Анхны үзэгдэл: Үнэний түлхүүр
2016 оны 5-р сарын 1-нд Солт Лэйкт болсон залуучуудад зориулсан дэлхий дахины онцгой цугларалтын “Сэргээгдсэн үнэн” үгээс эш татав; бүрэн эхийг lds.org/broadcasts-аас үзнэ үү. Анхны үзэгдлийн талаарх дөрвөн тэмдэглэлийн бүрэн эхийг history.lds.org/firstvision-оос үзнэ үү.
Иосеф Смитийн Анхны үзэгдлээс олж мэдсэн олон нандин үнэнийг бүгдээрээ марталгүй, хөнгөн хуумгай хандахгүй байцгаая.
Есүс Христийн сайн мэдээ хожмын өдрүүдэд сэргээгдэхийг түүхэн дэх олон бошиглогч зөгнөн харсан байдаг. Тиймээс Сэргээлт нь судар судалдаг хүмүүст гэнэтийн явдал мэт санагдахгүй. Сайн мэдээний сэргээлтийг тодорхой зөгнөж, үүнд чиглүүлэн бошиглосон мэдэгдлүүд Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ, Мормоны Ном дээр хэдэн арваараа байдаг.1
Хаан Небухаднезарыг “хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах” (Даниел 2:44) болно гэж зүүдэндээ харснаас хойш 2400 жилийн тэртээ 1970-аад оны сүүлээр хэдэн арван жил үргэлжилсэн шашны сэргэн мандалт Нэгдсэн Улсад эхэлжээ. Түүх судлаачид эдгээр сэргэн мандалтыг Хоёр дахь агуу сэргэлт хэмээн нэрлэсэн. Авралын талаарх эдгээр эсрэг тэсрэг онолын дунд Иосеф Смитийн гэр бүлийг шашны шүтлэг бишрэл нь чиглүүлж байв.
Тэр Есүс Христийн болон Түүний төлөөлөгчдийн эртний зохион байгуулалттай адил сүмийг эрж хайж байсан боловч уг сүмийг сэргэн мандалтын аль ч бүлгээс олж чадаагүй бөгөөд үүнд аавынх нь зааж, ярьж байсан зүйл маш их нөлөөлжээ. Иосеф гэр бүлээрээ Библиэс судлах үедээ анхааралтай сонсон, тунгаан боддог байв. Тэрээр 12 нас хүрээд, өөрийн нүгэл, мөнхийн бодгалийн талаар санаа зовниж эхэлсэн ба энэ нь түүнийг судраас суралцахад хүргэжээ.
Тэр эрэлхийлсний эцэст “Иаковын чиглүүлснээр, Бурханаас асуух ёстой гэдэг дүгнэлтэд” (Иосеф Смит—Түүх 1:13; мөн Иаков 1:5-ыг үзнэ үү) хүрчээ. Бурхан болон Түүний Хүү Есүс Христ Иосеф Смитэд үзэгдсэн нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийг авчирсан билээ.
Дөрвөн тэмдэглэл
Иосеф Анхны үзэгдлийнхээ талаар олны мэдэх дөрвөн тэмдэглэлийг өөрөө бичсэн буюу бусдад хэлж бичүүлсэн байдаг. Түүнээс гадна уг үзэгдлийн талаар Иосефын юу гэж ярихыг сонссон тухайн үеийн хүмүүсийн бичиж үлдээсэн таван дурсамж байдаг. Бидэнд эдгээр баримт байгаа нь адислал юм. Тэдгээр нь Иосефын Анхны үзэгдлийг түүхэн дэх хамгийн сайн тэмдэглэгдсэн үзэгдэл болгодог. Би та бүхнийг history.lds.org хаягаар ороод, эдгээр тэмдэглэлийн талаар илүү ихийг сурч, тэдгээр нь хамтдаа уг үйл явдлын бүрэн гүйцэд дүр зургийг хэрхэн бий болгож буйг олж харахыг уриалж байна.
Сайн мэдээний сэдвүүд дээрх “Анхны үзэгдлийн тэмдэглэлүүд” дээр “Хэдийгээр Анхны үзэгдлийн талаарх өөр өөр тэмдэглэл нь онцлон өгүүлж, нарийвчлан харуулж буй зүйлээрээ ялгаатай боловч нэг ижил үйл явдлын талаар өгүүлдэг. Хувь хүн өөрт тохиолдсон үйл явдлаа өөр өөр нөхцөл байдалд, өөр өөр бүлэг хүмүүст олон жилийн туршид хуваалцахдаа уг үйл явдлынхаа өөр өөр хэсгийг онцлон цохож, өвөрмөц мэдээлэл өгсөн байдаг хэмээн түүхчид үздэг. Анхны үзэгдлийн тэмдэглэл өөр хоорондоо ялгаатай байдагтай адил зүйлийг Паулын Дамаск руу орох замдаа харсан үзэгдэл болон Хувиралтын уулан дээр төлөөлөгчдөд тохиолдсон явдлын талаарх судрын тэмдэглэлээс олж харж болно. Хоорондоо ялгаатай ч гэлээ, Анхны үзэгдлийн бүх тэмдэглэлийн үндсэн агуулга өөр хоорондоо нийцдэг. Зарим хүн Анхны үзэгдлийн түүхийг өөр өөр маягаар өгүүлсэн байгаа нь зохиомол гэдгийг баталж байна хэмээн эндүүрэн мэтгэлцдэг. Харин ч үүний эсрэгээр, түүхэн олон баримт байгаа нь энэ гайхамшигт үйл явдлын талаар илүү ихийг сурах боломжийг бидэнд олгодог бөгөөд цөөхөн байсан бол бид ингэж чадахгүй байхсан билээ”2 гэж дурдсан байдаг.
1832 оны тэмдэглэл
Нэгдүгээрт, 1832 оны тэмдэглэл нь Анхны үзэгдлийн талаар бичсэн хамгийн анхны тэмдэглэл юм. Энэ нь 6 хуудас хувийн намтрын хэсэг байсан бөгөөд ихэнх хэсгийг нь Иосеф өөрийн гараар бичжээ. Энэ баримт нь бичигдсэн үеэсээ эхлэн Сүмийн өмчид хадгалагдсаар иржээ. Уг тэмдэглэл Баруун зүгт хийсэн аяллын дараа олон жилийн туршид хайрцганд хадгалагдаж байгаад 1965 онд магистрын дипломын ажилд хэвлэгдэх хүртлээ олны сонорт сайн хүрээгүй байв. Үүнээс хойш LDS.org дээр болон Иосеф Смитийн тэмдэглэлүүд зэргийг оролцуулаад хэд хэдэн удаа хэвлэгдэн гарчээ.
Энэ баримтан дээр Иосеф Аврагчийн өршөөлийг хаанаас олж авахаа мэдэхгүй байсандаа сэтгэл нь хэрхэн зовж байсныг өгүүлсэн байдаг. Тэрээр “Их Эзэн миний дээр тэнгэрийг нээж би Их Эзэнийг харсан”3 хэмээн гэрчилснийг нь зарим хүн зөвхөн нэг л тэнгэрлэг хүн ирсэн гэж ойлгодог боловч бусад бичиг баримттай хамтад нь авч үзвэл энэ өгүүлбэрийг Бурхан Эцэг тэнгэрийг нээж, Өөрийн Хүү Есүс Христийг Иосефт илчилсэн хэмээн ойлгож болдог.
Энэ тэмдэглэл нь Аврагчийн Цагаатгалыг болон Иосефт олгосон хувийн гэтэлгэлийг уран сайхнаар онцлон өгүүлсэн байдаг. Үүнийг хэсэгчлэн уншвал, “Их Эзэн … надад хандан ‘Иосеф, хүү минь нүглүүд чинь өршөөгдсөн. … Би дэлхийн төлөө цовдлогдсон бөгөөд миний нэрэнд итгэгч бүгд мөнх амьдралыг хүртэж болно’” хэмээн хэлсэн байдаг. Иосеф аз жаргал, хайрыг мэдэрсэн боловч түүнд итгэх нэг ч хүн байгаагүй хэмээн гэрчилсэн юм. “Бодгаль минь олон өдөр хайраар дүүрч байсан бөгөөд Их Эзэн надтай хамт байж, агуу баяслыг мэдэрч байсан ч тэнгэрлэг үзэгдлийг үзсэн гэдэгт итгэх ганц ч хүнийг би олсонгүй. Гэвч би эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ тунгаан бодсон.”4
1835 оны тэмдэглэл
1835 оны дараагийн тэмдэглэл нь 1835 онд Огайогийн Көртландад ирсэн зочин Робэрт Маттюсд үзэгдлийнхээ талаар өгүүлсэн Иосефийн дурсамж юм. Үүнийг Иосефын бичээч тэмдэглэл дээр нь бичжээ. Энэ нь Иосефын түүхийн эхэн үеийн хэвлэлд ороогүй бөгөөд 1960-аад оны үед BYU Studies дээр анх хэвлэгдэн гарсан байна. Уг тэмдэглэлд Иосеф Бурханы анх түүн дээр ирж, дараа нь Аврагчийг мөн адил харсан тухай гэрчилдэг. “Би Их Эзэнд хандан хүчтэй залбирсан бөлгөө. Толгой дээр минь галан багана гарч ирээд миний дээр тогтоход би үгээр хэлшгүй аз жаргалыг мэдэрсэн билээ. Эргэн тойронд тархаж байсан хэдий ч юуг ч шатаахгүй байх энэхүү галан багана дунд нэгэн хүн гарч ирэв. Эхний хүнтэй адил өөр нэгэн хүн гарч ирээд, ‘Нүглүүд чинь өршөөгдсөн’ хэмээн надад хэлэв.” Энэ тэмдэглэлдээ Иосеф “Би энэ үзэгдэлд олон тэнгэр элчийг харсан”5 хэмээн цохон тэмдэглэжээ.
1838 оны тэмдэглэл
1838 онд бичигдсэн дараачийн тэмдэглэл нь олны хамгийн сайн мэдэх тэмдэглэл бөгөөд Иосефын гар бичмэл түүх дээр байдаг. Эхний нооргийг 1838 оны эхэнд Иосеф Көртландаас зугтан гарсныхаа дараа бичсэн бол хоёр дахь нооргийг 1839 онд Миссуригээс зугтан гарсныхаа дараахан бичсэн байна. Ийнхүү энэ тэмдэглэлийг хүнд хэцүү хавчлагын үед бичсэн юм. Үүнийг анх 1842 онд Иллинойн Науву дахь Сүмийн сонин Times and Seasons дээр хэвлэжээ. Түүнчлэн үүнийг 1851 онд эхлээд Британийн гэгээнтнүүдэд зориулсан гарын авлага байсан Агуу Үнэт Сувдад оруулсан байна. Үүнийг 1880 онд судар хэмээн жишиг бүтээл болгосон юм.
Иосеф Смитийн тэмдэглэлүүд дээр энэ тэмдэглэлийн олон ноорог хэвлэгдэн гарсан байдаг. Энэ тэмдэглэлийн гол асуулт бол аль сүм үнэн зөв бэ гэсэн 1835 оны тэмдэглэлтэй адил асуулт юм. Зөвхөн Иосефын хувьд ч биш, харин Сүмийн түүхийн хувьд энэ тэмдэглэл “Сүмийн өсөлт хөгжлийн ‘эхлэл дээр төвлөрсөн байдаг’”6. Тиймээс өмнөх хоёр тэмдэглэлд орсон хувь хүний өршөөлийн талаарх мэдээлэл энд байдаггүй.
1842 оны тэмдэглэл
Хамгийн сүүлд, 1842 оны тэмдэглэл нь Chicago Democrat сонины эрхлэгч Жон Вэнтвөртийн хүсэлтийн хариу юм. Иосеф түүнд бичсэн захидалдаа Итгэлийн тунхгаас гадна Анхны үзэгдлийн талаарх дурсамжаа бас оруулсан юм. Энэ захиаг 1842 онд Times and Seasons дээр хэвлэн гаргажээ. 1844 онд үүнийг Иосефын зөвшөөрлөөр түүхч Израил Даниэл Рапп Нэгдсэн Улсын Христийн шашнуудын талаар бичсэн номондоо оруулан, дахин хэвлэсэн байна.7 Энэ тэмдэглэлийг мормон итгэл үнэмшлийн талаар ямар нэг мэдлэггүй хүмүүст зориулан бичсэн юм. Энэ нь бошиглогчид тулгарч байсан хавчлага дундуур зурвасхан тохиосон амар тайван цагт бичигджээ.
Бусад дүрслэлтэй адил Иосеф өөрт тулгарсан ойлгомжгүй байдал болон түүний залбирлын хариуд хоёр биес ирсэн талаар энд дурддаг. “Би тэнгэрлэг үзэгдэлд хүрээлэгдсэн бөгөөд үд дундын нарнаас хурц тод гэрлээр хүрээлэгдсэн, бие биетэйгээ шинж чанар харагдах байдлаараа адил хоёр алдар суут биесийг харсан. Тэд надад бүх шашны бүлгүүд буруу сургаалд итгэдэг ба аль нь ч Бурханаар Түүний сүм эсвэл хаант улс хэмээн зөвшөөрөгдөөгүй байсныг хэлсэн. Намайг ‘тэдгээрийн араас явах хэрэггүйг’ хатуу тушаасан ба сайн мэдээний бүрэн байдлыг ирээдүйн нэгэн цагт надад мэдэгдэхийг амласан.”8
Иосефын Анхны үзэгдлийн талаарх эдгээр тэмдэглэл бидэнд байгаа нь том адислал билээ. Яг л Шинэ Гэрээний сайн мэдээнүүд хамтдаа Христийн амьдрал болон үйлчлэлийг цогцоор нь дүрслэн гаргадаг шиг Иосефын Анхны үзэгдлийг дүрсэлсэн тэмдэглэл бүр өөрийн гэсэн өвөрмөц мэдээлэл, хэтийн төлөвийг агуулдаг. Тэд хамтдаа Иосефын өөр хоорондоо нийцсэн, уялдаа холбоотой түүхийг өгүүлдэг. Тэд бүгдээрээ Христийн шашны сүмүүдийн дунд үл ойлголцол, зөрчилдөөн байсныг болон Иосеф аль нь үнэн болохыг мэдэхийг хүсэн, судраас суралцаж, залбирсныг мөн тэнгэрээс гэрэл бууж, тэнгэрлэг хүмүүс ирж, залбиралд нь хариулсныг онцолдог.
“Би үүнийг үгүйсгэж чадахгүй”
Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай 1838 оны жишиг бүтээл болсон хувилбар нь дэлхий дээрх ямар ч хүний хувьд байж болох хамгийн хүчтэй суралцах туршлага юм. Энэ туршлага Иосефын болон миний амьдралыг өөрчилсөн бөгөөд үүний үнэний талаар баталгаа олж авахаар Их Эзэнд хандвал та нарын амьдралыг ч мөн адил өөрчилсөн буюу өөрчилнө гэдгийг би мэднэ.
LDS.org дээрээс олж болох “Анхны үзэгдлийн тэмдэглэлүүд” хэмээх бичигт “Иосеф Смит Бурхан Эцэгийг болон Түүний Хүү Есүс Христийг гайхамшигт үзэгдлээр харсан гэдгээ дахин дахин гэрчилсэн байдаг. Анхны үзэгдлийн талаарх үнэн болон үүний эсрэг мэтгэлцээнийг дан ганц түүхийн судалгаагаар баталж чадахгүй. Иосеф Смитийн гэрчлэлийн тухай үнэнийг мэдэхийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгч хүн бүр эхлээд баримтыг судлан, дараа нь уг баримт үнэн эсэхийг Бурханаас чин сэтгэлээсээ, даруухнаар асуух Христэд итгэх хангалттай итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв эрэлхийлэгч нь Ариун Сүнсээр илчилсэн үнэний дагуу үйлдэх чин хүсэлтэй байвал Иосеф Смитийн үзэгдэл үнэн болохыг мэдэх болно. Энэ арга замаар хүн бүр Иосеф Смит ‘Учир нь би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй’ хэмээн тунхаглахдаа чин сэтгэлээсээ хэлж байсан гэдгийг олж мэднэ’ [Иосеф Смит—Түүх 1:25].”
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн (1838–1918) хэлснээр “Бурханы Хүү булшнаас амилан босч, дээш өргөгдсөнөөс хойш дэлхий дээр болж өнгөрсөн хамгийн агуу үйл явдал бол Эцэг, Хүү хоёр Иосеф Смит хүү дээр ирсэн явдал юм.”9
Анхны үзэгдлийн талаарх үнэнүүд
Иосеф Смитийн энэхүү ариун, сэтгэл догдлом туршлагаас сурсан зүйл дээрээ дүн шинжилгээ хийх нь үнэхээр гайхалтай бөгөөд гэгээрэл авчрах дадлага билээ. Би та бүхэнтэй Иосеф Смитийн Анхны үзэгдлээс Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн мөнхийн шинж чанар, Сатаны бодит байдал, сайн муу хоёрын хоорондын зөрчилдөөн болон авралын агуу төлөвлөгөөний бусад чухал хэсгийн талаар сурч болох зарим үнэнийг жишээ болгон хуваалцъя.
Бид судрууд үнэн бөгөөд тэдгээрийг шууд утгаар нь ойлгон, амьдралдаа хэрэгжүүлж болно гэдгийг мэдэж авдаг.
Судрын талаар тунгаан бодох нь хүч чадал, гүн ойлголт авчирдаг гэдгийг бид мэдэж авдаг.
Мөн бид мэдлэгтэй байх нь дангаараа хангалттай биш бөгөөд сурсан мэдсэн дээрээ тулгуурлан үйлдэх нь Бурханы адислалыг авчирдаг болохыг мэдэж авдаг.
Бид Бурханд найдан, амьдралын хамгийн чухал асуултыг Түүнд тавьж, хүмүүнд итгэж найдахгүй байх талаар ойлгож мэддэг.
Залбирал нь бидний гуйвшгүй итгэлийн дагуу мөн Тэнгэрлэг Эцэгийн хүслийн дагуу хариулагддаг болохыг бид бас мэдэж авдаг.
Бид Сатан байдаг мөн түүнд бодит ертөнц болон бидэнд нөлөөлөх хүч байгаа гэдгийг сурч авдаг.
Бид Сатаны хүч хязгаарлагдмал бөгөөд Бурхан түүнээс илүү хүчтэй болохыг мэдэж авдаг.
Сатан Бурханы ажлыг устгахын тулд юуг ч хийхэд бэлэн мөн тэр Иосеф Смитийн сэргээлтийн бошиглогчийн үүрэг чухал болохыг мэдэж байсан гэдгийг бид мэдэж авдаг.
Бид Бурханыг дуудаж, Их Эзэнд итгэл найдвараа бүрэн тавьснаар Сатаныг ялан дийлж чадна гэдгийг мэдэж авдаг.
Гэрэл байгаа газраас харанхуй арилан оддог гэдгийг бид сурдаг.
Бид Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр нь хоёр тусдаа нэгэн бөгөөд зүс царай, гадна төрхөөрөө адилхан болохыг мэдэж авдаг.
Мөн бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ мэдэж авдаг.
Бид Христ амилсан гэдгийг мөн
Бурхан хүн нэг бүрийг болон бидний хэрэгцээ, тулгарч байгаа асуудлыг маань мэддэг болохыг ойлгож авдаг. Тэр Иосефыг нэрээр нь дуудсан.
Бид Бурхан Эцэг, Түүний Хүү Их Эзэн Есүс Христийн хоорондох харилцаа, Есүс Эцэгтээ захирагдаж, Эцэг нь дэлхий дээрх мөнх бус хүмүүнтэй Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан харьцдаг болохыг мэдэж авдаг.
Эцэг Есүс Христийг Өөрийн Төрсөн Ганц Хүү болгосныг мөн Түүнийг хайрладаг болохыг бид мэдэж авдаг.
Есүс Христийн үнэн Сүм Иосеф Смитийн үед анх зохион байгуулагдсан тэр байдлаараа дэлхий дээр байхгүй байсан гэдгийг бид мэдэж авдаг бөгөөд энэ нь төлөөлөгч Паулын зөгнөсөн Их урвалт бодитой гэдгийг баталдаг юм.
Бид амьдралдаа Бурханы оролцоог хүсэн эрэлхийлбэл Тэр биднийг өөрчлөх замыг илчилнэ гэдгийг мэдэж авдаг. Иосефын үеийн бүх шашны бүлэглэл буруу байсан.
Бид эрин үе бүрд Бурханы үзэгдэл, адислал, алдар сууг хүлээн авдаг болохыг мэдэж авдаг.
Бид Бурхан бошиглогчдоо хэрхэн сонгодог талаар ойлгодог болж,
Тэрээр зүрх сэтгэлээрээ цэвэр ариун, зөв шударга бөгөөд Түүний ажлыг хийх зөв шударга хүсэлтэй хүмүүсийг сонгодог гэдгийг мэдэж авдаг. Энэ нь Бурхан гаднах төрх, нийгмийн байр суурийг биш, харин зүрх сэтгэлийг хардаг хэмээх Библийн сургаалыг нотолдог (1 Самуел 16:7-г үзнэ үү).
Иосеф Смитийн Анхны үзэгдэл бол олон зууны турш нуугдмал байсан олон үнэнийг илчилсэн түлхүүр юм. Иосеф Смитийн Анхны үзэгдлээс олж мэдсэн олон нандин үнэнийг бүгдээрээ марталгүй, хөнгөн хуумгай хандахгүй байцгаая.