Шинэ хэвийн байдал
Би та бүхэнд зүрх сэтгэл, оюун ухаан, бодгалиа Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ рүү улам бүр эргүүлэхийг уриалж байна.
Хүндэт ах, эгч нар аа. Ерөнхий чуулганы энэ хоёр өдөр гайхалтай байлаа! Ахлагч Жэффри Р.Холландтай санал нэг байна. Түүний хэлснээр захиас, залбирал, хөгжимд бүгдэд нь Их Эзэн сүнслэгээр нөлөөлсөн билээ. Бүхий л арга замаар оролцсон хүн бүрд би талархаж байна.
Чуулганы үеэр би та нарыг чуулганаа сонсож байгаагаар оюун санаандаа төсөөлсөн. Та нарыг юу мэдэрч, юунд санаа зовж эсвэл юуг шийдвэрлэх гэж эрмэлзэж байгааг ойлгоход туслахыг би Их Эзэнээс гуйн залбирсан юм. Би энэ чуулганыг өндөрлөхдөө та нарыг ирээдүйн талаар өөдрөг байлгахын тулд юу хэлж болох талаар бодсон. Их Эзэн та нарыг ийн өөдрөг байгаасай хэмээн хүсдэг гэдгийг би мэднэ.
Бид олон зууны турш бошиглогчдын урьдаас харсан гайхамшигтай эрин үед амьдарч байна. Энэ бол зөв шударга хүмүүс бүх сүнслэг адислалыг хүртэж болох эрин үе юм.1 Дэлхийн үймээн самуунаас үл хамааран2 Их Эзэн биднийг “ирээдүйгээ баяр хөөртэйгөөр хүлээх”3 боломжийг олгодог. Өчигдрийн дурсамж дээр гацаж үлдэхгүй байцгаая. Израилын цугларалт урагшилсаар байна. Их Эзэн Есүс Христ Өөрийн Сүмийн үйл хэргийг удирдан чиглүүлдэг бөгөөд Сүм бурханлаг зорилгуудаа биелүүлэх болно.
Та бидний сорилт бол бид бүгдээрээ бурханлаг чадавхдаа хүрэх явдал юм. Өнөөдөр бид “шинэ хэвийн байдал” гэсэн үгсийг олон удаа сонслоо. Хэрэв та үнэхээр “шинэ хэвийн байдал”-тай болохыг хүсэж байгаа бол зүрх сэтгэл, оюун ухаан, бодгалиа улам бүр Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ рүү эргүүлэхийг би та бүхэнд уриалж байна. Энэ нь та нарын “шинэ хэвийн байдал” болог.
Та нар өдөр бүр наманчилснаар “шинэ хэвийн байдлаа” олж авна уу. Бодол, үг, үйлдлээрээ улам цэвэр ариун байхыг эрэлхийл. Бусдад тохинуул. Үзэл бодол, алсын хараагаа мөнх амьдралд төвлөрүүл. Дуудлагуудаа эрхэмлэн биелүүл. Хайрт ах эгч нар аа, таны асуудал ямар байгаагаас үл хамааран та өдөр бүр Бүтээгчтэйгээ уулзахад бэлдэж амьдар.4
Ийм л зорилгоор бид ариун сүмтэй байдаг. Их Эзэний ёслол, гэрээнүүд биднийг Бурханы бүх адислалаас хамгийн агуу нь болох мөнх амьдралд бэлтгэдэг.5 Та нарын мэдэж байгаачлан КОВИД цар тахлын улмаас бид ариун сүмүүдээ түр хугацаанд хаахад хүрсэн. Дараа нь бид нарийн зохицуулалттай, үе шаттайгаар дахин нээж эхэлсэн. Олон ариун сүм 2-р үе шатаар зохион байгуулагдсанаар олон мянган хос лацдан холбогдож, өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд л гэхэд олон мянган хүн хишгээ хүртээд байна. Сүмийн бүх зохистой гишүүн өвөг дээдэстээ дахин үйлчлэх мөн ариун сүмд шүтэн бишрэх тэр өдөр ирэхийг бид тэсэн ядан хүлээж байна.
Одоо би дараах газруудад шинэ зургаан ариун сүм барихыг зарлах гэж байгаадаа талархаж байна. Эдгээр газар нь: Кирибатын Тарава, Вануатугийн Порт Вила, Ютагийн Линдон, Гватемалын Их Гватемала Сити, Бразилын Сан Паулу, Боливийн Санта Круз зэрэг болно.
Биднийг эдгээр ариун сүмийг барьж мөн харж хандах явцад та нарыг ариун сүмд орохуйц зохистой байхын төлөө өөрсдийгөө хөгжүүлж, харж хандах болтугай хэмээн бид залбирч байна.
Ах, эгч нар аа, одоо би та нарыг Их Эзэн Есүс Христийн амар амгалангаар дүүрэн байхаар адисалж байна. Түүний амар амгаланг эгэл хүний оюун ухаан ойлгох нь үгүй.6 Би та нарыг Бурханы хуулиудыг дагах илүү их хүсэл болоод чадвараар адисалж байна. Ингэснээр тодорхойгүй байдалд байсан ч гэсэн илүү их зориг, өсөн нэмэгдсэн хувийн илчлэлт, гэр орондоо илүү эв найртай байх, баяр баясгалан зэрэг адислалууд урсан ирэх болно гэдгийг би амлаж байна.
Бид өөрсдийгөө болон дэлхийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх тэнгэрлэг үүргээ биелүүлэхийн тулд хамтдаа урагшлах болтугай. Би та нартаа хайртай гэдгээ илэрхийлж, ийн залбирч байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.