Ерөнхий чуулган
Бурханы таалалд хөрвөгдөх нь
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


13:27

Бурханы таалалд хөрвөгдөх нь

Бидний хувийн хөрвөлтөд Есүс Христийн сайн мэдээг дэлхийтэй хуваалцах үүрэг хариуцлага ордог.

Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны номлолд үйлчлэх хүчирхэг бошиглолын дуудлагад болон ерөнхийлөгч М.Рассэлл Баллард, ахлагч Маркос А.Айдукайтис хоёрын өнөө өглөө өгсөн сүнслэг нөлөө бүхий номлогчийн захиасуудад талархаж байна.

Өнгөрсөн оны сүүлээр намайг Их Британи руу номлогчийн ажилд томилолтоор явахад, номлогчоор үйлчлэх шийдвэрийн маань үндэс суурь болсон сүнслэг үйл явдлуудаа эргэцүүлэн бодох боломж гарсан юм.1 Намайг 15 настай байхад миний хайртай ах Жөү 20 настай байсан бөгөөд тухайн үед номлолд үйлчлэх нас нь болсон байлаа. Солонгосын зөрчилдөөний улмаас Нэгдсэн Улсад хэдхэн хүнд үйлчлэх зөвшөөрөл олгож байв. Тойрог бүрээс жилд нэг л хүнийг дуудах боломжтой байсан юм.2 Манай бишоп Жөүгээс аавтайгаа хамт энэ боломжийг судлахыг хүссэн нь гэнэтийн мэдээ байлаа. Жөү анагаахын сургуульд орох өргөдлөө бөглөж байсан ба Сүмийн идэвхгүй гишүүн аав маань түүнд санхүүгээр туслахаар бэлдэж байв. Аав маань Жөүг номлолд явахыг дэмжээгүй. Анагаахын сургуульд сурснаар илүү сайн сайхан зүйл хийж чадна гэж аав Жөүд зөвлөсөн. Энэ нь манай гэр бүлийн хувьд асар том асуудал байв.

Ухаалаг, үлгэр жишээ том ахтайгаа ярилцаж байхдаа, түүний хичээл сургуулиа хойшлуулж номлолд үйлчлэх гэсэн шийдвэр нь (1) Есүс Христ бурханлаг Нэгэн мөн үү? (2) Мормоны Ном Бурханы үг мөн үү? (3) Иосеф Смит Сэргээлтийн бошиглогч мөн үү? гэсэн гурван асуултаас шалтгаална гэсэн дүгнэлтэд бид хүрсэн юм. Хэрэв эдгээр асуултын хариулт “тийм” гэж байвал, Жөү эмч болохоосоо өмнө Есүс Христийн сайн мэдээг дэлхий дахинд хүргэх юм бол илүү сайн сайхан зүйл хийж чадах нь тодорхой байв.3

Тэр шөнө би чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр залбирч билээ. Эдгээр гурван асуултын хариулт бүгдээрээ үнэн болохыг үгүйсгэхийн аргагүй хүчирхэг арга замаар Сүнс надад баталсан юм. Энэ нь миний хувьд ирээдүйнхээ суурийг тавьсан чухал үйл явдал байлаа. Үлдсэн амьдралынхаа туршид гаргах шийдвэр бүрд маань эдгээр үнэн нөлөөлнө гэдгийг би ухаарсан. Бас боломж олдвол номлолд үйлчилнэ гэдгээ би мэдэж байв. Амьдралынхаа туршид үйлчилсэн үйлчлэл, хуримтлуулсан сүнслэг туршлагынхаа ачаар би жинхэнэ хөрвөлт бол Бурханы тааллыг өөрийн ухамсраар хүлээн зөвшөөрсний үр дүн бөгөөд бид Ариун Сүнсний удирдамжийн дагуу үйлдэж чадна гэдгийг ойлгосон юм.

Надад дэлхийн Аврагчийнх нь хувьд Есүс Христийн бурханлаг байдлын тухай гэрчлэл аль хэдийн байсан. Тэр шөнө би Мормоны Номын4 тухай мөн бошиглогч Иосеф Смитийн талаарх сүнслэг гэрчлэлийг хүлээн авсан.

Иосеф Смит Их Эзэний мутар дахь зэмсэг байсан

Таныг залбирлаар дамжуулан, бошиглогч Иосеф Смитийг Их Эзэний мутар дахь зэмсэг байсныг зүрх сэтгэлдээ мэдэх үед гэрчлэл тань хүчирхэгжих болно. Арван хоёр төлөөлөгчийн хувьд өнгөрсөн 8 жилийн хугацаанд хийсэн ажил үүргийн маань нэг бол Иосеф Смитийн бүх гайхалтай баримт, бичиг, мөн Гэгээнтнүүд номыг хэвлэн гаргахад хүргэсэн судалгаа зэргийг уншиж, танилцах явдал байв.5 Бошиглогч Иосеф Смитийн амьдралын урам зориг өгсөн түүх, урьдчилан томилогдсон бошиглолын үйлчлэлийн талаар уншсаны дараа түүний талаарх гэрчлэл маань улам хүчирхэгжиж, би түүнийг хүндлэн бишрэх болсон.

Иосеф Бурханы өгсөн бэлгийн хүчээр Мормоны Номыг орчуулсан нь Сэргээлтийн үндэс суурь байсан юм.6 Мормоны Ном доторх үйл явдлууд хоорондоо нийцтэй, сайхан бичигдсэн бөгөөд үүнд амьдралын агуу асуултуудын хариулт агуулагддаг. Энэ бол Есүс Христийн бас нэгэн гэрээ. Иосеф Смит зөв шударга, итгэлээр дүүрэн нэгэн байсан бөгөөд Мормоны Номыг урагш авчирсан Их Эзэний мутар дахь зэмсэг байсныг би гэрчилж байна.

Сургаал ба Гэрээнд цэдэглэгдсэн илчлэлт, үйл явдлуудад аврал, өргөмжлөлд шаардлагатай түлхүүр, ёслол, гэрээнүүдийн талаар өгүүлсэн байдаг. Тэдгээр нь Сүмийг байгуулахад шаардлагатай үндсэн зарчмуудаас гадна амьдралын зорилгыг ойлгож, мөнхийн талаас нь харах боломжийг бидэнд олгодог гүн гүнзгий сургаалыг өгдөг.

Иосеф Смитийн бошиглогчийн үүргийн талаарх олон жишээний нэг нь Сургаал ба Гэрээний 76-р хэсэгт бий. Энэ бол 1832 оны 2-р сарын 16-нд бошиглогч Иосеф, Сидней Ригдон хоёрын харсан алдар суугийн хаант улсууд зэрэг тэнгэрийн талаарх үзэгдлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэл юм. Тухайн үеийн дийлэнх сүмд Аврагчийн Цагаатгал ихэнх хүнийг аврахгүй хэмээн зааж байв. Цөөн хэд нь аврагдаж, дийлэнх нь яллагдаж, тамд унаж, хамгийн аймшигтай, үгээр илэрхийлэхийн аргагүй байдлаар эцэс төгсгөлгүй тарчлан зовно гэдэгт итгэдэг байж.7

76-р хэсэгт агуулагдаж буй илчлэлтэд мөнх бус оршихуйдаа зоригтой байсан Тэнгэрлэг Эцэгийн ихэнх хүүхэд эцсийн шүүлтийн дараа асар ихээр адислагдсаныг харуулсан, алдар суугийн зэрэглэлүүдийн талаарх гайхамшигт үзэгдлийн тухай өгүүлдэг.8 Алдар суугийн гурван зэрэглэлийн тухай үзэгдэлд хамгийн доод зэрэглэл нь “бүх ойлголтоос давж гарсан”9 байсан нь тухайн үед хүчээ авч байсан буюу ихэнх нь яллагдаж, тамд унана гэсэн буруу сургаалыг шууд үгүйсгэдэг.

Тухайн үед Иосеф Смит дөнгөж 26 настай, боловсрол нимгэн, Библийг орчуулсан сонгодог хэлийг гадарладаг эсвэл огт мэддэггүй байсныг ойлгох юм бол тэр үнэхээр Их Эзэний мутар дахь зэмсэг байсныг та нар мэдэх болно. 76-р хэсгийн 17-р шүлэгт, тэрээр сүнслэгээр өдөөгдөн Иоханы сайн мэдээнд хэрэглэсэн ял гэсэн үгийн оронд шударга бус гэдэг үгийг ашигласан байдаг.10

Сонирхолтой нь, 45 жилийн дараа “Христийн амьдрал”12 номыг бичсэн, Англикан сүмийн удирдагч, эрдэмтдийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн эртний Грек, Ромын судлаач11 Фрэдэрик В.Фаррар Библийн Хаан Жэймсийн хувилбар дахь “ял” гэсэн үгийн тодорхойлолтыг еврей болон грек хэлнээс англи хэл рүү орчуулах явцад гарсан алдаа хэмээн мэдэгджээ.13

Өнөө үед нүглийн үр дагавар гэж үгүй гэсэн үзэл санааг олон хүн баримтлах болжээ. Тэд гэм нүглийг наманчлахгүйгээр, ямар ч болзолгүй хүлээн зөвшөөрнө гэсэн үзлийг дэмждэг. Манай илчлэгдсэн сургаал ихэнх хүн мөнхөд яллагдаж, тамд орно гэсэн үзэл санааг үгүйсгэхийн зэрэгцээ хувь хүний наманчлал бол Аврагчийн Цагаатгалаас хүртэж, селестиел хаант улсыг өвлөн авахын тулд зайлшгүй сахисан байх ёстой зарлиг гэдгийг тодорхойлдог.14 Иосеф Смит үнэхээр Их Эзэний сайн мэдээний Сэргээлтийг урагш авчрах Түүний мутар дахь зэмсэг байсныг би гэрчилж байна!

Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн ачаар бид наманчлал, “зөвт байдлын дотор хийсэн үйлс” хоёрын аль алиных нь ач холбогдлыг ойлгодог.15 Бид Аврагчийн Цагаатгал, мөн ариун сүмд гүйцэтгэдэг Түүний авралын ёслол, гэрээнүүд асар их ач холбогдолтой гэдгийг ойлгодог.

“Зөвт байдлын дотор хийсэн үйлс” бол хөрвөлтөөс урган гардаг үр жимс юм. Бурханы тааллыг өөрийн ухамсраар хүлээн авч, Түүний тааллыг дагана гэж амласнаар жинхэнээсээ хөрвөгдөхөд хүрдэг.16 Хөрвөлтийн үр дагавар, адислалуудын найрын зоог нь энэ амьдралын салхи шуургаас үл хамааран жинхэнэ мөн байнгын амар амгаланг авчирдаг бөгөөд туйлын аз жаргалын хувийн баталгааг өгдөг.15

Аврагчид хөрвөгдөх нь эгэл хүнийг ариуссан, дахин төрсөн, цэвэр болсон хүн буюу Христ Есүс доторх шинэ бүтээл болгон өөрчилдөг.18

Олон хүн үнэнийг хаанаас олохоо мэддэггүйн улмаас үнэнээс холддог

Хөрвөгдсөнөөр ямар ямар үүрэг хүлээдэг вэ? Либерти шоронд байхдаа бошиглогч Иосеф олон хүн “[үнэнийг] хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг”19 хэмээн цохон тэмдэглэсэн.

Сургаал ба Гэрээн дэх Их Эзэний оршилд, бидэнд зориулсан Түүний зорилгын талаар ерөнхийд нь харуулсан тунхаглал байдаг. Тэрээр “Иймийн тул, Их Эзэн бибээр, дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү сүйрлийг мэдэх учраас, өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн ажгуу” хэмээн тунхаглаад, цааш нь “Миний сайн мэдээний бүрэн байдал сул доройчууд хийгээд эгэл борчуудаар дэлхийн хязгааруудад тунхаглагдаж болохын тулд бөлгөө”20 хэмээн зааварлажээ. Үүнд бүрэн цагийн номлогчид болон бидний хүн нэг бүр багтдаг. Энэ нь Бурханы таалалд хөрвөгдөхөөр адислагдсан бүх хүний анхаарлын төвд байх ёстой. Аврагч биднийг Өөрийнх нь дуу хоолой мөн мутар байхад найрсгаар урьдаг.21 Аврагчийн хайр бидний чиглүүлэгч гэрэл байх болно. Аврагч шавь нартаа “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун”22 хэмээн заасан. Тэрээр мөн Иосеф Смитэд “үүнийг хүлээн аваагүй байгаа хүн бүхэнд миний сайн мэдээг номлогтун”23 хэмээн тунхаглажээ.

Көртландын ариун сүмийг онцгойлон адисалснаас хойш долоо хоногийн дараа 1836 оны 4-р сарын 3-нд, Христийн амилсны баярын ням гарагт мөн Алгаслын өдөр Иосеф, Оливер Каудери хоёр Их Эзэнийг гайхамшигт үзэгдлээр харсан юм. Их Эзэн ариун сүмийг хүлээн авч, “энэ нь миний хүмүүсийн тэргүүн дээр юүлэгдэх адислалын эхлэл бөлгөө”24 хэмээн тунхаглав.

Үзэгдлийн дараа Мосе хүрч ирэн “мөн умардын нутгаас арван овгийг удирдан мөн дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах түлхүүрүүдийг … даатгав.”25

Эдгээр түлхүүрийг атгадаг бидний өнөөгийн хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өнөө өглөө “Залуу эрэгтэйчүүд та нарыг Израилын амласан цугларалт болж байгаа энэ цаг үед ирүүлэхээр хадгалж үлдээсэн. Та нар номлолд үйлчилснээр урьд өмнө болж байгаагүй энэ чухал үйл явдалд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ!”26 гэж заасан.

Сайн мэдээг хуваалцах Аврагчийн өгсөн эрхийг өөрсдийн нэгэн хэсэг болгохын тулд бид Бурханы таалалд хөрвөгдөж, хөршүүдээ хайрлаж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцаж, бүгдийг ирж үзэхэд урих ёстой. Сүмийн гишүүдийн хувьд бид бошиглогч Иосефын 1842 онд Chicago Democrat сонины редактор Жон Вэнтвортод өгсөн хариуг эрхэмлэдэг. Тэр Сүмийн талаар мэдээлэл авахыг хүссэн юм. Иосеф Итгэлийн 13 тунхгийн оршил болгон “Үнэний жишиг”-ийг ашигласнаар хариултаа төгсгөжээ. Жишигт, юуг хийж гүйцэтгэсэн байх ёстой талаар товч тайлбарласан.

“Ямар ч ариун бус хүн энэ ажлын өсөлт хөгжлийг зогсоож чадахгүй. Мөрдлөг хавчлага гаарч болно, танхайрагч бүлгүүд нэгдэж мэднэ, цэрэг арми цугларч болно, гүжир гүтгэлэг цадигаа алдаж мэднэ. Гэвч Бурханы үнэн тив бүрд, улс орон болгонд хүрч, хүн бүрд сонсогдох хүртэл Бурханы зорилго гүйцэлдэж, аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл зоригтойгоор, ялгууснаар, юунаас ч үл хамааран урагш ахих болно.”27

Энэ бол үе үеийн хожмын үеийн гэгээнтнүүдэд, ялангуяа номлогчдод хандсан бүрээн дуут уриа байсан юм. “Үнэний жишиг”-тэй холбож ярихад, дэлхий даяар тархсан цар тахлын үер сайн мэдээг хуваалцсан үнэнч номлогчдод бид талархаж байна. Номлогчид оо, бид та нарт хайртай! Их Эзэн бидний хүн нэг бүрээс Түүний сайн мэдээг үг болон үйлдлээрээ хуваалцахыг хүсдэг. Бидний хувийн хөрвөлтөд Есүс Христийн сайн мэдээг дэлхийтэй хуваалцах үүрэг хариуцлага ордог.

Сайн мэдээг хуваалцахын адислалуудад Бурханы таалалд хөрвөх чадвараа нэмэгдүүлэх, Бурханыг амьдралдаа ялуулах боломжийг олгох явдал ордог.28 Бид бусдад зүрх сэтгэлийн “хүчирхэг өөрчлөлтийг”29 мэдрэх боломж олгон адисалдаг. Христэд бодгалиудыг авчрахад туслах нь үнэхээр мөнхийн баяр баясгаланг авчирдаг билээ.30 Өөрийн болон бусдын хөрвөлтийн төлөө хөдөлмөрлөх нь эрхэм дээд үйл хэрэг юм.31 Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Би Британийн номлолд 1960 оны 9-р сарын 1-ээс 1962 оны 9-р сарын 1 хүртэл үйлчилсэн.

  2. Бусад залуу цэрэг татлагад бэлэн байх ёстой байв.

  3. Жөү номлолоосоо бууж ирснийхээ дараа анагаахын сургуулиа төгсөж, эмчээр амжилттай ажилласан. Номлол нь түүнийг бишоп, гадасны ерөнхийлөгч, бүсийн төлөөлөгч, номлолын ерөнхийлөгч болоход бэлдсэн юм.

  4. Моронай 10:4-ийг үзнэ үү. Би Мормоны Номыг аль хэдийн уншсан байв. Энэ нь манай гэр бүлийн хувьд ноцтой асуудал байсан тул би үнэн хүсэлтэйгээр залбирч байлаа.

  5. Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх боть 1, Үнэний жишиг, 1815–1846 (2018), мөн боть 2, No Unhallowed Hand, 1846–1893 (2020)-ийг үзнэ үү.

  6. Орчуулга 1829 оны 4-р сарын 7-нд эхэлж, 1829 оны 7-р сарын 1-нд дуусжээ. Орчуулгатай холбоотой баримтуудыг судлах гайхалтай байв. Ялангуяа хэвлэлийн гар бичвэр, The Joseph Smith Papers номын Илчлэлт ба Орчуулга цувралын 3, 5-р боть болон хэвлэгдэн гарсан Мормоны Номын эх хувийг уншсандаа би маш их талархсан. Энэ хоёр хоёулаа чухал боть юм.

  7. Frederic W. Farrar, Eternal Hope: Five Sermons Preached in Westminster Abbey, November, and December 1877 (1892), xxii.

  8. Энэхүү үзэгдэлд энэ амьдралдаа Христийн талаар заалгаагүй хүмүүс, хариуцлага хүлээх наснаасаа өмнө нас барсан хүүхдүүд, ямар ч ойлголтгүй хүмүүс багтсан байдаг.

  9. Сургаал ба Гэрээ 76:89

  10. Иохан 5:29-ийг үзнэ үү.

  11. Фаррар нь Лондонгийн Кингс коллеж, Кембрижийн Тринити коллежид тус тус боловсрол эзэмшсэн. Тэрээр Английн сүмийн (Англикан) лам, Вэстминстэрийн сүмийн хамба лам, Кантэрбэри сүмийн декан, хааны гэр бүлийн лам байжээ.

  12. Frederic W. Farrar, The Life of Christ (1874)-ийг үзнэ үү.

  13. Farrar, Eternal Hope, xxxvi–xxxvii-ыг үзнэ үү. Фрэдэрик Фаррар ял ба тамын тухай сургаалыг засаж залруулах хэрэгтэй гэж үзсэн. Тэрээр өөрийнх нь хэлснээр “энгийн, үгүйсгэхийн аргагүй, маргаангүй баримтуудыг” хүчтэй тунхаглаж байжээ. … “Яллах” гэсэн үйл үг, үүнтэй холбоотой үгс Хуучин Гэрээнд нэг ч гардаггүй. Ийм утга агуулгатай ямар ч үг Шинэ Гэрээний грек хэл дээрх хувилбарт байдаггүй.” Тэрээр цааш нь ял гэх үг нь “маш ноцтой буруу орчуулга … [бөгөөд] Их Эзэний маань айлдварын жинхэнэ утга агуулгыг гажуудуулж, бүрхэг болгодог” гэж тайлбарлажээ (Eternal Hope, xxxvii). Фаррар мөн хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэгийн тухай Библиэр дүүрэн дурдсан байдаг нь англи хэл дээрх орчуулгад ашигласан там болон ял гэсэн тодорхойлолт буруу гэдгийн нэмэлт нотолгоо болохыг онцолсон (Eternal Hope, xiv–xv, xxxiv, 93-ыг мөн Квинтин Л.Күкийн “Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө—хүүхдүүдэд нь хангалттай” хэлсэн үгийг 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 37-оос үзнэ үү).

  14. Наманчлал, Цагаатгал хоёрын хоорондох харилцан хамаарлын талаар Сургаал ба Гэрээ 19:15–18, 20-д цэдэглэсэн. Түүнчлэн төгсгөлгүй шийтгэлийн талаар Сургаал ба Гэрээ 19:10–12-т тодорхой болгосон.

  15. Сургаал ба Гэрээ 59:23

  16. Мозая 27:25; Сургаал ба Гэрээ 112:13; мөн Dale E. Miller, “Bringing Peace and Healing to Your Soul,” Liahona, Nov. 2004, 12–14-ийг үзнэ үү.

  17. Мозая 2:41-ийг үзнэ үү.

  18. Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 33; Liahona, Jan. 2001, 41; мөн 2 Corinthians 5:17; Bible Dictionary, “Conversion”-ийг үзнэ үү.

  19. Сургаал ба Гэрээ 123:12

  20. Сургаал ба Гэрээ 1:17, 23

  21. Хэрэв бид хүсэлтэй байх аваас “уг ажилд дуудагдсан болой” (Сургаал ба Гэрээ 4:3; мөн Thomas S.Monson, “Called to the Work,” Liahona, June 2017, 4–5-ыг үзнэ үү).

  22. Maтай 28:19

  23. Сургаал ба Гэрээ 112:28

  24. Сургаал ба Гэрээ 110:10

  25. Сургаал ба Гэрээ 110:11

  26. Рассэлл М.Нэлсон, “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь”, Лиахона, 2022 оны 5-р сар; мөн Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  27. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 503.

  28. Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай”, 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101-ийг үзнэ үү.

  29. Алма 5:14

  30. Сургаал ба Гэрээ 18:15-ыг мөн Иаков 5:19–20-ийг үзнэ үү.

  31. Иаков 5:19–20; Алма 26:22; Сургаал ба Гэрээ 18:13–16-г мөн Судруудын удирдамж дахь “Хөрвүүлэг”-ийг үзнэ үү.