тэнгэр элчийн энэ ажилд хамгийн түрүүнд бүртгүүлэх хамгийн эхний хүмүүс байсаар байх болно. Гэхдээ тэд дангаараа хангалттай биш.
Хэрэв та эргэн тойрноо анхааралтай ажиглавал тэнгэр элчийн тусламж хэрэгтэй байгаа олон хүнийг олох болно. Энэ хүмүүс цагаан цамц, даашинз эсвэл ням гаргийн хувцас өмсөөгүй байж болно. Тэд ариун ёслолын танхимын эсвэл ангийн өрөөний арын эгнээнд ганцаараа сууж, заримдаа бусдад харагдахгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байж болох юм. Магадгүй тэдний үсний засалт жаахан этгээд эсвэл үгсийн сан нь өөр байж болох ч тэд ирсэн мөн хичээж байгаа.
“Би буцаж очих хэрэгтэй юү? Би хичээсээр л байх уу?” гэж зарим нь гайхаж байж болох юм. Зарим нь хэзээ нэгэн өдөр өөрсдийг нь хүлээн авч, хайрлах болов уу гэж эргэлзэж байж магадгүй. Тэнгэр элчүүд яг одоо хэрэгтэй байна. Тэднийг тэврэн авахын тулд өөрсдийн тав тухыг золиослох тэнгэр элчүүд хэрэгтэй байна: “Ийм сайн, ийм цэвэр ариун хүмүүсийг дүрслэхэд тэнгэр элч шиг гэсэн үг л санаанд орж ирдэг билээ” (Жэффри Р.Холланд, “Тэнгэр элч нарын үйлчлэл”).
Ах, эгч нар аа, би тэнгэр элч нарт итгэдэг. Бид бүгдээрээ өнөөдөр энд байгаа бөгөөд тэнгэр элч нарын агуу том арми болох бид бүгд хайраар дүүрэн Бүтээгчийн мутарт болон бусдад тохинуулахаар энд байгаа билээ. Хэрэв бид үйлчлэхэд бэлэн байвал Их Эзэн тохинуулах тэнгэр элч байх боломжийг бидэнд олгоно гэдгийг би амлаж байна. Тэрээр хэнд тэнгэр элчийн тусламж хэрэгтэй байгааг мэддэг бөгөөд тэднийг бидний зам дээр тавих болно. Их Эзэн тэнгэр элчийн тусламж хэрэгтэй хүмүүсийг өдөр бүр бидний зам дээр тавих болно.
Амьдралын минь туршид миний замд Их Эзэний тавьсан тэр олон тэнгэр элчийн төлөө би талархаж байна. Тэд бүгд надад хэрэгтэй байсан. Өөрчлөгдөж, илүү сайн байх боломжийг бидэнд олгодог Түүний сайн мэдээнд би бас талархаж байна.
Энэ бол хайрын сайн мэдээ, тохинууллын сайн мэдээ юм. Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.