Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Ажилдаа тусламж хүсэн мацаг барьсан нь
Би Мозамбикт итгэлтэйгээр номлолд үйлчилсний дараа гэртээ ирээд, бусад эргэж ирсэн номлогчдын адил хичээл сурлага, ажил хөдөлмөртөө ханцуй шамлан орсон юм.
Би Парагвайтай хил залгаа нэгэн хотод амьдарч байсан бөгөөд Парагвай талын томоохон хүнсний дэлгүүрт бүтээгдэхүүн импортлох ажилд оров. Номлолдоо сурсан англи хэл маань энэ ажилд ороход тусалсан. Тэр үед би гэрлэж, охиноор адислагдсан байлаа.
Бразил дахь санхүүгийн хямрал Бразилийн мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг бууруулсан нь ажилд маань шууд нөлөөлөв. Энэ нь миний байнга импортолдог байсан бүтээгдэхүүнүүдийн худалдан авалтыг бууруулсан юм. Тухайн жилийн хоёрдугаар сарын сүүлчээр би хийх ажилгүй шахуу үлдсэн билээ. Бусад ажилчдын адил ажлаа алдах нь тодорхой болов. Би эхнэр, бяцхан охиноо хэрхэн тэжээх вэ гэдэгт санаа зовж эхэлсэн бөгөөд өөр ажил хайхаас аргагүйд хүрэв.
Би энэ нөхцөл байдлын тухай эхнэртээ хэлэхэд, тэр надад мацаг барихыг зөвлөсөн юм. Биднийг мацаг барьж байх үед амар амгалан зүрх сэтгэлд маань нэвтрэн орж, одоогоор яаж гэдгийг төсөөлөхгүй байгаа ч бүх зүйл сайхан болно гэдгийг бид мэдрэв.
Дараагийн өдөр нь менежер маань намайг дуудлаа. Би тэр үед түгшүүртэй үе ч ирлээ, ажилгүй болох нь дээ гэж бодсон. Гэвч менежер маань өөрт нь нэг санаа байгааг хэлсэн нь миний гайхлыг төрүүлэв. Намайг англи хэлтэй болохоор хуульчдад өгдөг хууль эрх зүйн материалуудыг орчуулах ажлыг санал болголоо. Хэрэв намайг амжилттай орчуулбал надад энэ ажлыг даалгаж, энэ нь хэлтэст зардлаа хэмнэхэд туслах болно гэж хэлэв. Би бичиг баримтуудыг тэр даруй орчуулж эхлэв. Намайг орчуулгаа менежертээ өгөх үед тэр маш их баярласан. Би ч бас ажилтайгаа үлдсэн болохоор баярлаж байлаа.
Би хамгийн сүүлчийн цалин маань байх байсан чекээ авахаар явах үедээ цалин маань нэмэгдсэнийг мэдээд гайхсан. Сэтгэл минь хөдөлж, Тэнгэрлэг Эцэгтээ талархаж байлаа. Би энэ туршлагаар дамжуулан мацаг барих нь тэнгэрийн цонхыг нээдэг гэдгийг мэдсэн.