Туршигдаж, батлан харуулж, өнгөлөгдсөн
Бид сорилтынхоо үед гэрээнүүддээ үнэнч байж, өөрсдийгөө батлан харуулсны дараа ирэх хамгийн агуу адислал бол бидний мөн чанарын өөрчлөлт юм.
Хайрт ах, эгч нар аа, би энэ өдөр та нартаа хандан үг хэлж байгаадаа баяртай байна. Амьдрал хэцүү, тааварлахын аргагүй санагдах үед та нарт урам зориг өгнө гэдэгтээ би найдаж байна. Та нарын заримд одоо хэцүү санагдаж байгаа. Хэрэв үгүй бол ийм цаг ирэх болно.
Энэ бол бараан талаас нь харсан зүйл биш шүү. Энэ нь Бурханы энэ дэлхийг бүтээсэн зорилгын ачаар бодит хэрнээ өөдрөг зүйл юм. Энэ зорилго нь хүнд хэцүү зүйлс тохиолдоход Өөрийн хүүхдүүдэд зөвийг сонгох чадвар, хүсэл зоригоо батлан харуулах боломжуудыг өгөх юм. Ингэж чадсанаар тэдний мөн чанар өөрчлөгдөж, тэд Түүнтэй илүү адил болж чадах юм. Ингэхийн тулд Түүнд итгэх гуйвшгүй итгэл шаардлагатайг Тэрээр мэдэж байсан.
Миний сурч мэдсэн ихэнх зүйл гэр бүлээс минь улбаатай. Намайг найман настай байхад ухаалаг ээж минь ах бид хоёроос өөртэй нь хамт ногооны талбай дээр очиж зэрлэг зулгаахыг хүссэн юм. Одоо бодоход энэ амархан ажил санагдаж болох ч бид Нью Жерсид амьдардаг байсан. Тэнд бороо их ордог, газар нь маш хүнд шаварлаг хөрстэй байлаа. Мөн зэрлэг нь тарьсан ногооноос хурдан ургадаг байлаа.
Миний зулгаасан зэрлэгийн иш голоороо тасраад, үндэс нь хатуу шаврандаа үлдээд байсанд урам минь хугарч байсныг би санаж байна. Ээж, ах хоёр маань мөрөө даган, удалгүй надаас түрүүлж эхлэв. Гэвч хичээх тусам би улам л хоцроод байлаа.
“Естой хэцүү юм аа!” гэж би гомдоллов.
Намайг өрөвдөхийн оронд ээж минь инээмсэглээд, “Хаал минь, мэдээж энэ чинь хэцүү шүү дээ. Хэцүү байх ёстой юм. Амьдрал бол сорилт шүү дээ” гэж хэлж билээ.
Тэр мөчид би түүний хэлсэн үг үнэн бөгөөд ирээдүйд ч бас тийм байх болно гэдгийг мэдсэн юм.
Би олон жилийн дараа, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү хоёрын энэхүү дэлхийг бүтээж, сүнсэн хүүхдүүдэд мөнх бус амьдралыг өгсөн зорилгынхоо талаар ярьсныг нь уншиж байхдаа ээжийнхээ хайр дүүрэн инээмсэглэлийг ойлгосон юм.
“Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно;
Мөн өөрсдийн анхны байдлыг хадгалдаг тэдэн дээр нэмэгдэх болно; мөн өөрсдийн анхны байдлыг хадгалдаггүй тэд, өөрсдийн анхны байдлыг хадгалдаг тэдэнтэй хамт нэг хаант улсад алдар сууг олж чадах нь үгүй бөлгөө; мөн өөрсдийн хоёр дахь байдлыг хадгалдаг тэдний тэргүүн дээр алдар суу үүрд мөн мөнхөд нэмэгдэх болно.”1
Та бид Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйгаас холдсон үедээ Бурханы тушаалуудыг сахих эсэхээр туршигдаж, өөрсдийгөө батлах урилгыг хүлээн зөвшөөрсөн билээ.
Тэнгэрлэг Эцэгийн хайраар өгсөн урилга байсаар байхад Люсифер сүнсэн хүүхдүүдийн гуравны нэгийг уруу татан араасаа дагуулж, Эцэгийн өгсөн, өсөн дэвжиж, мөнх аз жаргалыг хүртэх төлөвлөгөөг үл зөвшөөрүүлж чадсан юм. Сатан бослого гаргасныхаа улмаас дагагчидтайгаа хамт хөөгдсөн. Одоо тэр энэхүү мөнх бус амьдралын үед аль болох олон хүнийг Бурханаас холдуулахын төлөө хичээдэг.
Харин төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн бид Аврагч, Гэтэлгэгч болохоор Өөрийгөө золиосолсон Есүс Христэд итгэх итгэлийнхээ учир хүлээн зөвшөөрсөн юм. Бид мөнх бус бие махбод ямар ч сул дорой байлаа гэсэн, ямар ч хилэнцэт хүч бидний эсрэг байсан, сайны хүч үүнээс хавьгүй илүү байна гэдэгт итгэсэн байх.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг мэддэг, танд хайртай. Тэд таныг Өөрсөд рүү нь эргэн ирж, Өөрсөдтэй нь адил болоосой хэмээн хүсдэг. Таны амжилт бол Тэдний амжилт. “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” 2 хэмээх үгсийг уншаад эсвэл сонсоод, Ариун Сүнс танд үүнийг батлахад та энэхүү хайрыг мэдэрч байсан байх.
Бурханд бидний аяллыг хялбар болгох хүч чадал бий. Тэрээр Израилын хөвгүүдийг амлагдсан нутаг руу явахад нь маннагаар хооллосон. Их Эзэн мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр өвдсөнийг эдгээж, үхсэнийг амьдруулж, далайн шуургыг намжааж байсан. Амилалтынхаа дараа Тэр “хүлэгдсэн тэдэнд шоронг нээ[сэн].” 3
Гэвч Бурханы хамгийн агуу бошиглогчдын нэг Иосеф Смитийн шоронд зовж байхдаа сурсан дараах зүйлээс бид ихийг сурч болох бөгөөд энэ нь итгэлийн шалгуур дахин дахин ирэх үед бидэнд хэрэгтэй. “Мөн хэрэв чи нүхэнд, эсвээс алуурчдын гарт чам дээр тохиох үхлийн яланд хаягдах ёстой аваас; хэрэв чи гүнд хаягдах аваас; хэрэв хүрхрэх далайн давалгаа чиний эсрэг хуйвалдах аваас; хэрэв догшин салхи чиний дайсан болох аваас; хэрэв тэнгэр хар барааныг цуглуулж, мөн бүх элементүүд замыг хүрээлэн хаахаар нэгдэх аваас; мөн бүхний дээгүүр, хэрэв тамын эрүү чиний араас амаа томоор ангайлгах аваас, эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь.”4
Бүхнийг чадагч, бидэнд хайртай Бурхан яагаад мөнх бус амьдралын шалгуурыг ийм хэцүү байлгадаг юм бол гэж та боддог байж болно. Яагаад гэвэл, Бурханы оршихуйд гэр бүлээрээ мөнхөд амьдрахын тулд бид сүнслэг байдлаар цэвэршин хүчирхэгжих ёстойг Тэр мэддэг. Үүнийг боломжтой болгохын тулд Тэнгэрлэг Эцэг маань бидэнд Аврагчийг өгч, өөрсдийн сонгох эрхийг ашиглан, итгэлээр Түүний зарлигуудыг дагаж, наманчилж, ингэснээр Түүнд ирэх боломжийг олгосон.
Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний төвд Түүний Хайрт Хүү Есүс Христтэй илүү адил болох явдал багтдаг. Бүхий л зүйлд Аврагчийн үлгэр жишээ бол бидний хамгийн сайн хөтөч юм. Тэр Өөрийгөө батлан харуулах шалгуураас ангид байгаагүй. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн төлөө зовж, бидний нүглийн бүх төлөөсийг төлсөн. Тэрээр мөнх бус амьдралд ирсэн болон ирэх бүгдийн зовлон шаналлыг мэдэрсэн.
Та хэр их зовлонг тэсэж чадах юм бол гэж гайхан бодох үедээ Түүнийг санаарай. Тэрээр таныг хэрхэн өргөхөө мэдэхийн тулд таны зовлон шаналлыг туулсан. Тэрээр ачааг тань авахгүй байж болох ч танд хүч чадал, тайтгарал мөн найдвар өгөх болно. Тэр замыг мэднэ. Тэр гашуун аяганаас уусан. Тэр бүх хүний зовлон шаналлыг туулсан.
Танд ямар ч сорилт тохиолдсон бай, хэрхэн туслан дэмжихээ мэддэг бидний хайрт Аврагч таныг дэмжин тайтгаруулж байна. Алма:
“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.
Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно”5 хэмээн заасан.
Танд туслах Түүний нэг арга зам нь үргэлж Түүнийг санаж, Түүн дээр ирэхэд таныг урих явдал юм. Тэрээр биднийг
“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.
Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно”6 хэмээн урамшуулдаг.
Түүнд ирэх зам бол Түүний үгэн дээр найрлаж, наманчлалд хүргэх итгэлийг хэрэгжүүлж, Түүний эрх мэдэлтэй үйлчлэгчдээр баптисм хүртэж, гишүүнээр батлуулж, тэгээд Бурхантай байгуулсан гэрээгээ сахихыг сонгох явдал юм. Тэрээр Ариун Сүнсийг таны хамтрагч, чиглүүлэгч, тайтгаруулагч болгон илгээдэг.
Та Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахуйц зохистой амьдарснаар аюулгүй газар хүрэх зам тань харагдахгүй байсан ч Их Эзэн таныг замчлах болно. Миний хувьд, Тэр дараагийн хийх нэг, хоёр алхмыг л харуулдаг. Маш цөөн тохиолдолд Тэрбээр надад холын ирээдүйг зурвас харуулж, цөөн ирсэн эдгээр зурвасхан удирдамж хүртэл өдөр тутмын амьдралдаа юу хийх ёстойг минь заадаг.
Их Эзэн:
“Үүнээс хойш тохиох тэдгээр зүйлүүдийн талаарх Бурханыхаа төлөвлөгөөг, мөн их гай зовлонгийн дараа дагалдах алдар сууг энэ үед та нар эгэл нүдээрээ болгоож чадах нь үгүй.
Учир нь их гай зовлонгийн дараа адислалууд ирдэг болой”7 хэмээн айлдсан.
Соригдох үед гэрээнүүддээ үнэнч байж, өөрсдийгөө батлан харуулсны дараа ирэх хамгийн агуу адислал бол бидний мөн чанарын өөрчлөлт юм. Бид гэрээнүүдээ сахих сонголтыг хийснээр Есүс Христийн хүч болон Түүний Цагаатгалын адислалууд биднийг өөрчилдөг. Бидний зүрх сэтгэл зөөлөрч, бусдыг хайрлаж, уучилж мөн Аврагчид ирэхэд урьж чадахаар болдог. Бид Их Эзэнд илүү найддаг болж, бидний айдас багасна.
Хэдийгээр зовлон зүдүүрээс адислал ирэх амлалт өгөгдсөн ч бид зовлонг зориуд эрэлхийлдэггүй. Мөнх бус амьдралд бидэнд Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёртой илүү адил болоход туслах хангалттай хүнд шалгууруудыг даван туулахын тулд өөрсдийгөө нотлон харуулах боломж элбэг байх болно.
Үүнчлэн бид бусдын зовлонг анзаарч, тэдэнд тусламжийн гараа сунгадаг байх хэрэгтэй. Өөрсдөө хүнд сорилтод байгаа үедээ үүнийг хийх нь бүр хэцүү боловч өөр нэгэнд жаахан ч болов тусалж, ачааг нь хөнгөлбөл бидний нуруу тэнийж, харанхуйд гэрэл мэдэрдэг.
Энэ тал дээр Их Эзэн бидэнд Үлгэр жишээ үзүүлдэг. Тэрээр Бурханы Төрсөн Хүү байгаагүйсэн бол тэсэж, амьд гарч чадахааргүй их шаналлыг эдэлснийхээ дараахан Голготын загалмай дээрээс Өөрийг нь яллаж буй зандалчдыг хараад, Эцэгтээ хандан, “Тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна”8 хэмээн хэлсэн. Амьдрах хүн бүрийн төлөө зовж байхдаа Тэрээр загалмай дээрээс Иоханыг болон гашуудаж буй эхийгээ хараад, зовлонг нь хөнгөлөхөөр тохинуулж байв.
“Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ —Эмэгтэй, хараач, хүү чинь гэв.
Дараа нь шавьдаа —Хараач, эх чинь гэж айлдав. Тэр цагаас шавь нь эхийг нь гэртээ аваачив.”9
Тэрхүү ариун өдрүүдэд үйлдсэн үйлдлээрээ дамжуулан Аврагч зөвхөн энэ амьдралд төдийгүй ирэх мөнх амьдралд туслан дэмжихээр сайн дураараа бидний төлөө амиа өгсөн.
Би хүмүүсийг аймшигт сорилт бэрхшээлийг итгэлтэйгээр даваад, илүү агуу өндөрт гарахыг харж байсан. Өнөөдөр Сүм даяар олон жишээ байна. Зовлон бэрхшээлээс болж хүмүүс өвдөг сөгдөн залбирч байна. Итгэлтэй тэсвэр тэвчээр, хүчин чармайлтынхаа үр дүнд тэд Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёртой илүү адил болдог.
Би ээжээсээ бас нэг юм сурсан. Жаахан охин байхдаа тэрээр хоолойн сахуу тусаж бараг үхэх шахжээ. Хожим нь тэр тархи нугасны менингит туссан. Түүний аав эрт нас барсан тул ээж минь ах нартайгаа хамт ээждээ тусалдаг байв.
Амьдралынхаа турш ээж минь өвчинд нэрвэгдэж, санхүүгийн дарамтад орж байсан. Амьдралынхаа сүүлийн 10 жилд тэрээр хэд хэдэн удаа мэс засалд орсон. Гэвч энэ бүх зовлонгийн дунд бүр хэвтэрт орсон байсан ч ээж минь Их Эзэнд итгэлээ батлан харуулсаар байв. Түүний унтлагын өрөөний ханан дээр цорын ганц зураг байсан нь Аврагчийн зураг байв. Тэрээр надад сүүлчийн удаа “Хаал, чи ханиад хүрчихсэн юм шиг байна. Өөрийгөө халамжилж явах хэрэгтэй шүү” гэж хэлж билээ.
Түүний оршуулгын ёслол дээр сүүлчийн үг хэлсэн хүн нь ахлагч Спэнсэр В.Кимбалл байсан юм. Тэрээр ээжид минь тохиолдсон зовлон зүдүүр, түүний итгэлтэй байдлын талаар хэдэн үг хэлснийхээ дараа “Та нарын зарим нь Милдредийг яагаад ийм удаан, ингэж их зовсон юм бол гэж гайхаж байж магадгүй. Би та нарт яагаад гэдгийг нь хэлье. Яагаад гэвэл, Их Эзэн түүнийг илүү өнгөлөхийг хүссэн юм” гэсэн.
Их Эзэн ахиад жаахан өнгөлөхийн тулд өөрсдөд нь өгсөн зовлон зүдүүрийг гуйвшгүй итгэлтэйгээр туулж, бусдад ч бас тэсвэрлэхэд нь тусалдаг Есүс Христийн Сүмийн олон итгэлтэй гишүүн та нартаа би талархаж байна. Мөн өөрсдөө болон гэр бүл нь бас өнгөлөгдөн зүлгэгдэж байгаа ч бусдад үйлчилж буй халамжтай гишүүд, удирдагчдад би хайр, хүндлэлээ илгээж байна.
Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Тэр бидэнд хайртайг би гэрчилж байна. Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг бид бүгдэд хайртайг мэдэрдэг. Тэр бол өнөөдөр дэлхий дээрх Их Эзэний бошиглогч мөн. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.