Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх
Зөвийг үйлд гэдэг нь хүндэтгэлтэй харьцах гэсэн үг юм. Бид Бурхантай хамт даруухан алхсанаар Түүнтэй хүндэтгэлтэй харьцдаг. Бид энэрлийг хайрласнаар бусадтай хүндэтгэлтэй харьцдаг.
Есүс Христийн дагалдагчид, хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид илүү сайныг үйлдэж, илүү сайн байхаар чармайдаг мөн ийн чармайхад биднийг урамшуулдаг билээ.1 Магадгүй та нар над шиг “Би хангалттай зүйл хийж байна уу?” “Өөр юуг би хийж чадах вэ?” эсвэл “Сул дорой хүн би ‘Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болох’ болзлыг хэрхэн хангаж чадах вэ?” гэж гайхдаг байж мэднэ.2
Хуучин Гэрээний бошиглогч Мика уг асуултыг “Би Эзэний өмнө юутай очиж, өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ?”3 гэж тавьсан. Мика хэт өндөр өргөл нүглийн төлөө хангалттай төлөөс болж чадах эсэхийг егөөдөн гайхаж, “Мянга мянган хуц, түм түмэн тосон горхийг Эзэн таалах уу? Би … ууган хүүгээ, сэтгэлийнхээ нүглийн төлөө … өргөх үү?”4 хэмээн асуусан байдаг.
Хариулт нь болохгүй юм. Сайн үйлс дангаараа хангалттай биш. Авралыг худалдан авдаггүй юм.5 Микагийн санал болгосон агуу их өргөл хүртэл хамгийн жижигхэн нүглийг ч цагаатгаж чадахгүй. Бид зөвхөн өөрсдөдөө найдваас Бурханы оршихуйд эргэн очиж амьдрах боломжгүй байх байсан.6
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос ирдэг адислалгүйгээр бид хэзээ ч өөрсдөө хангалттай байж эсвэл хангалттайг хийж чадахгүй. Сайн мэдээ гэвэл, бид Есүс Христийн ачаар мөн Түүгээр дамжуулан хангалттай болж чадна.7 Бүх хүн Есүс Христийн үхэл, Амилуулалтаар дамжуулан Бурханы ач ивээлийн ачаар бие махбодын үхлээс аврагдах болно.8 Мөн зүрх сэтгэлээ Бурханд хандуулбал бүх хүн “[Есүс] Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар”9 сүнслэг үхлээс аврагдах боломжтой. Бид Бурханы өмнө цэвэр, ариун зогсохын тулд гэм нүглээсээ цагаатгагдаж чадна. “Юу нь сайн болохыг, Хүн минь чамд [Бурхан] айлдсан. Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?”10 хэмээн Мика тайлбарлажээ.
Зүрх сэтгэлээ Бурханд хандуулах, авралын болзол хангах гэсэн Микагийн заавар хоорондоо уялдаа холбоотой гурван үндсэн хэсгийг агуулдаг. Зөвийг үйлд гэдэг нь Бурхантай мөн бусад хүнтэй хүндэтгэлтэй харьцах гэсэн үг юм. Бид Бурхантай хамт даруухан алхсанаар Түүнтэй хүндэтгэлтэй харьцдаг. Бид энэрлийг хайрласнаар бусадтай хүндэтгэлтэй харьцдаг. Зөвийг үйлдэх нь “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла … [мөн] чи хөршөө өөрийн адил хайрла” гэх анхны бөгөөд хоёр дахь агуу зарлигийг бодитоор хэрэгжүүлэх явдал юм.”11
Зөвийг үйлдэх, Бурхантай даруухнаар алхах гэдэг нь гэм нүглээс гараа зориуд татан авч, үнэнээр үйлдэн, Түүний зарлигуудаар алхах явдал юм.12 Шударга хүн нүглээс зайлсхийн, Бурхан руу эргэж, Түүнтэй гэрээ байгуулан, тэдгээр гэрээгээ сахидаг. Шударга хүн Бурханы зарлигуудыг сахихыг сонгож, сахиж чадаагүй үедээ наманчилж мөн цаашид үргэлжлүүлэн хичээдэг.
Амилсан Христ нифайчууд дээр айлчилж байхдаа Мосегийн хуулийг илүү дээд хуулиар сольсон хэмээн тайлбарласан. Тэрээр цаашид “тахилууд мөн хайлах … өргөл өргөхгүй” байж, харин “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг” өргөхийг зааварласан. Тэрээр “харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр надад ирэх хэнд боловч, түүнд би галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртээнэ”13 хэмээн бас амласан. Бид баптисмын дараа Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, ашиглах үедээ Ариун Сүнсний байнгын нөхөрлөлд баясаж, хэрхэн Бурхантай хамт даруухнаар алхах зэрэг хийх ёстой бүх зүйлээ заалгах болно.14
Биднийг гэм нүглээс болон сүнслэг үхлээс аврах Есүс Христийн золиос нь харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй хүн бүхний төлөө хийгдсэн.15 Харууссан зүрх, гэмшсэн сэтгэл биднийг баяртайгаар наманчлахыг мөн Тэнгэрлэг Эцэгтэйгээ болон Есүс Христтэй илүү адил болохоор хичээхийг сануулдаг. Бид ийнхүү үйлдсэнээр Аврагчийн цэвэршүүлэгч, эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг хүлээн авдаг. Бид зөвийг үйлдэж, Бурхантай даруухнаар алхаад зогсохгүй Тэнгэрлэг Эцэгийн мөн Есүс Христийн адил энэрлийг хайрлахад бас суралцдаг.
Бурхан нигүүлсэлд баясдаг бөгөөд үүнийг ашигласандаа харамсдаггүй. Микагийн хэлсэнчлэн “хилэнцийг уучилдаг, … биднийгээ өрөвдөх … бүх нүглийг нь Та тэнгисийн гүн уруу хаядаг … Бурхан тан шиг нь хэн байх вэ?”16 Бурханы адилаар энэрлийг хайрлах нь бусадтай зөв харилцаж, тэдэнтэй зүй бусаар харьцахгүй байхтай салшгүй холбоотой юм.
Христээс өмнө нэгдүгээр зууны үед амьдарч байсан еврей эрдэмтэн Хиллэл ахлагчийн талаарх нэгэн эртний түүхэнд бусадтай зүй бусаар харьцахгүй байхын чухлыг онцолсон байдаг. Хиллэлийн нэг сурагч нь 613 зарлигийг агуулсан Мосегийн таван номд болон холбогдох еврей сургаалт бичвэрүүд бүхий Торагийн нарийн төвөгтэй байдалд унтууцжээ. Уг сурагч Хиллэлийг зөвхөн нэг хөл дээрээ зогсож чадах хугацаанд Тораг бүрэн тайлбарлах сорилтод дуудсан. Хиллэл тэнцвэрээ олохдоо тийм гарамгай биш байсан ч уг сорилтыг хүлээн авчээ. Тэрээр Левигээс эш татан, “Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла”17 гэв. Хиллэл дараа нь “Өөрийн үзэн яддаг зүйлээ хөршдөө бүү хий. Энэ бол Торагийн бүхэл утга бөгөөд бусад нь тайлбар юм. Урагш явж, суралц”18 хэмээн хурдхан шиг дуусгажээ.
Бусадтай үргэлж хүндэтгэлтэй харьцах нь энэрлийг хайрлахын нэг хэсэг юм. АНУ-ын Мэриланд мужийн Балтиморт байдаг Жонс Хопкинс эмнэлгийн түргэн тусламжийн тасагт олон жилийн өмнө санаандгүй сонссон нэгэн яриаг авч үзье. Өвчтөн ноён Жаксон нь эелдэг найрсгаараа эмнэлгийн хамт олонд танигдсан нэгэн байв. Тэрээр урьд нь архинаас үүдэлтэй өвчнөө эмчлүүлэхээр олон удаа эмнэлэгт хэвтэж байжээ. Энэ удаад ноён Жаксон архинаас үүдэлтэй нойр булчирхайн үрэвслийн шинж тэмдгээс болоод эмнэлэгт эргэн иржээ.
Ажилсаг, гарамгай Коэн эмч ажлын цаг дуусахаас өмнөхөн ноён Жаксоныг үзээд, эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэжээ. Коэн эмч ээлжийг нь хүлээн авч байсан Жонс эмчид ноён Жаксоныг эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээг нь хариуцан хийхийг даалгав.
Жонс эмч нэр хүндтэй анагаахын сургуульд сурсан бөгөөд төгсөлтийн дараах дадлага сургалтаа дөнгөж эхэлсэн байв. Энэ хүнд хэцүү дадлага нь ихэнхдээ нойр дутуу явахад нөлөөлдөг бөгөөд үүнээс ч болж Жонс эмч таатай хүлээж аваагүй байх. Жонс эмч тэр орой тав дахь өвчтөнөө хүлээн авах болсноо Коэн эмчид чангаар гомдоллов. Ноён Жаксон өөрөө өөрийгөө хохироосноос болж уг өвчнийг туссан байхад түүнийг асарч, олон цаг зарцуулах нь шударга бус мэт санагджээ.
Коэн эмч шийдэмгий хариултаа бараг л шивнэж хэлэв. Тэрээр “Жонс эмч ээ, та хүмүүсийг халамжлан, эдгээхийн төлөө ажиллахаар эмч болсон. Та тэднийг шүүх гэж эмч болоогүй. Хэрэв ялгааг нь ойлгоогүй бол энэ байгууллагад суралцах эрх танд байхгүй” гэж хэлэв. Жонс эмч энэ залруулгын дараа ноён Жаксоныг эмнэлэгт хэвтэж байхад нь хичээнгүйлэн халамжилжээ.
Түүний дараа ноён Жаксон нас барсан. Жонс эмч, Коэн эмч хоёр хоёулаа нэрд гарсан эмч нар болсон. Гэхдээ суралцах эгзэгтэй мөчид нь Жонс эмчид зөвийг үйлдэж, энэрлийг хайрлан, ноён Жаксоныг шүүхгүйгээр халамжлах ёстойг сануулах хэрэгтэй байв.19
Олон жилийн турш энэ сануулга надад их тусалсан. Энэрлийг хайрлах гэдэг нь Бурханы бидэнд өгдөг энэрлийг хайрлахаас гадна Бурхан бусдад адилхан энэрлийг өгдөгт баясах явдал юм. Мөн бид Түүний жишээг дагадаг. “Бурханд бүгд адил”20 бөгөөд бид бүгдэд туслуулах мөн эдгэрэх сүнслэг эмчилгээ хэрэгтэй. Их Эзэн “Та нар нэгэн биеийг нөгөөгөөс илүүд үзэх ёсгүй, өөрөөр хэлбэл хэн нэг нь өөрийгөө бусдаас дээгүүрт бодох ёсгүй”21 хэмээн хэлсэн.
Есүс Христ зөвийг үйлдэх, энэрлийг хайрлах гэдэг нь ямар утгатай болохын үлгэр жишээ болсон. Тэрээр нүгэлтнүүдтэй чөлөөтэй харьцаж, тэдэнд шударга, хүндэтгэлтэй ханддаг байв. Тэрээр Бурханы зарлигуудыг сахихын баяр баяслыг зааж өгч, зүдэрч яваа нэгнээ зэмлэхийн оронд өргөж дэмжихийг эрэлхийлсэн. Тэрээр зохисгүй гэж үздэг хүмүүст тохинуулсных нь төлөө Өөрийг нь буруутгасан хүмүүсийг зэмлэсэн.22 Иймэрхүү бардам зан нь Түүнийг гонсойлгодог байсан ба одоо ч байсаар байна.23
Христтэй адил байхын тулд тухайн хүн зөвийг үйлдэж, Бурхантай болон бусад хүнтэй аль алинтай нь хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй. Зөв шударга хүний үг яриа, үйл хөдлөл боловсон байдаг бөгөөд үзэл бодол, итгэл үнэмшлийн ялгаа нь жинхэнэ сайхан сэтгэл, нөхөрлөл мөн харилцаанд саад болдоггүй гэдгийг мэддэг. Зөвийг үйлддэг хүмүүс хамтдаа “бие биенээ гомдоох биш, харин амар амгалангаар амьдрах … болно.”24
Христтэй адил болохын тулд хүн энэрлийг хайрладаг. Энэрлийг хайрладаг хүмүүс бусдыг шүүдэггүй, бусдад тэр тусмаа ядруу хүмүүсийг өрөвдөн хайрладаг төдийгүй нигүүлсэнгүй, найрсаг, хүндэтгэлтэй байдаг. Тэр хүмүүс яс үндэс, хүйс, шашин шүтлэг, хүйсийн чиг хандлага, нийгэм эдийн засгийн байр суурь, ураг, омог, үндэстний ялгаа зэрэг шинж чанарыг үл хамааран хүн бүрд хайр, ойлголтоор ханддаг. Эдгээр зүйл бүгд Христийн хайраар солигдсон юм.
Христтэй адил болохын тулд хүн Бурханыг сонгож, Түүнтэй даруухнаар хамт алхан, Түүний тааллыг эрэлхийлж, Түүнтэй байгуулсан гэрээгээ сахидаг.25 Бурхантай даруухнаар хамт алхдаг хүн бүр Тэнгэрлэг Эцэгийн мөн Есүс Христийн тэдний төлөө хийсэн зүйлсийг санадаг.
Би хангалттай зүйл хийж байна уу? Би өөр юу хийх ёстой вэ? Эдгээр асуултын хариу болгон хийх үйлдэл маань энэ амьдралд болон мөнхөд аз жаргалтай байхын гол цөм болдог. Авралыг энгийн зүйл мэт хүлээн авахыг Аврагч хүсдэггүй. Бид ариун гэрээнүүд байгуулсныхаа дараа ч гэсэн “ач ивээлээс унаж мөн амьд Бурханаас холдох” магадлалтай байдаг. Тиймээс бид “уруу таталтанд” унахгүйн тулд “анхааралтай байж мөн ямагт залбирах”26 ёстой.
Үүний зэрэгцээ, бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг мөнх бус аяллынхаа туршид тасралтгүй эргэлзээтэй байдалд сатаарч, аврагдаж, өргөмжлөгдөхөд хангалттай зүйл хийсэн эсэхдээ эргэлзэхийг хүсдэггүй. Тэд биднийг наманчилсан алдаанаасаа болж зовон тарчилж, тэдгээр алдаагаа хэзээ ч эдгэрдэггүй шарх гэж бодохыг эсвэл дахин бүдрэх вий гэж хэт их эмзэглэж явахыг хүсдэггүй.27
Бид ахиц дэвшлээ үнэлж чадна. Бид зөвөөр үйлдэж, энэрлийг хайрлан, Бурхантай хамт даруухнаар алхах үедээ “[бидний] амьдралын замнал маань Бурханы хүслийн дагуу явагдаж байгааг”28 мэдэж чаддаг. Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын зан чанарыг өөрсдийн зан чанарт шингээж, бие биенээ хайрладаг.
Та энэ зүйлсийг хийснээр гэрээт замыг дагаж, “Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болох”29 шаардлагыг хангана. Та нарын сүнснүүд Бурханы алдар суунд болон үүрдийн амьдралын гэрэлд ууссан байх болно.30 Та нар хязгааргүй их баяраар дүүрэх болно.31 Бурхан амьд, Есүс бол Христ, бидний Аврагч, Гэтэлгэгч бөгөөд бүгдийг хайраар баяр баясгалантай өршөөж нигүүлсдэг гэдгийг би гэрчилж байна. Та нарт энэ таатай байгаа биз дээ? Есүс Христийн нэрээр, амен.