Ерөнхий чуулган
Хамгийн их хамаатай зүйлээ хий
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


10:46

Хамгийн их хамаатай зүйлээ хий

Бид амьдралаа Есүс Христэд төвлөрүүлснээр сүнслэг хүч чадал, сэтгэл ханамж, баяр баяслаар адислагдах болно.

Саяхан нэгэн эрхэм найзад маань тойргийнхоо эгчийнд зочлох хэрэгтэй гэсэн бодол төрсөн байна. Найз маань тэр эгчийг бараг таньдаггүй байсан тул уг өдөөлт ойлгомжгүй санагдаж, дагахаас татгалзжээ. Гэвч энэ бодол түүний толгойд эргэлдсээр байсан тул тэр өдөөлтийг дагахаар шийдэв. Тэднийд зочлон очих нь түүнд эвгүй санагдаж байсан учраас ямар нэгэн зүйл авч очих нь сэтгэлийн түгшүүрээ дарахад нь тусална гэж тэр бодов. Мэдээжийн хэрэг, тэр гар хоосон очиж зүрхэлсэнгүй! Тиймээс найз маань нэг савтай зайрмаг худалдаж аваад, хэцүү гэж бодож байсан айлчлалаа эхлэхээр явав.

Уг эгчийн гэрийн хаалгыг тогштол тэр даруй онгойлгож өгчээ. Найз маань түүнд бор цаасан ууттай зайрмаг өгөөд, яриагаа эхлэв. Төд удалгүй тэр яагаад энэ эгчийнд зочлох хэрэгтэй байснаа ойлгосон байна. Тэднийг үүдний саравчинд сууж байх үед тэр эгч өөрт тулгарч буй олон сорилтын тухай сэтгэлээ уудлан ярив. Найз маань зуны халуунд түүнтэй цаг гаруй ярилцсаны эцэст бор цаасан уутны завсраар хайлсан зайрмаг дусаж байхыг анзаарч,

“Зайрмаг чинь хайлсанд үнэхээр харамсаж байна!” гэхэд

өнөөх эгч эелдгээр “Зүгээр дээ! Би чихрийн харшилтай!” гэж хариулжээ.

Их Эзэн бошиглогч Лихайн зүүдэнд “Үйлдсэн зүйлүүдийнхээ учир Лихай чи адислагдсан нэгэн болой”1 гэж хэлсэн.

Есүс Христийн шавь байх гэдэг нь итгэж, найдахаас хамаагүй өргөн ойлголт юм. Энэ нь хичээл зүтгэл, үйлдэл, тууштай байдлыг шаарддаг. Энэ нь биднээс “зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид”2 байхын тулд ямар нэг зүйл хийхийг шаарддаг.

Саяны хайлсан зайрмагны түүхээс харахад, юу хамгийн их хамаатай байсан бэ? Зайрмаг уу? Эсвэл миний найзын ямар нэгэн үйлдэл хийсэн нь үү?

Нэг удаа нэгэн хайр татам залуу эмэгтэй надаас “Крэйвэн эгч ээ, та Сүмийн талаарх аливаа зүйл үнэн гэдгийг яаж мэддэг вэ? Учир нь би юу ч мэдрэхгүй байна” хэмээн чин сэтгэлээсээ асуусан юм.

Хариулахаасаа өмнө би түүнээс хэдэн зүйл асуув. “Судрыг хувиараа хэрхэн судалдаг тухайгаа ярьж өгөөч” гэхэд

тэр “Би судар уншдаггүй” гэж хариулав.

Би үргэлжлүүлэн, “Чи гэр бүлийнхэнтэйгээ судар уншдаг уу? Ирээд, Намайг дага гарын авлагаас хамтдаа суралцдаг уу?” гэж асуув.

“Үгүй” гэж тэр хэллээ.

Намайг түүнээс “Чи залбирахдаа юу мэдэрдэг вэ?” гэж залбирлын талаар асуухад,

тэрээр “Би залбирдаггүй” гэв.

Би түүнд “Хэрэв чи ямар нэгэн зүйлийг мэдэхийг хүсвэл ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй” гэсэн энгийн хариулт өгсөн юм.

Энэ нь бидний сурч, мэдэхийг хүсдэг бүх зүйлийн хувьд адилхан биш гэж үү? Би шинэ найзыгаа залбирах, судлах, бусдад үйлчлэх, Их Эзэнд итгэх гэх зэргээр Есүс Христийн сайн мэдээний дагуу үйлдэж эхлэхэд урьсан. Юу ч хийхгүй суугаад байвал хөрвөлт ирэхгүй. Биднийг асуух, хайх, тогших замаар мэдэж авахын тулд зорилготой үйлдэх үед Ариун Сүнсний хүчээр хөрвөлт ирдэг. Хөрвөлт үйлдлээр дамжин ирдэг.3

Сургаал ба Гэрээнд Их Эзэн хэд хэдэн удаа “Энэ нь хамаагүй”4 хэмээн хэлсэн байдаг. Түүний энэ үг намайг хэрэв зарим зүйл хамаагүй эсвэл ач холбогдол багатай юм бол хамгийн их хамаатай зүйл байж л таараа гэсэн бодол руу хөтөлдөг. Бид ямар нэг зүйлийг хийхээр эсвэл юу ч байсан хийхээр үйлдэхийг хичээх үедээ өөрсдөөсөө “Юу нь хамгийн их хамаатай вэ?” гэж асууж болох юм.

Аливааг сурталчлагчид зарж буй бүтээгдэхүүнээ бидний аз жаргал, сайн сайхан байдалд хэрэгтэй гэдэгт итгүүлэхийн тулд “зайлшгүй” эсвэл “заавал байх ёстой” гэх мэт уриа лоозонг ихэвчлэн ашигладаг. Гэхдээ тэдний зарж байгаа зүйл үнэхээр зайлшгүй юу? Бидэнд үнэхээр байх ёстой юу? Энэ үнэхээр хамаатай юу?

Зарим зүйлийг бид тунгаан бодох хэрэгтэй. Юу хамгийн их хамаатай вэ?

  • Олон нийтийн сүлжээн дэх нийтлэл маань хэр их “лайк” авах нь уу? Эсвэл Тэнгэрлэг Эцэг маань биднийг хэр их хайрлаж, үнэлдэг нь үү?

  • Хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын хувцас өмсөх нь үү? Эсвэл даруухан хувцаслаж, биедээ хүндэтгэл үзүүлэх нь үү?

  • Интернэтээс хариултаа хайх нь уу? Эсвэл Ариун Сүнсээр дамжуулан Бурханаас хариулт авах нь уу?

  • Илүү ихийг хүсэх нь үү? Эсвэл бидэнд өгсөн зүйлд сэтгэл хангалуун байх нь уу?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон:

“Ариун Сүнсийг хамтрагчаа болговол манай нийгэмд алдаршаад байгаа тодорхой хүмүүсийг шүтэн бишрэх соёлын зөв, бурууг ялган харж чадна. Та нар өмнөх үеийнхнээс илүү ухаалаг байж чадна. …

Дэлхийн бусад хүнд жишиг нь бол!”5 гэж заасан.

Үүрдийн баяр баясгаланг авчирдаг үнэхээр чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь хичээл зүтгэл шаарддаг. Сатан биднийг мөнхийн үнэ цэнээ гээж, эрдэнэт цаг хугацаа, авьяас чадвар, сүнслэг хүч чадлаа чухал биш зүйлд дэмий үрээсэй гэж хүсдэг. Би хүн бүрийг хамгийн их хамаатай зүйлээ хийхэд саад болдог зүйлсийг залбирч, эргэцүүлэн бодоход урьж байна.

Манай том хүүгийн гуравдугаар ангийн багш нь ангийнхандаа “тархиа захир” гэж заажээ. Үүгээрээ тэр бяцхан шавь нартаа тэднийг бодол санаагаа хянаж, хийж буй зүйлээ удирдаж чадна гэдгийг сануулсан юм. Надад бага хамаатай зүйл рүү тэмүүлэх үедээ би өөртөө “тархиа захир” гэж сануулдаг.

Ахлах сургуулийн нэгэн сурагч саяхан надад Сүмийн зарим өсвөр үеийнхний дунд дараа наманчилна гэж төлөвлөн, зарлигуудыг үл тоомсорлох явдал түгээмэл болсон гэж хэлсэн юм. “Энэ хандлага маш их дэлгэрсэн” гэж тэр хэлэв. Их Эзэн “үнэн сэтгэлээсээ”6 даруухнаар наманчилдаг хүмүүсийг үргэлжлүүлэн уучлах нь гарцаагүй. Гэхдээ Аврагчийн нигүүлсэнгүй Цагаатгалыг хэзээ ч ийм дооглонгуй байдлаар ашиглаж болохгүй. Алдагдсан хонины тухай сургаалт зүйрлэлийг бид мэднэ. Мэдээж, хоньчин төөрсөн нэг хонио олохын тулд бусад 99 хонио орхин явдаг. Гэхдээ 99 хонины нэг байхаар сонгосон хүмүүст, хамтдаа байж, бие биедээ тусалдаг тэрхүү хүмүүст Сайн хоньчин хэчнээн их баярладгийг та төсөөлж байна уу? Дуулгавартай байхыг олон хүн дагадаг байсан бол дэлхий ертөнц, сургууль, ажил эсвэл гэр орон тань ямар байхыг төсөөлж байна уу? Энэ нь төгс амьдрах тухай биш, харин Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдийнхээ дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийх үедээ баяр баясгаланг олж авах тухай юм.

Дэлхий ертөнц Бурханд илүү их эргэлзэж байгаа болон төөрөгдөл, дарамт шахалт ихсэж байгаа энэ цаг үед бидэнд бошиглогчтой ойр байх нь юу юунаас илүү чухал болоод байна. Тэрээр Их Эзэний үгийг ярьдаг тул бид түүний уриалах, зөвлөх, гуйх зүйлс хамгийн их хамаатай гэдэгт итгэж болно.

Хэдийгээр энэ нь амаргүй байж болох ч зөв зүйлийг хийх арга үргэлж байдаг. Нэгэн залуу эмэгтэйг сургууль дээрээ хэсэг найзтайгаа ярилцаж байтал найзууд нь Сүмийн жишгүүдийг шүүмжилж эхлэхэд зүрх нь зүсэгдэх шиг болжээ. Тэр чимээгүй зогсож болохгүйг, ямар нэг зүйл хийх ёстойг ойлгов. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн хайр, Түүний өгсөн зарлигууд хэрхэн хүүхдүүдээ адисалж, хамгаалдаг тухай эелдэгхэнээр ярьжээ. Түүний хувьд юу ч хийхгүй байх нь хамаагүй хялбар байх байсан. Гэхдээ юу хамгийн их хамаатай байсан бэ? Олон нийтийг дагах нь уу? Эсвэл “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн хаана ч”7 Бурханы гэрчлэгч болж зогсох нь уу?

Хэрэв Есүс Христийн сэргээгдсэн Сүм бүрхэг, тодорхой бус байдлаас гарч ирэх гэж байгаа бол бид ч мөн адил бүрхэг, тодорхой бус байдлаас гарах ёстой. Гэрээгээ сахидаг эмэгтэйчүүдийн хувьд бид урагш алхаж, цэх зогсон, сайн мэдээний гэрлээ дэлхий даяар гэрэлтүүлэх ёстой. 11 ба түүнээс дээш насны 8.2 сая эмэгтэй бид Бурханы охидын хувьд яг ижил ажлыг хамтдаа хийдэг. Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих, гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх замаар бид аврал, өргөмжлөлийн ажилд оролцон, Израилыг цуглуулж байна.8 Есүс Христийн сайн мэдээ бол үйлдлийн мөн баяр баясгалангийн сайн мэдээ юм! Хамгийн их хамаатай зүйлийг хийх чадавхаа дутуу үнэлэхгүй байцгаая. Тэнгэрлэг өв маань бидэнд Хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ биднийг хийж чадна гэж мэддэг тэрхүү бүх зүйлийг хийх зориг, итгэлийг өгдөг.

Өсвөр үеийнхний энэ жилийн уриа Сургаалт үгс 3:5–6 дахь

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод.

Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгуйг чинь шулуутгана” гэх шүлэг юм.

Их Эзэнд итгэхийн гол түлхүүр бол бидэнд бүх хариулт байхгүй ч гэсэн Түүнийг биднийг чиглүүлнэ гэдэгт итгэж, урагшлах явдал юм.

Эгч нар аа, энэ бол зайрмагны тухай биш юм. Мөн энэ нь илүү ихийг хийх тухай ч биш юм. Энэ нь хамгийн их хамаатай зүйлээ хийх тухай юм. Энэ нь бид Христтэй илүү адил болохоор хичээх үедээ Түүний сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх тухай юм.

Гэрээний зам дээрээ гуйвалтгүй үлдэхээр хичээх тусам бидний итгэл өсөх болно. Бидний итгэл өсөхийн хэрээр наманчлах хүсэл нэмэгдэх болно. Мөн бид наманчлах тусмаа Бурхантай байгуулсан гэрээний харилцаагаа улам бэхжүүлнэ. Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь ариун сүмийн гэрээгээ сахих гэсэн утгатай тул энэхүү гэрээний харилцаа биднийг ариун сүм рүү чиглүүлдэг.

Бид амьдралаа Есүс Христэд төвлөрүүлснээр хамгийн их хамаатай зүйлээ хийхэд удирдагдах болно. Мөн сүнслэг хүч чадал, сэтгэл ханамж, баяр баяслаар адислагдах болно. Есүс Христийн нэрээр, амен.