2017
Хөдөлмөрлөхөөр дуудагдав
June 2017


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Хөдөлмөрлөхөөр дуудагдав

man in wheat field

Sweat of the Brow,, Гари Смит

Бошиглогч Иосеф Смит ахлагч Хибэр С.Кимбаллыг (1801–1868) Англид “авралын үүд хаалга нээх” номлогчоор дуудах үед ахлагч Кимбалл өөрийгөө ихэд голжээ.

“Их Эзэн минь, би чинь ээрч ярьдаг хүн. Энэ бүгдээс харахад би энэ ажилд тэнцэх хүн яав ч биш” гэж тэр бичиж байв.

Гэвч ахлагч Кимбалл дуудлагыг хүлээн авч, “иймэрхүү бодлууд намайг үүрэг хариуцлагын замаас минь холдуулаагүй. Би Тэнгэрлэг Эцэгийн хүслийг ойлгосон мөчдөө Түүнийг бүхнийг чадагч хүчээрээ дэмжин тэтгэж, шаардлагатай чадвараар адисална гэдэгт итгэн, ямар ч асуудал, бэрхшээлийг үл харгалзан явах шийдэмгий байдлыг мэдэрсэн юм”1 гэж үргэлжлүүлэн бичжээ.

Бүрэн цагийн номлогчийн үйлчлэлд дуудагдсан залуу ах, эгч нар аа, та нар ахлагч Кимбаллтай адил “Бурханд үйлчлэх хүсэлтэй” (С ба Г 4:3) мөн бэлэн, зохистой учраас энэ ажилд дуудагдсан.

Ахмад номлогчид оо, та нар мөн ийм учир шалтгаанаар энэ ажилд дуудагдсан. Та нар үйлчлэх хүсэлтэй төдийгүй үнэнийг хайж буй хөвгүүд, охидынхоо зүрх сэтгэлд хүрэхийн тулд Тэнгэрлэг Эцэгийн ашиглаж болох он жилүүдийн золиослол, хайр, туршлагаас олж хуримтлуулсан мэргэн ухаантай билээ. Бид бусдад үйлчлэх замаар Түүнд үйлчлэх хүртлээ Их Эзэнийг чин үнэнээсээ хайрлаж хэзээ ч чадахгүй гэдгийг та нар сурч мэдсэн гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Та нар номлогчдын хувьд үйлчлэх хүсэл дээрээ итгэл, хүч чадал, эр зоригийг болон итгэлтэй байдал, шийдэмгий зан, уян хатан чанар, үнэнч байдлыг нэмэрлэдэг. Үнэнч шударга, урам зоригтой номлогчид номлолын талбарт гайхамшгуудыг авчирч чадна.

Ерөнхийлөгч Жон Тэйлор (1808–1887) номлолын ажилд тавигдах шаардлагуудыг дүгнэж хэлэхдээ “Сайн мэдээний энэхүү захиасыг бусдад хүргэх хүмүүс Бурханд итгэлтэй, сүсэг бишрэлдээ үнэнч, санваартаа хүндэтгэлтэй ханддаг; … Бурханы итгэлийг даадаг байх ёстой. Бид тэднийг Ариун Сүнс болон Бурханы хүчээр дүүрэн, … нэр төртэй, үнэнч шударга, ариун журамтай, цэвэр ариун байгаасай гэж хүсдэг”2 гэжээ.

Их Эзэн

“Учрыг болгоогтун, талбай нь цагаан хадахад бэлэн байна; мөн харагтун, хадуураараа чадлаараа хадаж мөн нөөцлөх тэрээр мөхөх нь үгүй, харин өөрийн сүнсэнд авралыг авчрах бөлгөө;

Мөн итгэл, найдвар, энэрэл ба хайр мөн Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулах нь түүнийг тэрхүү ажилд тохирохоор болгодог” (С ба Г 4:4–5) хэмээн тунхагласан билээ.

Та нарын дуудлага сүнслэг өдөөлтөөр ирсэн. Бурхан дуудсан хүнээ чадваржуулдаг гэдгийг би гэрчилж байна. Та нар залбирч Их Эзэний талбайд хөдөлмөрлөснөөр тэнгэрлэг тусламжийг хүлээн авна.

Сургаал ба Гэрээнд агуулагдах Их Эзэний энэ эрин үеийн эхэнд номлогчдод өгсөн “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (С ба Г 84:88) гэсэн гайхамшигт амлалт та нарт ч мөн хамаатай.

Та нар үйлчлэх үедээ мөнхийн арвин баялаг дурсамж, нөхөрлөлөөр адислагдах болно. Номлолын талбараас өөр ийм агуу аз жаргалын арвин ургац хураадаг талбайг би мэдэхгүй.

Ямар нэгэн учир шалтгааны улмаас номлолын талбарт томилогдсон хугацаагаа дуусгаж чадаагүй ахлагч, эгч, ахмад хосуудад хандан үг хэлье. Их Эзэн та нарт хайртай. Тэр та нарын золиослолд талархдаг. Тэр та нарыг сэтгэлдээ гутарч гуньдгийг мэддэг. Түүнд та нараар хийлгэх ажил байсаар байгаа гэдэгт итгээрэй. Сатан өөр юу ч гэж хэлсэн бай, бүү итгэ. Сэтгэлээр битгий уна. Битгий гутар. Гуньж цөхөрч болохгүй.

Би Сүмийг удирдахаар дуудагдсаныхаа дараахан Ерөнхий чуулган дээр “Бүү ай. Зоригтой бай. Ирээдүй та нарын итгэл лүгээ адил гэрэл гэгээтэй байна”3 гэх үгсийг хэлсэн. Энэ амлалт та нарын хувьд хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Их Эзэн та бүхэнд итгэл алдраагүй байгаа учир та нар итгэл найдвараа битгий гээ. Гэрээнүүдээ сахин, урагш алх.

Дэлхийд Есүс Христийн сайн мэдээ хэрэгтэй байна. Их Эзэн хаана үйлчилж байгаагаас маань үл шалтгаалан бүх гэгээнтнийг номлогчийн зүрх сэтгэлээр адислах болтугай.

Эшлэлүүд

  1. Хибэр С.Кимбалл, in Orson F. Whitney, Life of Heber C. Kimball, 3 дахь хэвлэл (1967), 104.

  2. Teachings of Presidents of the Church: John Taylor (2001), 73.

  3. Томас С.Монсон, “Зоригтой бай,” 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 102.