Ерөнхий чуулган
Бурханы хороонд ор
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


10:20

Бурханы хороонд ор

Бид Бурханы хороонд Сайн Хоньчны сонор сэрэмж дор халамжлуулан, гэтэлгэх хайрыг нь мэдрэхээр адислагдсан.

Самад ах, эгч хоёр залуу эцэг эх байхдаа Индонезийн Семаранг дахь энгийн хоёр өрөөтэй гэртээ Есүс Христийн сайн мэдээнээс суралцжээ.1 Өрөөг гэрэлтүүлэхээсээ илүү шумуул цуглуулдаг мэт санагдах бүүдгэр гэрэлд явган ширээг тойрон суунгаа хоёр залуу номлогч тэдэнд мөнхийн үнэнийг заасан юм. Тэд чин сэтгэлийн залбирал, Ариун Сүнсний удирдамжаар дамжуулан заалгасан зүйлдээ итгэн, баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болохоор шийджээ. Энэхүү шийдвэр болон түүнээс хойших тэдний амьдралын хэв маяг Самад ах, эгчийг төдийгүй тэдний гэр бүлийг амьдралын бүхий л тал дээр адисалжээ.2

Тэд бол Индонезийн анхдагч гэгээнтнүүд юм. Хожим нь тэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, Самад ах салбар, дүүргийн ерөнхийлөгчөөр дараалан дуудагдаж, Жава арлын төвөөр машинаа унан, үүрэг хариуцлагаа биелүүлж, үйлчилсээр ирсэн. Тэрээр Индонезийн Суракарта гадасны анхны патриархаар сүүлийн арван жилийн турш үйлчилж байна.

Ахлагч Фанк Самад ах, эгч хоёрын хамт

Тэрхүү даруухан, итгэлээр дүүрэн гэрт 49 жилийн өмнө сууж байсан хоёр номлогчийн нэгийн хувьд би “Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой”3 хэмээх Мормоны Номон дахь хаан Бенжамины хэлсэн үг тэдний хувьд биеллээ олж байгааг гэрчилнэ. Есүс Христийн үлгэр жишээг болон сургаалыг дагадаг, Түүний шавь нарын дунд тоологдохоор шийдсэн хүмүүсийн амьдралд асгарах адислал арвин бөгөөд баяр баясгалантай, мөнхийн байдаг.4

Бурханы хороо

Мормоны усанд цугларсан хүмүүст хандан хэлсэн Алмагийн баптисмын гэрээний урилга “Мөн эдүгээ, та нар Бурханы хороонд орох хүсэлтэй байв”5 хэмээх үгсээр эхэлдэг.

Flock of sheep in the country side standing next to a rock fence.

Хороо буюу хонины хороог ихэвчлэн чулуугаар барьсан байдаг бөгөөд энэ нь шөнийн цагаар хонин сүргийг хамгаалах зориулалттай, зөвхөн нэг хаалгатай хашаа юм. Орой болж, хоньчныг хоньдоо дуудахад сүрэг нь түүний дууг таньж, хорооныхоо хаалгаар аюулгүй орчинд орж ирдэг.

Хоньчид хорооны нарийхан хаалган дээр зогсоод, орж буй хоньдоо тоолж,6 шархадсан, өвдсөн эсэхийг нь анзаарч, нэг бүрчлэн анхаарч халамжилдаг байсныг Алмагийн хүмүүс мэддэг байсан байх. Хоньдын аюулгүй, тайван сайхан байдал нь тэдний хороонд орж, тэнд үлдэх хүсэл эрмэлзлээс хамаардаг.

Бидний дунд өөрсдийгөө сүргийн захад явдаг, хэрэгцээ багатай, үнэ цэнгүй эсвэл сүрэгт харьяалагддаггүй гэж боддог хүмүүс байж болох юм. Хоньд хороондоо ямар байдагтай адил, бид ч бас Бурханы хороонд заримдаа нэг нэгнийгээ гомдоох, наманчлах эсвэл уучлах хэрэг гардаг.

Харин Сайн Хоньчин7 буюу бидний үнэнч хоньчин үргэлж сайн байдаг. Бид Бурханы хороонд Түүний сонор сэрэмж дор халамжлуулан, гэтэлгэх хайрыг нь мэдрэхээр адислагдсан. Тэрээр “Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн бөгөөд хана хэрмүүд чинь үргэлж Миний өмнө”8 гэж хэлсэн. Аврагч маань бидний нүгэл, зовлон шаналал, зүдгүүр9, амьдралын шударга бус бүхнийг алгандаа сийлсэн.10 Хүн бүр эдгээр адислалыг хүлээн авч болно, учир нь тэд “орох хүсэлтэй”11 бөгөөд хороонд байхаар шийдсэн юм. Сонгох бэлэг бол зүгээр нэг сонгох эрх биш, зөвийг сонгох боломж юм. Хорооны хашаа нь хязгаарлалт биш, харин сүнслэг аюулгүй байдлын эх үүсвэр юм.

Есүс “нэг хоньчинтой нэг сүрэг”12 гэж заасан. Тэрээр:

“Үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мөн. …

“Хонин сүрэг дууг нь сонсдог … ,

“… бөгөөд хоньд дууг нь таньдаг тул түүнийг дагадаг”13 гэжээ.

Тэгээд Есүс: “Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно”14 хэмээн Бурханы хороонд орж, аврагдах цорын ганц арга зам байгааг тодорхой заасан. Энэ зам Есүс Христээр боломжтой болсон билээ.15

Бурханы хороон дахь хүмүүст адислал ирдэг

Бид хэрхэн хороонд орох талаар Есүс Христийн мөн Түүний бошиглогчдын заасан сургаалаас, тухайлбал Бурханы үгээс сурч мэддэг.16 Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг болон тууштай үнэнч байдлаар дамжуулан Христийн сургаалыг дагаж, хороонд орсноор17 бидэнд ирэх дөрвөн тодорхой, хувийн адислалыг Алма амласан. Та нар (1) “Бурханаар гэтэлгэгдэж,” (2) “анхны амилуулалтын тэдний дунд тоологдож,” (3) “мөнх амьдралыг авч,” (4) Их Эзэн “өөрийн Сүнсийг та нар дээр илүү элбэгээр юүлэх”18 болно.

Алмаг эдгээр адислалын талаар заасны дараа хүмүүс баярлацгаан алгаа ташив. Яагаад гэдгийг тайлбарлая.

Нэгдүгээрт: Гэтэлгэх гэдэг нь өр, төлөөс төлөхөөс эсвэл ямар нэгэн зовлон, хор хөнөөлөөс чөлөөлөх гэсэн утгатай.19 Бид хувьдаа яаж ч өсөж хөгжсөн бай энэ нь Есүс Христийн Цагаатгалгүйгээр үйлдсэн нүглээс маань цэвэршүүлж эсвэл амссан шархыг маань эдгээж чадахгүй. Тэр бол бидний Гэтэлгэгч.20

Хоёрдугаарт: Христ амилсан учраас бүх хүн амилна.21 Бидний сүнс энэ зуурдын биеэ орхисны дараа, бид амилсан биеэрээ хайртай хүмүүсээ тэврэх мөчийг тэсэн ядан хүлээх нь гарцаагүй. Бид анхны Амилуулалтад багтах хүмүүсийн дунд байхыг тэсэн ядан хүлээх болно.

Гуравдугаарт: Мөнх амьдрал гэдэг нь Бурхантай хамт Түүний адилаар амьдрахыг хэлнэ. Энэ бол “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг”22 бөгөөд бүрэн дүүрэн баяр баясгаланг авчрах болно.23 Энэ бол бидний амьдралын эцсийн зорилго, зорилт юм.

Дөрөвдүгээрт: Бурхан Тэргүүтний гишүүн Ариун Сүнстэй нөхөрлөх нь энэхүү мөнх бус амьдралд нэн шаардлагатай удирдамж, тайтгарлыг өгдөг.24

Аз жаргалгүй байдлын зарим шалтгааныг авч үзвэл, нүгэл нь зовлонг,25 хайртай хүмүүсийн үхэл хагацал нь уйтгар гуниг болон ганцаардлыг, нас барахад юу болдог тухай тодорхойгүй байдал нь айдсыг авчирдаг. Гэвч биднийг Бурханы хороонд орж, Түүнтэй байгуулсан гэрээгээ сахих үед Христ нүглээс маань гэтэлгэж, бидний бие, сүнс салах үйл явц илүү хурдан дуусаж, бид Бурхантай хамт мөнхөд хамгийн алдар суут байдалд амьдарна гэдгээ мэдэх, найдахын амар тайвныг мэдэрдэг.

Христэд итгэж, итгэлээр үйлд

Ах, эгч нар аа, судрууд нь Аврагчийн сүр жавхлант хүч, энэрэнгүй өршөөл, нигүүлслийн жишээгээр дүүрэн байдаг. Дэлхий дээрх тохинууллынхаа үеэр Тэр Өөрт нь итгэж, итгэлээр үйлдсэн хүмүүсийг эдгээж, адисалсан билээ. Жишээ нь, Бетзадагийн цөөрмийн дэргэд байсан өвчтэй хүн Аврагчийн “Бос. Дэвсгэрээ аваад, алх” гэсэн зарлигийг итгэлтэйгээр дагасан учраас алхаж чадсан.26 Өгөөмөр нутаг дахь янз бүрийн өвчтэй, зовж зүдэрсэн хүмүүс “нэгэн зэрэг” “урагшилснаар” эдгээгдсэн.27

Үүнтэй адил, Бурханы хороонд орох хүмүүст амласан гайхамшигт адислалыг хүлээн авахын тулд бид ердөө л үүнийг хийхийг буюу орохыг сонгох хэрэгтэй. Бага Алма “Мөн эдүгээ сайн хоньчин та нарын араас дууддагийг би та нарт хэлнэ; мөн хэрэв та нар түүний дуу хоолойг сонсвол тэрээр та нарыг сүрэгтээ авчрах болно”28 гэж заажээ.

Хэдэн жилийн өмнө хайртай найз минь хорт хавдрын улмаас нас барсан юм. Түүний эхнэр Шэрон оношных нь талаар анх бичихдээ, “Бид итгэхийг сонгож байгаа. Бидний Аврагч Есүс Христэд итгэхийг мөн Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөнд болон Тэр бидэнд юу хэрэгтэйг мэддэг, амлалтаа биелүүлдэг гэдэгт итгэхийг бид сонгож байна”29 гэж билээ.

Би Шэрон шиг, ялангуяа уруу таталт, эсэргүүцэл, зовлон бэрхшээл тохиолдох үед Бурханы хороонд аюулгүй байхын дотоод амар амгаланг мэдэрдэг хожмын үеийн олон гэгээнтэнтэй уулзаж байсан.30 Тэд Есүс Христэд итгэж, Түүний бошиглогчийг дагахыг сонгосон. Бидний хайртай бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Амьдрал дахь сайн сайхан бүх зүйл, мөнхийн үр дүнг авчрах аливаа адислал итгэлээс эхэлдэг”31 гэж заасан.

Бурханы хороонд бүрэн дүүрэн ор

Миний хуланц өвөг Жэймс Сойэр Холман 1847 онд Ютад ирсэн боловч 7-р сард Бригам Янгтай хамт ирсэн хүмүүсийн дунд байгаагүй. Тэрээр оны сүүлээр ирсэн бөгөөд гэр бүлийн бүртгэлийн дагуу хонь авчрах үүрэгтэй байв. Хэдийгээр тэр 10-р сар болтол Солт Лэйк Валлид ирж чадаагүй ч хонио авч ирж чадсан юм.32

Далд утгаар зүйрлэн хэлбэл, бидний зарим нь одоо хүртэл эзгүй хээр газар явсаар л байна. Хүн бүр эхний бүлэгт багтаж ирдэггүй. Хайрт найзууд минь, аянаа үргэлжлүүлж, бусдад Бурханы хороонд бүрэн ороход нь туслаарай. Есүс Христийн сайн мэдээний адислалууд мөнхийнх учраас хэмжээлшгүй юм.

Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байгаадаа туйлын их талархдаг. Би Тэнгэрлэг Эцэгийнхээ мөн бидний Гэтэлгэгч Есүс Христийн хайрыг, мөн зөвхөн Тэднээс ирдэг амар амгаланг буюу Бурханы хороон дахь амар амгалан, адислалыг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Самад ах өөрийнхөө үеийн индонез хүмүүсийн нэгэн адил ердөө ганц нэртэй. Түүний эхнэр Шри Катонингсих болон тэдний хүүхдүүд Самадаар овоглодог.

  2. Самад ах, эгч хоёрын хамаатан садны дор хаяж 44 хүн Сүмийн гишүүн болсон гэж тэд хэлсэн. Түүнчлэн бусад олон хүн тэдний үлгэр жишээ, үйлчлэлийн ачаар сайн мэдээний адислалаас хүртэж байна.

  3. Moзая 2:41

  4. Сургаал ба Гэрээ 59:23-ыг үзнэ үү.

  5. Мозая 18:8

  6. Моронай 6:4-ийг үзнэ үү.

  7. Иохан 10:14-ийг үзнэ үү; мөн Гэритт В.Гонг “Бурханы Хурга, Сайн Хоньчин,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган 118-аас үзнэ үү.

  8. Исаиа 49:16

  9. Алма 7:11–13-ыг үзнэ үү.

  10. Дэйл Г.Рэнланд “Уур хүрмээр шударга бус байдал,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган 39–43-аас үзнэ үү.

  11. Мозая 18:8

  12. Иохан 10:16

  13. Иохан 10:2–4

  14. Иохан 10:9

  15. 2 Нифай 31:21; Хиламан 5:9-ийг үзнэ үү.

  16. Henry B.Eyring, “The Power of Teaching Doctrine,” Liahona, July 1999-ийг үзнэ үү. Бид Христэд ирэхийг эрэлхийлэх үедээ “учир нь бүх дэлхий даяар нэг Бурхан мөн нэг Хоньчин буй” гэсэн Христийн үгийн дагуу ирэх ёстой (1 Нифай 13:40–41-ийг үзнэ үү).

  17. Христийн сургаал нь гагцхүү хаа газрын бүхий л хүнийг Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэж, нүглээ наманчилж, баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих ёстой, эс бөгөөс 3 Нифай 11:38 дээр Аврагчийн заасанчлан “та нар Бурханы хаант улсыг ямар ч аргаар өвлөж чадахгүй” гэж заадаг.

  18. Moзая 18:9, 10.

  19. Merriam Webster.com Dictionary-ээс “redeem” гэдэг үгийг харна уу; мөн Д.Тодд Кристоффэрсон “Гэтэлгэл,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган 128-аас үзнэ үү.

  20. Алма 11:40-ийг үзнэ үү.

  21. 2 Нифай 2:8; 9:12-ыг үзнэ үү.

  22. Сургаал ба Гэрээ 14:7

  23. 2 Нифай 9:18-ыг үзнэ үү.

  24. 1 Нифай 4:6; Моронай 8:26-г үзнэ үү.

  25. Moзая 3:24–25; Aлма 41:10-ыг үзнэ үү.

  26. Иохан 5:8

  27. 3 Нифай 17:9

  28. Aлмa 5:60. Мөн Мосе 7:53-т Мессиа “хаалгаар орж мөн надаар дээш авирах хэн боловч хэзээ ч унах нь үгүй” хэмээн хэлсэн.

  29. Sharon Jones, “Diagnosis,” wechoosefaith.blogspot.com, Mar. 18, 2012.

  30. Миний сайн мэдээг номло дээр “эцсээ хүртэл тэвчих” гэдгийг “Амьдралынхаа туршид уруу таталт, эсэргүүцэл, саад бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы зарлигуудад болон ариун сүмийн хишиг хүртэх, лацдан холбогдох ёслолуудад үнэнч хэвээр үлдэх” гэж тодорхойлжээ [2019], 70). Энэ нь бид амьдралынхаа туршид уруу таталт, эсэргүүцэл, саад бэрхшээлтэй тулгарах болно гэдгийг харуулж байна.

  31. Рассэлл М.Нэлсон “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104.

  32. Үг хэлэгчийн хадгалж буй Жэймс Сойэр Холман, Наоми Роксина Лэбарон Холман нарын товч намтрыг үзнэ үү. Үүнийг тэдний ач охин Грэйс Х.Сэйнсбюри бичсэн ажээ (Charles C. Rich diary, Sept. 28, 1847, Church History Library, Salt Lake City; Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, June 21, 1847, 49, Church History Library). Хоман 1847 онд Charles C. Rich бүлгийн ахмад байсан.