2017
Ням гараг илүү агуу зорилготой
June 2017


Ням гараг илүү агуу зорилготой

Зохиогч нь Украйны Львовт амьдардаг.

Николайг сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрахад урих нь тэдгээрийн тухай зүгээр нэг ярихаас илүү үр дүнтэй гэдгийг бид олж мэдсэн юм.

couple and friend walking to church

Зураг чимэглэлийг Симон Шин

Би олон жилийн өмнө Польшийн нэгэн жижиг хотод гудамжны худалдаачин байхдаа Николай Шавэко гэдэг эртэй танилцсан юм. Бид хоёулаа Украйны Черниговоос ирсэн гэдгээ мэдээд, тэр даруй найзууд болов.

Николайг амьдрах газаргүйг мэдээд, эхнэр бид хоёр түүнийг бидэнтэй хамт амьдрахыг урьсан юм. Бидний байр тийм ч дулаахан, тухтай биш ч илүү өрөө байсан. Тэр баяртайяа хүлээн зөвшөөрөөд, хэсэг хугацаанд бидэнтэй хамт амьдарснаар бидний амьдрах хэв маягийг анзаарч эхэлсэн.

Ням гарагт ажилладаггүй гэж үү?

Гэр ахуйн бараа зардаг ихэнх гудамжны худалдаачинтай адил бид амьдрах хангалттай их мөнгө олохын тулд олон цагаар, шаргуу ажиллах шаардлагатай байдаг. Гэхдээ тэднээс ялгаатай нь бид ням гарагт ажилладаггүй байв. Нэгэн өдөр Николай шалтгааныг нь асуулаа. Бид яагаад бүтэн нэг өдөр ажиллахгүй, мөнгө олохгүй байгаа юм бол?

“Ням гараг нь ажиллаж эсвэл мөнгө олоход зориулагдаагүй” гэж би хариулав. “Энэ нь өөр зорилготой.”

“Та нар долоо хоногт долоон өдөр ажиллахгүй юм бол яаж хоол хүнс авч, байрны түрээсээ төлөх юм бэ?” гэж тэр асуулаа.

Түүний асуултын хариуд бид түүнийг бидэнтэй хамт шүтэн бишрэхэд урьсан юм. Тэр тэгэхэд л анх удаа Сүмийн тухай сонссон бөгөөд тэр даруй ач холбогдлыг нь ойлгоогүй. Тэр биднийг мөнгө олохын оронд цуглаанд явахыг сонгодог хачин жигтэй хүмүүс гэж бодсоор байв. Гэхдээ тэр үеэс эхлэн бид итгэл үнэмшлийнхээ талаар түүнд бага багаар ярьж эхэлсэн бөгөөд түүний сонирхлыг улам бүр татаж байлаа.

Чи оролдож үзэж байж л үр дүнг нь үзнэ

Николай биднийг итгэдэг зүйлийнхээ дагуу амьдарч байгааг мөн бидний амьдралд ирж байгаа адислалуудыг харсан. Амьдрах мөнгө олох нь хэцүү ч Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь зөв гэдгийг бид мэдэж байсан бөгөөд Их Эзэн ч биднийг адисалсан. Бид үргэлж хэрэгцээтэй бүхнээ авах хангалттай их мөнгөтэй байдаг байв. Энэ нь уг зарчмын талаарх бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлж, Николайд илүү сайн гэрч байхад тусалсан. “Чи оролдож үзэж байж л үр дүнг нь үзнэ” гэж түүнийг урих итгэл бидэнд байлаа.

Нэгэн долоо хоног тэр зөвшөөрөв.

Тэр ажилдаа явалгүй бидэнтэй хамт сүм рүү явлаа. Тэр долоо хоногт зургаахан өдөр ажиллах боломжтой гэж бодож байгаагүй ч бидний амьдралаас харсан найдвар, адислалын ачаар оролдоод үзсэн юм.

Тэр тухайн долоо хоног орлогоо тоолж үзээд гайхаж билээ. Тэр долоон өдөр ажиллаж олдог орлогоосоо илүү их мөнгө олсон байв.

Аравны нэгийг ч бас төлөөд үз

Биднийг аравны нэгийн тухай ярихад мөн адил зүйл тохиолдлоо. Эхлээд Николай бид орлогынхоо 10 хувийг яаж өгч чадаж байгааг ойлгохгүй байсан.

“Надад үүнийг өгөх хангалттай их мөнгө хэзээ ч олдохгүй байх” гэж итгэлтэй хэлэв.

Бид мөрөө хавчин, “Чи оролдож үзэж байж л үр дүнг нь үзнэ” гэж хэллээ.

Тэр эргэлзэж байснаа алгуур инээмсэглэв. “Энэ нь ням гарагт ажиллахгүйтэй адилхан уу?“ гэж тэр асуулаа. “Хэрэв чи аравны нэгээ төлбөл өөртөө зарцуулах мөн хэрэгцээт зүйлсээ авах хангалттай мөнгөтэй байх болно.”

Энэ нь Николайд ирсэн томоохон илчлэлт байв. Хэрэв бид Бурханы зарлигуудыг дагавал Бурхан биднийг адисалж, бүх зүйл бидний сайн сайхны төлөө байх болно гэдгийг тэр өөрөө олж мэдсэн юм.

Николай Чернигов руу буцахдаа номлогчдыг өөрт нь төдийгүй гэр бүлд нь заахыг урилаа. Удалгүй тэрээр гэр бүлийн хамт Сүмд нэгдсэн юм. Хожим нь Николай салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж, охин нь Орост номлолд үйлчилсэн.

Бид Николайд Сүмийн тухай ярих дуртай байсан ч түүнийг сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрахад урих нь тэдгээрийн тухай зүгээр нэг ярихаас илүү үр дүнтэй гэдгийг олж мэдсэн юм. Тэр гэр бүлийн хамт сайн мэдээний үнэнүүдийн дагуу амьдрахыг сонгосон учраас гэрчлэлтэй болж, амьдралаа өөрчилжээ.