Ерөнхий чуулган
Бурхан биднийг үнэхээр хайрласандаа
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


9:58

Бурхан биднийг үнэхээр хайрласандаа

Бурхан биднийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ биднийг яллахын тулд бус аврахын тулд өгсөн.

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” (Иохан 3:16) хэмээх шүлгийг би анх сүм дээр биш, гэр бүлийн үдшээр биш, телевизээр спортын нэвтрүүлэг үзэж байхдаа анзаарсан юм. Аль ч сувгаар ямар ч тэмцээн үзсэн бай, дор хаяж нэг хүн “Иохан 3:16” гэсэн бичиг барьсан харагддаг байв.

Би 17-р шүлэгт мөн адил дуртай. Энэ шүлэгт “Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ” гэсэн байдаг.

Бурхан Өөрийн цорын ганц Хүү Есүс Христийг махбодод илгээсэн нь Тэр бид бүгдийн төлөө Өөрийн амийг өгөхийн тулд юм. Тэр биднийг хайрладаг учраас үүнийг хийсэн бөгөөд бидний хүн нэг бүрд зориулж Түүн рүү гэртээ харих төлөвлөгөөг гаргасан.

Энэ нь хэт ерөнхий, хүн бүрд тохиромжгүй, үр дүн багатай төлөвлөгөө бус харин ч бидний зүрх сэтгэлийг, нэрсийг мөн биднээр юу хийлгэх хэрэгтэйгээ мэддэг, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хувь хүн бүрд зориулан гаргасан төлөвлөгөө юм. Бид яагаад энэ бүхэнд итгэдэг вэ? Яагаад гэвэл, ариун судрууд энэ бүхнийг бидэнд заадаг.

Мосе олон удаа Тэнгэрлэг Эцэгийг “Мосе, хүү минь” гэж хэлэхийг сонссон (Мосе 1:6-г, мөн Мосе 1:7, 40-ийг үзнэ үү). Абрахам төрөхөөсөө өмнө дуудагдахаар сонгогдсон Бурханы хүүхэд гэдгээ мэдэж авсан (Абрахам 3:12, 23-ыг үзнэ үү). Естер Бурханы мутраар ард түмнээ аврахын тулд нөлөөлөх байр сууринд тавигджээ (Естер 4-ийг үзнэ үү). Нааман эдгэрч болохын тулд Бурхан залуу зарц эмэгтэйд амьд бошиглогчийн тухай гэрчлэхийг даалгасан (2 Хаад 5-ыг үзнэ үү).

Би ялангуяа Есүсийг харахаар модонд авирч гарсан тэр намхан нуруутай эрд хайртай. Аврагч түүнийг тэнд байгааг мэдэн, хүрч ирээд, дээш харж түүнд “Закхай, … буугаад ир” (Лук 19:5) гэжээ. Бид бас ойн төгөлд очиж, төлөвлөгөө нь хэр хувийн шинжтэй болохыг олж мэдсэн 14 настай хүүг мартаж болохгүй. “[Иосеф,] Энэ бол Миний Хайрт Хүү! Түүнийг сонс!” хэмээн Тэнгэрлэг Эцэг түүнд хэлсэн (Иосеф Смит—Түүх 1:17).

Ах, эгч нар аа, бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний анхаарлын төвд байхын зэрэгцээ Аврагчийн тохинууллын учир шалтгаан болдог. Бидний хүн нэг бүр Тэдний ажил мөн Тэдний алдар суу юм.

Миний хувьд судрын ямар ч ном Хуучин Гэрээг судлахад ийм тодорхой дүрслэн харуулсан шиг байгаагүй. Бүлэг бүр дээр бид Тэнгэрлэг Эцэг, Иехова хоёр бидний амьдралд хэрхэн нягт холбоотой байдгийн жишээг олж хардаг.

Бид сүүлийн үед Иаковын хайртай хүү Иосефын тухай судалж байгаа. Иосеф идэр залуу наснаасаа Их Эзэний өндөр ээл хишгийг хүртсэн байсан ч ах нарынхаа гарт их сорилт бэрхшээл туулсан юм. Хоёр долоо хоногийн өмнө, Иосеф ах нараа хэрхэн уучилсныг уншаад, бидний ихэнхийн сэтгэл хөдөлсөн. Ирээд, Намайг дага сургалтын материалаас бид “Иосефын амьдрал олон талаараа Есүс Христийн амьдралтай төстэй юм. Бидний нүгэл Түүнд маш их зовлон шаналал авчирсан ч Аврагч бидэнд өршөөлийг санал болгон, өлсгөлөнгөөс хамаагүй муу хувь тавилангаас биднийг чөлөөлсөн. Бид өршөөх, өршөөгдөхийн аль ч үед, заримдаа хоёулаа тулгарсан ч Иосефын үлгэр жишээ эдгээх, эвлэрүүлэхийн жинхэнэ эх үүсвэр болох Аврагч руу биднийг чиглүүлдэг”1 гэж уншсан.

Энэ түүхэн дэх миний дуртай сургамж Иосефын ах Иудатай холбоотой. Тэрээр Бурханы Иосефт зориулсан төлөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн байв. Ах нар нь Иосефоос урвахад Иуда Иосефын амийг хөнөөлгүй, харин түүнийг боол болгон худалдахыг тэдэнд ятгажээ (Эхлэл 37:26–27-г үзнэ үү).

Олон жилийн дараа, Иуда ах нарынхаа хамт хамгийн бага дүү Бениаминыгаа Египет рүү авч явах шаардлагатай болсон. Аав нь эхэндээ дургүйцэхэд, Иуда Бениаминыг гэрт нь буцааж авчирна гэж Иаковт амлажээ.

Египетэд очоод, Иудагийн амлалт биелэгдэх нь эргэлзээтэй болж, залуу Бениамин хэрэгт хилсээр гүтгэгдэв. Иуда амлалтдаа хүрэхийн тулд Бениамины оронд шоронд орох хүсэлтэй байсан бөгөөд “Тэр хүү надтай хамт байхгүй бол би эцэгтээ хэрхэн очих вэ? (Эхлэл 44:33–34) хэмээсэн. Иуда амлалтдаа хүрч, Бениаминыг аюулгүй аваачна гэдэгтээ итгэл төгс байв. Иуда Бениаминд хэрхэн хандсаны адилаар та бусдад ханддаг уу?

Эцэг эхчүүд үр хүүхдэдээ ингэж ханддаггүй гэж үү? Номлогчид үйлчилдэг хүмүүстээ хэрхэн ханддаг билээ? Хүүхдийн хэсэг, өсвөр үеийнхний удирдагчид өөрсдийн заадаг мөн хайрладаг хүмүүст хэрхэн ханддаг вэ?

Таны хэн гэдгээс мөн нөхцөл байдлаас үл хамааран хэн нэгэн танд яг ийн ханддаг. Хэн нэгэн тантай хамт Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очихыг хүсэж байгаа.

Бидний төлөө хэзээ ч бууж өгдөггүй, бидний төлөө залбирч сэтгэл гаргасаар байдаг, мөн Тэнгэр дэх Эцэгтээ, гэртээ буцаж очих шалгуурыг хангахад бидэнд зааж, тусалсаар байгаа хүмүүст би талархаж байна.

Саяхан нэг эрхэм найз маань Ковид-19-тэй тэмцэж, эмнэлэгт 233 хоног хэвтсэн юм. Энэ үеэр талийгаач аав нь түүнд үзэгдэн, ач нартаа захиас хүргэхийг түүнээс хүссэн байна. Хөшигний цаанаас хүртэл энэ гайхалтай өвөө ач нараа тэнгэр дэх гэртээ эргэн ирэхэд нь туслахыг хүсэж байв.

Христийн шавь нар өөрсдийн амьдрал дахь “Бениаминуудыг” улам бүр санаж байна. Тэд дэлхий даяар Бурханы амьд бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны уриалан дуудахыг сонсоцгоосон. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд Их Эзэний өсвөр үеийнхний армид нэгдэж байна. Хувь хүмүүс болон гэр бүлүүд тохинуулах сэтгэлээр гараа сунгаж, найз нөхөд, хөршүүдээ хайрлаж, тэдэнтэй хуваалцаж мөн Христэд ирэхийг урьсаар байна. Өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчид Бурханы ариун сүмүүдийг дүүргэх, нас барсан гэр бүлийн гишүүдийн нэрсийг олох, тэдний өмнөөс ёслолуудыг хүлээн авах зэргээр гэрээнүүдээ хадгалж, сахин биелүүлэхийг хичээсээр байна.

Тэнгэрлэг Эцэгт эргэн очиход бусдад туслах нь яагаад бидэнд хувьчлан зориулсан төлөвлөгөөнд багтдаг вэ? Учир нь үүгээр дамжуулан бид Есүс Христтэй илүү адил болно. Эцэст нь Иуда, Бениамин хоёрын түүх бидний төлөөх Аврагчийн золиосны талаар заадаг. Тэр Цагаатгалаараа дамжуулан биднийг гэртээ авчрахын тулд амиа өгсөн. “[Та] надтай хамт байхгүй бол би эцэгтээ хэрхэн очих вэ?” хэмээх Иудагийн үг Аврагчийн хайрыг илэрхийлдэг. Израилын цугларагсдын хувьд, эдгээр үг бидэнд ч хамаатай.

Хуучин Гэрээ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний онцлог шинж болох гайхамшгууд болон эрхэм нигүүлслээр дүүрэн байдаг. 2 Хаад 4-р бүлэгт чухал үйл явдлууд Бурханы цаг хугацааны дагуу болдог бөгөөд ямар ч жижиг зүйл Түүний хувьд хэтэрхий жижиг байдаггүйг онцлохын тулд “нэгэн өдөр ирсэн” гэсэн хэллэгийг гурвантаа ашигласан байдаг.

Миний шинэ танил Пол энэ үнэний талаар гэрчлэлтэй. Пол аливаа шашныг байнга үгүйсгэдэг, зарим үед хүчирхийлэл үйлддэг гэр бүлд өсжээ. Тэрээр Герман дахь цэргийн баазад сургуульд сурч байхдаа сүнслэг гэрэл цацруулж буй мэт хоёр эгчийг анзаарч, тэднээс яагаад өөр байдгийг нь асуухад тэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харьяалагддаг гэж хариулжээ.

Удалгүй Пол номлогчидтой уулзаж эхэлсэн ба сүмд уригдсан байна. Дараагийн ням гарагт тэрээр автобуснаас буухдаа цагаан цамцтай, зангиа зүүсэн хоёр залууг харав. Тэр тэднээс Сүмийн ахлагчид мөн эсэхийг асуухад тэд мөн гэв. Ингээд Пол тэднийг дагаж явжээ.

Цуглааны үеэр нэгэн тохинуулагч цугласан хүмүүс рүү зааж, тэднээс гэрчлэлээ хуваалцахыг урьж байв. Гэрчлэл бүрийн төгсгөлд бөмбөрчин бөмбөрөөр мэндчилж, цугласан олон “Амен” гэцгээж байв.

Тохинуулагчийг Пол руу заахад, тэр босож зогсоод, “Би Иосеф Смитийг бошиглогч байсан мөн Мормоны Ном үнэн гэдгийг мэднэ” гэв. Бөмбөрийн мэндчилгээ болон амен гэж хэлэх сонсдсонгүй. Пол эцэст нь буруу сүмд ирснээ ойлгов. Удалгүй Пол зөв газарт хүрэх замаа олж, баптисм хүртсэн юм.

Полыг баптисм хүртсэн өдөр нэгэн үл таних гишүүн түүнд “Чи миний амьдралыг аварсан” гэж хэлжээ. Хэдэн долоо хоногийн өмнө тэр хүн өөр сүм хайхаар шийдэж, бөмбөр нүдэж, амен гэж хэлцгээдэг цуглаанд очсон байж. Полыг Иосеф Смит, Мормоны Ном хоёрын талаар гэрчлэлээ хэлэхийг сонсоод, тэр хүн Бурхан өөрийг нь болон амьдралын бэрхшээлийг нь мэддэг бөгөөд өөрт нь зориулсан төлөвлөгөө байгааг ойлгожээ. Пол, тэр хүн хоёрын хувьд үнэхээр “тэр өдөр нь ирсэн байна.”

Тэнгэрлэг Эцэгт бид бүхэнд зориулсан аз жаргалын төлөвлөгөө байгаа гэдгийг бид ч гэсэн мэднэ. Бурхан Хайрт Хүүгээ бидний төлөө илгээсэн тул бидэнд хэрэгтэй гайхамшгууд Түүний төлөвлөгөө биелэхэд шаардлагатай “тэр өдөр нь ирэх” болно.

Энэ жил бид Хуучин Гэрээнээс Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөний талаар илүү ихийг мэдэж болно гэдгийг би гэрчилж байна. Энэхүү ариун нандин боть тодорхой бус цаг үе дэх бошиглогчдын үүргийг болон Бурханы төөрөлдөж, тэмцэлдсэн дэлхий дэх нөлөөг заадаг. Мөн бид Аврагчийн Хоёр дахь ирэлт буюу Түүний удаан хугацаанд бошиглогдсон, алдар суут ирэлтийг тэсэн ядан хүлээдэгтэй адил Аврагчийн ирэхийг итгэлтэйгээр тэсэн ядан хүлээдэг байсан тэрхүү даруухан итгэгчдийн тухай энд гардаг.

Бид тэр өдрийг хүртэл амьдралынхаа бүхий л тал дээр Бурханы загварыг эгэл нүдээрээ харахгүй байж болох ч (Сургаал ба Гэрээ 58:3-ыг үзнэ үү) Нифайн ойлгомжгүй зүйлстэй тулгарах үедээ хэрхэн хандсаныг санаж чадна. Тэр бүх зүйлийн утгыг мэдэхгүй ч Бурхан хүүхдүүддээ хайртай гэдгийг мэддэг байсан (1 Нифай 11:17-г үзнэ үү).

Энэ бол энэ гайхалтай хүндэтгэлийн өдрөөр хуваалцах миний гэрчлэл юм. Бурхан биднийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ биднийг яллахын тулд бус аврахын тулд өгсөн гэдгийг бид зүрх сэтгэлдээ сийлж, сэтгэлээ амар амгалан, найдвар, мөнхийн баяр баяслаар дүүргэхийг зөвшөөрөх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.